Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/02835

 

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/02835

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х дүүрэг, өөрийн байранд байрлах “Х” ХХК-ийн /РД:00000/ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Х дүүрэг, 62 тоот хаягт байрлах, “Д” ХК /РД:00000/, 

Хариуцагч: Х дүүрэг, 62 тоотод оршин суух, Ц овогт Д.Э /РД:0000000/ нарт холбогдох, 

10 576,52 ам.доллар буюу 25 511 789 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Интернэт худалдааны сайт ажиллуулдаг “Д” ХК-ийн захирал Д.Э нь “Х” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Интернэт банкны үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээний дагуу манай банкаар дамжуулан интернэт худалдааны төлбөрөө дамжуулан шилжүүлэх эрхийг олж авсан. Гэтэл “Д” ХК нь Хаар дамжуулж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300 ам.доллар, 26-ны өдөр 10 273,72 ам.долларын гадаад худалдаа хийсэн гэх боловч уг мөнгөн дүн худалдан авагчдаа шилжээгүй учраас Australia and New Zealand банкнаас эдгээр гүйлгээг хууль бус гэж үзэн манай банкнаас дээрх гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх 10 573,52 ам.долларыг үл маргах журмаар татан авсан. “Д” ХК болон түүний захирлаар ажиллаж байсан иргэн Д.Э ын буруутай үйл ажиллагааны улмаас “Х” ХХК-д 10 573,52 ам.долларын бодит хохирол учирсан ба Интернэт банкны үйлчилгээний гэрээг зөрчсөн үйлдэл гаргасан нь баримтаар нотлогддог. Мөн “Д” ХК болон түүний захирал иргэн Д.Э ын зүгээс энэхүү буруу шилжүүлсэн хууль бус гүйлгээнээс үүдэлтэй 10 573,52 ам.долларыг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрсөн ба энэ баримтаар нотлогдож байгаа бөгөөд Хинд буцааж төлнө гэдгээ удаа дараа мэдэгддэг атлаа “Д” ХК, Д.Э нар нь банкинд учруулсан хохирол төлбөрөө огт төлж барагдуулахгүй 2 жил гаруй хугацаа өнгөрч эргэж төлбөр хийх, тооцоог дуусгах талаар ямар нэгэн алхам хийхгүй байгаа тул шүүхийн байгууллагад хандахаар боллоо. Иймд энэхүү гадаад төлбөр тооцооны гүйлгээтэй холбоотой 10 573,52 ам.доллар буюу 25 511 789 төгрөгийн хохирол төлбөрийг “Д” ХК болон түүний захирал Д.Э нараас гаргуулж “Х” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

   Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Хэрэв уг мөнгийг буцаан татаж, банкинд хохирол учруулаагүй бол бид шүүхэд хандахгүй. Хариуцагч нь Австралийн банк мөнгөө буцаан татсантай холбоотой баримтуудаа гаргаж өгөхийг хүссэн бөгөөд үүнтэй холбоотой баримтыг манайх шууд хэвлэж гаргаж өгөхөөр нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учраас Хны картын гүйлгээний системд үзлэг хийлгэсэн. Анх Австралиас мөнгө шилжүүлсэн картын дугаар бол давтагдашгүй байдаг. Анх гүйлгээ хийгдсэн нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 38 минутад 20 сая 400 мянгаар нэг, 204 мянган төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийгдсэн. Энэ нь тухайн үеийн ам.долларын ханшаар хөрвүүлэгдсэн дүн нь юм. Австали доллар гэж тооцож үзвэл 10 273 ам.доллар, 300 ам.доллар юм. Дараа нь 13 663 австрали доллараар нэг удаа, 136 австрали доллараар нэг удаа 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уг картын гүйлгээ буцаагдсан дансны мэдээлэл нь манай гаргаж өгсөн баримтаас тодорхой харагдана. Интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээнд зааснаар банкинд ямар нэг байдлаар хохирол учруулах юм бол харилцагч өөрөө хариуцна гэж заасан. 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Д” ХК-ийн дансанд шилжиж орж ирсэн байсан 19 985 880 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр уг компанийн гүйцэтгэх захирал байсан Д.Э авсан, манайх гүйлгээг шалгаж байна гэж байхад өөрөө хурдан авмаар байна гээд авсан байдаг. Олон улсын гүйлгээ хураамжийн шимтгэл нь тооцогдож нэг хоногийн дараа шилжиж орсныг хоёр хоногийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг. Өмнө нь төлнө гээд яваад байсан учраас бид төлөх байх гэж найдаж байсан. Хэрэв тухайн харилцагч нь мөнгөө аваагүй байсан юм бол энэ талаар бидэнд мэдэгдэх боломж энэ хэдэн жилийн хугацаанд байсан, гэтэл одоо аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн манай зүгээс мөнгө буцаан татагдсан талаарх баримтыг картын системээс үзүүлсэн, хариуцагч нь энэ талаар мэдэж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байж, худлаа баримт зохиосон байх гэж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Д” ХК-ийн захирал Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Д" ХК нь ОХУ болон БНКиргиз улсын иргэд болон компаниудаас бидэнд “Д” ХК-д Япон улсад үйлдвэрлэгдсэн автомашин болон сэлбэг нь Монгол улсын зах зээлийн үнээс 20%-50% хямд байдаг учир манай компаниар дамжуулан борлуулах, ашиг хуваах санал ирүүлсэн. Бидний хувьд интернет худалдаагаар дамжуулан сэлбэг болон автомашин сурталчлан борлуулан худалдаалах үүрэг хүлээсэн юм. Гэрээний дагуу эхний Тоёото тундра маркийн автомашиныг 50 мянган ам.доллараар худалдахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч тал мөнгөө бүтнээр нь хийх байсан боловч Х 10.000 ам.доллароос илүүгээр гүйлгээ хийж болохгүй гэсэн учир хэсэгчилж хийсэн. Худалдан авагч Австрали улсын тал болон Киргиз улсын К.G.T and Со Соmpan-иуд нь гэрээг хийсэн бөгөөд бид зөвхөн зуучилж, сурталчилж өгсөн хөлсөө дундаас нь алдалгүй авахын тулд Монгол улсаар худалдааны мөнгийг дамжуулан авах эрх үүрэгтэй оролцсон болно. Харилцагч Австрали улсын тал “Австрал энд Нью Зеланд” банкнаас урьдчилгаа 10 мянган ам.долларын гүйлгээг хийсний дараа Хинд хандан авах гэсэн боловч мөнгөн дүн нь орж ирсэн, гадаад гүйлгээний мөнгө нь 1,2 гэсэн маягтаар бөглөгдөн орж ирдэг, маягт нь ирээгүй байна хүлээж бай гэсэн. 7 хоногийн дараа маягт нь ирж бид мөнгөө хүлээж аваад дараагийн мөнгийг орж ирэхийг хүлээж байтал Австралийн талаас танай банк буюу данс чинь мөнгийг хүлээж авахгүй байна гэсний дагуу Х ны Картын төвд очиж Б.Г гэдэг ажилтантай уулзан учир байдлаа тайлбарлан хэлсэн. Гэтэл гадаад гүйлгээндээ биш манай холболтондоо байгаа бид удахгүй засварлан гүйлгээг хэвийн болгоно гэсний дагуу олон хоног хүлээсэн боловч гүйлгээ хийгдэхгүй байсан тул дахин Картын төв дээр очиж лавлахад бид засварлаж чадахгүй байна ЕП төврүү ийм бичиг явууллаа хариу иртэл хүлээж байгаад хэлнэ гэсэн. Эдгээр ажиллагааны дараа манай дансаар мөнгөн гүйлгээ бүр хийгдэхээ больсон тул Австрали улсын тал явуулсан мөнгөө татаж авсан юм шиг байна. Гэхдээ үүнд манай “Д” ХК нь ямар ч буруу байхгүй. Тухайн үед БНКиргиз улсын К.G.T and Со Соmpan-ын захирал А.Айзат дансаар орж ирсэн мөнгийг биднээс шууд бэлнээр авсан бөгөөд энэ худалдааны сүүлийн тооцооноос бид ашгаа авах байсан юм. Гэтэл Хны ажиллагаанаас болоод зогссон худалдааны хоорондын тооцоотой мөнгөний буцаан таталтыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Манай интернэт худалдааны дансаар гадаадын хувь хүнээс болон картаар хуурамч мөнгө орж ирж байгаа эсэх талаар бидэнд хянах ямарч үүрэг, эрх, боломж байхгүй. Мэргэжлийн банкир санхүүч нар Монголын өнөөгийн интернет худалдааг Раураl, 2check out гэх мэт олон улсын онлайн төлбөрийн сүлжээнд гарцтай болох боломж байгаа боловч Монгол улсын онлайн төлбөр тооцооны зэрэглэл эдгээр сүлжээний стандартыг хангаагүй гэсэн шалтгаан дүгнэлт байдгаас онлайн төлбөр тооцооны сүлжээ байгуулах хуулийг батлан гаргаагүй байна. Гэтэл Х яагаад хууль нь гараагүй байхад манай байгууллагад интернет худалдаа хийх зөвшөөрөл суваг нээж өгсөнийг ойлгохгүй байна. Тиймээс манайх хуулийн зүгээс үзэхэд Хийг хуурсан мэхэлсэн зүйл алга, харин ч манайх гадаадын худалдан авагчаа алдаад дээрээс нь Киргиз улсын К.G.T and Со Соmpan-тай байгуулсан гэрээ цуцлагдан хамтрагч түншээ давхар алдчихсан байгаа нь Х интернет худалдааны хуульгүй байхад биднийг хуурч, гаднаас мөнгө орж ирж байвал өөрт нь ашигтай байсан тул интернет худалдааны суваг нээж өгсөнийг харуулж байна. Ажлаа мэдэхгүй ажилтангуудтай байсан учир гадаадаас орж ирж байгаа мөнгөн гүйлгээг тасалдуулж хаагаад буцаан татан авалт хийлгэсэн нь Х эрсдэлээ өөрсдөө хүлээх үндэслэл болж байна. Одоог хүртэл 10.000 ам.долларыг буцааж татаж авсан гадаадын банкны баримт байхгүй байдаг. “Д” ХК-ний захирал асан Д.Э нь тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12-р сарын 30-ний өдрийн гадаад орнуудаас хөрөнгө санхүү татан төсөл хөтөлбөрүүдэд оруулах болон зээл тусламж авах, гадаад дотоодын байгууллагуудтай хамтарч худалдаа арилжаа хийх ажлуудыг эхлүүлэх тогтоолоор зөвшөөрөлтэй байсан нь Монгол улсын хуулийг зөрчөөгүй үндэслэл болж байна. Иймд олон улсын өмнө хүлээсэн үүргээ Монгол улсын хууль тогтоомжуудтай уялдуулан гүйцэтгэж байсан учир “Д” ХК нь уг гүйлгээ хийсэн төлбөрийг Хинд төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хны хуулийн зөвлөх Б.Баттөр нь цагдаагийн газар гаргасан өргөдөлдөө олон улсын мөнгө угаах террорист үйл ажиллагаа явуулсан гэж өгөн эрүүгийн зүйл анги сонсгон эрүү үүсгэсэн учир “Д” ХК-ний захирал асан Д.Э нь энэ төрлийн хууль сайн мэдэхгүй учир айсандаа өөрийгөө буруу үйлдэл хийсэн гэж ойлгон Хинд төлбөр төлөх мэтээр гарын үсэг зурж байсныг айлган сүрдүүлэлт гэж үзэж байна. Биднээс авсан мөнгөө Киргиз улсын К.G.T and Со компани нь буцааж төлөхгүй, танай хамтрагч Хны буруугаас бид ч хохиролд орсон учир буцааж төлөлт байхгүй гэж байгаа. Ийм үндэслэлүүд байгаа учир нэхэмжилсэн мөнгийг бид төлөх учиргүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Киргиз улсын К.G.T and Со компаний ерөнхий захирал ноён Азикиев Айзаттай харилцан тохиролцон гэрээнүүдийг хийсэн. Гэрээ хийсэн эхний шалтгаан нь Киргиз болон ОХУ-д өндөр хөгжилтэй орнуудийн авто машин болон сэлбэг нь манай Монголоос 30%- 50% хямд үнэтэй байсан. Манай тал интернет худалдаа нээж түүгээрээ дамжуулан дэлхийн бүх улс руу мэдээлэл сурталчилгааг түгээн тараах Монгол-Киргизийн талын гэрээний 1.2-т зааснаар худалдан авагч талын хүсэлтээр уг машинд цөл талд зам заагч сансараас зүг чиг заагчийг хамтарч тоног төхөөрөмж нэмэлтээр 2 талаас мөнгө гарган суурилуулсан. Гэрээний дагуу эхний авто машиныг 50.000 ам доллараар худалдахаар болсон бөгөөд худалдан авагч тал мөнгөө бүтнээр нь хийх байсан боловч Х 10.000 ам.доллароос илүүгээр гүйлгээ хийж болохгүй гэсэн учир хэсэгчилж хийсэн. Харилцагчийн урьдчилгаа 10.000 ам.доллар Хны Найман шарга салбараар орж ирсэн. Интернет сайтын болон банкны бүртгэлд мөнгө илгээсэн хүний нэр хаяг, картын дугаар зэрэг нь бүртгэгдсэн байсан учир бид мөнгийг хүлээн аваад ажлаа үргэлжлүүлэн явуулсан. Харилцагч мөнгөө гүйцээж худалдан авалт хийхийг хүссэн боловч танай байгууллагын банкны данс мөнгө хүлээн авахгүй байна гэсэн гомдол ирсэн учир бид Хны картын төвийн ажилтан Б.Гантулгатай уулзахад ЕП дэмжлэгийн төврүү бичиг явуулсан манай сайтын систем засвартай байгаа түр хүлээн үү гэсэн бөгөөд явуулсан бичгээ бидэнд өгсөн. Уг бичигт дурдсанаар Х гадаадаас мөнгө хулээж авах систем нь манай мөнгөн гүйлгээ хийхээс өмнө 2016-02-02 өдрөөс эхлэн засвартай мөнгө шилжүүлэх боломжгүй байсан байдаг. Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын гэрчийн хэсэгт Б.Г хэлэхдээ “...тэгэхэд гүйлгээндээ биш холболт болохгүй байсан юм” гэж хэлсэн нь бас манай тал буруугүй байсан нь нотлогдож байгаа юм. Үүнээс 2 сарын дараа манай сайтыг хааж хуурамч гүйлгээ хийсэн, өөрт байхгүй бараа сурталчилсан, банкийг хохироосон, хууран мэхэлсэн гэж хуулийн хариуцлага хүлээлгэн надтай хамт ажиллаж байсан миний хүү Э.Түвшинзаяаг цагдан хорихоор айлган сүрдүүлж эхэлсэн тул би хуулийн өмнө бөхийж буруугүй гэж бодож байсан ч хүүг маань хорино гэхээр айгаад буруутай юм хийсэн болж хувирсан бөгөөд Хны хуулийн зөвлөх Б.Баттөр надыг дарамтлан эвлэрлийн шүүхээр оруулж заавал төлүүлнэ гэхээр нь би зөвшөөрсөн нь үнэн. 2016 оны 11-р сарын 10-ны №483 тоот эвлэрлийн гэрээг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр Хтай хийсэн боловч доорх үндэслэлээр цуцлагдсан. Үүнд эвлэрүүлэн зуучлагч Хны төлөөлөгч Б.Баттөрөөс асуухдаа Миний эрх үүрэгт Хнаас татан авсан мөнгөний баримтыг нэхэх үүрэг байхгүй ч гэлээ гэсэн дараа нь эдний тал гомдол гаргавал шүүгчийн захирамж буцах учир танай тал бичгийг авчирч өгөөрэй гэсэн боловч авчирч өгөөгүй. Иргэн болон компаний аль нэгээс мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй учир эвлэрлийг цуцалсан. Одоог хүртэл 10.000 ам.долларыг буцааж татаж авсан гадаадын банкны баримт байхгүй байгаа нь биднийг энэ мөнгийг төлөх эрх зүйн үндэс үүсээгүй байгааг харуулж байна. Дэлхийн Мэргэжлийн банкир санхүүч нар Монголын өнөөгийн интернет худалдааг Раураl, 2 chеск out гэх мэт олон улсын онлайн төлбөрийн сүлжээнд гарцтай болох боломж байгаа боловч Монгол улсын онлайн төлбөр тооцооны зэрэглэл эдгээр сүлжээний стандартыг хангаагүй гэсэн шалтгаан дүгнэлт байдгаас онлайн төлбөр тооцооны сүлжээ байгуулах хуулийг батлан гаргаагүй байна. Гэтэл Х яагаад хууль нь гараагүй байхад манай байгууллагад интернет худалдаа хийхийг зөвшөөрч суваг нээж өгсөнийг ойлгохгүй байна. Тиймээс манайх хуулийн зүгээс үзэхэд Хийг хуурсан мэхэлсэн зүйл алга, харин ч манайх гадаадын худалдан авагчаа алдаад дээрээс нь Киргиз улсын К.С.Т and Со компанитай байгуулсан гэрээ цуцлагдан хамтрагч түншээ давхар алдсан байгаа нь Х биднийг хуурч хуулиар зөвшөөрөгдөгүй интернет худалдааны суваг нээж өгсөнд гомдолтой байна. Х нь интернет худалдааны гэрээг манай компанитай хийхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хийх байтал итгэмжлэхгүй иргэн Д.Э-тай хийсэн нь уг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл болж байна.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь би нэхэмжлэгчид энэ яриад байгаа асуудлаа нотлочих гэж хэлсэн. Нотлох баримтаа гаргаад өгчих юм бол болохгүй асуудал байхгүй. Би интернэтээс гаргаж авсан баримтыг нотлох баримт гэж үзэхгүй байгаа. Хны картын мэргэжилтэн н.Гантулга прокурорт өгсөн мэдүүлэгтээ асуудал “...манай гүйлгээнд биш манай холболтонд асуудал нь байсан юм” гэдэг. Одоо Х ны зүгээс биднээс буцаан татсан гэж тайлбарладаг боловч Австралийн талаас бид аваагүй гэж тайлбарладаг. Дундаа хаана очиж мөнгө гацсан нь мэдэгдэхгүй, мөнгийг би төлөх асуудал үүсээд байна гэж л ойлгосон. Надаас итгэмжлэл аваагүй хүнтэй гэрээ байгуулсан байгаа. Би данс нээх үед нь гарын үсэг зурсан гэдгийг маргахгүй. Гэрээнд манай ажилтан Д.Энхтуяа гэж хүнээр гарын үсэг зуруулсан. Уг гэрээтэй нь би танилцаагүй. Мөн манай улсад интернэт худалдааны хууль байхгүй. Тийм гүйлгээ хийлгэсэн мөнгөө буцааж татсан гээд одоо надтай хариуцлагын асуудал ярьж байна. Х өөрсдийн алдаанаас болж үүссэн үүрэгтэй холбоотой надад хариуцлага тооцож байгаа учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид дансандаа орсон мөнгийг авсан нь үнэн, мөнгийг бид авчихаад байхад буцаан татуулж байгаа бол банкны өөрсдийнх нь буруу. Энэ нь манай компани болон иргэний зүгээс гаргаж байгаа тайлбар гэж ойлгож болно. Дээр нь би хувьцаа эзэмшигчдийнхээ дунд эвгүй байдалд орж байна. Миний хувьд зөвшөөрөхгүй, яагаад гэвэл дараа нь би Австралийн банкны өмнө баримттай байж баймаар байна. Интернэтийн баримтыг хэн ч байсан дураараа хийж чадах болохоор интернэтээс гаргаж өгсөн баримтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүмүүсээсээс асуухад хакеруудаар хуурамчаар ийм баримт хийлгэчихдэг гэсэн. Тиймээс ч би үзлэгт нь очоогүй. Уг нь энэ мөнгийг төлөхгүй байх ёстой, гэхдээ хүүхдийг минь шантаачилсан учраас тухайн үедээ зөвшөөрч байсан. Би хүүхдээ авч үлдэхийн тулд 10 000 ам.долларын төлбөрт орсон юм. Тэгээд л төлнө гэж байсан болохоос зөвшөөрөхгүй байгаа. Нотлох баримтаа аваад ирвэл би төлье гэсэн, уг нь манай харилцагч аваагүй гэсэн баримтаа өгчих гэсэн боловч завгүй улаан өндөгний баяр тэмдэглээд Европоор явж байгаа гээд байна. Би хэн нэгнийг хуурч байсан удаагүй. Тиймээс миний хувьд гомдолтой байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Д” ХК, Д.Э нарт холбогдуулан 10 576,52 ам.доллар буюу 25 511 789 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Д” ХК болон түүний захирал Д.Э нар нь банктай интернет үйлчилгээний гэрээ байгуулж, уг үйлчилгээг ашиглан гадаад гүйлгээгээр 10 576,52 ам.долларыг шилжүүлэн авсан боловч уг мөнгийг буцаан татан авсан тул 10 576,52 ам.доллар буюу 25 511 789 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэсэн.

Хариуцагч “Д” ХК нь банкны ажиллагаанаас болоод зогссон худалдааны хоорондын тооцоотой мөнгөний буцаан таталтыг хүлээн зөвшөөрөхгүй, компани интернэт худалдааны дансаар гадаадын хувь хүнээс болон картаар хуурамч мөнгө орж ирж байгаа эсэх талаар бидэнд хянах боломжгүй, ажилтнуудын буруугаас гадаадаас орж ирж байгаа мөнгөн гүйлгээг тасалдуулж, буцаан татан авалт хийлгэсэн тул нэхэмжлэгч эрсдлээ өөрсдөө хүлээх үндэслэлтэй гэж, хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч нь өөрсдийн алдаанаас болж үүссэн үүрэгтэй холбоотой хариуцлага тооцож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, уг мөнгийг буцаан татсан талаар нотлох баримт байхгүй тул төлөх үүрэггүй гэж тус тус маргасан.      

 

Хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Интернэт банкны үйлчилгээний гэрээ”-г нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Д” ХК-тай байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр интернет банкны үйлчилгээгээр бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэх, үүнтэй холбогдон банк болон интернэт банкаар үйлчлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулахаар, мөн интернэт банкны үйлчилгээ нь Хинд данстай харилцагчдад интернэтээр дамжуулан өөрсдийн данснаас бэлэн бус төлбөр тооцоо хийх, дансны үлдэгдэл шалгах, санал хүсэлтээ илгээх боломжийг олгохоор харилцан тохиролцсон байна. Уг гэрээнд Д.Энхтуяа гэж гарын үсэг зурагдсан боловч “Д” ХК-ийн тамга дарагдсан талаар зохигч талууд маргаагүй болно. /хэргийн 14-р хуудас/

Хны “Баталгаат гарын үсэг, тамганы загвар” гэсэн баримтад “Д” ХК-ийг төлөөлөн гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан Д.Э гэсэн, “Д” ХК-ийн тамга дарагдсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 14-нд “Байгууллагын интернэт банк үйлчилгээний хэрэглэгчийн хүсэлт”-д “Д” ХК, эрх бүхий ажилтны овог, нэр Д.Энхтуяа гэж бүртгэгдсэн байна. /хэргийн 15-16-р хуудас/

Мөн Х-д “Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт”-д Д.Э, “Д” ХК гүйцэтгэх захирал хүсэлт гаргасан байх бөгөөд “Интернэт худалдаа, үйлчилгээний байгууллагын тодорхойлолт”-д Д.Э, “Д” ХК, мэдээлэл авах ажилтны мэдээлэлд Д.Э зөвлөх, Э.Т инженер гэж бүртгүүлж, “Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлт”-д “Д” ХК регистрийн дугаар 2011123 гэжээ. /хэргийн 18-21-р хуудас/

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан “Интернэт банкны үйлчилгээний гэрээ”-г компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэж маргасан боловч Хинд байгууллагын интернэт банк үйлчилгээний хэрэглэгчийн хүсэлтийг “Д” ХК гаргаж, эрх бүхий ажилтнаар Д.Э гэж бүртгүүлсэн, харилцагчаар бүртгүүлэх хүсэлтийг “Д” ХК-ийн гүйцэтгэх захирал гаргаж, компанийн мэдээлэл авах ажилтны мэдээлэлд Д.Э-г бүртгүүлж, банкинд данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийг “Д” ХК гаргаж, уг хүсэлт болон гэрээнд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Э нь гарын үсэг зурсан талаараа маргаагүй тул нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч “Д” ХК-ний хооронд “Интернэт банкны үйлчилгээний гэрээ” байгуулагдсан, уг гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Талуудын хооронд байгуулагдсан “Интернэт банкны үйлчилгээний гэрээ”-ний дагуу хариуцагч “Дорнод иппекс” ХК-ийн дансанд 10 573,72 ам.доллар шилжин орж ирсэн талууд зохигч талууд маргаагүй болно. /хэргийн 22-р хуудас/

 

Хариуцагч “Д” ХК нь KGT and Co компанитай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, “Д” ХК-ийг төлөөлөн ерөнхий захирал Д.Э, нөгөө талаас KGT and Co компанийг төлөөлөн ерөнхий захирал Azhikeev Aizat нар нь эдийн засгийн ашиг сонирхлын төлөө санхүү, материалын эх үүсвэр ба оюуны чадамжийг ашиглан хамтарсан санхүү, хөрөнгө оруулалт, худалдаа ба мэдээллийн үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож, уг хамтран ажиллах гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Худалдах ба худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч KGT and Co компани, худалдан авагч “Д” ХК нар нийт 9 027 750 ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авахаар төлбөрийн нөхцлийг буюу төлбөрийн шилжүүлгийг СВИФТ-ээр банкаа шилжүүлнэ. Хэрэв худалдан авагч дээр дурдсан үүрэг хариуцлагаа биелүүлээгүй бол, худалдагч өөрийн шийдвэрээр гэрээг дуусгавар болгож эсхүл тус гэрээг бүхэлд нь хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, учирсан хохиролд зориулж нэхэмжлэл гаргана” гэжээ. /хэргийн хуудас/

Хариуцагчийн байгуулсан хамтран ажиллах гэрээ буюу худалдах худалдан авах гэрээний дагуу “Д” ХК-ийн дансанд орлого орсон болох нь хэрэгт авагдсан “Д” ХК-ийн Хны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд уг дансны хуулгаар 2016 оны 02 дугаар сарын 26-нд орлого 19 985 880 төгрөг орж, 2016 оны 02 дугаар сарын 27-нд 19 985 880 төгрөгний зарлага гарсан болох нь нотлогдож байна. /хэргийн 22-р хуудас/  

Хариуцагч “Д” ХК-ийн Хны дансанд орсон 19 985 880 төгрөгийг “Д” ХК-ийг төлөөлөн хүлээн авсан талаараа хариуцагч Д.Э маргаагүй бөгөөд энэ талаар хариуцагч “Д” ХК нь мөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч нь “Д” ХК-ийн дансанд орсон 19 985 880 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсний дараа Хнаас буцаан уг мөнгийг үл маргах журмаар татан авалт хийсэн гэж тайлбарлаад энэ нь интернэт банкны гүйлгээгээр нотлогдоно, мөн мөнгийг буцаан татан авсан, 19 985 880 төгрөгийг банкинд буцаан төлөхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч байсан болох нь “Д” ХК-ийн Хны захиргаанд гаргасан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 38/16 тоот албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1292 тоот Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №483 тоот эвлэрлийн гэрээгээр нотлогдоно гэсэн. /хэргийн хуудас/

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шоронд хорино, хууль бус худалдаа эрхэлсэн гэж дарамталсан учир буцаан төлөхийг зөвшөөрч байсан, энэ нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 102/ШЗ2016/27472 тоот Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нотлогдоно, уг захирамжид мөнгө буцаан авсан эсэх нь тодорхойгүй учир шүүх эвлэрлийг батлаагүй, мөнгийг буцаан татан авалт хийсэн нь Хны ажилтнуудын буруугаас үүссэн нь эрүүгийн хэргийн тогтоолд дурдсан гэж мэтгэлцсэн. /хэргийн хуудас/

Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1292 тоот Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолд “...Хинд Д.Э, Д.Э нараас интернэт худалдааны эрх авахаар гаргасан харилцагчаар бүртгүүлэх хүсэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар Д.Э, Д.Э, Э.Т нар нь бүлэглэн бусдыг хуурч мэхлэн, залилан мэхэлсэн болох нь тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэлээ” гэжээ. /хэргийн хуудас/

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 102/ШЗ2016/27472 дугаар “Эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжид “...эвлэрлийн гэрээнд “Д” ХК-ийг төлөөлж хэн гарын үсэг зурж эвлэрч байгаагаа тодорхой тусгаагүй байна. Энэ нь эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулснаас хойш цаашид гарах үр дагавартай холбоотой асуудалд хүндрэл учруулж болзошгүй хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх магадлалтай тул шүүх энэхүү эвлэрлийг баталгаажуулахаас татгалзах нь зүйтэй гэж үзсэн” байх тул хариуцагчийн банкнаас гүйлгээг буцаан татсан гэдэг нь нотлогдоогүй, банкны ажилтнуудын буруугаас үүссэн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эвлэрлийг батлахаас татгалзсан гэх тайлбар нь тогтоогдохгүй байна. /хэргийн хуудас/  

Хариуцагч нь хүүхдийг нь хорино гэж нэхэмжлэгч дарамталсан учир эвлэрлийн гэрээ байгуулсан, хууль бус худалдаа хийсэн гэж айлган сүрдүүлсэн учир төлнө гэж хүлээн зөвшөөрч байсан гэсэн боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, 2016 оноос хойш зохих байгууллага албан тушаалтанд “Д” ХК болон иргэн Д.Э нар нь энэ талаарх гомдлоо гаргаж байгаагүй гэж тайлбарласан болно.

Мөн хариуцагч нь мөнгийг Хнаас буцаан татсан эсэхийг нотлоогүй гэж маргасан боловч шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараар Хнаас дээрх гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх 10 573,52 ам.долларыг буцаан татан авсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь мөнгийг буцаан татан аваагүй, харилцагч тал нь мөнгийг буцаан хүлээн аваагүй гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд хийсэн үзлэгт хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч “Х” ХХК-ийг хуурамчаар нотлох баримт бүрдүүлчихдэг гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй болно. /хэргийн хуудас/

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хөрөнгө олж авсан этгээд болох “Д” ХК-иас нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, хариуцагч нь буцаан төлөх үүрэгтэй байна гэж үзэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нь “Д” ХК-ийн дансанд 2016 оны 02 дугаар сарын 26-нд 19 985 880 төгрөгийн орлого орсон, уг мөнгийг 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан талаараа маргаагүй, нөгөө талаас буюу Австралийн талаас мөнгийг буцаан аваагүй, арбитрын шүүхэд хандах гэж байгаа гэж мэтгэлцсэн боловч хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Худалдах ба худалдан авах гэрээ”-нд зааснаар гэрээний нөгөө талаас учирсан хохирлын талаар нэхэмжилсэн, мөнгийг буцаан авсан, аваагүй эсэх талаархаа баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны ханш болох 2 412,80 төгрөгөөр тооцож, нийт 25 511 789  төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч “Д” ХК-ийн дансанд 19 985 880 төгрөг шилжин орсон, уг мөнгийг хүлээн авсан байх тул 19 985 880 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 525 909 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Д” ХК, Д.Э нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч “Интернэт банкны үйлчилгээний гэрээ”-г “Д” ХК-тай байгуулсан, Д.Э нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй буюу гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 19 985 880 төгрөгийг хариуцагч “Д” ХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Эт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285 509 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд буюу 19 985 880 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 257 879 төгрөгийг хариуцагч “Д” ХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “Д” ХК /РД:2011123/-иас 19 985 880 төгрөг /арван есөн сая есөн зуун наян таван мянга найман зуун наян/ гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд /РД:00000/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 525 909 төгрөгийг /таван сая таван зуун хорин таван мянга есөн зуун есөн/, хариуцагч Д.Э-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХК-иас 257 879 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН