Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00086

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01224 дүгээр шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалтай,

 

Б.Аын нэхэмжлэлтэй

 Д.А д холбогдох

 

48,963,405 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2011.04.08-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Агийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01224 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.2.1.-д заасныг баримтлан хариуцагч 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.А, Ш.Баярхишиг нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ нь хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг Б.Аын өмчлөлөөс Д.Агийн өмчлөлд шилжүүлж, Д.Агаас 3,955,707 төгрөг гаргуулан Б.Ат олгож шийдвэрлэжээ.

 

2. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ/2019/01224 дугаар шийдвэрийн 2 дугаар заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг Б.Аын өмчлөлөөс Д.Агийн өмчлөлд шилжүүлж, Д.Агаас 3.955.707 төгрөг гаргуулан Б.Ат олгосугай ... гэснийг ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг Б.Аын өмчлөлөөс Д.Агийн өмчлөлд шилжүүлж, Д.Агаас 12.955.707 төгрөг гаргуулан Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36.007.698 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж,шийдвэрийн 3 дугаар заалтад улсын тэмдэгтийн хураамжид тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч Д.А хяналтын гомдолдоо: 1. Бидэнд байр худалдах, худалдан авах  зорилго байгаагүй, хэн аль нь зээл авахын тулд дүр үзүүлж ийм гэрээ хийсэн, шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Зээл авахын тулд банкинд байрны урьдчилгаа 9,000,000 төгрөг байршуулах болсон тул би М.Гэрэлмаагийн найз Алтаннар гэдэг хүнээс 9,000,000 төгрөг хүүтэй зээлж аваад банкинд байршуулсан. Тэгээд зээлээ авсны дараа Алтаннарт би 245,000 төгрөгийг хүүнд нэмж нийтдээ 9,245,000 төгрөг өгсөн, мөн банкнаас байрны зээлд Б.Баярхишиг ахын нэр дээр 45,000,000 төгрөг аваад 9,000,000 төгрөгийг нь би Алтаннард өгөөд 36,000,000 төгрөгийг нь Б.Баярхишиг ах бид хоёр хувааж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 9,000,000 төгрөгийг хэнээс зээлсэн, хэзээ буцааж төлсөн талаар нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. 2.Би Алтаннарыг шүүх хуралд гэрчээр оролцуулах гэсэн боловч Солонгос улс руу явчихсан байсан тул оролцуулж чадаагүй, Алтаннар тэндээ хөл хорионд байгаа, удахгүй 7 сарын үеэр Монголд ирэх юм гэсэн. Гэхдээ шүүх хуралд гэрч М.Гэрэлмаа мэдүүлэхдээ намайг Алтанараас 9,000,000 төгрөг авсан гэдгийг тодорхой хэлсэн, гэрчийн мэдүүлэг бол нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 3.Түүнчлэн нэхэмжлэгч талаас 9,000,000 төгрөгийг Б.Баярхишигээс гаргасан талаар баримт гаргаж өгөөгүй нь намайг энэ мөнгийг гаргаж урьдчилгаанд байршуулсан гэдгийг давхар нотолж байгаа юм. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж буй шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй тул шаардлага нь үндэслэлгүй гэж үздэг. Б.А 9,000,000 төгрөгийн хувьд шүүх хуралд мэтгэлцэхдээ “би нарийн сайн мэдэхгүй энэ талаар ээж аав хоёр л мэднэ” гэж ярьдаг, өөрөө сайн мэдэхгүй зүйлийнхээ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Би Алтаннарт урьдчилгаанд авсан 9,245,000 төгрөгийг, албан татварын 2 хувийн мөнгө гэж 900,000 төгрөг, Б.Баярхишигт өгсөн шагналын 1,000,000 төгрөгийг буюу нийтдээ 11,145,000 төгрөгийг бэлнээр Алтаннарын данс руу нь хийсэн, Аптаннарын данс нь Хаан банкны данс байсан, одоо дансны дугаарыг нь санахгүй байна. Алтаннар өөрөө ирвэл энэ баримтыг гаргаж өгөх боломжтой болно. Би энэ 9,000,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй, энэ мөнгийг би өөрөө төлсөн, харин 3,955,707 төгрөгийг би төлөхөд татгалзах зүйлгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулав.

 

5. Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Д.Ад холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаас 48,963,405 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Д.А зээлийн төлбөрт нийт 21,306,700 төгрөг төлсөн тул хасч, үлдэгдэл зээлийг төлнө гэж мэтгэлцсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг маргаж, 2011.04.08-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгатай сөрөг нэхэмжлэл  гаргасанд нэхэмжлэгч Б.А маргаагүй, харин уг гэрээтэй холбоотой орон сууцны зээл, зээлийн хүүд тооцож төлсөн төлбөр, байрны урьдчилгаа төлбөрийг хариуцагч төлөх ёстой гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагчаас 3,955,707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 12,955,707 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг дүгнэж, харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох талуудын өгсөн авсныг харилцан буцааж шийдвэрлэхдээ өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн боловч хариуцагчаас гаргуулах мөнгөн хөрөнгийн талаар үндэслэлтэй дүгнэж хийж чадаагүй байх тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

7. Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийх, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үздэг. Нэхэмжлэгч Б.Аын аав Ш.Баярхишиг, хариуцагч Д.А нар 2011.04.08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг худалдах-худалдах авах гэрээг байгуулсан боловч ийм зорилго байгаагүй, зээл авахын тулд уг хэлцлийг байгуулсан, Д.А орон сууцаа эзэмшсэн хэвээр байгаа үйл баримт тогтоогдсон, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийг зөрчөөгүй байна. Гэрээний нэг тал болох Ш.Баярхишиг 2014.10.25-ны өдөр нас барсан, Б.А нь өв залгамжлалаар орон сууцны өмчлөгч болсон байх боловч Б.А нь уг орон сууцыг аав Ш.Баярхишиг худалдаж аваагүй болохыг мэдэх боломжтой, мэдэж байсан нь тогтоогдсон, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.А үндсэндээ маргаагүй, харин орон сууцны зээлийг хариуцагч төлөх ёстой гэж маргасан байна.

8. Нэхэмжлэгчийн аав Ш.Баярхишиг дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу орон сууцыг авахдаа 2011.04.11-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 36,000,000 төгрөгийн орон сууцны зээлийг 14 жилийн хугацаатай, жилийн 13.2 хувийн хүүтэй авсан, үүнээс 17,350,000 төгрөгийг Ш.Баярхишиг, 18,650,000 төгрөгийг Д.А тус тус авч, улмаар талууд авсан зээлийн төлбөрөө тус тус сар бүр төлөх, төлж дуусмагц Д.Ад орон сууцны өмчлөх эрхийг буцааж шилжүүлэхээр харилцан тохиролцсон, гэвч Ш.Баярхишиг 2014.10.25-ны өдөр нас барсан, түүний амь насны даатгалын төлбөрийг авч нэхэмжлэгч Б.А 2016.12.13-ны өдөр 13,623,524 төгрөгийг төлж зээлийн үүргийг дуусгавар болгосон үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

 

9. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээс гадна талуудын хооронд үүссэн мөнгөн төлбөрийн үүрэг хамаарсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон шүүхийн хууль хэрэглээг буруутгах боломжгүй байна. Нэхэмжлэгчийн аав Ш.Баярхишиг банкны өмнө үүрэг хүлээсэн, хариуцагч Д.А 18,650,000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт Ш.Баярхишигт буцааж өгөх үүрэг хүлээсэн, энэ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хамаарна.

 

10. Иймд хариуцагчаас буцаан гаргуулах мөнгөн төлбөрийн үүргийг тодорхойлохын тулд тухайн зээлийг төлөх үүргээ хариуцагч Д.А бүрэн биелүүлсэн эсэх, хэдий хэмжээний үүргийг биелүүлээгүй нь маргааны зүйл болсон байх ба хэрэгт дараах баримт байхад хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна. Тодруулбал,

 

10.1. 2011.04.11-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ 2025.04.11 хүртэл хугацаатай боловч нэхэмжлэгч Б.А хугацаанаас өмнө буюу 2016.12.13-ны өдрийн байдлаар үлдэгдэл 13,623,524 төгрөгийг төлж, зээлийг хаасан баримт хэрэгт авагджээ. /хх-10/ Дээрх зээлийг Б.Аын аав Ш.Баярхишиг төлөх үүрэгтэй, харин хариуцагч Д.А нь өөрт ногдох үүргийг Ш.Баярхишигт шилжүүлэх үүрэгтэй юм.

 

10.2. Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ дуусгавар болсон эсэхийг дүгнэхийн тулд хариуцагч Д.А авсан 18,650,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт бүрэн төлсөн эсэх, нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэг байгаа эсэхийг дүгнэх шаардлагатай. Д.А нь нийт 14,710,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогджээ. Үүнд: 2012.06.08, 2012.09.06, 2013.01.07, 2013.01.08, 2013.02.07, 2013.03.06-нд тус бүр 210,000 төгрөгийг 6 удаа нийт 1,260,000 төгрөгийг, 2013.06.07, 2013.07.06, 2013.09.06, 2013.10.04, 2013.11.07, 2014.02.07, 2014.05.08-нд тус тус 245,000 төгрөгийг 8 удаа нийт 1,960,000 төгрөг, 2014.06.17-ны өдөр 9,800,000 төгрөг, нэхэмжлэгч Б.А, түүний заасан этгээдийн дансанд нийт 11 удаагийн шилжүүлгээр/хх26-37/ 1,690,000 төгрөг бүгд 14,710,000 төгрөгийг төлсөн баримт байна. /хх-26-37, 46,47,50,51,54-57, 61,64,65,.../

 

10.3 Гэрээг дуусгавар болгосон үе буюу 2016.12.13-ны байдлаар нэхэмжлэгч банкинд зээлийн үүрэгт нийт 56,882,322 төгрөгийг төлсөн байх ба үүнээс хариуцагч Д.А авсан 18,650,000 төгрөг, хүүд нийт 27,343,518 төгрөгийг төлөх ёстой ба 14,710,000 төгрөгийг төлж, 12,878,518 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй, энэ үндэслэлээр болон хуулийн заалтыг алдаатай бичснийг залруулж, магадлалд өөрчлөлт оруулан, гомдлын зарим хэсгийг хангав.

 

11. Хариуцагч нь хяналтын журмаар гаргасан гомдолд “магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүсэхдээ 9,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөөгүй нь үндэслэлтэй боловч 3,955,707 төгрөгийг төлөх ёстой гэх гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч нь хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ шилжүүлэн авч байгаа тул нэхэмжлэгчид зохих мөнгийг буцааж өгөх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01224 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56.2.1” гэснийг “56.1.2” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...12,955,707...” гэснийг “12,878,518” гэж, “...36,007,698” гэснийг “...36,084,887” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...382,950” гэснийг “...221,006...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.07-ны өдөр төлсөн 158,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ