Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00572

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00572

 

 

 

 

Л.Золбоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00279 дүгээр шийдвэртэй Л.Золбоогийн нэхэмжлэлтэй Ч.Бээжинхүүд холбогдох, Ч.Бээжинхүүгийн эзэмшиж буй Ихэр нева ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.Золбоод шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, Ихэр нева ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Бээжинхүүг хасаж, Л.Золбоог хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч Х.Батбаатар, Д.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Золбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ч.Бээжинхүүтэй харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зайсангийн аманд байрлах 3.3 га талбайтай, 414 тоот гэрчилгээ бүхий Ж.Цэрэндагвын нэр дээрх аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийг Л.Золбоо миний нэр дээр шилжүүлэхээр 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Бидний дунд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-т Газар ашиглагч нь /Л.Золбоог ойлгоно/ өөрийн газар дээр хөрөнгө оруулах баталгаа болгон нийт 650 000 ам.долларыг 2 хувааж өгснөөр 2 тал тэнцүү эрхтэй болно, мөн гэрээний 2.1-д Энэхүү гэрээг байгуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан Б талд А тал 400 000 ам.долларыг хөрөнгө оруулалтын баталгааны урьдчилгаа болгон хүлээлгэн өгнө гэж тус тус заасны дагуу гэрээ байгуулснаас хойш нэг хоногийн дараа Ч.Бээжинхүүд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 400 000 ам.долларыг Б.Лхагвасүрэнгээр дамжуулан бэлнээр хүлээлгэн өгсөн.

Хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөр болох 250 000 ам.долларыг гэрээний 2.5-д Газар ашиглах гэрчилгээ хөрөнгө оруулагчийн нэр дээр шилжсэнээс хойш ажлын 3 хоногт багтаан 250 000 ам.долларыг газар эзэмшигчид хөрөнгө оруулалтын баталгаа болгон өгнө гэсний дагуу төлөхөөр болсон. Харин Ч.Бээжинхүү нь гэрээний 3.1-д Хөрөнгө оруулалтын урьдчилгааг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор газар ашиглах гэрчилгээг А талын нэр дээр шилжүүлэн өгнө гэснийг өнөөдрийг хүртэл гүйцэтгэхгүй байна. Тухайн үед Ч.Бээжинхүү нь урьдчилгаа төлбөрийг авсны дараа ...Л.Золбоо чиний нэр дээр гэрчилгээ гарсан байгаа... гэж байсан ч энэ нь худал байсан ба харин өөрийн Ихэр нева ХХК-ийн нэр дээр Байгаль орчны яамны 661 дугаар гэрчилгээг шинээр гаргуулж шилжүүлэн авсан байдаг.

Гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тасалдаагүй бөгөөд 2008 оны 6 дугаар сард О.Үржин гэх хүн Ч.Бээжинхүүтэй хамт ирж ... аав Б.Лхагвасүрэн бид нартай уулзаж, авсан мөнгөө буцааж хүүгийн хамт 2008 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгана, төлж чадахгүй бол 2 хоногийн дотор 3.3 га газрыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх бөгөөд хэрэв үүнээсээ татгалзвал Ч.Бээжинхүү залилан хийснээ зөвшөөрч байна гэж бичиг хийж өгсөн боловч биелэгдээгүй. 2009 оны 3 дугаар сард Ч.Бээжинхүү нь дээрх 3.3 га газрыг ашиглах эрхтэй болсон Ихэр нева ХХК-ийн бичиг баримт, тамга тэмдгийг авчирч өгөн газар шилжүүлж өгөх үүргийг гүйцэтгэх баталгаа болгон компанийнхаа 60 хувийн хувьцааг Б.Лхагвасүрэнгийн нэр дээр шилжүүлэхээр амлаж 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт хувьцаагаа шилжүүлэх баримтад гарын үсэг зурж, эцэг Б.Лхагвасүрэнд Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн. Үүний дагуу Л.Золбоо би тус газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусгавар болж хураагдах болоод өөрийн нэр дээрх Далай Омбо ХХК-иар Ихэр нева ХХК-нд хүсэлт явуулж, мөн Байгаль орчны яамны нөхөн сэргээх хандивт 3 000 000 төгрөг хандивлаж Байгаль Орчны яамнаас манай компанид тус газар ашиглах эрхийг сэргээж, Ихэр нева ХХК-иас шилжүүлэн өгсөн. Гэвч Ч.Бээжинхүү нь 2013 онд Байгаль орчин Ногоон хөгжлийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах зэргээр өнөөдрийг хүртэл маргалдаж байна.

2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Ч.Бээжинхүү нь уг газарт нэг ч төгрөг зарцуулаагүй ба өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд аав Б.Лхагвасүрэн нар нь зардлыг төлж, мөн дэд бүтэц зэрэгт 1 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар Л.Золбоо, Ч.Бээжинхүү нарын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Ихэр нева ХХК-ийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.3 га талбай бүхий газар ашиглах эрхийг Л.Золбоогийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Золбоогийн нэхэмжлэлтэй Ч.Бээжинхүүд холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь Л.Золбоо, Ж.Цэрэндагва нарын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах явдал бөгөөд энэхүү гэрээнд заасан 400 000 ам.долларыг тооцож 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээгээр Л.Золбоогийн эцэг Б.Лхагвасүрэнд Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ч.Бээжинхүүгээс шилжүүлсэн. 2007 оны 11 дүгээр сарын 01-ний гэрээний асуудал болон 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Лхагвасүрэнд Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцаа шилжүүлсэн маргаанд Ч.Бээжинхүү нэхэмжлэл гарган Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэгдэж, нэхэмжлэгчийн гомдлоор 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн ба одоо нэхэмжлэгчийн гомдлоор хяналтын журмаар Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдэх гэж байгаа. Иймд нэг зүйлийн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад Л.Золбоо нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ч.Бээжинхүү нь 2008 оны 8 дугаар 09-ний өдөр Ж.Цэрэндагвыг төлөөлж Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах 414 дугаартай газрыг захиран зарцуулах үйлдэл хийх эрх олгосон Ж.Цэрэндагвын итгэмжлэлийн үндсэн дээр 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Лхагвасүрэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр 2 талын эрх үүргээ тохирсон. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээний үүргийг иргэн Ж.Цэрэндагваас хангуулах хуультай. Ч.Бээжинхүү Ихэр нева ХХК-ийг 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ганц гишүүнтэй, өөрийн 100 хувийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан. Ихэр нева ХХК-ийн хувьцааны 40 хувь болох 400 ширхэг хувьцааг иргэн Л.Золбоо өөртөө авч Ихэр нева ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Бээжинхүүг хасаж, Л.Золбоог хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эрх мэдэл, бусад байдлаар хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлаж хуулиар олгосон хувийн өмчийг дээрэмдэх гэж байгаа үйлдэл байна.

Ихэр нева ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Бээжинхүүг Б.Лхагвасүрэн 2009 онд дарамталж байгаад компанийн хувьцааны 60 хувийн хувьцааг хөрөнгө оруулалт нэрээр өөрийн нэр дээр болгосон. Улсын мөрдөн байцаах газарт Ч.Бээжинхүүг ар гэрийн гачигдлаар хөдөө явсан хойгуур нөхөр М.Эрдэнэдалайг авч ирж маргаан шийдвэрлэх нэртэйгээр 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүү болох Л.Золбоогийн өгсөн гэх 400 000 ам.долларын оронд компанийн 60 хувийг шилжүүлэн авч цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахаар тохиролцож Б.Лхагвасүрэн, Ч.Мөнхбат, М.Эрдэнэдалай нар гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед М.Эрдэнэдалай Ч.Бээжинхүүг төлөөлөх эрхгүй этгээд байсан. 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Бээжинхүүг ирсний дараа Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж Ихэр нева ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг авсан ба тэр даруй улсын бүртгэлд бүртгүүлж зохих өөрчлөлтийг хийсэн. Ч.Бээжинхүүгээс Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж Ихэр нева ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг Б.Лхагвасүрэнд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр Б.Лхагвасүрэн 2007 оны 11 дүгээр сард шилжүүлэн өгсөн 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтад компанийн нийт хувьцааны 60 хувь болох 1 800 000 төгрөгийн үнэ бүхий 600 ширхэг хувьцааг эзэмших, үүсгэн байгуулагч нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг эзэмшихээр тохиролцсон. 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.Золбоо болон Ж.Цэрэндагва нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэж уг гэрээний эрх үүргийг талууд шинээр байгуулагдсан гэрээгээр өөртөө шилжүүлэн авсан гэрээ гэж үзэхээр байна гэж шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Л.Золбоо 400 000 ам.долларын хөрөнгө оруулсан гэрээний эрхийг өөрийн эцэг Б.Лхагвасүрэнд шилжүүлж Б.Лхагвасүрэн Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцааг авч үүргийн гүйцэтгэлээ хангуулсан байгаа ба дахин 40 хувийн хувьцааг авах эрх Л.Золбоод байхгүй. Ч.Бээжинхүү Мэй юань ХХК-иас хөрөнгө оруулалт оруулахаас өмнө 2013 оны 5 дугаар сард хуурамч бичиг баримт үйлдсэн тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 201301051030 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж одоо тус прокурорын хяналтад хянагдаж байна. Ихэр нева ХХК-ийн эзэмшдэг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг хууль бусаар Далай омбо ХХК-д шилжүүлсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийдвэр болон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаартай тогтоолоор тогтоогдож БОЯ-ны сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ихэр нева ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрчилгээ гарсан. Иймд Л.Золбоогоос гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8, 220 дугаар зүйлийн 220.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Бээжинхүүгийн эзэмшиж буй Ихэр нева ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.Золбоод шилжүүлэхийг хариуцагч Ч.Бээжинхүүд даалгаж, Ихэр нева ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Бээжинхүүг хасаж, Л.Золбоог хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Золбоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ч.Бээжинхүүгээс улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Золбоод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.Золбоо, Ж.Цэрэндагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бээжинхүү нарын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй харилцан зөвшөөрдөг, ... 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.Золбоо Ч.Бээжинхүүд 400 000 ам.доллар төлсөн, ... 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Баталгаа гаргах гэрээ-г хэлцэл хүчин төгөлдөр байна, ... Л.Золбоогийн эцэг Б.Лхагвасүрэн нь Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн талаар анхан болон давах, хяналтын шатны шүүхийн дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд тус тус авагдсан, ... Ч.Бээжинхүүгийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн болох нь дээр дурдсан үндэслэл нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ гэж дүгнэсэн дүгнэлт нь хэрэгт нотлох баримтуудаас өөр харилцан зөрүүтэй, гуйвуулж, хэрэгт авагдаагүй нотлох баримтыг байгаа мэтээр дүгнэсэн нь дараах баримтаар тогтоогдоно. Үүнд:

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэсэн Ч.Бээжинхүү хөрөнгө оруулалтын гэрээг төлөөлүүлэгчийн ашиг сонирхлоор байгуулсан, хөрөнгө оруулалтын гэрээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Л.Золбоо 400 000 ам.долларыг Ч.Бээжинхүүд өгсөн баримт байхгүй ба Б.Лхагвасүрэн хүлээлгэж өгсөн баримт авагдсан. /хх-ийн 7 дугаар тал/

Баталгаа гаргах гэрээнд О.Үржин болон Б.Лхагвасүрэн нарын хүлээх үүрэг байдаг. Б.Лхагвасүрэн хэргийн ямар оролцогч болохыг тодруулсан баримт байхгүй, Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээр зохицуулсан гэж хуулийг тодорхой бус хэрэглэсэн. /хх-ийн 9 дүгээр тал/

Ихэр нева ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Бээжинхүүг Б.Лхагвасүрэн 2009 онд цагдаагийн байгууллагаар эрүүгийн хэрэг үүсгэж залилан мэхэлсэн асуудлыг шалгуулна гэж дарамталж байгаад компанийн хувьцааны 60 хувийн хувьцааг хөрөнгө оруулалт нэрээр өөрийн нэр дээр болгосон байхад Ч.Бээжинхүү өөрийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. /хх-ийн 10 дугаар тал/

Улсын мөрдөн байцаах газарт Ч.Бээжинхүүг ар гэрийн гачигдлаар хөдөө явсан хойгуур нөхөр М.Эрдэнэдалайг авч ирж Маргаан шийдвэрлэх нэртэйгээр 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Л.Золбоогийн өгсөн гэх 400 000 ам.долларын компанийн 60 хувийг шилжүүлэн авч цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахаар тохиролцож, Б.Лхагвасүрэн, Ч.Мөнхбат, М.Эрдэнэдалай нар гарын үсэг зурсан байдаг. М.Эрдэнэдалай нь Ч.Бээжинхүүг төлөөлж оролцох ямар нэгэн эрх байхгүй. /хх-ийн 10, 184 дүгээр тал/

Л.Золбоо 400 000 ам.долларын хөрөнгө оруулсан гэрээний эрхийг өөрийн эцэг Б.Лхагвасүрэнд шилжүүлж, Б.Лхагвасүрэн Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцааг авч үүргийн гүйцэтгэлээ хангуулсан ба дахин 40 хувийн хувьцаа авах эрх Л.Золбоод байхгүй. Анхан шатны шүүх Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмуудыг хэрэгжүүлэлгүй хууль зөрчсөн байна.

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр товлогдсон шүүх хуралд хариуцагч Ч.Бээжинхүү өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэ-Очирыг томилж оролцуулж байсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт болон эрүүл мэндийн магадалгааны хамт гаргасан атал шүүх хүсэлтийг хангахгүй, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хангалгүй орхигдуулж мэтгэлцэх зарчмуудыг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 40.4 дэх хэсэгт заасныг мөн зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Золбоо нь хариуцагч Ч.Бээжинхүүд холбогдуулан Ч.Бээжинхүүгийн эзэмшиж буй Ихэр нева ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.Золбоод шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, Ихэр нева ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Бээжинхүүг хасаж, Л.Золбоог хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Л.Золбоо нь Зайсангийн аманд байрлах 3.3 га талбайн эзэмших эрхийг шилжүүлэх шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөж, уг газрыг эзэмшиж байгаа Ихэр нева ХХК-ийн хувьцааны 40 хувийг Л.Золбоод шилжүүлэх, даалгахыг шаардсан. /1хх-ийн 157-159 дүгээр тал/

Талуудын хооронд маргааны зүйл болж буй Ихэр нева ХХК-ийн хувьцааны 40 хувийг Л.Золбоод шилжүүлэх, даалгах энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нөхцөл байдлыг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл Л.Золбоо, Ч.Бээжинхүү нар нь 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баталгаа гаргах гэрээг тус тус байгуулсан бөгөөд эдгээр гэрээгээр талууд Ихэр нева ХХК-ийн хувьцааны 40 хувийг шилжүүлэх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй байна. Энэ талаар зохигчид маргаагүй. /1хх-ийн 5, 9 дүгээр тал/

Ч.Бээжинхүү, Б.Лхагвасүрэн нар Ихэр нева ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг Б.Лхагвасүрэнд шилжүүлэхээр 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр тохиролцсон байх бөгөөд энэ талаар анхан болон давах, хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол хэрэгт авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан. Гэхдээ эдгээр шийдвэрээр тухайн компанийн хувьцааны 60 хувийг шилжүүлэх тохиролцоотой холбоотой маргааныг дүгнэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр талууд хэрхэн хамтран ажиллахаар тохиролцсон, ямар тохиролцоотой болох нь тодорхойгүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй. Тухайн гэрээ хэргийн баримтад авагдаагүйгээс энэхүү үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байсан эсэхийг дүгнэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна.

Харин шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эрхийг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохих ёсоор мэдэгдсэн, түүний шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй. /2хх-ийн 13, 28-30 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00279 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ