Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2020/00030

 

Д.Зын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00120 дугаар шийдвэртэй, Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт Д-н Зын нэхэмжлэлтэй, Ө сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Е, нэхэмжлэгч Д.Зын өмгөөлөгч Х.Бакен, Т.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө сумын Ерөнхий Боловсролын .. дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: Миний бие Д.З нь Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дүгээр тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд томилогдсон. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад хэрэг бүртгэлтийн 191300341 дугаартай хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 50 минутад сэжигтнээр шүүхийн зөвшөөрлөөр баривчилж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ЦХШЗ/69 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих хугацааг 1 дэх удаа сунгасан тул энэ шийдвэрийг эс зөвшөөрч миний өмгөөлөгч Х.Б, С.Т нар тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авч хангаснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагдан хорих байрнаас суллагдсан. Хорих байрнаас суллагдаж гэрт ирэхэд ар гэрийн хүмүүс намайг ажлаас чөлөөлсөн сургуулийн захирлын тушаалыг үзүүлсэн .Намайг цагдан хорих байранд байх хугацаанд сургуулийн удирдлагын зүгээс надтай огт уулзаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалын хувийг гардуулж өгөөгүй. Ар гэрийн хүмүүсийн тайлбарласнаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тушаалын хувийг гэрт хүргэж өгсөн байна. Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-ийн хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэсэн заалтыг үндэслэл болгосон байна. Би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй. Намайг эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж баривчилж дараа нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.Би үүнээс болж ажилд очиж чадаагүй. Энэ нь надаас шалтгаалсан зүйл биш. Одоогоор миний холбогдон шалгагдсан хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. гэж заасан байхад намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Д.З нь хөдөлмөрийн давтан зөрчил гаргасан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах тухай зөрчлийг удаа дараа гаргасан тул аргагүйн эрхэнд түүнтэй байгуулсан гэрээг цуцалж өөр хүнийг ажилд томилсон. Д.З нь шүүгчийн захирамжаар баривчлагдсан учраас хүндэтгэн үзэх шалтгаантай гэжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч шүүхийн шийдвэрээр баривчлагдсан явдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдалд тооцохгүй. Мөн Д.З нь өөрийгөө цагдан хоригдож байхад нь сургуулийн удирдлагаас ирж уулзаагүй гэжээ. Д.З нь сургуультай байгуулсан гэрээний дагуу ажлын цагтаа, ажлын байранд байх үүрэгтэй. Түүний утас нь холбогдохгүй байсан учраас түүнийг цагдан хорих байрнаас хайх үүргийг сургуулийн удирдлага хүлээхгүй. Д.З нь сүүлийн үед байнгын ажил тасалдаг болсон бөгөөд урьд нь хэд хэдэн удаа баривчлагдаж байсан. Үүнээс болж манай сургуулийн нэр хунд унаж байгаа болно. Үүнээс гадна сургуулийн нягтлан бодогч нь холбогдох газруудад тооцоогоо хугацаандаа хийдэггүй, багш, ажилчдын цалин хөлсийг хожимдуулж, олгохгүй байх асуудлууд удаа дараа гардаг байсан. Д.Зт хэд хэдэн удаа боломж олгож, түүний ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж ажиллуулсаар байсан боловч тэр нь ноцтой зөрчлийг дахин давтан гаргах болсон. Сүүлд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бий Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд нягтлан бодогчоор 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Мөн байгууллагад урьд нь түр хугацаагаар нярвын ажлыг хийж байсан бөгөөд цаашид орон тоо гарвал ажиллахаа илэрхийлж өргөдлөө гаргасан билээ. Тус сургуулийн нягтлан бодогч З нь архи ууж, эхнэрээ зодож, олон хоногоор ажил тасалсан тул ажлаас чөлөөлж байгаагаа хэлж намайг ажилд дуудсан юм. Тус байгууллагад захирлын тушаалаар нягтлангаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Одоогийн байдлаар хэвийн ажиллаж байгаа ба ажлаас ямар нэгэн дутагдал гаргаагүй болно. Өлгий сумын 13 дугаар багт, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суудаг. Нөхөр маань ажилгүй, зөвхөн миний цалингаар амьдарч байна. Иймд З нь олон хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00120 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Зын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Ч.Ганцэцэг дуудаж хэрэг бүртгэлтийн 191300341 дугаартай хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 50 минутад сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, маргааш нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ЦХШЗ/61 дугаартай захирамжаар сэжигтнээр баривчилсан. Дараа нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ЦХШЗ/бЗ дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ЦХШЗ/69 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих хугацааг 1 дэх удаа сунгасан тул энэ шийдвэрийг миний өмгөөлөгч Х.Б, С.Т нар эс зөвшөөрч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авч хангаснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагдан хорих байрнаас суллагдсан. Гэтэл намайг цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн байсан. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэлээ хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Би тухайн нөхцөлд өөрийн санаачилгаар ажил таслаагүй, хуулиар эрх олгогдсон шүүхийн шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 зүйлийн 1.5, 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан учир ажилд ирж чадаагүй. Өөрөөр хэлбэл өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар ажилд ирж чадаагүй Тухайн нөхцөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрөө дур мэдэн зөрчих, өөрчлөх, ажилд хүрэлцэн очих ямар нэгэн боломж надад байгаагүй, тийм эрх ч байхгүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ...Д.З нь архидан согтуурсан үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэрээ зодож гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1/нэг/ сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжаар нотлогдох ба энэ нь нэхэмжпэгч Д.Зын өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил тасалсан байна гэж үзэх боломжгүй байна... гэж хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар өнөөдөр хүртэл намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолын 28-д ...хүндэтгэн үзэх шалтгаан гэж хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар... гэж тайлбарласан нь үнэн. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь дээрх тогтоолд заасан хэдэн тохиолдлоор хязгаарлагдахгүй бөгөөд тайлбар гаргагчаас тохиолдол бүрийг нэг бүрчлэн заах боломжгүй учир ...зэрэг... гэдэг үгийг зориулан оруулсан байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.Өөрөөр хэлбэл дээрх хэдэн тохиолдлоос өөр тохиолдлууд байж болохыг хууль тайлбарлагч үгүйсгээгүй. Иймд миний гомдлыг зохих ёсоор хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Нягтлан бодогч Д.Зын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр буюу ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэхдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй, намайг эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгасны улмаас би ажилдаа очиж чадаагүй, уг эрүүгийн хэрэг одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй гэж үзэж ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бол ажил олгогч гомдлын шаардлагыг үгүйсгэж мэтгэлцжээ.

 

Ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд судлан үзвэл, ажилтан болон ажил олгогчийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд ажилтан Д.З нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цаг ашиглалттай холбоотой үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, ажилчдын 12 сарын цагийн бүртгэл, Баян-Өлгий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ЦХШЗ/61 дугаартай Сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай Яллагдагч Д.Зт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Ажилтан, ажил олгогч нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хсэгт ... ноцтой зөрчил... гэж дараах зөрчлийг ойлгоно. гэж, Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал; гэж заасан байх тул ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн Д.Зт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчөөгүй, ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйлдэл хууль ёсны, үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.З нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэрээ зодож гэмтэл учуруулсан гэх үндэслэлээр цагдан хоригдсон бөгөөд энэ нь нэхэмжлэгч Д.Зын өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил тасалсан гэж үзэхгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Д.З би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй, намайг эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгасны улмаас би ажилдаа очиж чадаагүй, уг эрүүгийн гэмт хэрэг одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй гэж давж заалдах гомдол гаргаснаас үзвэл нэхэмжлэгч Д.Зт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр бөгөөд гэмт хэрэгт холбогдож цагдан хохирогдсон асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ЦХШЗ/61 дүгээр Сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Сэжигтэн Д.Зыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан гэх үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь үндэслэлтэй гэж, мөн тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаар Яллагдагч Д.Зт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамжийн үндэслэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэл бүрдсэн буюу яллагдагч Д.З нь өөрийн гар болон хоолойг хутгаар зүсэж өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан байх тул яллагдагч Д.Зт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын санал үндэслэлтэй гэж тус тус дүгнэсэн байна. Мөн нэхэмжлэгч Д.З нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчилд холбогдож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаар шийтгэврээр түүнд 10 хоногийн баривчлах шийтгэл, 20 цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэж байсан нь энэ хэрэгт хамааралгүй болохыг дурдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

Д.КӨБЕШ