Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00525

 

2021 05 25 001/ХТ2021/00525

 

 

 

Д.Зангарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00120 дугаар шийдвэр,

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00030 дугаар магадлалтай,

 

Д.Зангарын нэхэмжлэлтэй

Өлгийн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдох

 

Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2019.10.25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зангарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Өлгий сумын Ерөнхий Боловсролын 4 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Д.Зангарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Зангар нь Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016.09.06-ны өдрийн 59 дүгээр тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд томилогдсон. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад хэрэг бүртгэлтийн 191300341 дугаартай хэрэгт 2019.10.21-ний өдрийн 17 цаг 50 минутад сэжигтнээр шүүхийн зөвшөөрлөөр баривчилж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.23-ны өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн шүүхийн шүүгчийн 2019.11.21-ний өдрийн 2019/ЦХШЗ/69 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих хугацааг 1 дэх удаа сунгасан тул энэ шийдвэрийг эс зөвшөөрч миний өмгөөлөгч Х.Бахыт, С.Тилеуберди нар тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авч хангаснаар 2019.11.22-ны өдөр цагдан хорих байрнаас суллагдсан. Хорих байрнаас суллагдаж гэрт ирэхэд ар гэрийн хүмүүс намайг ажлаас чөлөөлсөн сургуулийн захирлын тушаалыг үзүүлсэн .Намайг цагдан хорих байранд байх хугацаанд сургуулийн удирдлагын зүгээс надтай огт уулзаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалын хувийг гардуулж өгөөгүй. Ар гэрийн хүмүүсийн тайлбарласнаар 2019.11.03-ны өдөр тушаалын хувийг гэрт хүргэж өгсөн байна. Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-ийн хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэсэн заалтыг үндэслэл болгосон байна. Би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй. Намайг эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж баривчилж дараа нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.Би үүнээс болж ажилд очиж чадаагүй. Энэ нь надаас шалтгаалсан зүйл биш. Одоогоор миний холбогдон шалгагдсан хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. гэж заасан байхад намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж,намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Зангар нь хөдөлмөрийн давтан зөрчил гаргасан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах тухай зөрчлийг удаа дараа гаргасан тул аргагүйн эрхэнд түүнтэй байгуулсан гэрээг цуцалж өөр хүнийг ажилд томилсон. Д.Зангар нь шүүгчийн захирамжаар баривчлагдсан учраас хүндэтгэн үзэх шалтгаантай гэжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч шүүхийн шийдвэрээр баривчлагдсан явдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдалд тооцохгүй. Мөн Д.Зангар нь өөрийгөө цагдан хоригдож байхад нь сургуулийн удирдлагаас ирж уулзаагүй гэжээ. Д.Зангар нь сургуультай байгуулсан гэрээний дагуу ажлын цагтаа, ажлын байранд байх үүрэгтэй. Түүний утас нь холбогдохгүй байсан учраас түүнийг цагдан хорих байрнаас хайх үүргийг сургуулийн удирдлага хүлээхгүй. Д.Зангар нь сүүлийн үед байнгын ажил тасалдаг болсон бөгөөд урьд нь хэд хэдэн удаа баривчлагдаж байсан. Үүнээс болж манай сургуулийн нэр хунд унаж байгаа болно. Үүнээс гадна сургуулийн нягтлан бодогч нь холбогдох газруудад тооцоогоо хугацаандаа хийдэггүй, багш, ажилчдын цалин хөлсийг хожимдуулж, олгохгүй байх асуудлууд удаа дараа гардаг байсан. Д.Зангарт хэд хэдэн удаа боломж олгож, түүний ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж ажиллуулсаар байсан боловч тэр нь ноцтой зөрчлийг дахин давтан гаргах болсон. Сүүлд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Байтений Жангүл нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд нягтлан бодогчоор 2019.10.25-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Мөн байгууллагад урьд нь түр хугацаагаар нярвын ажлыг хийж байсан бөгөөд цаашид орон тоо гарвал ажиллахаа илэрхийлж өргөдлөө гаргасан билээ. Тус сургуулийн нягтлан бодогч Зангар нь архи ууж, эхнэрээ зодож, олон хоногоор ажил тасалсан тул ажлаас чөлөөлж байгаагаа хэлж намайг ажилд дуудсан юм. Тус байгууллагад захирлын тушаалаар нягтлангаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Одоогийн байдлаар хэвийн ажиллаж байгаа ба ажлаас ямар нэгэн дутагдал гаргаагүй болно. Өлгий сумын 13 дугаар багт, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суудаг. Нөхөр маань ажилгүй, зөвхөн миний цалингаар амьдарч байна. Иймд Зангар нь олон хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00120 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Зангарын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/35 дугаартай Нягтлан бодогч Д.Зангарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00030 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Зангар хяналтын гомдолдоо: Шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэснийг, магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч миний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг тус тус эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. нэг.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: 1. Миний гомдлыг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Ч.Ганцэцэг дуудаж хэрэг бүртгэлтийн 191300341 дугаартай хэрэгт 2019.10.21-ний өдрийн 17 цаг 50 минутад сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж маргааш нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.22-ны өдрийн 2019/ЦХШЗ/61 дугаартай захирамжаар сэжигтнээр баривчилсан. Дараа нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.23-ны өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн шүүхийн шүүгчийн 2019.11.21-ний өдрийн 2019/ЦХШЗ/69 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих хугацааг 1 дэх удаа сунгасан тул энэ шийдвэрийг миний өмгөөлөгч Х.Бахыт, С.Тилеуберди нар эс зөвшөөрч тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаж ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авч хангаснаар 2019.11.22-ны өдөр цагдан хорих байрнаас суллагдсан. Гэтэл намайг цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2019.10.25-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн байсан. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэлээ хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Би тухайн нөхцөлд өөрийн санаачилгаар ажил таслаагүй, хуулиар эрх олгогдсон байгууллага болох шүүхийн шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 зүйлийн 1.5, 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан учир ажилд ирж чадаагүй. Өөрөөр хэлбэл өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар ажилд ирж чадаагүй. Тухайн нөхцөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрөө дур мэдэн зөрчих, өөрчлөх, ажилд хүрэлцэн очих ямар нэгэн боломж надад байгаагүй, тийм эрх ч байхгүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ...Д.Зангар нь архидан согтуурсан үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэрээ зодож гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүхээс 2019.10.23-ны өдрөөс эхлэн 1/нэг/ сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжаар нотлогдох ба энэ нь нэхэмжлэгч Д.Зангарын өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил тасалсан байна гэж үзэх боломжгүй байна... гэж хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж миний давж заалдах гомдлыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна. Монгол улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 28-д ...хүндэтгэн үзэх шалтгаан гэж хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар... гэж тайлбарласан нь үнэн. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь дээрх тогтоолд заасан хэдэн тохиолдлоор хязгаарлагдахгүй бөгөөд тайлбар гаргагчаас тохиолдол бүрийг нэг бүрчлэн заах боломжгүй учир ...зэрэг... гэдэг үгийг зориулсан оруулсан байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл дээрх хэдэн тохиолдлоос өөр тохиолдлууд байж болохыг хууль тайлбарлагч үгүйсгээгүй. 2. Надад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон гол үндэслэл нь өөрийн гар болон хоолойг хутгаар зүсэж өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн эхнэр Ж.Өзгерийн биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэсэн хоёр үндэслэл байсан бөгөөд дээрх хоёр хэргийг прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгосон. Эдгээр тогтоолууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нөхцөл байдал ийм байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх надад таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн үндэслэлийг иш татан дурдаж намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иймд миний гомдлыг зохих ёсоор хянаж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Зангар нь ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр магадлалыг зөвшөөрөхгүй.., шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...өөрөөс үл хамаарах шалтгаанаар цагдан хоригдосны улмаас ажилдаа ирээгүй байхад ажил тасалсан гэж үзсэн ажил олгогчийн тушаалыг шүүх зөвтгөсөн, ...хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг шүүх тайлбарлаж чадаагүй, ...надад холбогдуулан шалгасан 2 хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолыг өгсөн байхад үнэлээгүй, ...санаатайгаар, дур мэдэн ажил таслаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэх гомдлыг гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох ба Д.Зангар нь сахилгын ноцтой зөрчил гаргасан байх тул түүнийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2019.10.25-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзнэ. Хоёр шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Зангарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Д.Зангар нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан... ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Нэхэмжлэгч нь гэмт хэрэгт шалгагдаж цагдан хоригдсон учраас ажилдаа ирж чадаагүй нь өөрийнх нь буруутай үйлдэлтэй холбоотой тул хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдсонгүй.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Хүндэтгэн үзэх шалтгаан нь өөрөөс үл хамаарах нөхцөл байдлыг илэрхийлж байдаг ба нэхэмжлэгч нь зөрчил гаргаагүй бол цагдан хоригдох асуудал яригдахгүй юм. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019.12.31-ний өдрийн 5/01,5/02 дугаартай прокурорын тогтоолоор Д.Зангарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч энэ нь ажилд ирээгүй зөрчлийг үгүйсгэх хүндэтгэн үзэх шалтгаан болоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019.10.22-ны өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй, 1 сарын дараа буюу 11 сарын 22-ны өдөр цагдан хорих байрнаас суллагдсан байх ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас цагдан хоригдсон нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалтад хамаарахгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Зангарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00120 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00030 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ