Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2018/00131

 

 

*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

*******д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00877 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-79 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баярхишиг овогтой Анхбаяр миний төрсөн эцэг Шарав овогтой Баярхишиг нь 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-79 тоот орон сууцыг *******гаас ХХБ-ны зээлээр худалдан авч, байрны зээлээ цаг тухай бүрд нь төлж яваад 2014 оны 10 дугаар сарын 25-нд зуурдаар нас барсан. ХХБ-ны үлдэгдэл зээлийг хүү ******* би үргэлжлүүлэн төлж байгаад 2016 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. Уг байр нь аав Ж.Баярхишигийн өмчлөлийн байр байсан ба өв залгамжлагчаар би өвлөн үлдэх болсон. Тухайн үед байраа зарсан эзэд нь зарсан байрандаа түр хугацаагаар суухаар аавтай тохиролцож байсан юм билээ. Одоо уг 5-24-79 тоот байраа суллаж авах гэсэн боловч байранд сууж буй хүмүүс байр суллаж өгөхгүй байгаа тул намайг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцнаас *******г албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* би 2008 онд Анод банкнаас 2 дүүгээ Солонгос улс руу явуулахаар бизнесийн зээл аваад явуулсан гэтэл 2 дүү маань 2 сарын дараа баригдаад Монголд ирсэн. Тэр үеийн Анод банкны зээлийн хүү 3.6 хувь буюу зөвхөн сард хүүнд 684 000 төгрөг төлж байсан. Тэгээд Анод банк татан буугдаад зээлээ 2 дүү маань төлөх боломжгүй болсон тул олон сараар төлөөгүй байж байгаад Анод банк нь бүх зээлтэй хүмүүсээ шүүхэд өгөөд төлүүлсэн байдаг. Яг тэр үед Анод банкны зээлийг төлөх гээд яаж төлөх вэ гэж байж байтал манай нэг танил найз манай таньдаг ах эгч хоёр байгаа, ГОК-д ажилладаг. Байрны зээл болгож хэн хэндээ хэрэгтэй шагналаа өгөөд мөн гарах зардлаа хариуцаад болдог юм уулзаад үз гээд очиж уулзахад тохироод Баярхишиг ах Оюунцэцэг эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон. Мөн бид хоёр 12 500 000 төгрөгөөр 2009 онд орж ирсэн машин авсан байснаа зарж зээлдээ хийх гэж байгаа гэсэн. Тэгвэл та хоёр машинаа 9 сая гэж байгаа юм уу бид хоёрт 7 саяаар өгчих. Бид хоёр ялгаагүй зээлийг чинь төлөөд явна гэж тохироод аймгийн захиргааны нэг цонхны нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийж, машин өгөөд ХХБ-аас авсан зээлийг Баярхишиг 17 350 000 төгрөгийг сар бүр 228 953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18 650 000 төгрөгийг сар бүр 245 600 төгрөгөөр төлөх болоод тохироод зээлээ авсан. Тухайн зээлтэй холбоотой бүх зардлыг би даана гээд төлсөн байгаа. Ингээд мөн зээл авч өгсөн шагнал гэж 1 000 000 төгрөг өгсөн. Тэр нь Хабитатын төсөв, байшин бариулах урьдчилгаа төлбөрт 2 500 000 төгрөг төлдөг байсан юм. Үүний 1 500 000 төгрөгийг өөрсдөө төлж 1 000 000 төгрөгийг би өгч байшин бариулсан. Ингээд 2011 оны 5 дугаар сарын 11-нээс эхлэн төлөлтөө яг цаг тухайд нь ХХБ-ны Баярхишигийн 407185279 тоот дансанд 2015 оны 09 сарын 11-нийг хүртэл хугацаандаа хийж байсан. 2015 оны 06 сарын 17-нд манайх Ланд машин авах гээд наадмын өмнө та хоёр зээлээсээ төлөх үү гэхээр нь 9 800 000 төгрөг төлж миний зээл үндсэн мөнгө 7 100 000 төгрөг үлдсэн юм. Үүнээс цааш хувиар гаргаж үзэхээр би үлдсэн мөнгөн дээрээ сард 98 000 төгрөгөөр төлөх байсан боловч хаашдаа би төлөх юм чинь гээд 7, 8, 9 сард нь 245 000 төгрөг хийсэн. Тэгж байгаад 2015 оны 10 сард Баярхишиг ах нас бараад би ч ажилгүй байсан тэр үед 10, 11 сард мөнгө хийгээгүй байсан. Эхнэр Оюунцэцэг манай гэрт 2 удаа ирэхээр нь 250 000 төгрөгөөр 2 удаа мөнгө өгөөд явуулсан. Баримт аваагүй. Хэн хэндээ итгээд тэгээд цаашдаа мөнгөө огт төлөөгүй биш 98 000 төгрөгөө хугацаандаа хийж амжаагүй үе байсан ч дараа нь нөхөөд өгөөд яваад байсан. Яагаад гэнэт зээлээ хийж чадахаа байсан гэхээр би өөрөө ажилгүй болоод ажиллаж байсан төслийн маань хугацаа дуусаад 2015 оны 11 сараас нөхөр маань бөөрний архаг дутагдалд орж 2016 оны 03 сараас бөөрний аппаратанд ордог болоод тэр үед Эрдэнэтэд байхгүй гээд Улаанбаатар хотод 7 хоногтоо 750 000 төгрөгөөр аппаратанд мөн 7 хоногт эм түлш 250 000 төгрөгөөр орж байсан. Тэгж байгаад 7 сараас Эрдэнэтэд аппаратанд ордог болж байгаад 2017 оны 3 сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Бөөрний донор нь би өөрөө болж 40 гаран сая төгрөг болсон. Мөн тэгж байтал охин маань оюутан болоод зөндөө хүндрэл гарсан. Хүү Анхбаярт нь ах эгч хоёр нь боломжгүй байна. Зээлийн үлдэгдэлээ 98 000 төгрөгөөр хийгээд явж байгаад гайгүй болно, удахгүй тэгээд мөнгөө өгье. Зээлээ хаасан бол манай ордерыг банк бусад тавиад өгчих бид төлөөд авъя гэтэл үгүй гэсэн. Сүүлд нь бүр байнга ирж дарамт шахалт үзүүлээд байр зарна гэж хүмүүс дагуулж ирээд байхаар нь за ах эгч хоёр нь өөрсдөө зар өгье тэгээд хүн явуул үлдэгдэл мөнгийг өгье гэж тохирсон байсан. Мөнгөө өгье гэхээр хаа замбараагүй 25 сая төгрөг авна гэж байсан. Тэгэхээр нь эгч нь үлдсэн мөнгөө хүү торгуультай нь өгнөө хохироохгүй арай ингэж болохгүй гэж хэлэвч ойлгоогүй. Байр зарсан тухайн үеийн татварын хөнгөлөлт 3 сая төгрөг бид авахгүй та ав гээд Баярхишиг ах авч байсан. Мөн байрны зээл амь насны даатгалтай байсан учир мөнгө орсон гэж байсан. Гэхдээ үүнийг би энэ хүмүүс авах ёстой л гэж бодож байна нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

******* миний бие 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бага хүүтэй зээл судалж явж байхдаа танил М.Гэрэлмаатай таарч түүгээр зуучлуулан Ш.Баярхишиг болон түүний эхнэр Оюунцэцэг нартай танилцан тохирч миний байрны ордер дээр ХХБ-наас орон сууцны зээлээр сарын хүү нь 1.2 хувьтай зээл авахаар болж. Байраа 45 000 000 сая гэж үнэлж урьдчилгаа 20 хувь болох 9 000 000 төгрөгийг би зээл чөлөөлдөг хүнээс түр зээл гартал хүүтэй зээлэн авч байршуулсан. С.Баярхишиг, Оюунцэцэг нар нь ХХБ-тай байрны зээлийн гэрээ хийж би өөрийн өмчлөлийн байраа С.Баярхишгийн нэр дээр шилжүүлж банкнаас 45 000 000 төгрөгний зээл гарсан. Зээл гарахтай холбогдон гарсан бүх зардлыг би өөрөө хариуцан төлсөн. Уг гарсан зээлээ 9 000 000 төгрөгийг 20 хувиа байршуулахад өгсөн хүндээ эргүүлэн өгч, ХХБ банкны ******* миний дансанд байрны үнэ гэж орсон 36 000 000 төгрөгнөөс Оюунцэцэг гэгч Баярхишиг нарт 17 350 000 төгрөг бэлнээр өгч би өөрөө үлдэгдэл 18 650 000 төгрөгийн авч тус тусдаа зээлийн хувиараа салган хийж, тус тусийн зээлээ төлөхөөр тохиролцсон ба Ш.Баярхишиг ахыг нас барахаас өмнө банкны зээлээ бүгд хуваарийн дагуу төлж тохиролцсон ёсоор бидний харилцаа хэвийн үргэлжилж байсан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар миний үндсэн зээл 6 900 000 төгрөг үлдсэн байсан. Мөн зээлээ урьдчилан төлсөн байсан тул сарын төлөлт 93 600 төгрөг болж буурсан байсан. Гэтэл Ш.Баярхишиг ах нас барж мөн миний нөхрийн бие муудаж би гэртээ ажилгүй жил гаран байх хугацаанд сарын төлөлтөнд хүндрэл учирч хугацаа хэтэрч байсан энэ үед талийгаачийн ар гэрийнхэн дарамт шахалт олон удаа үзүүлж гэрт ирж гадаа шитны тог хайчилж хаях эсвэл байр зарна гэж зар өгч хүн явуулдаг байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж миний амьдарч байгаа орон сууцыг чөлөөлүүлж, намайг орон сууцгуй болгуулахаар маргаан үүсгэж, энэ асуудлыг шүүх үнэн шударгаар шийдэх байх гэж бодож явтал ийм нэхэмжлэл гаргахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэхэд ямарч боломжгүй болсон учир ийнхүү сөрөг нэхэмжпэл гаргаж байна. Мөн хоорондоо тохирсон зээлийн хугацаа дуусаагүй байхад үлдсэн бүх зээлээ хааж хүү ******* нь байрны өмчлөгч болсоноо хэлээгүй байсныг шүүхэд өгсөн хойно нь мэдсэн. Анхнаасаа би өөрийн орон сууцаа талийгаач Ш.Баярхишиг ахад огт худалдаагүй ба зээлийг 2 тал хамт аваад зээлсэн мөнгөө тус тусдаа төлж дуусаад буцаагаад байрны гэрчилгээгээ нэр дээрээ болгуулж авна гэж тохирсон байтал Ш.Баярхишигийн хүү болон эхнэр нь орон сууцны гэрчилгээг *******ын нэр дээр шилжмэгц надаас орон сууцыг минь авахаар улайрч байна. Иймд 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт:

Миний аав Ш.Баярхишиг нь 2011 оны 04 дүгээр сарын 04-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-79 тоот байрыг орон сууцыг зээлээр худалдах худалдан авах болж Худалдаа хөгжлийн банкны зээлд хамрагдан авсан бөгөөд аав маань уг орон сууцны зээлээ сар бүр төлж байгаад /2 000 000 төгрөг орчим/ нас барсан. Ингээд аавыг нас барсны дараа би уг зээлийг төлж барагдуулсан ба зээлийн барьцаанаас чөлөөлөгдөхөд өв залгамжлах эрх нээлттэй болж, өвлөх эрхийн дагуу тухайн орон сууцыг өөрийн өмчлөлдөө авсан.Уг орон сууцанд амьдрах гэтэл тухайн орон сууцыг худалдсан, хариуцагч ******* гэр бүлийн хамт амьдарч байсан учир орон сууцыг чөлөөлөхийг хүсэхэд удахгүй гарна, та нарт баярлаж явдаг шүү, орон байрыг удахгүй чөлөөлж өгнө гэж байснаа зугтаах болсон, үүнээс хойш ажлын байран дээр нь очиход уулзах боломжгүй гэж үүдний жижүүртээ хэлэн уулзахгүй байсан. Ингээд орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэл гаргатал аавтай хамтарч зээл авсан, барьцаанд нь байраа тавьсан гэж гүтгэж шүүхэд маргаан үүсгэх болсон. Үнэхээр зээлийн асуудал байсан эсэхийг аавын холбогдолтой баримтуудад үзэхэд юу ч байгаагүй, түүнчлэн орон сууцнаас гарах асуудлыг ярьж уулзахад ч хариуцагч энэ тухай хэлж байгаагүй. Би өөрийн ээж дүү нараас асуухад тийм зүйл огт байхгүй. Хариуцагчийг худал хэлж байна. Биднийг 14 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийсэн гээд байгаа хэрэг үү худлаа ярьж байна, аав чинь чамд зориулаж худалдан авсан байр гэж хэлсэн. Шүүх хурал дээр бид зээлийн гэрээтэй байсан гээд хариуцагч уйлаад байхаар нь хурлын дараа гэртээ очин дахин ээжээ асуусан, тийм зүйл огт байхгүй, яагаад ингээд байгаа юм, биднийг дээрэлхэж байна, аав чинь орон байргүй хэцүү үлдэж байгаа гэнэ, нөхөр нь өвчтэй, өөрөө өртэй гээд зовлон тоочоод хэсэг хугацаанд орон байрны асуудал шийдтэл байлгаач гээд байна, хүүгээ сургуулиа төгсөж иртэл гээд зөвшөөрчихлөө, хүүгээ өрх тусгаарлатал гайгүй байлгүй гэж байсан гэх зүйлийг хэлсэн. Мөн өмнөх шүүх хурлын дараа хариуцагчаас ажиглагдсан зүйл юу вэ гэхээр хурал дээр уйлж байсан хүн чинь хурлын дараа уйлсан гэх хүний шинжгүй, ширэв татаад хүнтэй утсаар хээв нэг яриад шүүхээс гараад яваад өгсөн. Энэ үед худлаа уйлж байсан нь мэдэгдэж байсан билээ. Орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш 7 жил 4 сар болсны дараа худалдах худалдан авах гэрээ байгаагүй, зээл байсан гэх маргааныг үүсгэж байна. Энэ хугацаанд аав бид хоёр чинь хамтарч зээл авсан байсан, төлж чадахгүй байна гэж нэг ч удаа ирж байгаагүй, уулзахад ч энэ тухай ярьж байгаагүй, харин ч зугтааж, утсаа огт авдаггүй, очихоор үүдээ тайлж өгдөггүй, уулзах гээд ажил дээр нь очихоор байхгүй гэж хэлүүлэн уулздаггүй, арайхийж уулзахаар удахгүй орон байраа чөлөөлнө гэж байсан хүн билээ. Мөн нөхөр нь одоо ч аргагүй биднийг уучлаарай гэж байсан. Тухайн сөрөг нэхэмжлэлдээ: Зээлээ бүгд хуваарийн дагуу төлж байсан тухай дурджээ. Үүний нотлох баримт болгон дансны хуулга баримт гаргаж өгсөнтэй танилцаад, ээж болон өөрийн дүү Б.Уянгаас тодруулж асуухад: Миний аав орон сууцанд амьдрахыг зөвшөөрөхдөө зээлийн төлбөрөөс сар бүр төлөх тохиролцоог хийсэн, байранд байлгасны хөлс гэж авч байсан мөнгөө зээлийн дансруугаа хийлгүүлж байсан үнэн гэхдээ ямар ч түрээс болон хөлсний гэрээ бичгээр үйлдээгүй, аав маань тухайн орон сууцыг зээлээр авсан учир та нар байя гэвэл зээлийн төлбөрийн 50 хувийг сар бүр төлөх, мөн гэрэл тогны мөнгөө сар болгон төлөх гэж тохиролцоод, хүүг иртэл байж болно гэж зөвшөөрсөн байсан, мөнгө өгөхгүй үед би очиж нэхдэг байсан гэж дүү Б.Уянга хэлсэн тул тус хэрэгт гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Миний аав Ш.Баярхишиттэй хийсэн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон суун худалдах худапдан авах гэрээ нь хууль ёсны дагуу хийгдсэн гэрээ бөгөөд гэрээний дагуу худалдаа хегжлийн банкинд төлөх орон сууцны зээлийг аав маань төлж байгаад, би үргэлжлүүлэн төлж барагдуулсан. Иймд би тус орон сууцны хууль ёсны өмчлөгч тул серөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00877 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******, Ш.Баярхишиг нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөг, 387 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гийн илүү төлсөн 5 000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******аас 382 950 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Хамтарсан зээлийн барьцаанд байраа миний аавын нэр дээр шилжүүлэн өгсөн гэж гүтгэж, шүүхэд маргаан үүсгэн, миний аав Ш.Баярхишигийн 2011.04.08-ны өдрийн Орхон аймгийн Баян-өндөр сум Уртбулаг баг 5-24-79 тоот байрыг орон сууцны зээлд хамрагдаж худалдаж авсан асуудалд мэтгэлцсэн. Худалдаж авсан тухай аав маань амьд байхдаа надад өөрт маань хэлж байсан. Үнэхээр зээлийн асуудал аавд маань байсан бол надад яах гэж худлаа хэлсэн байх уу, нас барсны дараа орон сууцнаас гарах эсэх асуудлаар бидэнтэй уулзаж байхдаа хариуцагч энэ тухай яагаад хэлээгүй юм, үнэхээр зээлийн гэрээний дагуу байраа аавд маань шилжүүлснээ мэдэж байсан юм бол надад худал хэлж, зээлээ төлүүлсэн болж байна уу, мөн хариуцагч зээлийн гэрээний дагуу өөрөө төлөх төлбөртөө байраа барьцаалсан байснаа мэдсээр байж, надаар орон сууцныхаа өр төлбөр, зээлээ төлүүлсэн хэрэг үү, очиж уулзах болгонд уучлаарай, удахгүй гарна гэж байсан хариуцагч энэ бүгдээ зориуд нууж зээлээ төлүүлсэн хэрэг үү, Хариуцагчийн зээлийн өр төлбөрт алдах гэж байсан орон сууцыг нь би аварч төлсөн хэрэг үү, энэ бүгдийг нарийн учрыг намайг мэдэхгүй мэтгэлцэж чадахгүй байна гэх нэрийн дор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Орон сууцны зээлийн төлбөрийг би төлж барагдуулсан, барагдуулсан баримтаа ч гаргаж өгсөн. Энэ байдлыг хариуцагч шүүх хуралдаанд үгүйсгэж чадаагүй, би байраа барьцаалсан төлбөрөө төлж чадаагүй нь миний буруу гэхдээ би байраа худалдаагүй гэх маргааныг анхан шатны шүүх үнэн зөв байна гэж дүгнэхдээ дансны хуулбар баримтыг баримталсан нь үндэслэлгүй. Банкнаас авсан 36.000.000 төгрөгний тал мөнгийг аавыг маань буцаан авсан гэх асуудлыг шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн. Миний аав Ш.Баярхишигийг 36.000.000 төгрөгний талыг авсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй, энэ талын нотлох баримтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй байхад шүүх авсан мэт шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талууд тохиролцон урт хугацааны зээл авсан гэж хариуцагч мэтгэлцсэнийг үнэн зөв байна гэж шүүх үзэхдээ худалдах худалдан авах гэрээний дагуу сар бүр төлж байсан гэх хариуцагчийн 245.000 төгрөгийн баримтыг үндэслэсэн.

Яагаад 245.000 төгрөгийг хариуцагч төлж байсан талаар Б.Уянга гэрчилснийг нотлох баримт гэж үзэхгүй байгаа талаар шүүх дурдаагүй атлаа хариуцагч талаас гэрчилсэн гэх Гэрэлмаагийн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн нь талууд нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан, талуудын гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгөхдөө хэрэгт ач холбогдолтой талаас анхаарч үзээгүй. Орон сууц зээлээр худалдах худалдан гэрээний үүргийн дагуу зээлийг хэн төлж байсан, төлбөрийг намайг төлсөн зэрэг байдалд хариуцагч маргаагүй, тухайн орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу 36.000.000 төгрөг хариуцагчид шилжсэн нотлох баримт, аав нас барах үед 32.416.598 төгрөгийн зээл үлдсэн /9хуу/ байснаас даатгалын байгууллага 16.918.917 төлбөрийг төлсөн, 15.133.072 төгрөгийг би төлсөн /9хуу,10хуу/ холбогдох баримт зэрэг нийт аав нас барснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс 32.416.598 төгрөгийг төлсөн ба уг гэрээний үүргийн дагуу нийт 56.882.322 төгрөгийг төлсөн баримтыг /10 хуу / хэрэгт ач холбогдолтой баримтыг үнэлээгүй.

Хэзээ зээлсэн, хэдийд төлөх мөнгө болох, энэ олон жил төлөхөөр тохиролцсон зээл байсан гэж үү гэх асуудал ярихад худал хэлээд байгаа хариуцагчийн үгийг бодит гэж хүлээж авч байгаа нь огт ойлгогдоогүй. Худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш 7 жил болсон байна. Энэ хугацаанд би аавтай чинь хамт зээл авсан байсан гэж нэг ч удаа ирж байгаагүй, уулзахад ч энэ тухай ярьж байгаагүй хариуцагчийн үгийг шүүх үнэн зөв гэж хүлээж авч шийдвэр гаргаж намайг хохироосон. Би хууль бус гэрээний үүргийг биелүүлж, хариуцагчийн зээлийн өрөнд алдах гэж байсан байрны төлбөрийг өөрийн цалин хөлсөөр төлж хохирч байгаа хэрэг үү, энэ бүгдийг намайг мэдэж байсан гэж гэрчийн хамт шүүх хуралдаан дээр хариуцагч дайрч байсан ба хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэн шийдвэрлээгүй учраас Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.13-ны өдрийн 142/Ш32018/00877 тоот шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******г Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг 5-24-79 тоот орон сууцнаас албадан гаргуулах, тус байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Зохигчид нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч *******ын эцэг Ш.Баярхишиг, хариуцагч ******* нар нь 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-79 тоот 3 өрөө байрыг 45.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийж, Ш.Баярхишиг нь Худалдаа хөгжлийн банкнаас орон сууц худалдах худалдан авах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулж 36.000.000 төгрөгийн зээл авсан, тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан, Ш.Баярхишиг нь 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барж хүү ******* түүний хууль ёсны өвлөгч болсон зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /орон сууц худалдах худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, банкны дансны хуулга/ тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч ******* нь Ш.Баярхишигийн хууль ёсны өвлөгчийн хувьд маргаж буй 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч өмчлөгч нь болжээ.

Нэхэмжлэгч ******* нь тухайн байрны худалдах худалдан авах гэрээнд оролцоогүй, мөнгө төгрөгний талаар сайн мэдэхгүй, аав орон сууц худалдан авсан тухай хэлж ярьж байсан гэж тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч түүний эцэг Ш.Баярхишиг нь маргаж буй байрыг хариуцагч *******гаас худалдаж авсан болохыг нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын талаархи татгалзал тайлбарыг няцааж чадаагүй байна.

Харин хариуцагч ******* нь Ш.Баярхишиг, Оюунцэцэг 2 цалингийн зээлтэй байснаа хаахаар, би өр төлбөрөө дарахаар хоорондоо харилцан ярилцаж байгаад манай 3 өрөө байрыг Ш.Баярхишиг ах худалдах худалдан авах гэрээ хийж Худалдаа хөгжлийн банкнаас 45.000.000 төгрөгийн зээл авах зээлийн мөнгийг хувааж аваад 2 талаасаа сар бүр зээлээ төлөх, зээлээ төлж дууссаны байраа миний нэр дээр эргүүлэн шилжүүлэх талаар тохиролцсон, Худалдаа хөгжлийн банкнаас авсан 36.000.000 төгрөгний 17.350.000 төгрөгийг Ш.Баярхишиг авч сард 228.953 төгрөг төлөх манайх 18.650.000 төгрөгийг авч сард 245.600 төгрөг төлөхөөр болж зээл авснаас хойш сар бүр Ш.Баярхишигийн данс руу мөнгөө хийж байсан, байрыг хөлсөлж суусан зүйлгүй, анхнаасаа амьдарч байсан байр энэ талаар гэрч Гэрэлмаа мэдэж байгаа гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн ба түүний тайлбар татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримт банкны дансны хуулга гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаж *******ын нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, иргэний хуулинд нийцсэн байна.

Ш.Баярхишиг, ******* нар нь худалдаа хөгжлийн банкнаас зээл авахын тулд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байдаг тул шүүх 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны 142/ШШ2018/00877 дугаар шийдвэрийн 2 дахь заалтанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******, Ш.Баярхишиг нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож гэснийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******, Ш.Баярхишиг нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

С.УРАНЧИМЭГ