Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00521

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2018/00877 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 131 дүгээр магадлалтай

Б.Аын нэхэмжлэлтэй,

Д.Ад холбогдох

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-24-79 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баярхишиг овогтой Анхбаяр миний төрсөн эцэг Шарав овогтой Баярхишиг нь 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-79 тоот орон сууцыг Д.Агаас ХХБ-ны зээлээр худалдан авч, байрны зээлээ цаг тухай бүрд нь төлж яваад 2014 оны 10 дугаар сарын 25-нд зуурдаар нас барсан. ХХБ-ны үлдэгдэл зээлийг хүү Б.А би үргэлжлүүлэн төлж байгаад 2016 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. Уг байр нь аав Ж.Баярхишигийн өмчлөлийн байр байсан ба өв залгамжлагчаар би өвлөн үлдэх болсон. Тухайн үед байраа зарсан эзэд нь зарсан байрандаа түр хугацаагаар суухаар аавтай тохиролцож байсан юм билээ. Одоо уг 5-24-79 тоот байраа суллаж авах гэсэн боловч байранд сууж буй хүмүүс байр суллаж өгөхгүй байгаа тул намайг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцнаас Д.Аг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.А би 2008 онд Анод банкнаас 2 дүүгээ Солонгос улс руу явуулахаар бизнесийн зээл аваад явуулсан гэтэл 2 дүү маань 2 сарын дараа баригдаад Монголд ирсэн. Тэр үеийн Анод банкны зээлийн хүү 3.6 хувь буюу зөвхөн сард хүүнд 684 000 төгрөг төлж байсан. Тэгээд Анод банк татан буугдаад зээлээ 2 дүү маань төлөх боломжгүй болсон тул олон сараар төлөөгүй байж байгаад Анод банк нь бүх зээлтэй хүмүүсээ шүүхэд өгөөд төлүүлсэн байдаг. Яг тэр үед Анод банкны зээлийг төлөх гээд яаж төлөх вэ гэж байж байтал манай нэг танил найз манай таньдаг ах эгч хоёр байгаа, ГОК-д ажилладаг. Байрны зээл болгож хэн хэндээ хэрэгтэй шагналаа өгөөд мөн гарах зардлаа хариуцаад болдог юм уулзаад үз гээд очиж уулзахад тохироод Баярхишиг ах Оюунцэцэг эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон. Мөн бид хоёр 12 500 000 төгрөгөөр 2009 онд орж ирсэн машин авсан байснаа зарж зээлдээ хийх гэж байгаа гэсэн. Тэгвэл та хоёр машинаа 9 сая гэж байгаа юм уу бид хоёрт 7 саяар өгчих. Бид хоёр ялгаагүй зээлийг чинь төлөөд явна гэж тохироод аймгийн захиргааны нэг цонхны нотариат дээр худалдах-худалдан авах гэрээ хийж, машин өгөөд ХХБ-аас авсан зээлийг Баярхишиг 17 350 000 төгрөгийг сар бүр 228 953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18 650 000 төгрөгийг сар бүр 245 600 төгрөгөөр төлөх болоод тохироод зээлээ авсан. Тухайн зээлтэй холбоотой бүх зардлыг би даана гээд төлсөн байгаа. Ингээд мөн зээл авч өгсөн шагнал гэж 1 000 000 төгрөг өгсөн. Тэр нь Хабитатын төсөв, байшин бариулах урьдчилгаа төлбөрт 2 500 000 төгрөг төлдөг байсан юм. Үүний 1 500 000 төгрөгийг өөрсдөө төлж 1 000 000 төгрөгийг би өгч байшин бариулсан. Ингээд 2011 оны 5 дугаар сарын 11-нээс эхлэн төлөлтөө яг цаг тухайд нь ХХБ-ны Баярхишигийн 407185279 тоот дансанд 2015 оны 09 сарын 11-нийг хүртэл хугацаандаа хийж байсан. 2015 оны 06 сарын 17-нд манайх Ланд машин авах гээд наадмын өмнө та хоёр зээлээсээ төлөх үү гэхээр нь 9 800 000 төгрөг төлж миний зээл үндсэн мөнгө 7 100 000 төгрөг үлдсэн юм. Үүнээс цааш хувиар гаргаж үзэхээр би үлдсэн мөнгөн дээрээ сард 98 000 төгрөгөөр төлөх байсан боловч хаашдаа би төлөх юм чинь гээд 7, 8, 9 сард нь 245 000 төгрөг хийсэн. Тэгж байгаад 2015 оны 10 сард Баярхишиг ах нас бараад би ч ажилгүй байсан тэр үед 10, 11 сард мөнгө хийгээгүй байсан. Эхнэр Оюунцэцэг манай гэрт 2 удаа ирэхээр нь 250 000 төгрөгөөр 2 удаа мөнгө өгөөд явуулсан. Баримт аваагүй. Хэн хэндээ итгээд тэгээд цаашдаа мөнгөө огт төлөөгүй биш 98 000 төгрөгөө хугацаандаа хийж амжаагүй үе байсан ч дараа нь нөхөөд өгөөд яваад байсан. Яагаад гэнэт зээлээ хийж чадахаа байсан гэхээр би өөрөө ажилгүй болоод ажиллаж байсан төслийн маань хугацаа дуусаад 2015 оны 11 сараас нөхөр маань бөөрний архаг дутагдалд орж 2016 оны 03 сараас бөөрний аппаратанд ордог болоод тэр үед Эрдэнэтэд байхгүй гээд Улаанбаатар хотод 7 хоногтоо 750 000 төгрөгөөр аппаратанд мөн 7 хоногтоо эм тарианд 250 000 төгрөгөөр орж байсан. Тэгж байгаад 7 сараас Эрдэнэтэд аппаратанд ордог болж байгаад 2017 оны 3 сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Бөөрний донор нь би өөрөө болж 40 гаран сая төгрөг болсон. Мөн тэгж байтал охин маань оюутан болоод зөндөө хүндрэл гарсан. Хүү Анхбаярт нь ах эгч хоёр нь боломжгүй байна. Зээлийн үлдэгдлээ 98 000 төгрөгөөр хийгээд явж байгаад гайгүй болно, удахгүй тэгээд мөнгөө өгье. Зээлээ хаасан бол манай ордерыг банк бусад тавиад өгчих бид төлөөд авъя гэтэл үгүй гэсэн. Сүүлд нь бүр байнга ирж дарамт шахалт үзүүлээд байр зарна гэж хүмүүс дагуулж ирээд байхаар нь за ах эгч хоёр нь өөрсдөө зар өгье тэгээд хүн явуул үлдэгдэл мөнгийг өгье гэж тохирсон байсан. Мөнгөө өгье гэхээр хаа замбараагүй 25 сая төгрөг авна гэж байсан. Тэгэхээр нь эгч нь үлдсэн мөнгөө хүү торгуультай нь өгнөө хохироохгүй арай ингэж болохгүй гэж хэлэвч ойлгоогүй. Байр зарсан тухайн үеийн татварын хөнгөлөлт 3 сая төгрөг бид авахгүй та ав гээд Баярхишиг ах авч байсан. Мөн байрны зээл амь насны даатгалтай байсан учир мөнгө орсон гэж байсан. Гэхдээ үүнийг би энэ хүмүүс авах ёстой л гэж бодож байна нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.А миний бие 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бага хүүтэй зээл судалж явж байхдаа танил М.Гэрэлмаатай таарч түүгээр зуучлуулан Ш.Баярхишиг болон түүний эхнэр Оюунцэцэг нартай танилцан тохирч миний байрны ордер дээр ХХБ-наас орон сууцны зээлээр сарын хүү нь 1.2 хувьтай зээл авахаар болж. Байраа 45 000 000 сая гэж үнэлж урьдчилгаа 20 хувь болох 9 000 000 төгрөгийг би зээл чөлөөлдөг хүнээс түр зээл гартал хүүтэй зээлэн авч байршуулсан. С.Баярхишиг, Оюунцэцэг нар нь Худалдаа хөгжлийн банктай байрны зээлийн гэрээ хийж би өөрийн өмчлөлийн байраа С.Баярхишигийн нэр дээр шилжүүлж банкнаас 45 000 000 төгрөгийн зээл гарсан. Зээл гарахтай холбогдон гарсан бүх зардлыг би өөрөө хариуцан төлсөн. Уг гарсан зээлээ 9 000 000 төгрөгийг 20 хувиа байршуулахад өгсөн хүндээ эргүүлэн өгч, ХХБ банкны Д.А миний дансанд байрны үнэ гэж орсон 36 000 000 төгрөгнөөс Оюунцэцэг эгч Баярхишиг нарт 17 350 000 төгрөг бэлнээр өгч би өөрөө үлдэгдэл 18 650 000 төгрөгийн авч тус тусдаа зээлийн хувиараа салган хийж, тус тусын зээлээ төлөхөөр тохиролцсон ба Ш.Баярхишиг ахыг нас барахаас өмнө банкны зээлээ бүгд хуваарийн дагуу төлж тохиролцсон ёсоор бидний харилцаа хэвийн үргэлжилж байсан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар миний үндсэн зээл 6 900 000 төгрөг үлдсэн байсан. Мөн зээлээ урьдчилан төлсөн байсан тул сарын төлөлт 93 600 төгрөг болж буурсан байсан. Гэтэл Ш.Баярхишиг ах нас барж мөн миний нөхрийн бие муудаж би гэртээ ажилгүй жил гаран байх хугацаанд сарын төлөлтөнд хүндрэл учирч хугацаа хэтэрч байсан энэ үед талийгаачийн ар гэрийнхэн дарамт шахалт олон удаа үзүүлж гэрт ирж гадаа шитны тог хайчилж хаях эсвэл байр зарна гэж зар өгч хүн явуулдаг байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж миний амьдарч байгаа орон сууцыг чөлөөлүүлж, намайг орон сууцгүй болгуулахаар маргаан үүсгэж, энэ асуудлыг шүүх үнэн шударгаар шийдэх байх гэж бодож явтал ийм нэхэмжлэл гаргахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй болсон учир ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн хоорондоо тохирсон зээлийн хугацаа дуусаагүй байхад үлдсэн бүх зээлээ хааж хүү Б.А нь байрны өмчлөгч болсноо хэлээгүй байсныг шүүхэд өгсөн хойно нь мэдсэн. Анхнаасаа би өөрийн орон сууцаа талийгаач Ш.Баярхишиг ахад огт худалдаагүй ба зээлийг 2 тал хамт аваад зээлсэн мөнгөө тус тусдаа төлж дуусаад буцаагаад байрны гэрчилгээгээ нэр дээрээ болгуулж авна гэж тохирсон байтал Ш.Баярхишигийн хүү болон эхнэр нь орон сууцны гэрчилгээг Б.Аын нэр дээр шилжмэгц надаас орон сууцыг минь авахаар улайрч байна. Иймд 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний аав Ш.Баярхишиг нь 2011 оны 04 дүгээр сарын 04-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-79 тоот байрыг орон сууцыг зээлээр худалдах худалдан авах болж Худалдаа хөгжлийн банкны зээлд хамрагдан авсан бөгөөд аав маань уг орон сууцны зээлээ сар бүр төлж байгаад /2 000 000 төгрөг орчим/ нас барсан. Ингээд аавыг нас барсны дараа би уг зээлийг төлж барагдуулсан ба зээлийн барьцаанаас чөлөөлөгдөхөд өв залгамжлах эрх нээлттэй болж, өвлөх эрхийн дагуу тухайн орон сууцыг өөрийн өмчлөлдөө авсан.Уг орон сууцанд амьдрах гэтэл тухайн орон сууцыг худалдсан, хариуцагч Д.А гэр бүлийн хамт амьдарч байсан учир орон сууцыг чөлөөлөхийг хүсэхэд удахгүй гарна, та нарт баярлаж явдаг шүү, орон байрыг удахгүй чөлөөлж өгнө гэж байснаа зугтаах болсон, үүнээс хойш ажлын байран дээр нь очиход уулзах боломжгүй гэж үүдний жижүүртээ хэлэн уулзахгүй байсан. Ингээд орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэл гаргатал аавтай хамтарч зээл авсан, барьцаанд нь байраа тавьсан гэж гүтгэж шүүхэд маргаан үүсгэх болсон. Үнэхээр зээлийн асуудал байсан эсэхийг аавын холбогдолтой баримтуудад үзэхэд юу ч байгаагүй, түүнчлэн орон сууцнаас гарах асуудлыг ярьж уулзахад ч хариуцагч энэ тухай хэлж байгаагүй. Би өөрийн ээж дүү нараас асуухад тийм зүйл огт байхгүй. Хариуцагчийг худал хэлж байна. Биднийг 14 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийсэн гээд байгаа хэрэг үү худлаа ярьж байна, аав чинь чамд зориулж худалдан авсан байр гэж хэлсэн. Шүүх хурал дээр бид зээлийн гэрээтэй байсан гээд хариуцагч уйлаад байхаар нь хурлын дараа гэртээ очин дахин ээжээ асуусан, тийм зүйл огт байхгүй, яагаад ингээд байгаа юм, биднийг дээрэлхэж байна, аав чинь орон байргүй хэцүү үлдэж байгаа гэнэ, нөхөр нь өвчтэй, өөрөө өртэй гээд зовлон тоочоод хэсэг хугацаанд орон байрны асуудал шийдтэл байлгаач гээд байна, хүүгээ сургуулиа төгсөж иртэл гээд зөвшөөрчихлөө, хүүгээ өрх тусгаарлатал гайгүй байлгүй гэж байсан гэх зүйлийг хэлсэн. Мөн өмнөх шүүх хурлын дараа хариуцагчаас ажиглагдсан зүйл юу вэ гэхээр хурал дээр уйлж байсан хүн чинь хурлын дараа уйлсан гэх хүний шинжгүй, ширэв татаад хүнтэй утсаар хээв нэг яриад шүүхээс гараад яваад өгсөн. Энэ үед худлаа уйлж байсан нь мэдэгдэж байсан билээ. Орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш 7 жил 4 сар болсны дараа худалдах худалдан авах гэрээ байгаагүй, зээл байсан гэх маргааныг үүсгэж байна. Энэ хугацаанд аав бид хоёр чинь хамтарч зээл авсан байсан, төлж чадахгүй байна гэж нэг ч удаа ирж байгаагүй, уулзахад ч энэ тухай ярьж байгаагүй, харин ч зугтааж, утсаа огт авдаггүй, очихоор үүдээ тайлж өгдөггүй, уулзах гээд ажил дээр нь очихоор байхгүй гэж хэлүүлэн уулздаггүй, арайхийж уулзахаар удахгүй орон байраа чөлөөлнө гэж байсан хүн билээ. Мөн нөхөр нь одоо ч аргагүй биднийг уучлаарай гэж байсан. Тухайн сөрөг нэхэмжлэлдээ: Зээлээ бүгд хуваарийн дагуу төлж байсан тухай дурджээ. Үүний нотлох баримт болгон дансны хуулга баримт гаргаж өгсөнтэй танилцаад, ээж болон өөрийн дүү Б.Уянгаас тодруулж асуухад: Миний аав орон сууцанд амьдрахыг зөвшөөрөхдөө зээлийн төлбөрөөс сар бүр төлөх тохиролцоог хийсэн, байранд байлгасны хөлс гэж авч байсан мөнгөө зээлийн дансруугаа хийлгүүлж байсан үнэн гэхдээ ямар ч түрээс болон хөлсний гэрээ бичгээр үйлдээгүй, аав маань тухайн орон сууцыг зээлээр авсан учир та нар байя гэвэл зээлийн төлбөрийн 50 хувийг сар бүр төлөх, мөн гэрэл тогны мөнгөө сар болгон төлөх гэж тохиролцоод, хүүг иртэл байж болно гэж зөвшөөрсөн байсан, мөнгө өгөхгүй үед би очиж нэхдэг байсан гэж дүү Б.Уянга хэлсэн тул тус хэрэгт гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Миний аав Ш.Баярхишиттэй хийсэн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон суун худалдах-худалдан авах гэрээ нь хууль ёсны дагуу хийгдсэн гэрээ бөгөөд гэрээний дагуу худалдаа хөгжлийн банкинд төлөх орон сууцны зээлийг аав маань төлж байгаад, би үргэлжлүүлэн төлж барагдуулсан. Иймд би тус орон сууцны хууль ёсны өмчлөгч тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2018/00877 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ад холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.А, Ш.Баярхишиг нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөг, 387 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Агийн илүү төлсөн 5 000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Ааас 382 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ад олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 131 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны 142/ШШ2018/00877 дугаар шийдвэрийн 2 дахь заалтанд “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.А, Ш.Баярхишиг нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож” гэснийг “Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.А, Ш.Баярхишиг нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Аын нэхэмжлэлтэй Д.Ад холбогдох хэргийн Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.13-ны өдрийн 142/Ш32018/00877 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.13-ны өдрийн 131 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 172-р зүйлийн 172.2.2-р заалтын дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Миний аав Ш.Баярхишиг нь 2011.04.08-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-79 тоот байрыг орон сууцны зээлд хамрагдаж худалдаж авсан бөгөөд аав маань уг орон сууцны зээлээ сар бүр төлж байгаад нас барсан. Аав нас барах үед 32 416 598 төгрөгийн зээл үлдсэн байснаас даатгалын байгууллага 16 918 917 төгрөгийн төлбөрийг төлсөн, 20 013 405 төгрөгийг би төлсөн /хх-9,10/ холбогдох баримтыг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Уг гэрээний үүргийн дагуу нийт 56 882 402 төгрөгийн үндсэн зээлийн хүүнд нь 16 366 598 төгрөгийг төлсөн байдаг. Уг зээлийг төлж барагдуулж өөрийн өмчлөлд бүртгүүлсэн. Энэ үед тус орон сууцанд хариуцагч байсан учир орон сууцыг чөлөөлөхийг хүсэхэд удахгүй гарна гэж байснаа гэнэт зугтаах болсон тул шүүхэд хандсан. Үнэхээр зээлийн асуудал байсан бол аав маань нас барсны дараа гарах эсэх асуудлаар бид уулзахад хэлж ярих байсан. Хариуцагч ярьж байгаагүй.

Би байраа барьцаалж зээл авсан төлбөрөө төлж чадаагүй нь миний буруу, гэхдээ би байраа худалдаагүй гэх маргааныг үүсгэн шийдвэрлэхэд дээрх төлөлтийн байдал, түүний дансанд байршуулсан 9 000 000 төгрөгийг хэн байршуулсан болохыг нотлоогүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх хуралдаан дээр аавыг маань дансанд нь 9 000 000 төгрөгийг байршуулж орон сууцны зээл авсныг хариуцагч үгүйсгээгүй атлаа би олж өгсөн гэж тайлбар гаргадаг ба үүнийг нотлоогүй байдлыг шүүх анхаарч үзээгүй.

Хэрэгт авагдаагүй баримтыг ач холбогдолтой баримтад үнэлэлт дүгнэлт өгч, ач холбогдолтой гэж үзэх эсэхийг гэрч Гэрэлмаагийн мэдүүлэг, гэрч Уянгын мэдүүлгийн аль нь үнэн зөв болох талд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Гэрч Гэрэлмаагийн мэдүүлгийг шууд үнэн зөв гэж үзэхдээ гэрч Уянга зарим зүйлийн талаар тодорхой мэдүүлэг өгөөгүй гэдгээр үгүйсгэсэн. Гэтэл Гэрэлмаагийн мэдүүлэг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийснийг өөр өөр эсрэг мэдүүлэг өгсний аль нь нотлох баримт гэж үзэх вэ гэдэгт үнэн зөв талаас нь дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 заалтыг зөрчсөн.

Тайлбарын үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дүгнэж шийдвэрлэхдээ аав болон хариуцагч нарын гэрээний үр дагаварт нэхэмжлэгч болон даатгалын байгууллага буруугүй байхад хохироох шийдвэр, магадлал гаргасан. Даатгалын байгууллага болон миний бие уг гэрээг үнэн зөв гэрээ гэж зээлийн үлдэгдлийг бүрэн төлсөн ба худалдах-худалдан авах гэрээг өөр гэрээ байсан гэж хариуцагч мэтгэлцэж байгаа байдлыг мэдээгүй болохыг хүлээн зөвшөөрч хариуцагч тайлбарладаг. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн хариуцлагыг гэрээ байгуулсан талууд биш төлбөрийг төлсөн этгээдүүд хүлээх этгээдүүд мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Байраа барьцаалан зээл авч зээлээ төлж чадаагүй гэх хариуцагчийн хариуцлагыг би мэдсээр байж банкны өмнө төлөх үүрэг надад байгаагүй, хэрвээ үүргээ мэдэж байсан бол яагаад биднээр төлүүлсэн талаар юу ч нотлоогүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй ба Иргэний хуулийн 112-т эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих заалтыг харгалзан үзээгүй.

Аав Баярхишигтэй худалдах-худалдан авах гэрээ хийснээс хойш 7 жилийн хугацаа өнгөрөхөд хуулийн этгээдүүд хоорондоо маргаан үүсгээгүй, хуулийн хугацаа өнгөрсөн байхад хариуцагчийн үгийг шүүх үнэн гэж хүлээж авч шийдвэрлэхдээ бусдын эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг анхаарч шийдвэрлээгүй гэж үзэж байх тул Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.13-ны өдрийн 142/ШЗ2018/00877 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.13-ны өдрийн 131 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдлын хариу тайлбартаа: Миний бие Д.А нь одоогийн амьдарч байгаа 5-24-79 тоот орон сууцийг 2004 оны 6 сард Хаан банкнаас байрны зээлээр 60 сарын хугацаатай 5 800 000 төгрөгөөр худалдан авч зээлээ төлж дууссан. Би өөрөө айлын том, доороо 5 дүүтэй бөгөөд 2 дүүгээ ажилгүй байж байхаар Солонгос улс руу явж ажил хийж ирвэл зүгээр гээд Анод банкнаас 2008 оны 3 сард сарын 3.6 хувийн хүүтэй бизнесийн зээл авч өгөөд хараар ажиллуулахаар явуултал дүү нар удалгүй 3 сарын дараа баригдаж ирээд би зээлээ өөрөө төлж байсан. Гэтэл Анод банк татан буугдаад Эрдэнэтэд байхгүй болсон болохоор зээлээ төлөхгүй хэдэн сар болтол Анод банк 2011 оны 3 сард шүүхэд зээлдэгч нараа өгсөн байсан. Тийм учраас би арай гэж зээлээр аваад төлж дууссан байраа алдахгүйн тулд бага хүүтэй зээл судалж байсан юм.

Гэтэл миний танил М.Гэрэлмаа таараад байрны зээл одоо хүү багатай болсон, хугацаа нь 15 жил болсон байна лээ, манай хүргэн ах эгч 2 өөрийнхөө байрыг хүний нэр дээр болгоод тийм зээл авсан, чи тийм хүн олж уулз, шагналыг нь өгье гэж яриад гэсэн. Би надад тэгж зээл авч өгөх ажил төрөлтэй ах дүү байхгүй яахуу гэтэл манай эгчтэй нэг айлын бэр Оюунцэцэг эгч Эрдэнэт үйлдвэрт ажилладаг юм, би чамайг уулзуулж өгье гээд бид 2 очиж уулзаад ярьтал болох л юм байна, бид 2 бас цалингийн зээлтэй байгаа хүү нь ч буух юм байна, бас хугацаа нь урт болохоор сарын төлөлт нь буурна. Би ганцаараа шийдэхгүй манайд орой ирээд нөхөртэй бас уулзаараа гэхээр нь Гэрэлмаатай хамт 5-р микрийн 3-р байранд байдаг гэрт нь очиж уулзаад тохирон зээл авахаар болсон юм.

Аль банкаар зээлээ авахуу гэж ярилцаад Худалдаа хөгжлийн банкаар цалингаа авдаг бас Гэрэлмаа миний таньдаг эдийн засагч Батбаяр гэж байгаа, би бас давхар хэлж өгье гэсэн учир банктай Баярхишиг ах, Оюунцэцэг эгч 2 очиж уулзаад манай байрыг үзүүлээд зээлийн материалаа бүрдүүлж өгч, 2011 оны 4-р сарын эхээр зээлээ хөөцөлдөж эхэлсэн.

Банк судалж үзээд байрны зээлийнхээ урьдчилгаа 20 хувийг байршуулах хэрэгтэй гэсний дагуу Би Гэрэлмаагийн найз Алтаннар гэж эмэгтэйгээс цөөн 3-4 хоногоор 9 сая төгрөгийг хүүтэй авч байршуулсан .

Банкнаас зээл гарч 9 сая төгрөгийг зээлж авсан Алтаннарт буцаан өгч, зээлийн 36 сая төгрөгөөс 17 350 000 төгрөгийг С.Баярхишиг ах, Оюунцэцэг эгч 2-т би данснаасаа бэлэн авч өгч, би үлдэгдэл 18 650 000 төгрөгийг авсан. Тухайн зээлтэй холбоотой гарсан бүх зардлыг би төлсөн, мөн чиний байр юм чинь банкны хий гээд байгаа амь насны даатгалын мөнгө болон байрны даатгалын мөнгийг төл гээд би тухайн үед эдгээр 2 даатгалын мөнгө 100 000 орчим төгрөгийг төлсөн. /мөн шагнал болох сая төгрөг өгсөн/

Би та 2 татварын хөнгөлөлт эдэлж байгаагүй бол татварын хөнгөлөлт эдэлж болно гэж хэлж С.Баярхишиг ах 2012, 2013 онд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байдаг. Мөн би 2012, 2013, 2014 онуудад банкны даатгалын гэрээ сунгах болгонд гэрээгээ сунгаарай гээд бэлэн мөнгө өгч, гэрээг С.Баярхишиг ахаар сунгуулж байсан гэрээний сунгалтын мөнгийг эхнэр Оюунцэцэг эгч надаас ирж авдаг байсан.

Уг зээлийг авсан өдрөө би Оюунцэцэг эгчийг ажил дээрээ дагуулж ирээд компьютер дээрээ 2 талынхаа тус тусдаа төлөх зээлийн хуваарийг гаргаж авцгаасан. Гэхдээ тухайн үедээ итгээд л гарын үсэг зуралцаагүй зүгээр хуваарь гаргаад өөр өөрсдөө авсан юм.

Ингээд сар бүрийн 11-ний өдөр зээлийн төлөлт төлөх хуваарь банк гаргаж өгсөн, харин Баярхишиг ах, Оюунцэцэг эгч 2 үйлдвэрийн цалин сар бүрийн 6-7 хооронд ордог юм тэрнээс нь зээл татаад авчих байх, тиймээс чи зээлээ 11-нээсээ өмнө хийж байгаараа гэсэн учираас би 11-нээс өмнө өөрийн төлөх зээлээ хийж байсан.

Би зээл нэр дээрээ авч өгсөн хүний итгэл алдахгүйн тулд 2011 оны 5 сараас 2014 оны 9 сарыг дуустал зэлээ хугацаандаа хийж байсан юм. Зээл авснаас хойш эхний 24 сард би 210 000 төгрөгөөр зээлээ төлсөн байгаа. Энэ нь Оюунцэцэг эгч Булган аймгийн Ингэт суманд байдаг өөрийн ээжийнхээ өвөлжөө хаваржааг янзлах хэрэгтэй байна, чи эгчдээ ажлын газраас нөгөө хүүгүй өгдөг зээлээсээ 1 сая төгрөг аваад өгөөч гэсэн учир би авч өгөөд, тэр зээлийг нь би төлсөн учир миний эхний 24 сарын төлөлтийг 210 000 төгрөг болгож хоорондоо тохирон төлсөн.

Мөн зээлээ хугацаандаа хэл амгүй төлөлцөж байсан бөгөөд 2014 оны 6 сарын дундуур Оюунцэцэг эгч залгаад Баяраа ах чинь наадмаар Бугат сумынх нь ойтой, ланд машин авна гээд байгаа юм зээл авах гэсэн банк байрны зээл өндөр байна гээд байна, чи зээлээсээ төлөх боломж байна уу гэсэн. Би тэгэхээр нь хэдийг олж хийх үү гэтэл 12 сая байвал сайн байна гэхээр нь би мөнгө хайж, хамаатны ахаасаа мөнгө зээлж 9 800 000 төгрөгийг С.Баярхишиг ахын Худалдаа хөгжлийн банкны 407185279 тоот зээлээ хийдэг байсан данс руу хийсэн. Энэ үед би зээлийн үлдэгдэлээ тооцож үзэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 7.1 сая орчим, мөн цаашид үлдсэн хугацаандаа бодож үзээд Оюунцэцэг эгчид одоо миний зээлийн төлөлт сард 93 600 болох юм байна, дүү нь сар сардаа хийгээд байна, боломж байвал 2, 3 жил болоод зээлээ дуусганаа гэж хэлсэн.

2014 оны 6 сард миний ажиллаж байсан хүмүүнлэгийн байгууллага татан буугдаж, би ажилгүй болсон ч ажилгүйдлийн мөнгөө аваад 7,8,9 сард 93 600 төгрөгөөр зээлээ төлөх байсан ч зээлээ буурч байг гээд 245 000 төгрөг хийсэн. Тэгж байтал 10 сард Баярхишиг ах гэнэт машинаа барьж яваад зүрх нь хаагдаж нас бараад данс нь хаагдсан, бас нөхөр маань хүндээр өвчилж эмнэлэгээр яваад 2015, 2016, 2017 онуудад зээлээ төлдөг боловч заримдаа хойшоо урагшаа ухраад өгч чадахгүй үе ч байсан, данс нь хаагдсан учир эхнэр, охин, хүү мөн бэлэн ирж авч, өөр хүний дансруу хийлгүүлж авч байсан. Яагаад гэхээр хүү Анхбаяр нь аавынхаа оронд орж зээл шилжсэн учир ээж нь би одоо мэдэхгүй Анхбаяр мэднэ гэдэг учир би тэр үеэс хүүтэй нь холбогдож ирсэн. /ааваас нь хойш бэлэн болон бэлэн бусаар өгч байсан миний баримтууд хавтаст хэрэгт байгаа/

2017 оны 10 сард Анхбаяр ажил дээр ирээд та зээлийнхээ төлөлтийг өгөх үү гэхээр нь надад мөнгө байхгүй учир би хүнээс 100 000 төгрөг зээлээд, 80 000 төгрөгийг Анхбаярт өгөөд миний дүү энийг хийж бай эгчид нь 20 000 төгрөг хэрэг байгаа энийгээ би авъя, чамд дараа нь нөхөөд өгнөө гэж хэлээд бид 2 Төгөл их дэлгүүрийн гаднаас салсан. Мөн эгч хүнээс 3 сая төгрөг авахаар боллоо тэрийг авах уу, он гараад арай гайгүй болохоор үлдэгдлээ олж өгье, одоо нөхрийн маань бие 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, он гараад эрхтэн шилжүүлэх хагалгаанд орно, охин оюутан болсон, эгч нь ганцаараа төсвийн цалинтай хэцүүү байна гэж гуйсан. Гэтэл удалгүй надад шүүхээс бичиг ирээд очтол Анхбаяр байрнаас албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Анхбаяр удаа дараа гэрт ирж дарамталж, үүдний тог хайчилж, хүмүүс дагуулж ирж байр зарна гэж зар өгөөд байхаар нь манай нөхөр бид 2 өөрсдөө зар өгье гээд зар өгтөл Анхбаяр танай байр гайгүй юм чинь манай ажлын газрын хүн байр авах гэж байгаа үзүүлье гэхээр нь тэг гэсэн боловч ирээгүй, бид 2 ч зар өгсөн боловч зарагдаагүй юм.

2018 оны 2 сард Анхбаяр бага зэргийн халамцуу намайг гэрийн гадаа дэлгүүрийн тэнд дуудаад уулзтал байрны ордер гаргаж харуулаад би авах юмаа авсан шүү одоо яриад байх юм байхгүй гэхээр нь эгчийнхээ ордерийг банк бусд тавиад миний төлөх мөнгийг авчих, би тэр зээлээ дараад авъя гэтэл үгүй, 25-30 сая төгрөг өгч байж ав гэж хэлсэн.

Би Анхбаяр болон ээж дүүтэй нь холбогдож байсан, бидний хоорондоо бичиж байсан зүйлс мобикомоос лавлагаа авах юм бол нотлогдоно. Мөн намайг худлаа утсаа авдаггүй, зугтаад уулздаггүй гэж гүтгэж байгаа нь бүгд худлаа. Би 2015 оны З сард сургуульд нягтлан бодогчоор ажилд орсон. Анхбаярын дүү нь 2 хүүхдээ байнга сургуульд нь өгч авахдаа таардаг, мөн Анхбаяр ч манай ажил дээр ирж намайг дарамталж байр суллаж өг гэдэг байсныг хамт нэг өрөөнд суудаг байсан ажилтан маань гэрчилнэ. Миний ажил Анхбаярын гэрийнх нь яг хажуу буланд 100 метрийн зайтай байдаг бөгөөд би хэзээ ч ажлаа тасалж байгаагүй, байнга ажил дээрээ ажлын цагаар байдаг байсныг манай байгууллагын ирцийн дэвтэр нотлоно. Харин 2017 онд нөхөрөө хагалгаанд орох үед 20 хоногийн чөлөөтэй байсан. Анхбаярын ээж бүх нарийн учрыг сайн мэдэж байж хүүхдээ ингэж явуулаад байгааг би гайхаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А нь Д.Ад холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-24-79 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, орон сууцнаас албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3. гэснийг 57 дугаар зүйлийн 57.1. болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.А нь нэхэмжлэгчийн эцэг Ш.Баярхишигтэй хамтарч зээл авахаар 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Уртбулаг 5 дугаар хороолол 24-79 тоот 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Ш.Баярбилэгийн өмчлөлд шилжүүлж, Ш.Баярхишиг нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас орон сууцны зориулалтаар 36 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан байрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан байна.

Зээлийн 36 сая төгрөгийг Ш.Буянхишиг 17 350 000 төгрөгийг, Д.А 18 650 000 төгрөгөөр хуваан авч, тус бүр өөрт ногдсон зээл, зээлийн хүүг хариуцан төлж байсан үйл баримт тогтоогджээ.

Хэдийгээр Ш.Баярхишиг, Д.А нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх Д.Агаас   Ш.Баярхишигийн өмчлөлд шилжсэн боловч бодит байдалд худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй, орон сууцны эзэмшил шилжээгүй, талуудын хэн алинд нь орон сууцыг  худалдах эсхүл худалдан авах хүсэл зорилго байгаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн боловч Иргэний хуулийн хоёр өөр зүйл, заалтаар хэргийг шийдвэрлэсэн бөгөөд ямар үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон шалтгаан, үндэслэлээ шийдвэр, магадлалд тусгаагүй байна.

Тухайлбал: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн боловч ямар хэлцлийг халхавчлах зорилгоор дээрх хэлцлийг хийсэн талаар дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээг өөрчилж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцжээ.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх заалт нь мөн хуулийн 58-60 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох тохиолдлыг зохицуулсан байх ба давж заалдах шатны шүүх хуулийн аль заалтад хамааруулан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь тодорхойгүй байна.

Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн, эсхүл хүчин төгөлдөр бусд тооцсон атлаа үр дагаврыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ.

Иймд “...хариуцагчийн зээл төлөлтийн байдал, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох, яагаад биднээр зээлийг төлүүлсний дараа байраа худалдаагүй гэж шаардлага гаргасан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, бусдын эрх ашиг хөндөгдөж байгааг шүүх анхаарсангүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.-т нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хавсаргана гэж, 63 дугаар зүйлийн 63.1.2.-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамжийг төлөхөөр, 7.1.2.-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөгийг төлнө гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага тус бүрд улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2018/00877 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 131 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД