Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00416

 

 

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00416

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01058 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1439 дүгээр магадлалтай,

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод импекс ХК, Д.Энхбаяр нарт холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,573.52 ам.доллар буюу 25,511,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Дорнод импекс ХК, Д.Энхбаяр нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,573.52 ам.доллар буюу 25,511,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01058 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Дорнод импекс ХК-иас 19,985,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,525,909 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Энхбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 285,509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод-Импекс ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257,879 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Монголбанк-ны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч Дорнод импекс ХК-иас 368,550 төгрөгийг гаргуулан О.Лхагдоржийн Худалдаа хөгжлийн банкин дахь 469006388 тоот дансанд, 368,550 төгрөгийг гаргуулан К.Бямбахүүгийн Хас банкин дахь 5000905598 тоот дансанд тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1439 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01058 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод импекс ХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжпэгч тал Австрали Улсын Австралиа энд Нью Зеланд банкнаас картаар хийгдсэн гүйлгээг хууль бус гэж үзэн 2018.03.14-ний өдөр Хаан банк ХХК дахь данснаас гуйвуулсан мөнгөө буцаан авсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээр хариуцагчид шилжүүлсэн 10,573.52 ам долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ам долларын ханшид хөрвүүлэн 25,511,789 төгрөг нэхэмжилжээ. Хаан банк ХХК нь Австралиа энд Нью Зеланд банканд доллар уу эсвэл төгрөг шилжүүлсэн гэх үйл баримт нотлогдоогүй гэж үзэж байгаа болно. Шинжээч Монгол банкны дүгнэлтэд Австралиа энд Нью Зеланд банкнаас 4564807011752621 дугаартай картнаас худалдагч тал Дорнод импекс ХК руу 2016.02.26-ны өдөр 20,400,000 төгрөг, 204,000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ хийгдсэн, Хаан банк ХХК-аас Дорнод импекс ХК-ийн 507 736 7204 дугаартай данс руу 19,985,880 төгрөг шилжүүлсэн, мөн Австралиа энд Нью Зеланд банкны харилцагчийн 4564807011752621 мэдээллээр 2016.03.14-ний өдрийн 13 663 53 АUD-ын гүйлгээ хийгдсэн, мөн буцаах гүйлгээний шалтгаан нь chargeback reason code 83 код тэмдэглэгдсэн бөгөөд 83 гэсэн код нь Карт эзэмшигчээс, карт гаргагч банканд зөвшөөрөлгүйгээр, картнаас /онлайнаар/ гүйлгээ хийсэн гэж гомдол гаргасан утгыг илэрхийлнэ гэжээ гэснийг зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь Свифт гүйлгээ, корреспондент банкны гэрээ байгуулаагүй байж мөн журам гараагүй байхад интернет данс нээж, мөнгө одоо хаана байгаа мэдэгдэхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, Хаан банкнаас мөнгө буцаан татагдаад хаана байгаа эсэх нь тодорхойгүй нотлогдоогүй байхад шүүх Хаан банк ХХК-ийг хохирсон мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн анхдагч нотлох баримт болгож байгаа 2020.02.21-ний өдрийн А/61208 тоот Монгол банкны шинжээчийн дүгнэлтэд дахин комиссын бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж байсныг хүлээн аваагүй шийдсэн нь таамгаар банкныхаа өөрсдийн эрх ашгийг хамгаалан гаргасан дүгнэлтийг үндэслэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа. Хариуцагч Дорнод импекс ХК-иас 2016.05.18-ны өдөр 38/16 тоот албан бичгээр 10,000 ам доллартай тэнцэх хэмжээний мөнгийг 2016.6 сард багтаан төлөх агуулга бүхий хүсэлт, БГД-ийн ИХАШШ-ийн Эвлэрүүлэн зуучлалаар орж 2016.11.10-ны өдрийн 483 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан нь Дорнод импекс ХК-ийн нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл үгүйсгэгдэж байна гэснийг зөвшөөрөхгүй. Гарын авлага гэсэн тоног төхөөрөмж нэмэлтээр 2 талаас мөнгө гарган суурилуулсан. Гэрээний дагуу эхний авто машиныг 50.000 ам доллараар худалдахаар болсон бөгөөд худалдан авагч тал мөнгөө бүтнээр нь хийх байсан боловч Хаан банк 10.000 ам.доллароос илүүгээр гүйлгээ хийж болохгүй гэсэн учир хэсэгчилж хийсэн. Харилцагчийн урьдчилгаа 10.000 ам.доллар Хаан банкны Найман шарга салбараар орж ирсэн. Интернет сайтын болон банкны бүртгэлд мөнгө илгээсэн хүний нэр хаяг, картын дугаар зэрэг нь бүртгэгдсэн байсан учир бид мөнгийг хүлээн аваад ажлаа үргэлжлүүлэн явуулсан. Харилцагч /худалдан авагч/ мөнгөө гүйцээж худалдан авалт хийхийг хүссэн боловч Танай байгууллагын банкны данс мөнгө хүлээн авахгүй байна гэсэн гомдол ирсэн учир бид Хаан банкны картын төвийн ажилтач Б.Гантулгатай уулзахад: -ЕП дэмжлэг /Виза картын тохируулгын/ төврүү бичиг явуулсан манай сайтын систем засвартай байгаа түр хүлээнэ үү гэсэн бөгөөд явуулсан бичгээ бидэнд өгсөн. Уг бичигт /Ангил хэл дээрх бичгийг орчуулж хавсаргасан байгаа/ дурьдсанаар Хаан банк гадаадаас мөнгө хулээж авах систем нь манай мөнгөн гүйлгээ хийхээс өмнө 2016.02.02 өдрөөс эхлэн засвартай мөнгө шилжүүлэх боломжгүй байсан байдаг. Жич: Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын гэрчийн хэсэгт Б.Гантулга хэлэхдээ Тэгэхэд гүйлгээндээ биш холболт болохгүй байсан юм гэж хэлсэн нь бас манай тал буруугүй байсан нь нотлогдож байгаа юм. Үүнээс 2 сарын дараа манай сайтыг хааж хуурамч гүйлгээ хийсэн, өөрт байхгүй бараа сурталчилсан, банкыг хохироосон, хууран мэхэлсэн гэж хуулийн хариуцлага хүлээлгэн надтай хамт ажиллаж байсан миний хүү Э.Түвшинзаяаг цагдан хорихоор айлган сүрдүүлж эхэлсэн тул би хуулийн өмнө бөхийж буруугүй гэж бодож байсан ч хүүг маань хорино гэхээр айгаад буруутай юм хийсэн болж хувирсан бөгөөд Хаан банкны хуулийн зөвлөх Б.Баттөр надыг дарамтлан эвлэрлийн шүүхээр оруулж заавал төлүүлнэ гэхээр нь би зөвшөөрсөн нь үнэн. Дарамталж хийсэн шүүхээр батлагдаагүй эвлэрлийн гэрээг шүүх нотлох баримтаар үнэлэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг үгүйсгэж байгаа нь хэт нэг талд орж асуудлыг шийдэж байгааг харуулж байна. Дэлхийн Мэргэжлийн банкир санхүүч нар Монголын өнөөгийн интернет худалдааг Paypal, 2check out гэх мэт олон улсын онлайн төлбөрийн сүлжээнд гарцтай болох боломж байгаа боловч Монгол улсын онлайн төлбөр тооцооны зэрэглэл эдгээр сүлжээний стандартыг хангаагүй гэсэн шалтгаан дүгнэлт байдгаас онлайн төлбөр тооцооны сүлжээ байгуулах хуулийг батлан гаргаагүй байна. ИХХШТХ-ийн 176.2.5-т заасны дагуу иргэний хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй хэт нэг талыг барьж, ИХХША-ны журам зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн, ИХХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг зөрчсөн иргэний хэрэг шийдвэрлэсэн тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 1439 тоот магадлал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 183/ШШ2020/01058 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Дорнод импекс ХК, Д.Энхбаяр нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,573.52 ам.доллар буюу 25,511,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Дорнод импекс ХК-аас 19,985,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,525,909 төгрөг болон хариуцагч Д.Энхбаярт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

7. Хэргийн баримтаас үзэхэд Хаан банк ХХК болон Дорнод-Импекс ХК-ийн хооронд 2015.12.14-ний өдөр Интернэт банкны үйлчилгээний гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Дорнод-Импекс ХК нь /Хаан банкны 5077367191 болон 5077367204 тоот дансны дугаар/ Хаан банкны интернэт банкны үйлчилгээгээр бэлэн бус төлбөр тооцоо хийж, Хаан банк ХХК-д хураамж төлөхөөр тохиролцжээ. /хх-14/

 

8. Дээрх гэрээний дагуу Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас 4564807011752621 дугаартай картаар 2016.02.26-ны өдөр Дорнод импекс ХК-д 20,400,000 төгрөг болон 204,000 төгрөгийн хоёр гүйлгээ хийгдэж, Хаан банк ХХК-аас Дорнод импекс ХК-ийн Хаан банкин дахь 5077367204 тоот дансанд 2016.02.27-ны өдөр 19,985,880 төгрөгийг шилжүүлж, Дорнод импекс ХК-ийн хүсэлтээр Хаан банкин дахь 5077367204 тоот данснаас 2016.02.29-ний өдөр хариуцагч Дорнод импекс ХК-д 19,985,880 олгосон болох нь, мөн Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас 4564807011752621 дугаартай картаар 2016.02.25-ны өдөр хийгдсэн 103.67 ам.доллар, 2016.02.26-ны өдөр хийгдсэн 10.366.85 ам.долларыг Олон Улсын картаар хийгдсэн гүйлгээнд маргаан үүсгэсний улмаас chargeback reason code 83 буюу Карт эзэмшигчээс карт гаргагч банкинд зөвшөөрөлгүйгээр картнаас онлайнаар гүйлгээ хийсэн гэсэн гомдлоор Хаан банк ХХК-ийн данснаас 2016.03.14-ний өдөр дээрх мөнгийг буцаан шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. (хх-230-231)

 

9. Дорнод импекс ХК нь Хаан банк ХХК-тай байгуулсан Интернэт банкны үйлчилгээний гэрээ-ний дагуу Хаан банкин дахь 5077367204 тоот дансаар дамжуулан Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас 4564807011752621 дугаартай картнаас шилжиж ирсэн 20,400,000 төгрөг болон 204,000 төгрөгөөс 19,985,880 төгрөгийг шилжүүлэн авсны дараагаар Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас 4564807011752621 дугаартай картаар хийгдсэн гүйлгээнд маргаан үүсгэсний улмаас Хаан банкны данснаас буцаан шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд Дорнод импекс ХК 19,985,880 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөрчөөгүй, хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

10. Шүүх ... ИХХШТХ-ийн 176.2.5-т заасны дагуу иргэний хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй хэт нэг талыг барьж, ИХХША-ны журам зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн, ИХХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг зөрчиж хэрэг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй юм.

 

11. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01058 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1439 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 257,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД