Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 187

 

Э.Оод холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай                                                                     

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуяг, Ж.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаар магадлалтай, Э.Оод холбогдох 1902000000017 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Өлзийтбулаг овогт Э.О нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Оыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Оын нийт эдлэх 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лизергид /Lyzergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ ЛСД гэх нэршилтэй бодис, ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.2 гр өвс гэх бодис, хар өнгийн толбо тогтсон тугалган цаас, цагаан өнгийн дугтуй зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, А067287 гэсэн сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг улсын орлого болгохыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуяг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Гомдлын үндэслэл буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Э.Оыг шүүхээс буруутгаж буй Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн” байхаар гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь олон улсын шуудан илгээмжээр ирсэн ЛСД гэх нэршилтэй бодисыг хүлээн авсан боловч уг бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.О гадаад улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн олон улсын шуудан илгээмжээр хүлээн авсан, түүнчлэн тухайн бодис нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис гэдгийг мэдээгүй байсан ба гаалийн үзлэг шалгалтаас нууж, эсвэл хилийн боомтоос гадуур Монгол улсын хилээр нэвтрүүлсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй байдаг. Тэрээр тухайн бодисыг биеийн тамир тэнхээ сэргээх, сэргээшийн төрлийн бодис гэж интернэтээр захиалж авсан бөгөөд олон улсын шуудан илгээмжээр чухам юу захиалж авч байгаагаа Э.О мэдэж байсан эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй байж, мөрдөх байгууллага болон прокурор, шүүх нь түүнийг мансууруулах бодис гэдгийг мэдэж байсан гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй буюу дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг өөрчлөн найруулж, “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэснийг хассан. Харин хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг “...худалдаалах зорилгоор... мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, үйлдсэн ... бол” гэж нэмсэн байна. Үүнээс үзвэл Э.Оын үйдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж ойлгогдож байх тул шүүх бүрэлдэхүүн үүнийг хянаж өгөхийг хүсье. Э.Оод холбогдох хэргийг илрүүлэх ажиллагаа хууль бус буюу прокурорын зөвшөөрөлгүй нууц мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр илрүүлсэн нөхцөл байдал харагдаж байхад анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.

Учир нь “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэгээнтэн кино театрын гадаа мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан байж болзошгүй” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, уг мэдээллийг шалгахаар тухайн өдрөө буюу 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга Л.Төгс-Ухаан мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах албаны даргын тогтоол үйлдсэн байдаг. Уг тогтоолд “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэгээнтэн кино театрын гадаа Э.О нь өөрийн биедээ LSD гэх мансууруулах бодисын агууламжтай 10 ширхэг марк бүхий цаасыг ... хууль бусаар нэвтрүүлсэн” гэж бичигдсэн нь улсын хилээр мансууруулах бодис бүхий олон улсын илгээмж орж ирснийг, мөн илгээмж доторх зүйлийн тоо ширхэг, ямар төрлийн мансууруулах бодис гэдгийг мэдэж байсан нь харагдаж, ойлгогдож байна.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт өгөхдөө “хийгдсэн ажиллагаанууд бүгд нэг өдрийн дотор хийгдсэн тул цаг хугацааны хувьд дараалал алдагдсан байхыг үгүйсгэхгүй” гэж дүгнэсэн нь туйлын ойлгомжгүй. Мөн гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан болон сэжигтнийг баривчилсан цаг хугацаа хоорондоо 1 минутын зөрөөтэй байгаад шүүхээс дүгнэлт хийгээгүй байдаг. Эдгээрээс үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой ... бичигдсэн байна” гэснийг, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт ...-ийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэснийг, мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг тусгана гэснийг шүүх тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 11 хуудсанд хүний биед үзлэг хийх ажиллагааны тэмдэглэл авагдсан ба тэмдэглэлд нүцгэлж үзлэг хийх, эд зүйлд үзлэг хийх ажиллагааны тэмдэглэл хамт бичигдсэн байдаг. Энэ нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд хэдийгээр нэг цаг хугацаанд зэрэг хийгдэж болох ажиллагаа хэдий ч тус тусдаа эхэлсэн, дууссан цаг хугацаатай, ажиллагаанд байлцуулж болох, болохгүй хүнийг тусгайлан зааж өгөх ёстой мөрдөн шалгах ажиллагаануудыг мөрдөгч бүгдийг нь нийлүүлсэн байсан. Энэхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй нотлох баримтыг шүүх шийдвэр гаргахдаа ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Э.Оын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар хэлсэн саналдаа: “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг өөрчлөн найруулж, “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэснийг хассан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “худалдаалах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, үйлдсэн бол...” гэж нэмсэн байна. Үүнээс үзэхэд Э.Оын үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж ойлгогдож байх тул үүнд шүүх бүрэлдэхүүнийг дүгнэлт өгөхийг хүсье” гэв.                                                  

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Э.Оод холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдал, үйл баримттай нийцсэн, үндэслэлтэй гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх хуулийн заалтыг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, уг зүйл заалтыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад тусгаж, хорих ялын хугацааг нэмэгдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан гомдлыг үндэслэн Э.Оод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Нидерландын нэгдсэн вант улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад ордог лизергид /Lyzergide LSD/-н агууламжтай, 0.5x0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ ЛСД гэх нэршилтэй бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

улмаар уг бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн “Volkswagen amarak” загварын 75-89 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад ордог ТНС буюу тетрагидроканнабинол агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Оын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Э.Оод 2 жил хорих ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Э.Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” гэсэн шинжийг хасаж, “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэсэн шинжийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.

Эрүүгийн хуульд оруулсан дээрх нэмэлт өөрчлөлтөөс харахад хууль тогтоогч “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжээс хасаагүй, харин тухайн үйлдэлд 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагыг чангаруулсан байна.

Шүүгдэгч Э.Оын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болоогүй тул Э.Оод холбогдох Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан гомдол болон өмгөөлөгч Ж.Болдбаатарын саналыг хүлээж авах үндэслэлгүй болно.

Энэ хэрэгт томилогдсон Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн нэр бүхий мөрдөгчид Э.Оын талаар ирсэн мэдээллийн дагуу 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Э.Оын биед үзлэг хийж, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай байж болзошгүй 0.5х0.5 хэмжээтэй, 10 ширхэг LSD гэх нэршилтэй бодис хураан авсан, мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор Э.Оын биеэс биологийн дээж авсан, мөн түүний гэрт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, “өвс” гэх нэршилтэй бодисыг хураан авч, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 03 тоот тогтоолоор дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хүчинтэйд тооцсон /1хх-7/ байна.

Шүүгдэгч Э.Оод холбогдуулан хойшлуулшгүй журмаар явуулсан мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн26.7 дугаар зүйл буюу мөн хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1-д заасан прокурорын зөвшөөрөлтэйгээр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байх тул хойшлуулшгүй ажиллагааны үр дүнд бэхжүүлэгдэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг эс зөвшөөрч өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН