Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00543

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00543

 

 

 

 

Эрдэнэтпостока ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00229 дүгээр шийдвэртэй Эрдэнэтпостока ХХК-ийн нэхэмжлэлтэй АХХ ХХК-д холбогдох, АХХ ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр гэх газарт ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг талбайн дотор байрлах олборлон боловсруулсан чулуу болон гадна хэсэгт байрлах боловсруулахад бэлэн болгосон 3 хэсэг овоолго чулууг өмчлөх эрх Эрдэнэтпостока ХХК-д үүссэн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туваандорж, Т.Цэрэндагва, гуравдагч этгээд С.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Эрдэнэтпостока ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ төмөр зам төслийн хүрээнд хийгдэж буй Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга чулуу /баллист/ бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа ЭСТО ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2013 оны 0136/201 дугаар гэрээний дагуу ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар олгосон зөвшөөрөл, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ-ний дагуу АХХ ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Хярын хар нэртэй газарт, зөвшөөрөгдсөн байршилд кемп болон бутлуур байрлуулж, чулуу олборлох, боловсруулах үйл ажиллагааг явуулсан. Чулуу олборлох үйл ажиллагаа буюу чулууг газрын хөрснөөс тэсэлгээ хийж ил гаргаж ирэх, уг чулуугаа боловсруулж, бутлах шигших, зөөвөрлөх замаар бэлтгэж овоолго үүсгэх зэрэг үйл ажиллагааг Эрдэнэтпостока ХХК нь зохих зөвшөөрлийн дагуу хөрөнгө мөнгө зарцуулан үйл ажиллагаа явуулсны эцэст олборлон боловсруулалт хийж бэлдсэн. Дээрх гэрээ, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, захиран зарцуулах эрх Эрдэнэтпостока ХХК-д үүссэн. Гэтэл АХХ ХХК нь гэрээний хугацаанд олборлосон чулууг өмчлөх эрх Эрдэнэтпостока ХХК-д үүсээгүй гэж маргаж, саад учруулж байна.

Эрдэнэтпостока ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ-ний хугацаа нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоол гарснаар дуусгавар болсонтой холбоотойгоор уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй гэх АХХ ХХК-аас ...хууль бусаар эзэмшиж буй 2 га газрыг чөлөөлүүлэх, хайгуулын талбайд хууль бусаар нэвтрэн ашиг хайж, байгаль орчинд хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоохыг даалгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, Эрдэнэтпостока ХХК нь уг газар дээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ба газрыг чөлөөлөх үүрэг хүлээсэн. Шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоолоос хойш талуудад үүсэх эрх үүргийг тодорхойлж шийдсэн ба уг тогтоолоос өмнөх Эрдэнэт постока ХХК-ийн үйл ажиллагаа эрхийг хэлэлцэж, үндэслэх хэсэгтээ дүгнэсэн боловч тогтоох хэсэгт АХХ ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 16 га талбайн нэг хэсэг болох 2 га талбай дотор карьерт болон талбайн гадна байрлах овоолго чулуу, хайрга, мөн буталж шигшсэн чулуу овоолго зэрэг нь шийдвэрлэгдээгүй. Эрдэнэтпостока ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлж, газрыг чөлөөлөх, тухайн газарт олборлолт, боловсруулалтын ажиллагаа явуулаагүй, тоног төхөөрөмж кемпээ татан буулгасан. Гэтэл АХХ ХХК нь зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шим болох чулуу болон материалыг авах эрхгүй гэж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх ажлыг зогсоож, хориглож, саад учруулж байгаагийн зэрэгцээгээр чулууг хүчээр тээвэрлэх боломжийг бусдад олгож байна. Эрдэнэтпостока ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шимээ хүртэх эрхтэй. Иймээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, АХХ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан түр гэрээний дагуу олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх Эрдэнэтпостока ХХК-д үүссэн болохыг тогтоолгохоор шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Эрдэнэтпостока ХХК-тай эвлэрч байгаа тул маргахгүй. Нэхэмжлэгч талын өртөг шингээсэн хэсэг чулуунд маргахгүй гэсэн тайлбарыг бичгээр өгсөн, түүнийгээ дэмжинэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, овоолго чулууг борлуулсан үнийн дүнгээс Эрдэнэтпостока ХХК 70 хувь, АХХ ХХК 30 хувийн ашиг авахаар харилцан тохиролцсон, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулсан тул маргаангүй гэж ойлгож болно. Иймд шүүхээс ямар ч шийдвэр гарсан бид хүлээн зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул АХХ ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Алтан-Од нэртэй газарт 16 028.97 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг талбайн гадна байрлах 3 хэсэг овоолго чулууг өмчлөх эрх Эрдэнэтпостока ХХК-д үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр буюу Хар толгой гэх газарт орших, АХХ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор байрлах, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ-ний дагуу олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг өмчлөх эрх Эрдэнэтпостока ХХК-д үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг АХХ ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд С.Баяраа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг огт авч хэлэлцэлгүй хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь АХХ ХХК-ийн зарим гишүүд нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрсөн боловч гуравдагч этгээд болох бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдсөн учир эсрэг байр суурь илэрхийлсэн боловч шүүгч авч хэлэлцсэнгүй. АХХ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй, хурлын шийдвэр гараагүй байхад итгэмжлэлгүйгээр төлөөлөх ганцхан хувьцаа эзэмшигчийн тайлбарыг үндэслэн шүүх хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн цагдаа, прокурорын байгууллагын тогтоосноор нэхэмжлэгч Эрдэнэтпостока ХХК нь ямар нэгэн олборлолт явуулж байгаагүй, өрөмдлөг, тэсэлгээ хийж байгаагүй болохыг мөрдөн шалгаж тогтоосон байхад шүүгч гуравдагч этгээд болох АХХ ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэхгүй орхисон. Эрдэнэтпостока ХХК нь АХХ ХХК-ийн лицензтэй талбай дээр ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсныг 3 шатны шүүх тогтоосон, мөн монгол улсын хуулийг ноцтой зөрчиж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж, их хэмжээний ашиг хонжоо олсон болох нь цагдаа прокурорын байгууллагын мөрдөн шалгалтаар тогтоогдож торгуулийн ял шийтгэл хүлээсэн байгаад ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Шүүгч Ө.Уянга болон түүний туслах нар нэхэмжлэгч талд үйлчилж байгаа байдал байнга гаргаж байсан талаарх гомдлыг шүүхийн тамгын газарт гаргаж байсан, шүүгчийг солих хүсэлтийг ерөнхий шүүгчид гаргаж байсан. Жишээ нь: 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан шүүхийн шийдвэрийг тэр өдөрт нь бичиж , шуудангаар илгээж байгаа байдал нь шүүгч нөлөөлөлд автсан байх өндөр магадлалтай, учир нь гуравдагч этгээд болох хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн эсрэг шийдвэрийг захиалгаар гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад АХХ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа нь компанийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Учир нь компанийн дээд удирдлага нь хурал байна гэж хууль, дүрмэндээ зааж өгсөн. Гэтэл ямар ч хурлын тогтоолгүй, хүчин төгөлдөр бус баримтыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрдэнэтпостока ХХК-д холбогдох хэргээс нотлох баримт гаргуулах, гэрчүүдээс тайлбар гаргуулах хүсэлтийг хангаагүй. Гуравдагч этгээд болох бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Эрдэнэтпостока ХХК нь хариуцагч АХХ ХХК-д холбогдуулан АХХ ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Харын шандын хяр гэх газарт ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг талбайн дотор байрлах олборлон боловсруулсан чулуу болон гадна хэсэгт байрлах боловсруулахад бэлэн болгосон 3 хэсэг овоолго чулууг өмчлөх эрх Эрдэнэтпостока ХХК-д үүссэн болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч маргаагүй, гуравдагч этгээд татгалзсан байр суурьтай хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан.

Шүүх 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10152 дугаар захирамжаар хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч С.Баярааг уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг тухайн маргааныг шийдвэрлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээд гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон агуулгатай шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, гаргах учиртай.

Гуравдагч этгээд С.Баяраагийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэх байр суурьтай оролцсон, шүүхийн шийдвэрт шүүх энэ тухай тусгасан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна. /1хх-ийн 1-99, 157-158 дугаар тал/ Гэтэл шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн амаар гаргасан шаардлагын талаар маргахгүй гэх тайлбарт үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэх нөхцөл байдлын талаар дүгнэж, гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөхгүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх эсэх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр Иргэний хэрэг хянан шийдвэр шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанаар хариуцагчийн зөвшөөрөл, талуудын эвлэрлийг батлах эсэхийг шийдвэрлэх ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай юм.

Мөн хариуцагч АХХ ХХК-ийн төлөөлөгчийн бичгээр гаргасан ...Эрдэнэтпостока ХХК-ийн өртөг шингэсэн үйл ажиллагаа явагдсан хэсэг газарт хамаарах чулууны хувьд манай компанийн зүгээс ямар нэгэн маргах зүйлгүй болно. гэх тайлбараар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй төдийгүй шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт болон шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчид эвлэрч байгаа гэж тайлбарласан талаар тусгагджээ. /1хх-ийн 84, 2хх-ийн 131,134 дүгээр тал/

Түүнчлэн, талуудын маргааны зүйл болж буй чулууг нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ-ний хугацаанд эсхүл гэрээний хугацаа дуусснаас хойш хууль бусаар олборлосон эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч компани нь хариуцагчийн эзэмшлийн талбайд дээр дурдсан гэрээний буюу зөвшөөрлийн хугацаа дууссан байхад хууль бус үйл ажиллагаа явуулж чулуу олборлож байсан үйл баримт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00715 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 00658 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн Ханбогд сум дах сум дундын Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх-ийн 13-16,17-19 дүгээр тал/

Хэргийн 8-12 дугаар талд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт авагдсан ба шүүх түүнийг шийдвэрийн үндэслэл болгосон. Гэтэл уг баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасныг зөрчжээ

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. гэж заасан. Эдгээрээс үзвэл тухайн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/00229 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гуравдагч этгээдийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Б.НАРМАНДАХ