Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 207/МА2018/00109

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Баясгалан, ******* нарын нэхэмжлэлтэй

хариуцагч Их Хаадын Цуваа ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00613 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.Баясгалан, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Их Хаадын Цуваа ХХК-д холбогдох,

2017.07.21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2017.07.31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, 34 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Баясгалан, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнгөнцацрал, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017.07 сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 7А Евро эко төгөл орон сууцны 4-104 тоотыг худалдах худалдан авахаар тус орон сууцны өмчлөгч болох ******* ХХК-тай тохиролцон 2017.07.21-ний өдөр орон сууц захиалан бариулах гэх гэрээг байгуулсан. Ингээд урьдчилгаа төлбөр болох 24 000 000 төгрөгийг шилжүүлэн, удалгүй Эрдэнэт үйлдвэр ХХК-иас хөнгөлөлт 8 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 32 000 000 төгрөгийг төлсөн. Энэ хугацаанд Орон сууцны ипотекийн зээлийн 8 хувийн зээлд хамрагдах зээлийн гэрээг хөөцөлдөхөд хугацаа орно гэх шалтгаан хэлж тухайн өдөр орон сууцыг түрээслэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу биднээс сар бүр түрээсийн төлбөр авах болсон. Түрээсийн төлбөр төлөх нь бидэнд хүндрэлтэй байсан учир хурдан Голомт банктай Орон сууцны ипотекийн зээлийн 8 хувийн зээлд хамрагдах зээлийн гэрээг хийх шаардлагыг удаа дараа тус компанид тавьсан ба тодорхой хариу өгөхгүй шийдэх гэж байна гэсээр удсан. Голомт банкны холбогдох ажилтантай очиж уулзахад Орон сууцны ипотекийн зээлийн 8 хувийн зээлд хамрагдахгүй, тус компани энэ тухай мэдэж байгаа, манай банктай 1 хувийн 18 сарын хугацаатай зээлд хамрагдах гэрээ тус компани байгуулсан өөр нөхцөлөөр тус компанитай тохиролцоогүй, 8 хувийн ипотекийн зээлд хамруулах асуудал байхгүй гэсэн. Ингээд тус компанид дээрх байдлыг хэлж, танай компанийн зүгээс тавьсан нөхцөл биелэгдэх боломжгүй байгаа талаар уулзахад тэгвэл гэрээгээ цуцал, гэрээний дагуу төлсөн мөнгөний 10 хувийг манайд үлдээвэл өнөөдөр бол өнөөдөр мөнгийг шилжүүлнэ эсвэл 1 хувийн 18 сарын хугацаатай Голомт банкны зээлд хамрагд гэсэн хариуг 2018.01 сард өгсөн ба түүнээс хойш гэрээ цуцална, Голомт банкны зээлд хамрагд гэж шахах болсон. Ингээд 2018.03.25-ны өдөр гэрээгээ цуцалж байна, гэрээнээс татгалзаж байна гэж амаар мэдэгдэж, хэрэглээний усыг маань хаасан. 2017.07.21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц хөлслөх гэрээ бидний эрх ашгийг хохироож анхнаасаа биелэгдэх боломжгүй хууль зөрчсөн, банкны 8 хувийн ипотекийн зээлд хамруулна гэх амлалт нь биелэгдэх боломжгүй байдлыг нуун дарагдуулж, хуурч хөлслөх гэрээ гэх нэрийн дор 250 000 төгрөгийг сар бүр биднээс авсан гэрээнүүд худалдах худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул 2017.07.21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууц худалдаж авахаар урьдчилгаанд төлсөн 32 000 000 төгрөг болон орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн сар бүрийн 250 000 төгрөг буюу 2 000 000 төгрөг нийт 34 000 000 төгрөгийг ******* ХХК-с гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК болон иргэн А.Баясгалан, ******* нарын хооронд 2017 оны 07 сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр А.Баясгалан нар нь ******* ХХК-ийн Орхон аймаг, Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны 7А хороолол Евро Эко Төгөл төслийн хүрээнд баригдсан 4-р байрны 1 дүгээр давхрын 104 тоот хаягт байрлах 64,9 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээгээр тохиролцсон төлбөрийг гүйцэтгэгчид төлөхөөр тохирсон. Тус гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг 1мкв-ийг 1 700 000 төгрөгөөр тооцож, нийт үнэ нь 110 330 000 /зуун арван сая гурван зуун гучин мянган/ төгрөг байхаар заасан. Мөн гэрээний 1.2 дахь хэсэгт захиалагч нь гэрээний төлбөрийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд хавсралт 2-т Нийт 100% дүн болох 110 330 000 төгрөгийн төлбөрийнхөө 30% дүнгийн 24 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 9 099 000 төгрөгийн төлбөрийг 2017.10.05-нд төлнө гээд үлдэгдэл 70 хувийг хэзээ хэрхэн төлөх нөхцөлийг тохироогүй боловч ипотекийн зээлд хамрагдан төлөхөө илэрхийлж байсан. Гэрээний төлбөрийн 21,7 хувь буюу 24 000 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 27-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь төлөх мөн ипотекийн зээлээ яаралтай хөөцөлдөж, зээл гаргуулах тул захиалсан орон сууцандаа орж амьдрах хүсэлт гаргасны дагуу ******* ХХК-аас зөвшөөрч, акт үйлдэн орон сууцыг хүлээлгэн өгсөн. Мөн ******* ХХК-аас захиалагч нарыг урамшуулах зорилгоор 1 болон 9 давхарт орон сууц захиалан авч байгаа захиалагч нарт бүрэн автомат угаалгын машин, 43 инчийн зурагт зэргээс сонгуулж бэлэглэж байсан. А.Баясгалан нар нь 4 дүгээр байрны 1-р давхрын 104 тоот орон сууцыг захиалан гэрээ байгуулсан тул дээрх эрхийг эдэлж бүрэн автомат угаалгын машин ******* ХХК-аас бэлэглэснийг өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа болно. Гэрээний хавсралт 2-т заасан урьдчилгаа 30% төлбөрийн үлдэгдэл 9 099 000 төгрөгийг 2017.10.05-нд төлнө хэмээн тохирсон боловч Эрдэнэт үйлдвэр-ээс 8 000 000 төгрөг нь 2018 оны 01 сарын 08-ны өдөр ******* ХХК-д шилжүүлэгдсэн, үлдэгдэл 1 099 000 төгрөг болон нийт төлбөрийн 70% болох 77 231 000 төгрөг, нийт 78 330 000 төгрөгийн үлдэгдэл өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Гэрээний 3.3 дахь хэсэгт орон сууцыг 100% төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ хэмээн заасан боловч захиалагчдын хүсэлтээр үлдэгдэл төлбөрөө хурдан хугацаанд төлөх, зээлийн материалаа бүрдүүлсэн байдал, судлуулж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан орон сууцыг хүлээлгэн өгч байсан. А.Баясгалан нарын нэхэмжлэлд дурьдсан 8 хувийн зээлд хамруулж өгнө, өндөр хүүтэй зээл ав, түрээсийн гэрээ заавал байгуул гэж ******* ХХК-аас шаардаж дарамталсан, биелэгдэх боломжгүй хууль зөрчсөн, 8 хувийн зээл хамруулах амлалтаа биелэгдэх боломжгүй байдлыг нуун дарагдуулж, хуурч хөлслөх гэрээ нэрийн дор 250 000 төгрөг сар бүр авсан.... гэх нь үндэслэлгүй бөгөөд Орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь гэрээний 4.1 Орон сууцны үнийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлнө. Банкны зээл авах зэргээр санхүүжилт олох шаардлагатай бол төлбөрийн хуваарийг мөрдөхөд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан авсан байх үүрэгтэй, 5.7 Захиалагч орон сууцыг банкны зээлээр худалдан авч буй тохиолдолд Банк захиалагчтай тусгайлан гэрээ байгуулах бөгөөд банк, захиалагч, гүйцэтгэгчийн хоорондох 3 талт харилцааг энэхүү гэрээтэй уялдуулан зохицуулах талаар хамтран ажиллана. Орон сууцыг захиалагчийн мэдэлд хүлээлгэн өгсөн тохиолдолд тэрээр зээлийн өрийг төлж дуустал орон сууцыг захиран зарцуулах эрх эдлэхгүй, мөн Гэрээний 3.3 дахь хэсэгт орон сууцыг 100% төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ, 5.4 захиалагч нь орон сууцны төлбөрийг гэрээний хавсралт 2-т заасан графикийн дагуу бүрэн гүйцэд төлснийг үндэслэн гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх акт үйлдэнэ хэмээн заасан. Гэрээний нөхцөлийг биелүүлж, компанийг хохиролгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ТУЗ-ийн тогтоолын дагуу ажилласан. ******* ХХК-аас төлбөрөө 100% бүрэн төлөөгүй, өөрсдөө хүсэлт гаргаад үлдэгдэл төлбөрөө яаралтай хөөцөлдөж төлөхөө амласан захиалагч нарт орон сууцыг нь хүлээлгэн өгсөн боловч төлбөрөө төлж чадах эсэх нь тодорхойгүй, зээлээ хөөцөлдөх, төлбөрөө төлж барагдуулах тал дээр үйлдэл гаргахгүй байгаа захиалагч нарт орон сууцаа гэрээний төлбөрөө 100% төлж дуусах хүртлээ чөлөөлөх, эсвэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж хөлс төлөх гэсэн 2 нөхцөлийг санал болгосны дагуу А.Баясгалан нар нь Орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Иймд гүйцэтгэгч ******* ХХК-аас 6.1 Талууд харилцан тохиролцож хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд захиалагч нь Орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутам тухайн хугацаанд төлөх ёстой байсан үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ. хэмээн заасны дагуу нэхэмжлэгч нараас үлдэгдэл төлбөр 78 330 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги болон бүрэн автомат угаалгын машины үнийг нэхэмжлэх болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00613 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.2-д заасныг баримтлан Их хаадын Цуваа ХХК-нд холбогдох 2017.07.21-ний өдрийн орон сууц бариулах гэрээ, 2017.07.31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 34.000.000 төгрөг гаргуулах А.Баясгалан, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Орон сууц захиалан бариулах гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан боловч угтаа бол нэхэмжлэгч нар уг орон сууцыг худалдан авах гэрээ байгуулах хүсэл эрмэлзэлтэй гэрээ байгуулжээ гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 39 р зүйлийн 39.1, 41 -р зүйлийн 41.1 заалт 43-р зүйлийн 43.2.3, 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2 заалтыг анхаарч үзээгүй. Энэ талаар хариуцагч мөн худалдах худалдан авах гэрээ байгуулах гэж байгаад ажилтан нь андуураад уг гэрээг байгуулсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан. Гэтэл Шүүх хэргийн бодит байдал, талуудын хэлцэл , гэрээний шинжийг дүгнэн үзээгүй иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Тухайн орон сууцыг захиалгаар бариулаагүй болохоо нотолсон баримтыг хэрэг нотлох баримтаар гаргаж өгснийг үнэлээгүй. *******ХХК нь нэхэмжлэгч нарыг банкны зээлийн хүү 8% д хамруулна гэж сурталчилж тайлбарлаж байсны дагуу тухайн байрыг зээлээр худалдаж худалдан авах болсон талаар нотлоогүй гэж үзсэн. Уг байдлыг нотолсон баримт болох тухайн компанийн цахим хаягт байршуулсан мэдээлэл, зар сурталчилгааны тараах хуудас, харйуцагчийн шүүх хуралдаан гарагж өгсөн тайлбар, бусад этгээдүүдийг зээлийн хүү 8% д хамруулсан гэх баримтууд, хариуцагч Голомт банктай хийсэн 2018.01.30 ны гэрээ зэрэг нотлох баримтыг нөгөө тал хүлээн зөвшөөрч зарим байдлыг нотолсон буюу бид хуураагүй гэх баримтыг гаргаж өгсөн байдалд анхаараагүй. Орон сууцны зээлийн хүү 8% зээлд хамрууна гэж сурталчилгаа хийж орон сууцыг зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж Голомт банктай зээлййн хүү 8% гэрээ байхгүй байсан нь нотлогдсоор байхад анхаарч үзээгүй. Орон сууц зээлээр худалдан авах гэрээ хийгээгүй орон сууц захиалан бариулах гэрээ , орон сууц хөлслөх гэрээ хийснээр нэхэмжлэгч нар нь 34.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь нотлогдож байгаа атлаа тухайн орон сууцыг өмчлөх эрхгүй байгаа нь үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний шинж гэж үзэх үндэслэлгүй. Дээрх гэрээнүүд нь Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.3 заалт, 109-р зүйлийн 109.2 шаардлага хангагдсан хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч нар болон хариуцагчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн байх ба гэж шүүх дүгнэсэн. Шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 -р зүйлд зааснаар тайлбарлана. Гэтэл хүсэлт зоригийн илэрхийлэл дагуу хийгдсэн хэлцэл байна гэж дүгнэсэн нь үндэслэгүй бөгөөд нэхэмжлэгч анхнаасаа байр захиалан бариулаагүй, байр хөлслөөгүй болохыг анхаарч үзээгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.15-ны өдрийн 613 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.Баясгалан, ******* нар нь ******* ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц бариулах гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 34.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* ХХК шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч А.Баясгалан, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц байгуулах гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч А.Баясгалан, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК-ийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 7А хороолол, Евро Эко төгөл төслийн хүрээнд барьсан 4 дүгээр байрны 1 давхрын 104 тоотод байрлах 64,9 м2 талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар орон сууц захиалан бариулах нэртэй гэрээг ******* ХХК-тай тохирч байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу орон сууцны урьдчилгаанд байрны үнийн дүнгийн 30 хувийг байршуулж улмаар ипотекийн зээлд хамрагдан төлбөрийг банкны зээлээр төлөхөөр ярилцаж урьдчилгаанд 24.000.000 төгрөгийг өгч дараа нь 8.000.000 төгрөгийг дансаар шинжүүлж нийт 32.000.000 төгрөг өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нар нь банкны зээл нь бүтээгүй учраас худалдан авахаар тохирсон байрандаа орж банкны зээл бүтэх хүртэл хугацаанд орон сууц хөлслөх гэрээ байгуулж сар бүр 250.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож байрыг хүлээн авч амьдарчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд орон сууц захиалан бариулах гэрээ гэсэн нэршилтэй байгаа боловч энэ нь зохигчдын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. ******* ХХК-ийн Евро эко төгөл төслийн хүрээнд баригдсан барилгаас 64.9 м2 2 өрөө байрыг банкны зээлд хамрагдан худалдан авахаар нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагатай гэрээ байгуулсныг банкны 8 хувийн зээлд хамруулна гэж биелэгдэх боломжгүй байдлыг нуун дарагдуулж, хуурч хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нарын эрх ашгийг илт хохироож, ипотекийн 8 хувийн зээлд хамруулна гэж хуурсан амлалт өгсөн тэдний өмнө үүрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Орон сууц захиалан бариулах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч ******* ХХК нь ТУЗ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61/2017 тогтоол гаргаж худалдан авах орон сууцандаа орох хүсэлтэй банкны ипотекийн зээлд хамрагдах иргэдтэй өөрсдийнх нь хүсэлтийн дагуу орон сууц хөлслөх гэрээ байгуулж оруулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

Энэхүү шийдвэрийн дагуу зохигчид харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулж оруулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон. Энэхүү шийдвэрийн дагуу зохигчид харилцан тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу хийгджээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Иймд нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны 142/ШШ2018/00613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч А.Баясгалангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ