Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2019/01530/И |
Дугаар | 210/МА2020/01441 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2020/01441
2020 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2020/01441 |
Д.А ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/01355 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А ийн хариуцагч Р.Г д холбогдуулан гаргасан 41 554 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 19 019 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Р.Г , хариуцагчийн өмгөөлөгч Н.Нямжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу өөрийн эзэмшлийн 30-94 УНТ улсын дугаартай, Исузу повард маркийн автомашиныг Р.Г гээр жолоодуулж, тус автомашинд 3 тонн түлш ачиж явуулсан. Гэтэл Р.Г нь автомашин жолоодон явж байхдаа архидан согтуурч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Мандал уулын орчимд зам тээврийн осол гарган автомашиныг онхолдуулж, ачиж явсан 3 тонн түлшийг асгаж хохирол учруулсан болно. Р.Г гийн үйлдлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, хохирогчийг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн.
Мөн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Р.Г гээс Ланд круйзер 105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашиныг нь 27 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 15 000 000 төгрөгийг урьдчилгаанд нь өгсөн боловч Р.Г нь 2015 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байршилтай Сити центрийн үүднээс запас түлхүүрээрээ асаан авч явсан. Уг нь би үлдэгдэл мөнгийг нь 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр өгнө гэж ярьж тохирсон байсан боловч Р.Г нь итгэл эвдэж, надад хэлэлгүйгээр автомашиныг авч явсан. Дээрх автомашин дотор иргэн н.Мөнх-Очирын эзэмшлийн бурхан, цахилгаан дизелээр ажилладаг машин халаах зориулалттай цоо шинэ пуужин төхөөрөмж, мөн миний хөнжил гудас, өвөл зуны хувцас хэрэглэлүүд, аяны хэрэгсэл, миний эзэмшлийн ангийн зориулалттай ака маркийн бууны байлдааны 5 ширхэг сум зэрэг зүйлс байсан болно. Түүнчлэн Ланд круйзер 105 маркийн автомашиныг анх авахад эвдрэлтэй байсан учир хропыг авч шинээр солих, бүтэн задаргаа хийлгэж хадуулах, урд чулак болон АВS системийг янзлуулах, дөрвөн дугуйг солих зэрэгт нийт 4 375 000 төгрөгийн зардал гарсан.
Иймд 30-94 УНТ улсын дугаартай, Исузу повард маркийн автомашинд учруулсан хохиролд 13 059 000 төгрөг, асгарч, үрэгдсэн 3 тонн шатахууны үнэ 5 520 000 төгрөг, Ланд круйзэр маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашины урьдчилгаанд төлсөн 15 000 000 төгрөг, тус автомашинд засвар хийсэн зардал 4 375 000 төгрөг, н.Мөнх-Очирын бурханы үнэ 2 000 000 төгрөг, халаах пуужин төхөөрөмжийн үнэ 1 600 000 төгрөг, нийт 41 554 000 төгрөгийг хариуцагч Р.Г гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших Флинк монголиа ХХК-ийн алтны уурхайн чиглэлд нэхэмжлэгч Д.А ийн гуйлтаар түүний эзэмшлийн 30-94 УНТ улсын дугаартай Исузу повард маркийн автомашиныг жолоодож, Флинк монголия" ХХК-д усан буучин ажилтай Э.Баасаннямын хамт явж байгаад жалга уруу унаж осолдсон байдаг. Уг автомашинд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээ нь 6 850 000 төгрөг болохыг шүүхийн журмаар томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон. Мөн уг автомашины гар тормос нь зам тээврийн ослоос өмнө ажиллагаагүй байсан, уг тээврийн хэрэгслийн явах эд анги нь зам тээврийн осолд оролцохоос өмнө шаардлага хангаагүй буюу бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан, зам тээврийн осол үйлдэгдсэн газрын нөхцөл байдлыг үзэхэд тухайн үед тээврийн хэрэгслийн тормос болон эд анги бүрэн байсан ч зогсоох боломжгүй /огцом налуу, хальтаргаа гулгаатай улирал байсан/ нь үзлэгээр илэрсэн. Зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоох боломж байхгүй, гар тоормос ажиллагаагүй учир зогсоох арга хэмжээ авах боломжгүй зэргийг Эрүүгийн 201618010020 дугаартай хэргийг шалгах явцад Х.Жавхлантын гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. 30-94 УНТ улсын дугаартай Исузу повард маркийн автомашинд зам тээврийн ослын улмаас хохирол учрахад автомашины өмчлөгч Д.А ийн өөрийнх нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн учир хохирлыг хариуцахгүй болно
30-94 УНТ улсын дугаартай Исузу Повард маркийн автомашины тэвшин дээр нийт 2400 литр түлш буюу шатахууныг уурхайн ажилчдын хүнсний материалын хамт ачиж авч явсан. Уг түлшийг Д.А , Э.Баасанням бид гурав хамт явж, литр тутмыг нь 1380 төгрөгөөр хувийн шатахууны компаниас авсан. Тухайн үед Д.А нь түлшний төлбөрөөс 1 200 000 төгрөгийг дутуу хийн автомашиндаа ачиж өгөөд явуулсан. 3 тонн түлш ачиж яваагүй. Ачиж явсан түлшийг ослын үеэр асгаж үрэгдүүлээгүй бөгөөд машин унахад дээрх ачаа бүрэн бүтэн байсныг Д.Үүрдмөнх, н.Ариунболд, усан буучин н.Нямдорж нар краныг босгохдоо авч очсон техниктээ багтаамжаар нь хийж, үлдэгдлийг нь ачиж явсан. Хоол хүнсний материал, гурил, будаа болон автомашины сэлбэг бусад жижиг сажиг зүйлсийг нь н.Ариунболдод хүлээлгэж өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр осол гарсан хэргийн газарт нөхөн үзлэг хийхэд их хэмжээний түлш асгарч, хөрс бохирдуулсан ул мөр илрээгүй. Тиймээс 3 тонн түлш ачиж яваад асгаж, үрэгдүүлсэн гэдэг бол ор үндэсгүй тул түлшний 5 520 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.
Д.А нь миний автомашиныг анх 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ирж гуйж авч яваад, 7 хоног унаж хэрэглээд буцаж ирсэн. Ингэж явахдаа Увс аймаг руу 3000 гаруй километр явж ирсэн байдаг. Автомашиныг худалдах талаарх тохиролцоог 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Д.А автомашиныг буцааж өгөхөөр гэрт ирэхэд 30 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тэрээр 15 000 000 төгрөгийг цувуулж өгсөн байдаг боловч нэхэмжлэгч нь автомашиныг 3 сар гаран хугацаанд 14 000 километр унаж хэрэглэхдээ маш их хэмжээний эвдрэл, гэмтэл үүсгэсэн. Автомашинаа буцааж авсныхаа дараа өөрийнх нь оношлуулсан газраар эвдэрсэн эд ангийн үнэлгээг гаргуулахад 7 879 200 төгрөг болсон ба уг эвдрэлийг хасаж тооцуулаад 2016 оны 6 дугаар сард автомашинаа худалдсан. Тэрээр нэхэмжлэлдээ автомашинд 4 375 000 төгрөгийн засвар хийлгэсэн гэдэг нь худал болно. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр автомашиныг буцаан авахад дотор нь байсан ногоон дарь эх бурхан, автомашин халаагч төхөөрөмж болон бусад эд хэрэглэл, хувцас биет байдлаараа бүрэн бүтэн хадгалагдаж байгаа. Харин нэхэмжлэлд дурдсан ака маркийн бууны 5 ширхэг сум байгаагүй болно. Иймд Д.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Д.А ийн захирлаар ажилладаг Флинк монголия ХХК-ийн алтны уурхайд 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн өмчлөлийн 6298 УБИ улсын дугаартай Hyundai HD-270 маркийн цагаан өнгийн автомашинаар шороо тээвэрлэх, усан буу болон техник хэрэгсэл дээр нь шөнийн цагаар манаа хийх, автомашин техникийг нь засварлаж туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсийг сард 5 000 000 төгрөг байхаар тохирсон. Тохирсон ёсоор уурхай дээр очиж 2 сар тасралтгүй ажиллахдаа нэг ч төгрөгийн ажлын хөлс аваагүй. Иймд 2 сарын ажлын хөлс 10 000 000 төгрөгийг Д.А аас гаргуулах хүсэлттэй байна.
Д.А нь миний 6298 УБИ улсын дугаартай Hyundai HD-270 маркийн цагаан өнгийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаар нэг бүр нь 360 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумляторын үнэ 720 000 төгрөг, 420 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг динам, бүгд нийлээд 1 140 000 төгрөгийн үнэтэй сэлбэгийг уурхайдаа авч ашиглан одоог хүртэл өгөөгүй байх тул сэлбэгийн үнийг Д.А аас гаргуулж өгнө үү.
Д.А нь миний эзэмшлийн Тоёото Ланд круйзер 105 маркийн автомашиныг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон унаж байхдаа оношлуулж байсан Таван богдын авто засварын газарт дахин оношилгоонд оруулж, эвдэрсэн эд ангийн үнэлгээ гаргуулахад 7 879 200 төгрөгийн үнэлгээ гарсан болно. Иймд Д.А аас намайг уурхай дээр ажиллуулсан 2 сарын хугацааны ажлын хөлсөнд 10 000 000 төгрөг, сомосвал автомашины сэлбэг хэрэгслийн үнэд 1 140 000 төгрөг, Тоёото ланд крузер 105 маркийн автомашиныг унаж хэрэглэхдээ учруулсан хохиролд 7 879 200 төгрөг нийт 19 019 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.А ийн хувьд хариуцагчийн автомашинтай ижил ачааны 3 ширхэг автомашин байдаг учраас хариуцагчийн автомашиныг ашиглах шаардлага байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тэнд өөрийн ажилчидтайгаа ажилладаг учраас хариуцагчийг авч очиж ажил хийлгэх ямар ч шаардлага байхгүй. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 10 000 000 төгрөгийн асуудал үндэслэлгүй.
Хариуцагч автомашины эвдрэл гэмтэлтэй холбогдуулан 7 879 200 төгрөгийн баримт өгсөн боловч 2016 оны 4, 5 дугаар сарынх байсан. Р.Г 2015 оны 11 дүгээр сард ирээд автомашинаа аваад явсан. Тэрээр автомашинаа авснаас хойш унаж хэрэглэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Р.Г гээс 25 776 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А т, нэхэмжлэгч Д.А аас 7 879 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Р.Г д тус тус олгож, нэхэмжлэгч Д.А ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 788 000 төгрөгийн нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 140 000 төгрөгт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 720 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 046 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Г гээс улсын тэмдэгтийн хураамжид 286 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А т, нэхэмжлэгч Д.А аас улсын тэмдэгтийн хураамжид 141 017 төгрөгийг гаргуулан хариуцагч Р.Г д тус тус олгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Үндсэн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 13 495 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 7 879 200 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Р.Г нь Д.А т худалдсан байсан Ланд круйзер 105 маркийн автомашиныг Д.А т хэлэлгүйгээр, хулгайгаар өөрт байсан илүү түлхүүрийг ашиглан авч явсан. Үүнээс хойш 4 сарын дараа Таван богд ХХК-иар 7 879 200 төгрөгийн үнийн санал гаргуулсан байдаг. Энэ хугацаанд Р.Г нь уг автомашиныг өөрөө унаж яваад эвдрэл гэмтэл учруулсан байх боломжтой.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/27 дугаартай тогтоолд Р.Г г зам тээврийн осол гарган, ачиж явсан түлшийг асгасан болохыг нотолсон байна. Энэ нь хариуцагчийг түлш асгасан гэдгийг нотолж байгаа баримт бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон үйл баримт. Мөн тухайн үед Д.А ийн тайлбар болон хохирогчоор өгсөн мэдүүлгээр хариуцагчийг түлш ачиж яваад, асгасан гэдгийг нотолж байгаа баримт бөгөөд хохирогчид худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг сануулж авсан нотлох баримт юм. Харин Р.Г гийн тайлбар болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр хариуцагч нь түлш асгасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч нотолсон мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс огт анхаарч үзсэнгүй.
Гэрч Э.Баасанням нь түлш ачиж явсныг нотлон мэдүүлдэг бөгөөд түлш асгарсан эсэх талаар мөрдөгч асуулт тавиагүй, гэрч Д.Үүрдмөнхийн мэдүүлэгт мөрдөгч түлш асгарсан эсэх талаар асуулгүй орхигдуулсан, гэрч Г.Ариунболдын мэдүүлэгт түлш асгарсныг нотлон мэдүүлсэн байх бөгөөд үүнийг шүүхээс мөн анхаарч үзсэнгүй хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн газрын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэг гарсан өдрөөс хойш 3 сар гаруйн дараа нөхөн хийсэн байх бөгөөд энэ тохиолдолд тухайн үеийн нөхцөл байдал бүдгэрэх, зарим нотлох баримт устаж үгүй болдог. Мөн хэрэг болсон газар цасаар битүү хучигдсан байх ба энэ тохиолдолд түлш асгарсан эсэхийг тогтоох, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Үүнийг анхан шатны шүүхээс огт анхаарч үзээгүй.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Энхтунгалаг нь компанийн эд хөрөнгө завшсаны улмаас Д.А тай хувийн таарамжгүй харьцаатай болсон, мөн хэрэг болсон газар байгаагүй, түлш асгарсан эсэхийг мэдэх боломжгүй ажил хийдэг, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хэдэн сав түлш байсан гэх мөртлөө шүүгчээс асуусан та тэр савыг онгойлгож, яг түлш байсан эсэхийг харсан уу гэсэн асуултанд онгойлгож хараагүй гэх мэт зөрүүтэй, худал мэдүүлэг өгч байсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны бичлэгт маш тодорхой үлдсэн болно. Иймээс Б.Энхтунгалагийн мэдүүлгээр түлш асгарсан эсэхийг нотлох боломжгүй.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан түлш асгараагүй гэдгийг нотолж байна гэх баримтууд нь эсрэгээрээ түлш асгарсан нь үнэн болохыг нотолж буй баримтууд болох нь харагдаж байна.
Хариуцагч Р.Г нь тайлбартаа Надад Д.Алганхуягийн бурхан, пуужин, бусад эд зүйлс байгаа, гэхдээ би барьцаалж байгаа юм, би өгөхгүй гэх зэргээр ярьсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэж, тухайн эд зүйлсийн үнийг эсхүл бодитоор нь буцаан гаргуул гэж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэвч энэхүү асуудлыг орхигдуулж, тусдаа шаардах боломжтой гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр 30-94 УНТ улсын дугаартай, Исузу повард маркийн автомашинд учруулсан хохиролд анх нэхэмжлэл гаргах үед 13 059 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч, Итгэлт Эстимэйт ХХК-ийн 10 766 000 төгрөгөөр хохирлыг үнэлснийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 2 293 000 төгрөгөөр багасгасан болохоо жич дурдав. Иймд үндсэн нэхэмжлэлийн 13 495 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн 7 879 200 төгрөгт холбогдох шаардлагыг ханган шийдвэрлэсэн буюу нийт 21 374 200 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч Р.Г гээс 25 776 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А т олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх 30 94 УНТ улсын дугаартай, Изусу повард маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо Итгэлт эстимэйт ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлж, харин хавтаст хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №241 дугаартай Хохирол үнэлсэн тухай дүгнэлтийг үнэлэхгүй орхигдуулсан байна. Шүүх хэрэг явдлаас олон жилийн дараа Итгэлт эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10 766 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шударга бус байна.
Уг 30-94 УНТ улсын дугаартай, Изусу повард маркийн тээврийн хэрэгсэл анхнаасаа эвдрэл гэмтэл ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдоно гэж үзэж, хамт шийдвэрлэхээр хүлээн авсан боловч шийдвэр гаргахдаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11 140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны хавар Д.А тай олон жилийн дараа таарч, хуучны сайхан нөхөрлөлөө бодож, ажил амьдралд нь тусалж явсан. Иймд 2 сар гаруй хугацаанд Д.А ийн уурхайд ажилласан ажлын хөлс 10 000 000 төгрөг, мөн 1 140 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгслийнхээ төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлнэ.
Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Р.Г д холбогдуулан гэм хорын хохиролд 18 579 000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 15 000 000 төгрөг, хохирол 3 600 000 төгрөг, нийт 41 554 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 7 879 200 төгрөг, ажлын хөлс 10 000 000 төгрөг, сэлбэгийн үнэ 1 140 000 төгрөг, нийт 19 019 200 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Үндсэн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд:
Р.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.А ийн эзэмшлийн Исузу повард маркийн 3094 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа онхолдуулсан үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэм буруутай болохыг тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-73-75, 108-113,118, 158-159/
Талууд зам тээврийн осол гарсан үйл баримтад маргаагүй, уг зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн гэм буруу нөлөөлсөн эсэх, мөн автомашинд учирсан хохирлын хэмжээ нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
Хариуцагч тал Д.А ийн гуйлтаар машиныг жолоодож яваад осолд орсон, бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулсан үйлдэлд хэн аль нь буруутай, хохирлын хэмжээг анх шүүхийн журмаар томилогдсон шинжээч 6 850 000 төгрөгөөр тогтоосон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. Р.Г нь осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан учир Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т зааснаар түүнийг жолооч гэж үзнэ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д зааснаар жолооч нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэж заажээ. Хариуцагч Р.Г , нэхэмжлэгч Д.А аас тээврийн хэрэгслийг хүлээж авахдаа эвдрэлтэй, тоормос ажиллахгүй байсан гэдгийг мэдсэн атлаа замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан болох нь түүний тайлбараар тогтоогдсон байна. /хх-97-98/ Иймд гэм хор учрахад хохирогчийн гэм буруутай эс үйлдэл нөлөөлсөн байхад шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй гэх хариуцагчийн татгалзал, энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Талууд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээнд маргаж, шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, хууль сануулсан байна. /хх-79, 85-86/ Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зохигч талуудыг байлцуулан автомашины эвдрэлтэй танилцан үзлэг хийх үед автомашины хөдөлгүүр эвдэрсэн эсэхэд маргасан учир мөн сарын 19-ний өдөр техникийн зөвлөх инженерийн хамт дахин үзлэг хийж, шинжээч нь хөдөлгүүрийн ажиллагааг шалган нэхэмжлэгчид асааж үзүүлээд хэвийн байна гэж үзээд Исузу повард маркийн автомашинд учирсан хохирлын хэмжээг 6 850 000 төгрөгөөр тогтоосон болох нь хэргийн 80-84 дүгээр талд авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2016 онд хэрэг хэлэлцэж байх үед шинжээчийн дүгнэлт гомдол гаргаж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шинээр явагдаж байгаа учир шинжээч томилуулж бодит хохирлыг тогтоолгоно гэх үндэслэлээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаартай дүгнэлтдээ маргааны зүйл болох автомашин нь үнэлгээ хийхээр үзэх үед засагдсан байсны улмаас хавтаст хэргийн материал, ослын үеийн фото зураг зэргийг үндэслэн хохирлыг 10 766 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-141-142/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээч томилдог. Уг шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт шинжилгээг,шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр тус тус хийх талаар дээрх хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зохицуулжээ.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгч талын хүсэлт нь дээрх нөхцлүүдийн алинд нь хамаарч байгааг тодруулалгүйгээр шинжээч томилсон нь ойлгомжгүйн гадна хэрэгт авагдсан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтийг яагаад үнэлээгүй талаар шийдвэртээ тусгаагүй байна. Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь 2016 онд энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан, хэргийн оролцогч шүүх хуралдаанд ирээгүйн улмаас нэхэмжлэлийг буцаасан үйл баримт тогтоогдож байх ба энэ ажиллагааны үеэр хийсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тохиолдолд шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, маргааны үйл баримтыг тогтоох хуульд заасан журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн Вендо ХХК-ийн үнэлгээ хууль бус гэж тайлбарласан учир уг бичгийн нотлох баримтыг үнэлэх шаардлагагүй байна. /хх-134, 114-116/ Харин шүүхийн журмаар томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК болон Итгэлт эстимэйт ХХК-ийн гаргасан дүгнэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд автомашиныг засварлаагүй байх үед зохигчдыг байлцуулан, үзлэг хийж, үнэлгээ хийсэн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтийг бодитой гэж үзэхээр байна. Иймд хариуцагч Р.Г г болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.А ийн Исузу повард маркийн автомашинд гэм хор учруулсан гэж үзэн, түүнээс 6 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
2 дахь шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.А нь зам тээврийн ослын үеэр тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан 3 тонн шатахуун асгарч, 5 520 000 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр хариуцагчаас шатахууны үнийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу тухайн осол болох үеэр Д.А тай хамт явж байсан иргэн Э.Баасаннямын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэг, ослын газар очсон гэрч Д.Үүрдмөнхийн мэдүүлэг зэргээр 3 тонн шатахуун асгарсан, мөн тээврийн хэрэгсэлд ийм хэмжээний шатахуун тээвэрлэж явсан үйл баримт тогтоогдоогүйн гадна нэхэмжлэгчид 5 520 000 төгрөгийн хохирол учирсныг нотлох баримт авагдаагүй байна. /хх-99, 101/ Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
3 дахь шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Р.Г гийн эзэмшлийн Ланд круйзер-105 маркийн 2102 УНЛ улсын дугаартай автомашиныг 27 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээн авч, 15 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас хариуцагч гэрээнээс татгалзан автомашинаа мөн оны 11 дүгээр сард буцаан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх- 160-161/ Улмаар гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдвэрлэж, хариуцагчаас 15 000 000 төгрөг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч тал автомашиныг анх хүлээн авахад эвдрэлтэй, явахгүй байсан учир засвар хийсэн зардал 4 735 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, автомашиныг ашиглаж байхдаа эвдэлж 7 879 200 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжилж, нэхэмжлэгчээс гаргуулахаар шаарджээ. /хх28-29/
Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Р.Г гээс хуучин автомашин худалдаж авсан, автомашиныг хүлээн авах үед доголдолтой байсан гэдгийг мэдсэн болох нь түүний тайлбараар нотлогдсон байх тул нэхэмжлэгчийг доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.
Учир нь талуудын хэн аль нь хуучин машин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч нь доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэж өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй тул хэргийн 57-59 дэх талд авагдсан Таван богд ХХК-ийн оношлогоогоор илэрсэн эвдрэл нэхэмжлэгч автомашиныг ашиглаж байх үедээ гарсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн хариуцагч Д.Гарамсүрэн нь гэрээнээс татгалзан, автомашинаа 2015 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчээс буцаан авсанд талууд маргаангүй тул Таван богд ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн сэлбэгний үнийн саналыг үнэлэн хариуцагч Д.Гарамсүрэнд 7 879 200 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрхгүй.
4 дэх шаардлагын тухайд:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас бурханы үнэ 2 000 000 төгрөг, автомашин халаах зориулалттай пуужин төхөөрөмжийн үнэ 1 600 000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо шаардах эрхийн талаар буруу дүгнэлт хийсний улмаас шийдвэрийн энэ хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.
Хариуцагч Р.Г нэхэмжлэгч Д.А аас машинаа буцаан авахад машин дотор байсан бурхан, пуужин төхөөрөмж зэрэг эд зүйлийг хадгалж байгаа, нэхэмжлэгчийг хохирлоо төлөх хүртэл барьцаалсан гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ. /хх-159/ Хэдийгээр машин дотор байсан бурхан нь иргэн Д.Мөнх-Очирынх гэж нэхэмжлэгч хэлж байгаа боловч тухайн бурхан нэхэмжлэгч ашиглаж байх хугацаанд машинд байсан, мөн хариуцагч тал нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр автомашиныг авч явсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрхийн зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэхгүй юм.
Хариуцагчийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, ... хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй ... гэснийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь машинд байсан эд зүйлээс бурханы болон пуужин төхөөрөмжийн үнэ шаардсан, хариуцагч эд зүйлийг өгөхөөс татгалзсан нөхцөл байдлыг харьцуулан үзээд нэхэмжлэгчийн шаардсан үнийн хэмжээгээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 11 140 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Р.Г нь нэхэмжлэгч Д.А ын захирлаар ажиллаж байсан Финикс монголиа ХХК-д ажиллаж байсан, 2 сарын ажлын хөлс 10 000 000 төгрөг, мөн түүний эзэмшлийн сомосвал маркийн автомашины сэлбэгийг авч ашигласан гэх үндэслэлээр сэлбэгний үнэд 1 140 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ. /хх28-29/ Шүүх сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх үндэслэлээр уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Д.А нь гэм хорын хохирол болон худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагчийн, ажлын хөлс болон сэлбэгний үнэ шаардсан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, өөр гэрээний харилцаа байх тул тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь хуульд нийцэх тул энэ талаарх гомдол хуулийн үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/01355 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 510 дугаар зүйлийн гэсний дараа 510.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 гэсэн нэмэлт, 25 776 000 гэснийг 25 450 000 гэж, нэхэмжлэгч Д.А т гэсний дараа олгож, нэхэмжлэлээс үлдэх 16 104 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Р.Г гийн, нэхэмжлэгчээс 7 879 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Г гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс, сэлбэгний үнэд 11 140 000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь хэсгийн 286 780 гэснийг 285 200 гэж өөрчлөн, нэхэмжлэгч Д.А аас улсын тэмдэгтийн хураамжид 141 017 төгрөгийг гаргуулан, хариуцагч Р.Г д тус тус гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 821 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 530 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ч.ЦЭНД