Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01442

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01442

 

 

 

Ц.О -ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/01289 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.О ы хариуцагч Б.Цэенхорлоод холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15 758 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Цэенхорлоотой 8x8,5 м хэмжээтэй 4,80 м өндөртэй, 4 ханатай, хаалга, цонх, тагт гарсан дүнзэн торхыг зургийн дагуу бариулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээнд Б.Цэенхорлоо уг торхны модыг өөрөөсөө гарган ажлыг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр эхэлж мөн сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болж ажлын хөлсийг 10 500 000 төгрөг байхаар тохиролцсон. Ажлын хөлснөөс 2019 оны 4 сарын 25-ны өдөр урьдчилгаа 8 500 000 төгрөгийг өгч үлдэгдэл 2 000 000 төгрөгийг ажил гүйцэтгэж дууссаны дараа өгөхөөр тохирсон. Гэвч Б.Цэенхорлоо нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тамбур барих материалын мөнгийг өгчих гээд 1 000 000 төгрөг нэмж авсан. Үүнээс хойш манай хашаанд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 20 ширхэг мод буулгаад одоо болтол торх барих ажлаа эхлүүлээгүй. Мөн дээр нь торх барих гэж байна, та байшин барих газартаа өөрийн зардлаар барилгын суурь цутга гэж хэлээд суурь цутгуулсан. Уг барилгын сууринд 3 000 000 төгрөгийн зардал гаргасан. Б.Цэенхорлоо нь одоо болтол торх барьж өгөөгүй тул түүнд өгсөн 9 500 000 төгрөгөө буцаан авч, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 3 258 500 төгрөгийн алданги, мөн торх барина гэж цутгуулсан суурь нь бороо ус, салхи шуурганд юм бариагүйгээс болж эвдэрч сүйдэн хагарч дахин ашиглагдах боломжгүй болсон тул суурь цутгахад гарсан хохирол 3 000 000 төгрөг, нийт 15 758 500 төгрөгийг Б.Цэенхорлоогоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ц.О тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6 дахь заалтын дагуу захиалагч тал торхны загвар зургийг ирүүлэх үүргээ биелүүлээгүй ба гэрээнд заасан ажил эхлэх зорилгоор дүнзээ аваачсан боловч Ц.О нь ажлыг эхлүүлээгүй. Мөн тэрээр гэртээ эзгүй, утас нь холбогдохгүй болсны улмаас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан. Иймд гэрээнд заасан ажлыг хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэхэд захиалагчийн буруугаас шалтгаалсан буюу гэрээний 4.6-д заасны үр дагавар үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Цэенхорлоогоос нийт 13 528 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2 229 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 234 225 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 4 550 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 15 755 төгрөг, нийт 254 530 төгрөгийн 236 732 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 17 787 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Цэенхорлоогоос 225 593.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.О д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо: Шүүхээс хариуцагч үүргээ биелүүлээгүй тул учирсан хохирлыг хариуцана гэж дүгнэн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний 3.6-д заасан торхны цонх, хаалгыг зурж гарган өгөх үүргийг захиалагч биелүүлээгүй нь шүүх хуралдаанаар тогтоогдсон. Мөн шүүх гэрээг цуцалсан гэж дүгнэсэн атлаа түүний үр дагаврыг буюу Б.Цэенхорлоогийн Ц.О д өгсөн моднуудыг буцааж өгөхөөр заагаагүй нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Цэенхорлоод холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан ажлын хөлсөнд шилжүүлсэн 9 500 000 төгрөг, гэрээг хугацаандаа биелүүлээгүйд хариуцлага тооцон алданги 3 258 500 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 3 000 000 төгрөг, нийт 15 758 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр Б.Цэенхорлоо нь дүнзэн торхийг зургийн дагуу 14 хоногийн дотор барьж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, Ц.О ажлын хөлсөнд 10 500 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн, захиалагч нь ажлын хөлсний урьдчилгаанд 9 500 000 төгрөг төлсөн үйл баримтыг хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ХААН банкны депозит дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Зохигчид хэний буруугаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон шалтгаан нөхцлийн талаар маргажээ. Шүүх хариуцагчийн буруутай үйлдлээс гэрээ цуцлагдсан гэж дүгнэн, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.О ы хашаанд хариуцагч Б.Цэенхорлоогийн буулгасан дүнзэн моднуудыг хэрхэх талаар талуудаас тодруулаагүй орхигдуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.О ы барилгын суурь цутгасан материалын зардал 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан фото зургийг үнэлж, барилгын суурийг дахин ашиглах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчжээ. Учир нь барилгын суурийг дахин ашиглах боломжтой эсэхийг тодорхойлоход тусгай мэдлэг шаардлагатай бөгөөд уг дүгнэлтээс шалтгаалан хохирлын хэмжээг тодорхойлох боломжтой болно. Шүүх энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүх, дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/01289 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД