Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буурайн Баттөр |
Хэргийн индекс | 142/2018/00506/И |
Дугаар | 110 |
Огноо | 2018-09-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 110
Ё.Нэргүйгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Ч.Билэгбаатарт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00719 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ё.Нэргүйгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч.Билэгбаатарт холбогдох,
550.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваажав, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Нэхэмжлэгч Ё.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ч.Даваажав нь Говил багт амьдардаг найз Ё.Нэргүй, З.Эрдэнэчимэг нарт 700.000 төгрөг зээлдүүлсэн байсан. Гэтэл З.Эрдэнэчимэгийн бие өвдөж Улаанбаатар хот явж эмчлүүлэхээр болж үл хөдлөх хөрөнгөө газартай нь зарсан. Энэ хөрөнгийг нь Ч.Билэгбаатар худалдан авсан. Худалдан авахдаа мөнгийг нь бөөн өгөөгүй цувуулж өгч байсан. Ингээд З.Эрдэнэчимэг ирэх боломжгүй бие нь муу учир нөхөр Ё.Нэргүй ирж 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ч.Билэгбаатар түүний эхнэр Дүүрэнзаяа бид 4 биеэрээ уулзаж тохиролцоод Ч.Билэгбаатар 3.976 .000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байснаас энэ авах мөнгөнөөсөө 700.000 төгрөгийг Ч.Даваажавт шилжүүлж өгөхийг Ё.Нэргүй зөвшөөрч, үлдэгдэл 3.276.000 төгрөгийг Ч.Билэгбаатараас авахаар тохиролцож хэлцэл хийсэн. Тэгэхдээ эхлээд 3.276.000 төгрөгөө өгч дуусаад дараа нь Ч.Даваажав надад 700.000 төгрөг өгнө гэсэн. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ч.Билэгбаатар 50.000 төгрөг Ч.Даваажавт өгсөн. Түүнээс хойш боломжгүй гэсээр эхнэр Дүүрэнзаяатай Ч.Даваажав уулзахад сард боломжоороо өгье гээд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50.000 төгрөг өгсөн. Үлдэгдэлээ авах гэхээр Ч.Билэгбаатар утсаа авахгүй, эхнэр Дүүрэнзаяа өвчтэй хүүхэдтэй боломжгүй гээд явуулаад байдаг. Иймд бидний энэ тохиролцсон хэлэлцээрийг шүүн тунгааж Ч.Билэгбаатараас 550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Билэгбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ч.Билэгбаатар нь Ч.Даваажаваас бэлнээр мөнгө аваагүй. Би З.Эрдэнэчимэг гэдэг хүнтэй хашаа байшингийн наймаа хийх явцад Ч.Даваажав гэдэг хүн гарч ирсэн. Би өмнө нь энэ хүнийг танидаггүй байсан. Энэ хүн З.Эрдэнэчимэгийн нөхөр Ё.Нэргүй гэгчээс мөнгө авах ёстой гэж байсан. Намайг чи тэр хоёрт өгөх мөнгөнөөсөө надад өгчих гэж байсан. Би энэ хүнд мөнгө өгөх шаардлагагүй. Энд хавсаргасан хэлцэл гэдэг бичигт би Ё.Нэргүй гэдэг хүнд өгнө гэж бичсэн байгаа болохоос биш Ч.Даваажав гэдэг хүнд өгнө гэж дурдаагүй байгаа. Бас энэ хүнд миний наймаа хийгээд тэр хүмүүст мөнгөө яаж өгч байсан огт хамаагүй ба намайг шүүхэд өгч миний нэр хүндийг үл хүндэтгэж байгаад гомдолтой байна. Иймд би энэхүү нэмэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Ч.Билэгбаатар би Орхон аймгийн Говил багийн нутагт байрлах ажлын байрыг З.Эрдэнэчимэгээс 2012 онд худалдаж аваад төлбөрөөс 3.976.000 төгрөгийн тооцоо үлдсэнийг 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэлцэлийн дагуу Ё.Нэргүй,Ч.Даваажав нарт 700.000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө өгч тооцоо дуусгахаар тохиролцоод 3.276.000 төгрөгийг З.Эрдэнэчимэгт өгч үлдэх 700.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг Даваажавт 2013 онд өгсөн. Иргэний хуульд заасан шаардах эрхийн хугацаа дууссан тул би нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр төлөхгүй. Хуульд заасан хугацаанд надаас мөнгө авахаар шаардаж байгаагүй бөгөөд 700.000 төгрөгийг хэнд нь хэдийг өгөх талаар тохирсон тохироо байхгүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00719 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Билэгбаатараас 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Нэргүйд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Билэгбаатараас 17.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Нэргүйд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:
Хариуцагч Ч.Билэгбаатар 2012 оны 2 дугаар сард иргэн З.Эрдэнэчимэгээс Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн нутагт байрлах үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл 3.976.000 төгрөгийг эргэн төлөх талаар 2012-02-12-ны өдөр баталгаа гаргаж өгсөн байдаг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг хавтаст хэргийн 4-дүгээр талд авагдсан бичвэрийг үндэслэсэн байхад шүүх хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Хавтаст хэргийн 4-р талд авагдсан бичвэрээр нэхэмжлэгч Е.Нэргүйгийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх ба худалдагч З.Эрдэнэчимэгт 3.976.000 төгрөгийг 2012-06-20-ноос өмнө барагдуулна гэж хамгийн сүүлчийн хугацааг заажээ. 2012-06-20-ны өдрөөс хойш шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2012-06-20-ноос 2015-06-20-ны өдөр гэхэд 3 жилийн хугацаа дууссан байна. Тэгээд ч дээрх бичвэрээс харахад нэхэмжлэгч Ё.Нэргүй болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваажав нарын хэн алинд нь ямар нэгэн төлбөр төлөхөөр үүрэг хүлээгээгүй байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваажавын ХААН банкан дахь дансанд хариуцагчийн эхнэр Х.Дүүрэнзаяагаас 2016-11 -25, 2017-01-16-ны өдрүүдэд нийт 150.000 төгрөг шилжүүлсэнээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан явдал нь зүйд нийцсэнгүй. Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт хийх учиртай байжээ. Шүүх 2012-02-12-ны өдрийн бичвэрийг нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсгэсэн нотлох баримт гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-д "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.Мөн хуулийн 76-р зүйлийн 76.1- т заасан хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэсэн ерөнхий болон тусгай хугацаануудад дүгнэлт хийсэнгүй. Хариуцагч Ч.Билэгбаатар худалдагч З.Эрдэнэчимэгт төлбөрийн үлдэгдэл 3.976.000 төгрөгийг 2012-06-20-ны дотор төлж барагдуулна гэж сүүлчийн тооцоо хийж дуусгах хугацаагаа тохиролцсон бичвэр байхад эрх зүйн харилцаа огт үүсээгүй, дээрх төлбөр тооцоонд огт хамааралгүй Ч.Даваажав гэгчийн дансанд хариуцагчийн эхнэр мөнгө хийснээр хугацааг сэргээн тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 79. 1 т заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан , эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана" гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад нэхэмжлэгчийн өмнө хариуцагч үүрэг хүлээсэн байхыг шаардсан байгаа юм. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй" гэжээ. Гэтэл Ч.Даваажав, Е.Нэргүй нарын өмнө хариуцагч Ч.Билэгбаатар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байгаа болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдох юм. Мөн хуулийн 82-р зүйлийн 82.2-т: заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэжээ. Хариуцагч Ч.Билэгбаатарын эхнэр Ч.Даваажавын дансанд шилжүүлсэн 150.000 төгрөгөө шаардан гаргуулах боломжтой бөгөөд түүний шилжүүлсэн мөнгийг огт үүрэг хүлээгээгүй хариуцагчид нялзаасан дүгнэлт хийсэн явдал нь хууль бус болжээ. Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.Даваажав нь хариуцагч Ч.Билэгбаатарт холбогдуулан 550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Билэгбаатараас 550.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Нэргүйд олгож шийдвэрлэжээ.
Ч.Билэгбаатар нь Ё.Нэргүй түүний гэр бүлийн хүн З.Эрдэнэчимэг нарт үл хөдлөх хөрөнгө худалдаж авсны үлдэгдэл 3.976.000 төгрөгийн төлбөрийг нь өгөх мөн дээрх авах мөнгөнөөс 700.000 төгрөгийг Ё.Нэргүй нь Ч.Даваажавт өгөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулжээ. /х/х-ийн 4 дүгээр хуудас/,
Хариуцагч Ч.Билэгбаатарын эхнэр Дүүрэнзаяагаас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50 000 төгрөг, нийт 100.000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа хариуцагчаас нийт 150.000 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх дээрх маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг хариуцагч Ч.Билэгбаатараас 550.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Нэргүйд олгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй зөв байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Ч.Билэгбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.т зааснаар хариуцагч Ч.Билэгбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР