Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00985

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00985

 

 

Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/00865 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Албадан дуудлага худалдаа болон үнэлгээ тогтоолгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03337 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 227 дугаартай шинжээч томилох тогтоол гарсан.

Тогтоолд заасан хаяг нь өөр байсан учир тогтоолоо шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгож, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин шинжээч томилсон. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ газар дээр нь очиж үзээгүй, үл хөдлөх хөрөнгийн талбайг 41.2 м.кв байсныг 42.1 м.кв гэж, тоосгон байрыг цутгамал бетон хийцтэй гэж бичсэн, өмнөх үнэлгээний тайлангийн алдааг залруулах байдлаар гаргасан, үзлэг хийсэн огноог 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж бичсэн.

Мөн анхны албадан дуудлага худалдаа явуулах 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/20 дугаар тогтоолыг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу дуудлага худалдаа болохоос 2 хоногийн өмнө танилцуулсан нь тухайн ажиллагааны талаар гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03337 дугаар шийдвэрээр Т-гаас 28 674 100 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1311 дугаар шийдвэрээр 4 460 000 төгрөгийг Т-гаас гаргуулж Г.Хосбаяр нарт олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Барьцаа хөрөнгө болох Т-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003911 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хураан авсан.

Талууд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулж 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т-д мэдэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1/20 дугаартай тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг албадан худалдахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг төлбөр төлөгч Т-д мэдэгдсэнээс гадна төлбөр төлөгч нь уг тогтоолын талаарх гомдлыг дээд шатны албан тушаалтанд урьдчилан гаргах журмыг зөрчсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан. Нэхэмжлэгч Т- нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 1/20 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Төлбөр төлөгч Т-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, 4-30 дугаар байрны 24тоот хаягт байрлах, 41.2 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилж үнэлгээ гаргуулсан.

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 01 дүгээр сарын 04-ны гарсан талаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирсний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад очин шинжээчийн дүгнэлттэй танилцах гэтэл шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдаагүй, шийдвэр гүйцэтгэх газарт ирээгүй байсан.

Тухайн үед Т- гарын үсэг зурахдаа мэдэгдэл хүлээн авсан болохоор зурлаа гэж ойлгосон боловч шинжээчийн дүгнэлттэй танилцсан баримтад гарын үсэг зурсан гэдгийг мэдээгүй, эрх зүйн үр дагаврыг ойлголгүй. Шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлтийг хараагүй, байхад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан байдаг.

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдаа зарлагдсан гэдгийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн ба гомдол гаргах гэхэд гомдол гаргах хугацаа дууссан хэмээн Т- намайг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/20 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин шинжээч томилж барьцаа хөрөнгийг үнэлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03337 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1248 дугаар тогтоолоор Т-гаас 28 674 100 төгрөг гаргуулж Май капитал ХЗХ-д олгож, барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2017 оны 02 дугаар сарын 06ы өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх 49-52 дахь тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Т-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201003911 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 24 тоот, 41,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилжээ. /хх 56, 58 дахь тал/

 

Харин 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол болон шинжээч томилсон 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 227 дугаар тогтоолуудыг хариуцагч байгууллага нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоороо тус тус хүчингүй болгосон. /хх 23/

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй.

 

Төлбөр төлөгч Т- 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 100 000 000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасан, шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилох тухай тогтоолыг гаргажээ. /хх 60, 61 дэх тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 64 000 000 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон 44 800 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, энэ талаарх 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1857 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Т-д 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх 76, 77 дахь тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байх бөгөөд энэ хугацаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Түүнээс гадна шинжээч нь дүгнэлтдээ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгийн чанар байдалтай танилцсан, үл хөдлөх эд хөрөнгийг тоосгон байсныг бетон хийцтэй, талбайг хэмжээг 41.2 м.кв гэснийг 42.1 м.кв гэж ихэсгэж бичсэн зэрэг нь чанар байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1/20 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад явуулахаар тогтоож, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Түмэннасанд хэдийд мэдэгдснээ нотлоогүй тул 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тогтоол, мэдэгдэл хүлээн авсан гэх төлбөр төлөгчийн тайлбараар тогтоон дүгнэв. /хх 105-106 дахь тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх тухай тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид мэдэгдсэн, дуудлага худалдаанд оролцох эрхийг хангасан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 гэснийг 55.7 гэж өөрчлөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/00865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 55.1 гэснийг 55.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА