Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00730

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00730

 

 

 

 

Сансархай дефинэшн ХХК,

Жем интернэшнл ХХК, Ц.Цэрэнпунцаг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00369 дүгээр шийдвэртэй Сансархай дефинэшн ХХК, Жем интернэшнл ХХК, Ц.Цэрэнпунцаг нарын нэхэмжлэлтэй Сансар кабель ХХК-д холбогдох, гэрээний үүрэг 1 602 472 353.75 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ц.Цэрэнпунцагт холбогдох гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 1 362 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Сансар кабель ХХК нь Ц.Цэрэнпунцагтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр худалдагч тал буюу Ц.Цэрэнпунцаг нь тоон телевизийн 30 000 ширхэг сеттоп бокс, смарт картын хамт худалдан авагч буюу Сансар кабель ХХК-д хүлээлгэн өгөх, худалдан авагч тал төхөөрөмжийг хүлээн авч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Ц.Цэрэнпунцагийн хувьд гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн бөгөөд 27 140 ширхэг 2 742 045 415 төгрөгийн сеттоп бокс болон 418 086 974 төгрөгийн смарт карт буюу нийт 3 160 132 389.41 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг Сансар кабель ХХК-д хүлээлгэн өгсөн. Талууд гэрээ байгуулж тооцоо нийлэх үед үлдэгдэл төлбөр 1 924 875 328.47 төгрөг байсан ба Сансар кабель ХХК гэрээ байгуулснаас хойш 805 684 912.02 төгрөгийг худалдагч талд шилжүүлснээр үлдэгдэл төлбөр 1 119 190 416.45 төгрөг болсон.

Худалдагч тал гэрээ байгуулснаас хойш нийлүүлэх 359 105 577.30 төгрөгийн үнэ бүхий 2860 ширхэг сеттоп бокс, 2590 ширхэг смарт картын хамт хүлээлгэн өгч талууд баримтаар баталгаажуулсан боловч хариуцагч Сансар кабель ХХК нь үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн 0.01 хувийн алданги төлнө гэсний дагуу 840 хоногийн алданги 124 176 360 төгрөг болж байгаа. Иймд нийлүүлсэн төхөөрөмжийн гэрээний үүрэгт 1 478 295 993.75 төгрөг, алдангид 124 176 360 төгрөг, нийт 1 602 472 353.75 төгрөгийг хариуцагч Сансар кабель ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Сансар кабель ХХК нь Ц.Цэрэнпунцагтай хоорондоо салшгүй холбоо бүхий хоёр гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээгээр Сансар кабель ХХК нь иргэн Ц.Цэрэнпунцагаас маргаж буй сеттоп боксын удирдлага буюу тоон телевизийн тоног төхөөрөмжийн 50 хувийг 1 216 268 508.58 төгрөгөөр худалдан авах, худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Манай компанийн зүгээс дээрх гэрээгээр худалдан авсан тоног төхөөрөмжөө хүлээн авч холбогдох техникийн суурилуулалт, зүгшрүүлэлтийг хийж бэлтгэсний дараа дагалдах зүйл болон тоон телевизийн Сеттоп боксыг худалдан авахаар Ц.Цэрэнпунцагтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу сеттоп боксын үнийг төлж байсан. Тус хоёр гэрээний зүйл нь зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох тоног төхөөрөмжүүд бөгөөд салгаж өмчлөх боломжгүй юм. Гэтэл Ц.Цэрэнпунцаг нь сеттоп боксын удирдлага болох тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж бидэнд худалдсан тоног төхөөрөмжөө өөрийн хувьцаа эзэмших ДДЭШ ТВ ХХК-д хууль бусаар шилжүүлж өгсөнөөс манай компанийн хувьд их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: ... Сансар кабель ХХК нь Ц.Цэрэнпунцагтай хамтын ажиллагааны хүрээнд студийн тоног төхөөрөмжийг хамтран худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээнд зааснаар гэрээний зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор нийлүүлэх, Сансар кабель ХХК нь 1 216 268 508 төгрөгийг сар бүр 35 000 000 төгрөгөөр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон бөгөөд Сансар кабель ХХК нь гэрээний үүргээ шударгаар биелүүлж сар бүр 35 000 000 төгрөгийг Ц.Цэрэнпунцагт тогтмол төлж байсан. Өнөөдрийн байдлаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 455 000 000 төгрөгийг манай компани төлсөн.

Дээрх тоног төхөөрөмжийн зарим хэсгийг суурилуулж, зүгшрүүлэлтийн ажиллагааг хийх явцад тус тоног төхөөрөмжийн хүлээн авагч буюу сеттоп боксыг худалдан авахаар талууд тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, компанийн зүгээс шударгаар гэрээний үнийг төлж ирсэн бөгөөд Ц.Цэрэнпунцагт нийт 2 041 031 972 төгрөгийг төлсөн. Гэтэл Ц.Цэрэнпунцаг нь дээрх хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээний үүргээ зөрчиж гэрээнд заасан тоног төхөөрөмжийг Сансар кабель ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд ДДЭШ ТВ ХХК-д худалдан борлуулсан байсан. Манай худалдан авч, үнийг нь төлж байсан үндсэн тоног төхөөрөмжийг Ц.Цэрэнпунцаг нь ДДЭШ ТВ ХХК-д шилжүүлсний улмаас бид сеттоп боксоо удирдаж чадахгүй болж, гэмтэл, саатал гарсан тохиолдолд компанийн үйл ажиллагаа бүрмөсөн зогсох нөхцөл байдалд орсон учраас ДДЭШ ТВ ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж, гэрээний төлбөрт сар бүр 38 500 000 төгрөг буюу нийт 907 500 000 төгрөгийг төлсөн нь Ц.Цэрэнпунцаг нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас тус компанид учруулсан хохирол юм. Ийм учраас талуудын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 455 000 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол 907 500 000 төгрөг, нийт 1 362 500 000 төгрөгийг Ц.Цэрэнпунцагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир сөрөг нэхэмжлэлд болон шүүхэд гаргасан тайлбартаа: ...2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.1-д Сансар кабель ХХК нь иргэн Ц.Цэрэнпунцагаас тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж гэрээний зорилгоо тодорхойлсон. Сансар кабель ХХК нь иргэн Ц.Цэрэнпунцагийн худалдаж авсан тоног төхөөрөмжийг худалдаж авахаар гэрээ байгуулж байсан болохоос биш хамтран худалдаж аваагүй гэдгийг дээрх гэрээний зорилгоос тодорхой байгаа учраас хамтын ажиллагааны хүрээнд хамтран худалдан авахаар гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй болохыг дээрх гэрээний зорилго харуулж байна. Тоон телевизийн тоног төхөөрөмжийг иргэн Ц.Цэрэнпунцаг нь Nagravision SA компаниас худалдан авсан бөгөөд Сансар кабель ХХК энэ харилцаанд ямар ч хамааралгүй бөгөөд сар бүр шилжүүлж байсан гэх төлбөр нь сеттоп бокс, смарт картын төлбөр юм. Тоног төхөөрөмжийн зарим хэсгийг суурилуулж, зүгшрүүлэлтийн ажиллагааг хийх явцад тус тоног төхөөрөмжийн хүлээн авагч буюу Сеттоп боксийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж Сансар кабель ХХК ... гэрээний дагуу нийт 2 041 031 төгрөг төлсөн гэжээ. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 002/2015/09/21 тоот гэрээ нь тоон телевизийн сеттоп бокс, смарт картыг худалдаж авсны үлдэгдэл төлбөрийг Сансар кабель ХХК-иас төлж барагдуулахаар хийгдсэн гэрээ бөгөөд гэрээний хавсралтуудаар 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд сеттоп бокс, смарт картыг нийлүүлсэн тооцоог нийлж талууд баталгаажуулсан. ... Ц.Цэрэнпунцаг нь хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээний үүргээ зөрчиж гэрээнд заасан тоногт төхөөрөмжийг Сансар кабель ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээд ДДЭШ ТВ ХХК-д худалдан борлуулчихсан байсан гэжээ. Сансар кабель ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд хамтын ажиллагааны хүрээнд гэж давтамжтайгаар бичсэн байдаг бөгөөд Сансар кабель ХХК болон Ц.Цэрэнпунцаг нарын хооронд байгуулагдсан гэрээнд Хамтын ажиллагааны хүрээнд гэж тодорхойлж хийгдсэн нэг ч гэрээ байхгүй. Ц.Цэрэнпунцаг нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сансар кабель ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн ба Сансар кабель ХХК-ийн захирал А.Энхбат нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/318 дугаартай албан бичгээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний хүчинтэй хугацаанд ДДЭШ ТВ ХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд үүний дагуу Сансар кабель ХХК нь ДДЭШ ТВ ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж ашиг орлогоо хүртсээр байгаа учраас тоон телевизийн студийн тоног төхөөрөмжийг мэдэгдэлгүйгээр худалдан борлуулсан гэх тайлбар үндэслэлгүй.

Сансар кабель ХХК-ийн худалдан авч, үнийг төлж байсан үндсэн тоног төхөөрөмжийг ДДЭШ ТВ ХХК-д шилжүүлсний улмаас бид ... хэрэглэгчдийн үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс ДДЭШ ТВ ХХК-тай гэрээ байгуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж гэрээний төлбөрт сар бүр 38 500 000 төгрөг, өнөөдрийн байдлаар нийт 907 500 000 төгрөг төлөөд байна гэсэн байх ба Сансар кабель ХХК нь ашгийн төлөө бус, буяны буюу тусламж үзүүлдэг байгууллага мэтээр бодит байдалд нийцэхгүй ямар ч үндэслэлгүйгээр тайлбар гаргаж байна. Сансар кабель ХХК нь олон мянган хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг талаараа удаа дараа тайлбар хийж байсан ба 2013 оноос эхлэн сеттоп бокс, смарт картыг Ц.Цэрэнпунцагаас худалдан авч хэрэглэгчдэд худалдан борлуулж кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэрэглэгч бүрээс төлбөр авч ашиг олсоор ирсэн. Тоног төхөөрөмжийг хэн эзэмших нь Сансар кабель ХХК-ийн сеттоп боксоор кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлж байгаа үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй юм. Сансар кабель ХХК-д ДДЭШ ТВ ХХК-ийн хувь нийлүүлэгчдэд өөрчлөлт орсонтой холбогдуулан өмнөх гэрээг цуцалж шинээр гэрээ байгуулах талаар мэдэгдсэн албан бичиг хүргүүлэхэд ДДЭШ ТВ ХХК-тай гэрээ байгуулсны дараа өмнөх гэрээг цуцлах саналтай гэсний дагуу ДДЭШ ТВ ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ашиг орлоготой ажилласаар л байна. Сансар кабель ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/318 тоот албан бичигт ...2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах саналыг ирүүлжээ, энэ гэрээний хүчинтэй хугацаанд манай компани ДДЭШ ТВ ХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна гэж бичсэн албан бичгийг нэхэмжлэгч Ц.Цэрэнпунцаг хүлээж авсан. Сансар кабель ХХК нь ДДЭШ ТВ ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан өдрөөс талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан бөгөөд нэгэнт цуцлагдсан гэрээний дагуу Сансар кабель ХХК нь шаардах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журмын дагуу гэрээ цуцлагдсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул гэрээний үүргээ зөрчсөнөөс 907 500 000 төгрөгөөр хохирсон гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. Мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу сар бүр төлсөн гэх нийт 455 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь дээрх тайлбар баримтаар үгүйсгэгдэх бөгөөд тухайн үед талууд хоорондоо харилцан тохиролцож дээрх мөнгийг сеттоп боксын үнэд төлөгдсөн төлбөрт суутган тооцох замаар нийт төлөгдөх үндсэн төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон байдаг. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Сансар кабель ХХК-иас 1 602 472,353.75 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэрэнпунцагт олгож, Ц.Цэрэнпунцагаас 1 362 500 000 төгрөгийг гаргуулж Сансар кабель ХХК-д олгож,

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238,4-д заасныг баримтлан Сансар кабель ХХК-ийн Ц.Цэрэнпунцагт төлөх 1 602 472 353.75 төгрөгөөс Ц.Цэрэнпунцагийн Сансар кабель ХХК-д төлөх 1 362 500 000 төгрөгийн нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг болох 239 972 357.75 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 170 312 төгрөг, Сансар кабель ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 128 400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, Сансар кабель ХХК-иас 8 170 311 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, Ц.Цэрэнпунцагаас 6 970 450 төгрөг гаргуулан Сансар кабель ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Тухайлбал: Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Ц.Цэрэнпунцагтай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрт төлсөн 455 000 000 төгрөг, ДДЭШ ТВ ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний төлбөрт төлсөн 907 500 000 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Сансар кабель ХХК-д олгож шийдвэрлэсэн. Ингэхдээ хариуцагчийн ДДЭШ ТВ ХХК-иас ашиг олох зорилгоор өнөөдрийг хүртэл үйлчилгээ авсныхаа төлбөрт төлсөн 907 500 000 төгрөгийг хариуцагч Сансар кабель ХХК-д учирсан хохирол гэж үзэн нэхэмжлэгчээс гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь талууд гэрээнээс татгалзсанаар үүргийн гүйцэтгэлийг харилцагч буцаах болсон бөгөөд анхны үүргийг буюу тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрх үүсэхгүй юм.

Талууд 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож цуцалсан нь хэрэгт авагдсан Ц.Цэрэнпунцагийн Сансар кабель ХХК-д хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээ цуцлах тухай мэдэгдэх бичиг, Сансар кабель ХХК-ийн захирал А.Энхбатын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 01/318 дугаартай албан тоотоор ДДЭШ ТВ ХХК-тай гэрээг байгуулсны дараа цуцлах саналтай гэсэн Ц.Цэрэнпунцагт хүргүүлсэн мэдэгдэх бичиг зэрэг үйл баримтуудаар тогтоогдсон мөн хариуцагч Сансар кабель ХХК нь ДДЭШ ТВ ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу интернетийн үйлчилгээг авч, нэхэмжлэгч Ц.Цэрэмпунцагаас худалдан авсан сеттоп бокс төхөөрөмжийг ашиглан хэрэглэгчдэд худалдан түгээж төлбөртэйгөөр кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь Сансар кабель ХХК болон ДДЭШ ТВ ХХК-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу үйлчилгээ авсны төлбөрт сар бүр 35 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээ, уг төлбөрийг төлсөн баримт. Сансар кабель ХХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн хэрэглэгчидтэй холбоотой гэрээ болон бусад баримт, тайлбар зэргээр тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Сансар кабель ХХК нь ямар нэг зарлага гаргалгүйгээр шууд ашиг олох байсан гэж шүүх үзсэн бөгөөд Ц.Цэрэнцунцагтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу бус өөр гэрээний дагуу бусдад төлсөн төлбөрийг хохиролд тооцсон нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсгүүдэд: гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байх, нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэхүү үндэслэл хамаарахгүй байхаар зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд талууд гэрээгээ харилцан тохиролцож цуцалсан тохиолдолд нэг тал нь хохирол шаардах эрхгүй байх бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогод ч хамаарахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Ц.Цэрэнпунцаг нарын нэхэмжлэлтэй Сансар кабель ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны гарч чадаагүй. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпунцаг болон Сансар кабель ХХК нар нь Тоон телевизийн тоног төхөөрөмжийг хамтран худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001 \2015\02\05 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2 432 537 016 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн үнийг 50:50 хувиар хуваан төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний 2.4-д зааснаар Сансар кабель ХХК нь гэрээний үүрэгт cap бүр 35 000 000 төгрөг буюу нийт 455 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төлж ирсэн. Дээрх тоног төхөөрөмжийн зарим хэсгийг суурилуулж, зүгшрүүлэлтийн ажиллагааг хийх явцад тус тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг болох хүлээн авагч буюу сетоп боксыг худалдан авахаар талууд тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 001\2015\09\21 дугаартай гэрээг байгуулж, Сансар кабель ХХК нь гэрээний үүргээ шударгаар биелүүлж үнийг төлж байсан. Гэтэл дээрх гэрээнүүдийг байгуулсны дараа Ц.Цэрэнпунцаг нь Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг бүхэлд нь ДДЭШ ТВ ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн өгсөн талаар мэдсэн.

Ц.Цэрэнпунцаг нь гэрээний зүйлийг бусдад давхар худалдан борлуулсан байсныг хариуцагч олж мэдсэнээр дээрх байгуулсан 2 гэрээний телбөр төлөлтийг зогсоож, Ц.Цэрэнпунцагийг Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардсан боловч Ц.Цэрэнпунцаг нь ДДЭШ ТВ ХХК-тай гэрээ байгуулж, cap бүр 68 000 000 төгрөг төл, эс бөгөөс тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг тасалдуулна гэсэн хариуг өгч, мөн ДДЭШ ТВ ХХК-иас тус компанитай гэрээ байгуулж, cap бүр төлбөр төлөхгүй бол тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоож, үйл ажиллагааг тасалдуулах болно:' гэсэн албан бичгүүдийг ирүүлж, улмаар тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хэд хэдэн удаа тасалдуулж, хэрэглэгчдийг хохироосон. Дээрх нөхцөл байдлын улмаас Сансар кабель ХХК нь аргагүй байдалд орж өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулж, хэрэглэгчдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйн тулд ДДЭШ ТВ ХХК-тай Nagra gas /Тоног төхөөрөмж/ системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/144 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулж cap бүр 35 000 000 төгрөгийг ДДЭШ ТВ ХХК-д төлөх болсон.

Тоног төхөөрөмж болон сетоп бокс хоёр нь хоорондоо салшгүй холбоотой, техникийн хувьд бие биенээсээ шууд хамаарал бүхий буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл эд юмс бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж энэ талаар зөв дүгнэсэн. Сансар кабель ХХК, Ц.Цэрэнпунцаг нар нь дээрх Тоног төхөөрөмж болон сетоп боксыг хамтран худалдаж авахаар тусдаа хоёр гэрээ байгуулсан хэдий ч гэрээний зүйл нь хууль зүйн хувьд өмчлөх эрх нь нэг бөгөөд салангид байваас эдийн засгийн үнэ цэнээ алдах үр дагавартай, үүнийг нэхэмжлэгч Ц.Цэрэнпунцаг ч үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг. Сансар кабель ХХК нь гэрээнд заасны дагуу хэлэлцэн тохирсон үнийг шударгаар төлж ирсэн боловч Ц.Цэрэнпунцаг нь Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлж өгөх үүргээ зөрчсөний улмаас хариуцагч Сансар кабель ХХК нь Тоног төхөөрөмж худалдан авах 001/2015/02/05 тоот гэрээний дагуу төлсөн 455 000 000 төгрөгөөр, Сетоп бокс худалдах, худалдах авах 001/2015/09/21 тоот гэрээний дагуу төлсөн 1 681 836 395.66 төгрөгөөр, мөн ДДЭШ ТВ ХХК-д төлсөн 907 500 000 төгрөгийн хэмжээнд тус тус хохироод байна.

Тоног төхөөрөмж болон сетоп бокс нь харилцан хамаарал бүхий бүрдэл эд юмс байна, Ц.Цэрэнпунцаг нь Тонон төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас хариуцагчид хохирол учирсан байна гэж зөв дүгнэсэн атлаа Сансар кабель ХХК нь сетоп бокс худалдах, худалдах авах гэрээний зүйлийг ашиглаж, ашиг олж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэсэн эсрэг утга бүхий дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Сетоп боксыг удирдан ажиллуулах үндсэн Тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нь бусдад шилжүүлснээс Сансар кабель ХХК-д сетоп боксийн үнийг төлөх нь ямар ч ач холбогдолгүй болж, Сансар кабель ХХК-ийн нэрээр хэрэглэгч нарт тараагдсан байсан сетоп боксийн ашиглалтын төлбөрийг ДДЭШ ТВ ХХК cap бүр хариуцагчаас авч буй үйл баримтыг Сансар кабель ХХК ашиг олж буй гэж шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Худалдагч Ц.Цэрэнпунцаг нь гэрээний үүргээ зөрчиж Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний зүйлийг бусдад шилжүүлсний улмаас хариуцагчид хохирол учирсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх зөв дүгнэсэн атлаа ДДЭШ ТВ ХХК-д шилжүүлэн өгсөн Тоног төхөөрөмж буюу түүний бүрдэл болох сетоп боксын үнийг Сансар кабель ХХК төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй. Шүүх дээрх байдлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийгээ үндэслэн анзын тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Сансархай дефинэшн ХХК, Жем интернэшнл ХХК, Ц.Цэрэнпунцаг нар нь хариуцагч Сансар кабель ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 1 602 472 353.75 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Ц.Цэрэнпунцагт холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 1 362 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Ц.Цэрэнпунцаг нь Сансар кабель ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч тал буюу Ц.Цэрэнпунцаг нь тоон телевизийн 2 432 537 016 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгөх, Сансар кабель ХХК нь төхөөрөмжийн үнийн 50 хувь болох 1 216 268 508 төгрөгийн төлбөрийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн.

Дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах ажиллагааг хийх явцад өмнөх гэрээг дүгнэж тооцоо нийлэн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 001/2015/09/21 дугаар гэрээг байгуулж, тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг болох хүлээн авагч буюу сеттоп боксыг худалдан авахаар талууд тохиролцсон байна. /1хх-ийн 18-23, 109-119 дүгээр тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний дагуу сеттоп бокс, смарт картын үнийг нэхэмжилсэн бол хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу худалдан авсан тоон телевизийн тоног төхөөрөмжийн үнийн 50 хувьтай холбоотойгоор нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлийг заан хохирол гаргуулахаар тус тус тодорхойлсон.

Хэргийн 1 дүгээр хавтасны 181-188 дугаар талд Эрх шилжүүлэх гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр Ц.Цэрэнпунцаг ДДЭШ ТВ ХХК-д Смарткарт бүхий HRDP-хиймэл дагуулын тоног төхөөрөмж, CAS Headend төхөөрөмж, түүний программ/ төхөөрөмжийн эзэмшил, ашиглах эрх, системийн суурилалт болон тохиргоо зэргийн эрхийг шилжүүлсэн тухай тусгасан байна.

Мөн ДДЭШ ТВ ХХК-ийн Ц.Цэрэнпунцагт хандсан 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/15/528 тоот албан бичигт 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ нь тэдний Эрх шилжүүлэх гэрээ-нд буюу тоног төхөөрөмжийг өөрийн өмчлөлд шилжүүлэхэд саад болж байгаа тул цуцлахыг шаардсан. /1хх-ийн 221 дүгээр тал/

Хариуцагч нэхэмжлэгчийг ... гэрээнд заасан үнийг төлсөөр атал Сансар кабель ХХК нь тоног төхөөрөмжийг гуравдагч этгээд ДДЭШ ТВ ХХК-д худалдан борлуулсан... гэсэн үндэслэлээр тайлбар гаргасан бол нэхэмжлэгч тухайн гэрээг талууд харилцан тохиролцож цуцалсан гэж өөр өөрөөр тайлбарлажээ.

Талуудын дээрх тайлбараар Ц.Цэрэнпунцаг нь Сансар кабель ХХК-ийн худалдан авахаар үнийг нь төлж байсан гэх тоног төхөөрөмжийн 50 хувийг ДДЭШ ТВ ХХК-д шилжүүлсэн эсэх, хариуцагчаас шилжүүлсэн 455 000 000 төгрөгийг Худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэлд хэрхэн тооцсон болох нь тодорхой бус байхаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... талууд хоорондоо дээрх мөнгийг сеттоп боксын үнэд төлөгдсөн төлбөрт суутган тооцох замаар нийт төлөгдөх үндсэн төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар баримтгүй болно.

Талуудын маргааны зүйл болж буй тоног төхөөрөмжийг худалдан авсан үнийг хариуцагч буцаан шаардаж байгаа тохиолдолд ДДЭШ ТВ ХХК-ийн эрх, үүрэгт нөлөөлөх эсэхийг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх гуравдагч этгээдийг оролцуулах асуудлыг тодруулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх учиртай. Дээр дурдсан Ц.Цэрэнпунцаг, Сансар кабель ХХК-ийн хоорондын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр нийт 2 432 537 016 төгрөгийн 50 хувийг төлж, уг тоног төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцсон ба уг төлбөрийг төлөх үүргийг шаардах эрх нь ДДЭШ ТВ ХХК-д шилжсэн эсэх, ДДЭШ ТВ ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тохиолдолд энэ талаар эрх зүйн дүгнэлт хийхэд учир дутагдалтай болно.

Түүнчлэн, хэрэгт маш нууц дардастай нотлох баримт авагдсан, ДДЭШ ТВ ХХК-ийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 01/46 тоот албан бичиг зэргээс үзэхэд /2хх-ийн 248, 3хх-ийн 1-17 дугаар тал/ гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулсны эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг нээлттэй буюу хаалттай явуулах эсэхийг шийдвэрлэх нь зохимжтой байжээ.

Хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт зарим нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байгааг дурдвал зохино.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 6 970 450 төгрөгийг, хариуцагчийн 8 170 311 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ