Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 87

 

Э.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ж.Батхуягын гаргасан давж заалдах гомдлоор Э.Оод холбогдох эрүүгийн 1902000000017 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн ..............ын ................., 19........ оны ........ дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Замайн сервис” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн ............ дугаар хороо, ....... байрны .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

Э.О нь 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Нидерландын нэгдсэн вант улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг/ LSD гэх нэршилтэй бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,

улмаар НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг/ LSD гэх нэршилтэй бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

“VOLKSWAGEN AMAROK” маркийн 7589 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад ордог ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .......... овгийн ..........ын .........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Оын цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Оод оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг/ LSD гэх нэршилтэй бодис, ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.2 грамм өвс гэх бодис, хар өнгийн толбо тогтсон тугалган цаас, Oyunbold Erdenebat, 69А#7 Khan-Uul Districkt 15 Th Khoroo, Ulaanbaatar, 1100 Mongolia, 1079 LD AMSDERDAM THE NETHERLANDS гэсэн бичиглэлтэй, “Монгол шуудан 15”, “Монгол шуудан 53” гэсэн тэмдэг дарагдсан, цагаан өнгийн дугтуй зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, AD67287 гэсэн сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг улсын орлого болгохыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Оод урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Э.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ж.Батхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын зөвшөөрөлгүй бусдыг мөрдөж мөшгин хүний халдашгүй байх эрх, захидал харилцааны нууцад халдсан байж болзошгүй байдаг. Учир нь, хар тамхи, мансуурах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Хишигбаяр гэх албан тушаалтнаас амаар буюу гэмт хэргийн талаарх мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газарт 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 30 минутад гаргасан байдаг. Гэтэл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдаг. Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шуудан хүргэгч олон улсын илгээмжийг 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 15 цаг 29 минутад Э.Оод хүлээлгэн өгч, үүнээс 1 минутын дараа цагдаагийн байгууллагын ажилтнууд Э.Оыг баривчилсан байсан. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага алба хаагчид урьдаас төлөвлөсөн тусгай ажиллагаа явуулсан нь дээрх нөхцөл байдлуудаас харагдаж байгаа ба харин тус хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт хавсаргагдаагүй байдаг. Мөн “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Гэгээнтэн кино театрын гадаа мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан байж болзошгүй” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, уг мэдээллийг шалгахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, дэд хурандаа Л.Төгс-Ухаан 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах албаны даргын тогтоол үйлдсэн байдаг. Уг тогтоолд “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Гэгээнтэн кино театрын гадаа Э.О нь өөрийн биедээ LSD гэх мансууруулах бодисын агууламжтай 10 ширхэг марк бүхий цаасыг... хууль бусаар нэвтрүүлсэн” гэж бичигдсэн буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад олон улсын илгээмж дотор байгаа зүйлсийн талаар мэдсэн нь эргэлзээ бүхий байна. Шүүхээс дээрх нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт өгөхдөө “хийгдсэн ажиллагаанууд бүгд нэг өдрийн дотор хийгдсэн тул цаг хугацааны хувьд дараалал алдагдсан байхыг үгүйсгэхгүй” гэж дүгнэсэн. Гэтэл гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргах болон сэжигтнийг баривчилсан цаг хугацаа хоорондоо 1 минутын зөрөөтэй байгаа, мөн гэмт хэргийн талаарх мэдээллийг ил аргаар мөрдөн шалгах бол уг мэдээллийг шалгах мөрдөгч томилогдсоноос хойш тухайн мөрдөгч хойшлуулшгүй ажиллагаа явуулах боломжтой болохыг шүүх анхаарч үзээгүй. /Энэ ажиллагааны талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар өөрөө дуу дүрсний бичлэгээр баримтжуулан олон нийтийн цахим сүлжээгээр цацсан бөгөөд уг ажиллагаанд хууль зөрчсөн нөхцөл байдал бичигдсэнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хүлээн аваагүй болно./ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүх шийдвэр гаргахдаа хуульд заасан журмыг зөрчиж хийгдсэн нотлох баримтыг ашигласан. Хавтас хэргийн 11 дүгээр хуудсанд, хүний биед үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн баримт байгаа бөгөөд уг тэмдэглэлд хүний биед үзлэг хийх, эд зүйлд үзлэг хийх, нүцгэлж үзлэг хийх зэрэг ажиллагааг нэг дор бичиж тэмдэглэсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлд хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйл, шаардлагатай бол тээврийн хэрэгсэл, уналгыг хамтад нь үзэж болохоор хуульчилсан. Гэхдээ уг ажиллагаанууд нь тус тусдаа ажиллагаа учраас эхэлсэн, дууссан цаг хугацаатай, уг ажиллагаанд байлцуулж болох, болохгүй хүнийг тусгайлан зааж өгсөн байдаг. Хэдийгээр уг ажиллагаануудын явц байдлыг нэг цаасан дээр тэмдэглэж болох боловч дээр дурдсанчлан ажиллагаа эхэлсэн, дууссан цаг хугацаа, тухайн ажиллагаанд оролцсон оролцогч нарын талаар тус тус тэмдэглэгдэх ёстой. Гэтэл дээрх ажиллагааны тэмдэглэлд ямар ажиллагаа нь хэзээ эхэлж, хэзээ дууссан нь тодорхойгүй, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын, хэрэг бүртгэгч С.Чинбат гэх хүн дээрх бүх ажиллагаанд оролцсон байдлаар тэмдэглэгдсэн байтал шүүхээс дүгнэлт хийхдээ “уг ажиллагаануудыг хууль зөрчиж хийгдсэн гэж үзэх боломжгүй” гэдэг өгүүлбэрээр хязгаарлаж, яагаад хууль зөрчөөгүй талаар, яагаад өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байгаа талаар үндэслэл бүхий хариулт өгөлгүй, уг нотлох баримтыг шийдвэр гаргахдаа ашиглажээ. Шүүгдэгчийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн” байхаар гэмт хэргийн шинжийг тодорхойсон байна. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь олон улсын шуудан илгээмжээр ирсэн ЛСД гэх нэршилтэй бодисыг хүлээн авсан боловч уг бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг өөрийн биеэр хийгээгүй. Бодитой оролдлого ч хийгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.О гадаад улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн шуудангийн илгээмжээр хүлээн авах үйлдэл хийсэн ба харин гаалийн үзлэг шалгалтаас нууж, эсвэл хилийн боомтоос гадуур Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Э.Оын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Мөн эхнэр нь ажилгүй, 1-6 насны 3 хүүхэдтэй. Хэдийгээр Э.О нь гэмт хэрэгт холбогдсон боловч түүний эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажил, нийгэмд эзлэх байр суурь зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуульд заасан тодорхой боломжийг эдлүүлээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байдаг. Э.Оод анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох эсхүл 2-8 жилийн хугацаагаар хорих ялын санкцтай. Иймээс энэхүү үйлдэлд нь торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй. Үүнийг харгалзан прокурорын зүгээс анхан шатны шүүхэд ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс мөн дээрх байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хамгийн бага хорих ялыг оноосон. Ж.Батхуяг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд, дээрх хэрэг өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд шүүгчийн захирамж гарч байсан. Прокуророос тус захирамжийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж байсан. Тэрхүү шүүгчийн захирамжтай агуулгын хувьд давхцаж байна. Тухайлбал, Э.Оын биед үзлэг хийх ажиллагаанд шуудан, илгээмжийн ажилтан Чинбатыг оролцуулсан нь Э.Оын гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөх шалтгаан болохгүй. Э.Оын хувцас, эд зүйлд нь үзлэг хийхдээ тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн. Нүцгэлж үзлэг хийх ажиллагааг тухайн үед хувцас, эд зүйлд үзлэг хийх ажиллагаатай хамт явуулсан учир Чинбат хамт байлцаж, нийт үзлэг хийсэн тэмдэглэлийн доор гарын үсэг зурсан. Нэгэнт энэ ажиллагааг дахин явуулах боломжгүй. Гэхдээ нүцгэлж үзлэг хийхээс өмнө хувцас, эд зүйлд үзлэг хийхэд тухайн мансууруулах бодис илэрсэн тул хадгалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн мөрдөн шалгах нууц ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлснээс хойш прокурорын даалгаврын дагуу хяналтын прокуророос зөвшөөрөл авч хийгддэг ажиллагаа. Үүний дагуу нууц ажиллагааны магадлагаа гарч хэрэгт хавсаргагдах ёстой. Гүйцэтгэх ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор тодорхой ажиллагаанууд явуулж мэдээ, мэдээлэл цуглуулдаг. Үүний дагуу мэдээ, мэдээллийн үндсэн дээр холбогдох ажиллагааг явуулсан. Үзлэг хийсэн маягт, бланк нь Улсын Ерөнхий прокурорын баталсан маягт тул хуульд нийцнэ гэж үзэж байна. Өмгөөлөгч Ж.Батхуягаас эдгээр үндэслэлүүдийг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн. Дээрх дурдаад байгаа үндэслэлүүд нь Монгол улсын хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Э.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Нидерланд Улсаас онлайн худалдаагаар захиалсанаа мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ гэмт хэрэг нь Монгол Улсын хилээр нэвтэрснээр төгссөнд тооцогддог. Мөн шуудан илгээмжийн ажилтнаас хүлээж аваад биедээ авч явсан нь чухал болохоос хэдий хугацаанд хадгалсан гэдэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Э.О нь 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Нидерландын нэгдсэн вант улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг/ LSD гэх нэршилтэй бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг,

улмаар НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг/ LSD гэх нэршилтэй бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

“VOLKSWAGEN AMAROK” маркийн 7589 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад ордог ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч Г.Н-ын “...Би 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Монгол шуудан 53 дугаар салбарт шуудан хүргэгчийн ажил хийж, Төв салбараас манай салбарт ирсэн илгээмжийг хаягаар хүргэж өгдөг. 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Э.О гэх хүний гэрийн хаягаар Нидерландын вант улсаас ирсэн илгээмжийг түүний ... дугаарын утсаар холбогдож илгээмж ирсэн талаар хэлэхэд “би өөрөө очих боломжгүй байна, Гэгээнтэн кино театрын ойролцоо авч ирээд өгчих” гэсний дагуу хүргэн өгч, энгийн захианы дэвтэр дээр гарын үсэг зуруулан 15 цаг 29 минутанд өгөөд явсан. ...Э.Оын гэрийн хаяг болон утасны дугаараар 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нидерландын вант улсаас илгээмж ирснийг өөрөө салбар дээр ирж хүлээн авч байсан. ...” /1хх 46-47/,

 

шүүгдэгч Э.Оын яллагдагчаар өгсөн “...Урьд би мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын талаар интернэтээс уншиж байсан. Интернэтэд хар тамхи нь ажлын эрч хүч нэмэгдүүлдэг гэсэн утга бүхий тайлбар байсныг хараад анх удаагаа 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр интернэтэд буюу “Google” программ дээр англи хэлээр “How to order” буюу монгол хэлээр “хэрхэн захиалах вэ” гэж бичиж хайгаад 1 сайтад нэвтрээд “LSD” гэх нэршилтэй, нэг багц нь 10 ширхэгтэй орж ирдэг мансууруулах бодис захиалж “Биткойн” гэх нэртэй цахим төлбөрийн хэрэгслийг /өөрөөр хэлбэл цахим мөнгө/ ашиглан захиалга өгч “Биткойн”-ны үнийн дүнгээр 0.017 буюу америк долларын ханшаар 60 долларын төлбөр төлсөн. Захиалга өгөхдөө миний өөрийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 69А байрны 07 тоот хаягийг хавсаргасан бөгөөд уг хаягаар миний захиалга ирсэн. Захиалсан мансууруулах бодис хэзээ ирэх талаар надад ямар нэгэн мэдээлэл байгаагүй боловч 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр шуудангаас залгаад “танд шуудан ирсэн байна” гэхээр нь уг шуудангийн ажилтнаас “ажлын гадаа хүргээд ирэх боломжтой юу” гэж асуухад “боломжтой” гэхээр нь ажлынхаа байрны гадаа хүргүүлэхээр болсон бөгөөд уг өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр шуудангийн ажилтан миний ажлын гадаа авч ирэхээр нь би хүлээн авч байх үедээ цагдаагийн байгууллагад баригдсан. ...Миний шээснээс гарсан мансууруулах төрлийн бодисыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрийнхээ гадаа буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 69А байрны гадаа зогсоол дээр “VOLKSWAGEN AMAROK” маркийн машиндаа ганцаараа байхдаа хэрэглэсэн. ...2018 оны 10 дугаар сарын сүүлээр хүүхдийн зуу гэж нэрлэж заншсан газарт Хаан банкны зүүн талд байрлах “Паб 23” гэдэг нэртэй газар урьд Америкт байхдаа хамт ажиллаж байсан Отгоотой таарсан. Отгоо надад “надад нэг гоё юм байна” гэхээр нь би Отгоогоос өвс авсан. Тухайн үед Отгоогоос авсан өвс зэрэг зүйлс нь миний унаж явсан “VOLKSWAGEN AMAROK” загварын машинаас хураагдсан зүйлс байгаа юм. ...” /1хх 86-90/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 532 дугаартай “...Э.О гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол бодис илрэв. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” /1хх 53/,

 

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 531 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 0.8х0.8 см харьцаатай 10 ширхэг цаас мэт зүйлээс Лизергид /Lysergide LSD/ илэрч байна. Мөнгөлөг цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Хуйлсан AD67287 гэсэн сери дугаартай 10-тын тал мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цааснаас дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 57-58/ гэх дүгнэлтүүд,

 

хүний  биед үзлэг хийсэн  “...Oyunbold Erdenebat, 69А#7 Khan-Uul District 15 th Khoroo, Ulaanbaatar, 1100 Mongolia’, 1079 LD AMSRERDAM THE NETHERLANDS’ гэсэн бичиглэлтэй, “Монгол шуудан 15”, “Монгол шуудан 53” гэсэн тэмдэг дарагдсан, цагаан өнгөтэй битүүмжилсэн дугтуй гарч ирсэн. Уг дугтуйг задалж үзэхэд цагаан өнгийн цаас нугалсан байх ба дотор нь ямар нэгэн хаяг тэмдэггүй, мөнгөлөг өнгийн битүүмжилсэн уут мэт зүйл байна. Уг мөнгөлөг өнгийн уут мэт үйлийг задалж үзэхэд хаа хаашаа 0.5 мм хэмжээтэй, нэг талдаа дүрс зурагтай, дөрвөлжин хэлбэртэй хоорондоо холбоотой 10 ширхэг цаас мэт зүйл гарч ирсэн. Уг холбоотой цаас мэт зүйлийг “Target id” төхөөрөмжөөр шалгаж үзэхэд хориотой бодисын агууламжтай “LSD” гэх нэршилтэй мансууруулах төрлийн бодис гэж зааж байгааг тэмдэглэлд тусгав. ...” /1хх 11-16/,

 

мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгах тест ашигласан “...Э.О ...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг илэрсэн. ...” /1хх 9-10/,

 

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Э.О машинд мансууруулах өвс байгаа гэж хэлээд машины зүүн урд хаалганы дотор хавтас хэсгээс харалж, түлэгдсэн тугалаган цаас, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, мөнгөлөг өнгийн гялгар цаасанд боож ороосон ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл гаргаж өгөв. ...” /1хх 31/ гэх тэмдэглэлүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу түүний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Э.Оыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болон хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Э.Оыг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг/ LSD гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд ордог лизергид /Lysergide LSD/-н агууламжтай, 0.5х0.5 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 10 ширхэг/ LSD гэх нэршилтэй бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, “VOLKSWAGEN AMAROK” маркийн 7589 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад ордог ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүхээс Э.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ж.Батхуяг “...2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 15 цаг 29 минутад Э.Оод хүлээлгэн өгч, үүнээс 1 минутын дараа цагдаагийн байгууллагын ажилтнууд Э.Оыг баривчилсан байсан. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын алба хаагчид урьдаас төлөвлөсөн тусгай ажиллагаа явуулсан нь дээрх нөхцөл байдлуудаас харагдаж байгаа ба харин тус хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт хавсаргагдаагүй байдаг. ...мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад олон улсын илгээмж дотор байгаа зүйлсийн талаар мэдсэн нь эргэлзээ бүхий байна. ...хүний биед үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн баримт байгаа бөгөөд уг тэмдэглэлд хүний биед үзлэг хийх, эд зүйлд үзлэг хийх, нүцгэлж үзлэг хийх зэрэг ажиллагааг нэг дор бичиж тэмдэглэсэн байсан. ...уг ажиллагаанууд нь тус тусдаа ажиллагаа учраас эхэлсэн, дууссан цаг хугацаатай, уг ажиллагаанд байлцуулж болох, болохгүй хүнийг тусгайлан зааж өгсөн байдаг. Хэдийгээр уг ажиллагаануудын талаар явц байдлыг нэг цаасан дээр тэмдэглэж болох боловч дээр дурдсанчлан ажиллагаа эхэлсэн, дууссан цаг хугацаа, тухайн ажиллагаанд оролцсон оролцогч нарын талаар тус тус тэмдэглэгдэх ёстой. Гэтэл дээрх ажиллагааны тэмдэглэлд ямар ажиллагаа нь хэзээ эхэлж, хэзээ дууссан нь тодорхойгүй, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын, хэрэг бүртгэгч С.Чинбат гэх хүн дээрх бүх ажиллагаанд оролцсон байдлаар тэмдэглэгдсэн байтал шүүхээс дүгнэлт хийхдээ “уг ажиллагаануудыг хууль зөрчиж хийгдсэн гэж үзэх боломжгүй” гэдэг өгүүлбэрээр хязгаарлаж, яагаад хууль зөрчөөгүй талаар, яагаад өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байгаа талаар үндэслэл бүхий хариулт өгөлгүй, уг нотлох баримтыг шийдвэр гаргахдаа ашиглажээ. Шүүгдэгчийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн” байхаар гэмт хэргийн шинжийг тодорхойсон байна. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь олон улсын шуудан илгээмжээр ирсэн ЛСД гэх нэршилтэй бодисыг хүлээн авсан боловч уг бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг өөрийн биеэр хийгээгүй. Бодитой оролдлого ч хийгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.О гадаад улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн шуудангийн илгээмжээр хүлээн авах үйлдэл хийсэн ба харин гаалийн үзлэг шалгалтаас нууж, эсвэл хилийн боомтоос гадуур Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно.” гэж заасан байх тул хэрэг бүртгэгч С.Чинбатыг оролцуулж, шүүгдэгч Э.Оын биед үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч Э.О нь интернэт ашиглан тодорхой сайтад нэвтэрч, мансууруулах бодис захиалсан, мөн төлбөрийг цахим мөнгөний хэрэгсэл ашиглан хийж, улмаар шуудан илгээмжээр Нидерландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад оруулж ирсэн байх бөгөөд түүний энэ үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ