Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 672

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Сүхбат, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг, Ж.Болдбаатар, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ө овогт Э-ын О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “ХХХХХ” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүрэг 00 дугаар хороо, 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ө овогт Э-ын О-д /РД: УХ000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Нидерландын нэгдсэн вант улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0,5х0,5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ ЛСД гэх нэршилтэй бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Улмаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0,5х0,5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ ЛСД гэх нэршилтэй бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

“Волксваген Амарок” маркийн 75-89 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд ордог ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.О: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шуудангаас над руу залгаад танд шуудан илгээмж ирлээ гэсэн, ажил дээр ирэх боломжтой юу гэж асуухад танай ажил руу явдаггүй, гэхдээ яахав очьё гээд ажил дээр ирэхээр болсон, шуудан зөөгчид ажлын хаягаа маш сайн зааж өгсөн, ажлын гадаа ирээд над руу залгаад гарч ирээд ав гэхээр нь гараад захиагаа авсан, тухайн үед шуудан зөөгч их гэмшингүй харсан царайтай байсан, тэгээд би ууг нь танай ийшээ явдаггүй гэж хэлж байсан, тэгээд захиагаа аваад буцаад явж байхдаа цагдаа нарт баригдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзаасан хуулийн зүйл ангийг зөвшөөрнө, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, маш их гэмшиж байна, шуудангаар ирсэн зүйлийг тухайн үед хар тамхи гэж мэдээгүй, тэгээд захиалсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Э.О гэх хүний гэрийн хаягаар ирсэн Нидерландын вант улсаас илгээсэн илгээмжийг түүний 00000 утсаар холбогдож илгээмж ирсэн талаар хэлэхэд би өөрөө очих боломжгүй байна. Гэгээнтэн кино театрын ойролцоо авчраад өгчих гэсний дагуу хүргэн өгч энгийн захианы дэвтэр дээр гарын үсэг зуруулан 15 цаг 29 минутад өгсөн. ...Э.О-ын гэрийн хаяг болон утасны дугаараар 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нидерландын вант улсаас илгээмж ирснийг өөрөө салбар дээр ирж авч байсан. Тэгэхдээ өмнө нь хүлээн авч байсан илгээмж дотор ямар эд зүйл байсан талаар мэдэхгүй. Бид нар илгээмжийг нээж шалгаж үзэх эрхгүй. Байгаа чигээр нь хүлээлгэн өгдөг. Өөрөөр дээрх улсаас илгээмж хүлээн авч байгаагүй...” /1-р хх-ийн 46-47/ гэсэн,

Шүүгдэгч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Урьд нь би мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын талаар интернетээс уншиж байсан. Интернетэд “Хар тамхи нь ажлын эрч хүч нэмэгдүүлдэг” гэсэн утга бүхий тайлбар байсныг хараад анх удаагаа 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр интернетэд буюу “Гүүглэ” программ дээр “хэрхэн захиалах вэ?” гэж бичиж хайгаад нэг сайтад нэвтрээд “ЛСД” гэх нэршилтэй, нэг багц нь 10 ширхэгтэйгээр орж ирдэг мансууруулах бодис захиалж биткойн гэх нэртэй цахим төлбөрийн хэрэгслийг (өөрөөр хэлбэл цахим мөнгө) ашиглан захиалга өгч, 60 долларын төлбөр төлсөн. Захиалга өгөхдөө, миний өөрийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 тоот хаягийг хавсаргасан бөгөөд уг хаягаар миний захиалга ирсэн. Захиалсан мансууруулах бодис хэзээ ирэх талаар надад ямар нэгэн мэдээлэл байгаагүй боловч 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр шуудангаас залгаад “Танд шуудан ирсэн байна” гэхээр нь би уг шуудангийн ажилтнаас “Ажлын гадаа хүргээд ирэх боломжтой юу?” гэж асуухад “Боломжтой” гэхээр нь ажлынхаа байрны гадаа хүргүүлэхээр болсон. Шуудангийн ажилтан миний ажлын байрны гадаа авч ирэхээр нь би хүлээн авч байх үедээ цагдаагийн байгууллагад баригдаж улмаар шалгагдаж байна. Миний шээснээс гарсан мансууруулах төрлийн бодисыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрийнхээ гадаа буюу Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 0 байрны гадаа зогсоол дээр машиндаа ганцаараа байхдаа хэрэглэсэн. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Хүүхдийн 100 гэж нэрлэж заншсан газарт байрлах “Хаан” банкны зүүн талд байрлах “Паб 23” гэдэг нэртэй газар, урьд Америкт байхдаа хамт ажиллаж байсан танил болох О-той таарсан. О надад “Надад нэг гоё юм байна” гэхээр нь би О-гоос өвс авсан. Тухайн үед О-гоос авсан өвс зэрэг зүйлс нь миний унаж явсан “Волксваген Амарок” маркийн машинаас хураагдсан. Тэр өдрөөс хойш би О-той таараагүй...” /1-р хх-ийн 82-90/ гэсэн,

 

“...Т намайг интернет сайт ашиглан ЛСД нэртэй мансууруулах үйлчилгээтэй зүйлийг захиалсан талаар мэдэж байгаагүй. Инвэстмэнт гэх үг нь хөрөнгө оруулалт гэсэн утгатай. Тухайн үед бид хоёр биткойн буюу цахим мөнгөний талаар ярилцаж түүнийг олборлох машины сарын түрээсийн талаар ярилцаж байгаад дээрх мессежүүдийг хоорондоо бичсэн. Түүн дээр хар тамхи мансууруулах бодисын талаар ямар нэгэн үг утга агуулга байхгүй. Би ямар нэртэй сайт ашиглан ЛСД гэх зүйлийг захиалсан талаараа одоо мэдэхгүй. Гүүглэ хэсэг рүү орж ЛСД-г хэрхэн захиалж авах вэ? гэсэн хайлтыг хийж олон төрлийн сайт гарч ирэхээр нь түүн дундаас нэгийг нь сонгож ороод захиалж байсан болохоор одоо мэдүүлгээ газар дээр нь шалгуулж чадахгүй байхаа. Орсон сайтаа мэдэхгүй байна. Харин захиалсан зүйл минь Нидерландын Вант улсын Амстердам хотоос ирсэн нь шуудан илгээмжийн хаяг дээрээс харагдаж байсан. Би нэг сайт руу ороод захиалга өгсөн ямар улс орноос ирэх талаар нь мэдэхгүй. Хүлээж авах хаяг дээрээ өөрийнхөө гэрийн хаяг болон утасны дугаараа тэмдэглэж явуулсан...” /1-р хх-ийн 91-92/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №532 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Э.О” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahybrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг...” /1-р хх-ийн 53-54/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №531 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 0,8х0,8 см харьцаатай 10 ширхэг цаас мэт зүйлээс Лизергид /Lysergide LSD/ илэрч байна. Мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ илэрч байна. Хуйлсан AD67287 гэсэн сери дугаартай 10-тын тал мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ илэрч байна. Хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цааснаас дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодисууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 3. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн мөнгөлөг цаастай жин нь 1,2353г, цэвэр жин 0,7651г байна...” /1-р хх-ийн 57-61/ гэсэн,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №325 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Э.О урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Э.О нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. Э.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Э.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Э.О нь одоо сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

6. Э.Оод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

7. Э.О нь одоогоор мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” /1-р хх-ийн 71-72/ гэсэн дүгнэлтүүд,

 

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9-10, 17-18/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-16/,

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19-29/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 31-35/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36-40/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 41/,

Шүүгдэгч Э.О-ын хувийн байдалтай холбоотой гэрч Г.Г, Ц.Ч, Ж.Т нарын мэдүүлэг /1-р хх-ийн 42-43, 44-45, 50-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 109/, “ХХХХ” ХХК-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 11/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 116-117/, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 128/, гэрлэлтийн лавлагаа /1-р хх-ийн 129/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 130/, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1-р хх-ийн 135/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 138-139/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 145/, банкны дансны хуулга /1-р хх-ийн 147-153, 156/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 158/, дипломын хуулбар /1-р хх-ийн 159-161/, “ХХХХХ” ХХК-ийн зан байдлын тодорхойлолт /1-р хх-ийн 163/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Оод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Нидерландын нэгдсэн вант улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0,5х0,5см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ ЛСД гэх нэршилтэй бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

улмаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0,5х0,5см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ ЛСД гэх нэршилтэй бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

“Волксваген Амарок” маркийн 75-89 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд ордог ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Г.Н-ын “...Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Э.О гэх хүний гэрийн хаягаар ирсэн Нидерландын Вант улсаас илгээсэн илгээмжийг түүний 99998904 утсаар холбогдож илгээмж ирсэн талаар хэлэхэд би өөрөө очих боломжгүй байна. Гэгээнтэн кино театрын ойролцоо авчраад өгчих гэсний дагуу хүргэн өгч энгийн захианы дэвтэр дээр гарын үсэг зуруулан 15 цаг 29 минутад өгөөд явсан. ...Э.О-ын гэрийн хаяг болон утасны дугаараар 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нидерландын Вант улсаас илгээмж ирснийг өөрөө салбар дээр ирж авч байсан...” /1-р хх-ийн 46-47/ гэсэн, шүүгдэгч Э.О-ын: “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр интернетэд буюу “Гүүглэ” программ дээр “Хэрхэн захиалах вэ?” гэж бичиж хайгаад нэг сайтад нэвтрээд “ЛСД” гэх нэршилтэй, нэг багц нь 10 ширхэгтэйгээр орж ирдэг мансууруулах бодис захиалж “биткойн” гэх нэртэй цахим төлбөрийн хэрэгслийг (өөрөөр хэлбэл цахим мөнгө) ашиглан захиалга өгч, 60 долларын төлбөр төлсөн. Захиалга өгөхдөө, миний өөрийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 000 тоот хаягийг хавсаргасан бөгөөд уг хаягаар миний захиалга ирсэн. Миний шээснээс гарсан мансууруулах төрлийн бодисыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрийнхээ гадаа буюу Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 0 байрны гадаа зогсоол дээр машиндаа ганцаараа байхдаа хэрэглэсэн. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Хүүхдийн 100 гэж нэрлэж заншсан газарт байрлах “Хаан” банкны зүүн талд байрлах “Паб 23” гэдэг нэртэй газар, урьд Америкт байхдаа хамт ажиллаж байсан танил болох О-той таарсан. О надад “Надад нэг гоё юм байна” гэхээр нь би Отгоогоос өвс авсан. Тухайн үед О-гоос авсан өвс зэрэг зүйлс нь миний унаж явсан “Волксваген Амарок” маркийн машинаас хураагдсан...” /1-р хх-ийн 82-90, 91-92/ гэсэн мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №532 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Э.О” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahybrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг...” /1-р хх-ийн 53-54/ гэсэн, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №531 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 0,8х0,8 см харьцаатай 10 ширхэг цаас мэт зүйлээс Лизергид /Lysergide LSD/ илэрч байна. мөнгөлөг цаасанд боодолтой эогоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ илэрч байна. Хуйлсан AD67287 гэсэн сери дугаартай 10-тын тал мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ илэрч байна. Хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цааснаас дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодиснууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 3. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн мөнгөлөг цаастай жин нь 1,2353г, цэвэр жин 0,7651г байна...” /1-р хх-ийн 57-61/ гэсэн,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны №325 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Э.О нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2. Э.О нь сэтгэцийн эмгэггүй байна. 3. Э.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Э.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. 5. Э.О нь одоо сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 6. Э.О-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 7. Э.О нь одоогоор мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” /1-р хх-ийн 71-72/ гэсэн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9-10, 17-18/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-16/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19-29/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 31-35/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36-40/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 41/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Э.О нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, ар гэрийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 20 /хорь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0,5х0,5см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ ЛСД гэх нэршилтэй бодис, ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий 1,2 гр өвс гэх бодис, хар өнгийн толбо тогтсон тугалган цаас, O E, 0 Khan-Uul Districkt 0 Th Khoroo, Ulaanbaatar, 1100 Mongolia, 1079 LD AMSDERDAM THE NETHERLANDS гэсэн бичиглэлтэй, “Монгол шуудан 15”, “Монгол шуудан 53” гэсэн тэмдэг дарагдсан, цагаан өнгийн дугтуй зэрэг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, АD67287 гэсэн сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг улсын орлого болгохыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, захидал харилцааны нууцыг задруулсан, захидлыг задалж юу байгаа талаар урьдчилан мэдсэн, энэ ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хийх ёстой байхад хийгээгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан ажиллагаа, хүний биед үзлэг хийсэн тухай ажиллагаа, гар утсанд үзлэг хийсэн, нэгжлэг хийсэн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн зэрэг ажиллагаануудыг хууль зөрчиж хийгдсэн гэж үзэх боломжгүй, дээрх ажиллагаанууд дээр нэмээд гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол зэрэг нь бүгд нэг өдөр хийгдсэн ажиллагаанууд бөгөөд цаг хугацааны хувьд дараалал алдагдсан, нөхөж хийгдсэн байхыг үгүйсгэхгүй гэж шүүх үзэв. Энэ талаар хэргийг прокурорт буцаагаад нөхөн гүйцэтгэж, засагдах боломжтой ажиллагаа байхгүйг тэмдэглэж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Ө овогт Э-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Оын нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0,5х0,5см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг холбогдсон/ ЛСД гэх нэршилтэй бодис, ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий 1,2 гр өвс гэх бодис, хар өнгийн толбо тогтсон тугалган цаас, O E,  Khan-Uul Districkt 0 Th Khoroo, Ulaanbaatar, 1100 Mongolia, 1079 LD AMSDERDAM THE NETHERLANDS гэсэн бичиглэлтэй, “Монгол шуудан 15”, “Монгол шуудан 53” гэсэн тэмдэг дарагдсан, цагаан өнгийн дугтуй зэргийг /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, АD67287 гэсэн сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг улсын орлого болгохыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн 000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.О-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Даваасүрэнд даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Д.АЛТАНЖИГҮҮР