Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01439

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01439

 

 

 

Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01058 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.БХХК-ийн хариуцагч Д.И ХК, Д.Энхбаяр нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 573.52 ам.доллар буюу 25 511 789 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.И ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.И ХК болон түүний захирал Д.Энхбаяр нь Х.БХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр интернэт банкны үйлчилгээний гэрээ байгуулсан. Уг гэрээгээр интернэтээр худалдаа хийдэг интернал гэж нэрлэгддэг банкны үйлчилгээг авсан. Уг эрхийг олж авснаар Д.И ХК нь Х.БХХК-аар дамжуулж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10 273,72 ам.долларын гадаад худалдаа хийсэн боловч уг мөнгө худалдан авагчид шилжээгүй учраас Австрали Улсын Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас эдгээр гүйлгээг хууль бус гэж үзэн, манай банкнаас дээрх гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх 10 573,52 ам.долларыг үл маргах журмаар татаж авсан. Д.И ХК болон түүний захирлаар ажиллаж байсан Д.Энхбаярын буруутай үйл ажиллагаанаас Х.БХХК-д 10 573,52 ам.долларын бодит хохирол учирсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 10 573,52 ам.доллар буюу Монголбанкны 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ам.долларын ханшаар 25 511 789 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.И ХК-ийн төлөөлөгч Э.Энх-Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.И ХК нь Австрали Улсын компани болон худалдагч Киргиз улсын компанийн хооронд зуучлалын үүрэг хүлээж, ашиг олохоор тохиролцсон. Ингээд Австрали улсын компаниас автомашины үнээс 10 000 ам.долларыг Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкаар дамжуулан Д.И ХК-ийн Х.БХХК дахь дансанд 19 985 880 төгрөг шилжиж орж ирсэн бөгөөд уг мөнгийг данснаасаа гаргуулан авсан. Х.БХХК нь өөрөө хууль, дүрмээ зөрчиж, интернэт банкны тухай хууль гараагүй, журам нь батлагдаагүй байхад дээрх гүйлгээг хийсний улмаас Австрали улсын банк нь мөнгийг буцаан татсан. Д.И ХК нь Х.БХХК-тай байгуулсан гэрээгээ зөрчөөгүй, хууль, дүрмийн дагуу Х.БХХК дахь дансаар шилжиж ирсэн мөнгийг авсан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Энхбаяр нь иргэний хувиар дээрх харилцаанд оролцоогүй тул уг асуудал нь Д.Энхбаярт хамааралгүй бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй. Дээрх 10 000 ам.долларыг аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.И ХК-иас 19 985 880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.БХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 525 909 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Энхбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.БХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 285 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.И ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257 879 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.БХХК-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Монголбанк-ны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч Д.И ХК-иас 368 550 төгрөгийг гаргуулан О.Лхагдоржийн Худалдаа хөгжлийн банкин дахь 469006388 тоот дансанд, 368.550 төгрөгийг гаргуулан К.Бямбахүүгийн Хас банкин дахь 5000905598 тоот дансанд тус тус оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.И ХК-ийн төлөөлөгч Э.Энх-Амгалан давж заалдах гомдолдоо: Х.БХХК-аас Австралийн банк руу хэдэн доллар буцаан татсан нь тогтоогдохгүй байгаа болно. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/61208 тоот Монголбанкны шинжээчийн дүгнэлт ашиг сонирхол нэгтэй учраас Х.БХХК-ийг хамгаалсан дүгнэлт гаргасан ба шүүхэд дахин комиссын шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл банкнаас өөр шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн шинжээч нар дүгнэлтийн үндэслэл болсон Х.БХХК-ийн гүйцэтгэх захирлын 03/515 тоот тушаалын хавсралтаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан Төлбөрийн картын бодлого, үйл ажиллагааны журам нь интернэт гэрээ байгуулагдсаны дараа гарсан хэм хэмжээг баримтлан гаргасан гэж үзэж байгаа юм.

Мөнгөн гүйлгээнүүд нь Х.БХХК-ийн дотоод үйл ажиллагааны саатлаас болж үргэлжлүүлж хийгдээгүйг тус банкны картын төвийн мэргэжилтэн Б.Гантулгын тухайн үед гадаад гүйлгээний шугам эвдэрсэн тул үргэлжлүүлж мөнгөн гүйлгээг хийж чадаагүй тасалдуулсан гэж прокурорт хэлсэн нь баримтаар нотлогдож байхад манайхаар төлүүлэхээр шийдвэр гаргасан. Гадаад худалдаа хийж мөнгийг шилжүүлж байхад үед БНКУ-ын K.G.T and Co Compan захирал А.Айзат нь мөнгийг Монголд бэлнээр авсан гэдгийг бид удаа дараа мэдэгдэж байсан. Захирал А.Айзат нь тухайн үед Монгол Улсад байсан бөгөөд гаалийн бичиг баримтаар нотлогддог. Гэтэл мөнгө эзэндээ очоогүй гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.БХХК нь хариуцагч Д.И ХК, Д.Энхбаяр нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 573.52 ам.доллар буюу 25 511 789 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Д.И ХК, Х.БХХК нар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Интернэт банкны үйлчилгээний гэрээ нэртэй гэрээ байгуулж, банк нь интернэт банкны үйлчилгээгээр компанийн бэлэн бус төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэх, Д.И ХК үйлчилгээний хөлс төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбарыг үндэслэн зөв тогтоосон байна. /1хх-14, 251/ Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд зохигчид маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Х.БХХК нь Австрали Улсын Австралиа энд Нью Зеланд банкнаас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д.И ХК-ийн данс руу нийт 10 573.52 ам.доллар шилжүүлсэнийг мөн сарын 26-ны өдөр нь монгол төгрөгт хөрвүүлэн олон улсын гүйлгээ хураамжийн шимтгэл тооцож, 19 985 880 төгрөгийг хариуцагч компанийн Х.БХХК дахь данс руу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон байна. /1хх-22, 111, 252 /

Нэхэмжлэгч тал Австрали Улсын Австралиа энд Нью Зеланд банкнаас картаар хийгдсэн гүйлгээг хууль бус гэж үзэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Х.БХХК дахь данснаас гуйвуулсан мөнгөө буцаан авсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээр хариуцагчид шилжүүлсэн 10 573.52 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ам.долларын ханшаар хөрвүүлэн 25 511 789 төгрөг нэхэмжилжээ. /1хх157/ Хариуцагч нь банк өөрөө журмаа зөрчсөн, манай буруутай үйлдэл байхгүй, Австрали Улсын тал мөнгийг шилжүүлэн аваагүй гэж марган, шүүхийн журмаар шинжээч томилуулсан байна. /1хх-96-100/

Шинжээч Монгол банкны дүгнэлтэд Австралиа энд Нью Зеланд банкнаас 4564807011752621 дугаартай картнаас худалдагч тал Д.И ХК руу 2016 оны 02 дугаар сарын 26-ний өдөр 20 400 000 төгрөг, 204 000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ хийгдсэн, Х.БХХК-аас Д.И ХК-ийн 5077367204 дугаартай данс руу 19 985 880 төгрөг шилжүүлсэн, мөн Австралиа энд Нью Зеланд банкны харилцагчийн 4564807011752621 дугаартай картын мэдээллээр 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 13 663.53 AUD, 136.64 AUD /австрали доллар/-ын гүйлгээ хийгдсэн, мөн буцаах гүйлгээний шалтгаан нь chargeback reason code 83 гэсэн код тэмдэглэгдсэн бөгөөд 83 гэсэн код нь Карт эзэмшигчээс, карт гаргагч банкинд зөвшөөрөлгүйгээр, картнаас /онлайнаар/ гүйлгээ хийсэн гэж гомдол гаргасан утгыг илэрхийлнэ гэжээ. /1хх 230-231/

Хариуцагч Д.И ХК-иас 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 38/16 тоот албан бичгээр 10 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг 2016 оны 6 дугаар сард багтаан төлж барагдуулах, төлбөр барагдуулах хуваарь харилцан тохиролцох агуулга бүхий хүсэлт явуулж байснаас гадна талууд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 483 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулан, Д.И ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр, иргэн Д.Энхбаяр, Д.Энхтуяа нар дансанд орсон 21 424 145 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар эвлэрч байжээ. /1хх12/ Хэдийгээр уг эвлэрлийн гэрээг шүүх батлаагүй боловч дээрх албан бичиг болон эвлэрлийн гэрээнд тусгагдсан агуулгаар хариуцагч Д.И ХК-ийн нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүх дээрх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, хариуцагч компанийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн Х.БХХК-ийн дансаар шилжүүлсэн авсан 19 985 880 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Д.Энхбаярт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.И ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01058 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.И ХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 257 879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД