Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00573

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00573

 

 

 

 

Ж.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00366 дугаар шийдвэртэй Ж.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй Ч.Баатарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ж.Чулуунцэцэг нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ч.Баатартай Хөвсгөл аймгийн тойргийн нотариатаар баталгаажуулан зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. Түүнд мөнгийг 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Хаан банк ХХК-иас бэлнээр түүний дансанд хамтран ажилладаг байсан н.Ганзоригоор дамжуулан шилжүүлүүлсэн. Ч.Баатар 2012 оны 10 сарын 19-нд Хөвсгөлд очиж надтай уулзан бид зээлийн гэрээ байгуулж мөнгө өгсөн, авснаа баталгаажуулж хугацааг тохиролцсон. Иймд Ч.Баатараас 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Баатар шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 оны 5 дугаар сард ноолуур худалдан авах зорилгоор н.Ганзоригтой амаар тохиролцон өөрийн дансаар 15 000 000 төгрөг шилжүүлэн авсан. 2012 оны 10 сарын 19-ний өдөр Ж.Чулуунцэцэгээс Хөвсгөл аймгийн тойргийн нотариатаар баталгаажуулсан гэрээгээр ямар ч мөнгө бэлнээр аваагүй. Мөн зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Ж.Чулуунцэцэг нь 15 000 000 төгрөгийг нэхэмжлэх этгээд биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч.Баатараас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чулуунцэцэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баатараас 232 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Чулуунцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Баатар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2011 онд Ч.Баатарын дансаар н.Ганзоригийн шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг Ж.Чулуунцэцэгийн мөнгө гэж үзэн, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ж.Чулуунцэцэг болон Ч.Баатар нарын хооронд 15 000 000 төгрөгийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Уг гэрээ байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу уг гэрээний дагуу шаардах эрхийн хугацаа 2015 онд дууссан байна. Гэвч шүүхээс Ч.Баатарыг мөнгөний асуудалтай цагдаагийн байгууллагад шалгагдаж буй тодорхой хэргийн улмаас Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1т заасан үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа зогссон байсан гэж үзэж шийдвэрлэсэн. Ч.Баатар нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2011 онд Баян-Өлгий аймагт хохирогчоор тогтоогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан асуудал байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ж.Чулуунцэцэг нь хариуцагч Ч.Баатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгийг Хаан банк ХХК-иар дамжуулан шилжүүлж, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж, уг гэрээгээр 15 000 000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5 дугаар тал/

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан тоо, хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч Ж.Чулуунцэцэг нь хамт ажилладаг н.Ганзоригоор дамжуулан 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгийг Ч.Баатарын данс руу шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсон. /хх-ийн 20, 62-64 дүгээр тал/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ ...мөнгө зээлээгүй, 2011 онд н.Ганзоригоос 15 000 000 төгрөгийг ноолуур худалдан авах зорилгоор авсан, Ж.Чулуунцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй тул хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Тэрээр нэхэмжлэгчийн ...хариуцагч цагдаагийн байгууллагад шалгагдаж мөнгийг төлөх боломжгүй байснаас түр хүлээж байхыг хүссэн, ...үүнтэй холбоотой хөөн хэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласныг үгүйсгээгүй.

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж дүгнэлт хийсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ