Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01466

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01466

 

 

М.О.Х.Н.Н

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00907 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.О.Х.Н.Н Улаанбаатар төмөр замын хариуцагч Р.Ш ХХК-д холбогдуулан гаргасан 28 445 684 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс М.О.Х.Н.Н-ийг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй, Р.Ш ХХК-д холбогдох иргэний хэргийг тус тус хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцагчид хэд хэдэн удаа түрээсийн зүйлийг чөлөөлөх мэдэгдэл гардуулж байсан боловч чөлөөлөөгүй тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр УБТЗ ХНН-ийн хамтаар албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш түрээсийн зүйлийг чөлөөлөх хүртэлх хугацаанд Р.Ш ХХК нь түрээсийн байранд давхар түрээслэгчдээсээ түрээсийн төлбөр авч, үйл ажиллагаагаа явуулж байсан тул Ногоон зоорины 2018 оны 7-10 сар хүртэл 3 сар ашигласны төлбөр 15 000 000 төгрөг, 33 дугаар байрны дэлгүүрийн 7 дугаар сарын төлбөр 4 940 000 төгрөг, Ногоон зоорийг чөлөөлөхөд гаргасан баримтаар нотлогдох зардал 8 470 684 төгрөг, нийт 28 445 684 төгрөгийг Р.Ш ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар төмөр зам бол шийдвэр гүйцэтгэх байгууллага биш. Манай компани шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байснаар ийм хохирол учирсан гэх баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ногоон зоорь объектыг яаж ашигласан талаарх баримтыг гаргаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй. 33 дугаар байрны дэлгүүрийн байрыг 2018 оны 8 дугаар сарын төлбөр нэхэмжилж байгаа. Энэ 33 дугаар дэлгүүрийн байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 7 дугаар сарын 04-ний өдөр очиж чөлөөлж авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Р.Ш ХХК-иас 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О.Х.Н.Н Улаанбаатар төмөр замд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 445 684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.О.Х.Н.Н Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ш ХХК-иас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт-ыг нэхэмжлэлд тусгана гэж, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарснаас хойш ногоон зоорь объектыг ашигласны төлбөр гэж 15 000 000 төгрөгийг нэхэмжлэхдээ хариуцагчийг яаж ашигласан, ашигласнаас олсон орлого гэх баримтыг өгөөгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн төлбөр гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч М.О.Х.Н.Нг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч Р.Ш ХХК-д холбогдуулан хохиролд 28 445 684 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, УБТЗ ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг Р.Ш ХХК-ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ зөрчсөний улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, ногоон зоорийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албадан чөлөөлсөн үйл баримтыг хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 00011 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 588 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/01010 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэл, Р.Ш ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж байсан хүсэлт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоосон байна. /хх80-84, 139, 163-165/

Хариуцагч талын хувьд ногоон зоорийг яаж ашигласныг нотлоогүй, холбогдох нотлох баримтаа нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, 33 дугаар дэлгүүрийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 7 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзан маргасан боловч ногоон зоорийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албадан чөлөөлсөн гэдгийг үгүйсгээгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан буюу 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс ногоон зоорийг чөлөөлсөн мөн оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд олох ёстой орлогоороо хохирсон гэх үндэслэлээр хариуцагч компанитай өмнө нь түрээсэлж байсан түрээсийн гэрээний үнээр хохирлыг тооцон 15 000 000 төгрөг /7, 8, 9 дүгээр сар х 5 000 000 төгрөг/ нэхэмжилж байна. Хариуцагчийн ногоон зоорийг хэрхэн яаж ашигласан гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй гэх татгалзал үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсныг буруутгах боломжгүй байна.

Мөн шүүх нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах дэлгүүрийн байрыг чөлөөлөөгүйгээс учирсан хохирол 4 940 000 төгрөг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 8 470 684 төгрөг, нийт 13 445 684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Ч.ЦЭНД