Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00394

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00394

 

 

Ч.Алтантоль, Б.Батболд, Н.Гантөмөр, Р.Наранхүү,

Ш.Нямсүрэн, Ц.Энхтуяа, Д.Эрдэнэбаатар нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00093 дугаар шийдвэртэй Ч.Алтантоль, Б.Батболд, Н.Гантөмөр, Р.Наранхүү, Ш.Нямсүрэн, Ц.Энхтуяа, Д.Эрдэнэбаатар нарын нэхэмжлэлтэй Атта ЧР ХХК-д холбогдох, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Атта ЧР ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3 590 м.кв газрыг Баясгалант Амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Нийслэлийн өмч газрын харилцааны албанд даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Алтантоль, хариуцагчийн төлөөлөгч С.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантоль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Атта ЧР ХХК-тай Орон сууц солилцооны гэрээ-г байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны орон сууцнуудаа тухайн газарт Атта ЧР ХХК-ийн шинээр барих барилга дахь орон сууцаар солихоор тохирсон. Нийслэлийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471 тоот захирамжаар орон сууцны орчны 3 590 м.кв газрыг бидний Баясгалант Амьдрал СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн учир энэхүү газраа Атта ЧР ХХК-ийн санал болгосон нэр бүхий Атта ЧР констракшн ХХК-ийг байгуулан нэр дээр нь шилжүүлж, улмаар газар ашиглах эрх бүхий тус компаниараа хариуцагч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахаар ярилцаж тохирсон юм. Энэ дагуу оршин суугчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, Атта ЧР констракшн ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэж, захирлаар нь Б.Отгонгэрэл гэх С.Пүрэвдоржийн эхнэрийг томилж, 1 сарын хугацаанд энэ компанийг зохих ёсоор байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Атта ЧР ХХК-ийн төслийн менежерт итгэмжлэл олгосон.

Баясгалант Амьдрал СӨХ-оос 12 оршин суугч хувьцааг нь эзэмшдэг Атта ЧР констракшн ХХК-ийн нэр дээр Баясгалант Амьдрал СӨХ-ны ашиглах эрх бүхий 3 590 м.кв газрыг шилжүүлж өгөхийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар 3 590 м.кв газрыг Атта ЧР ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсан. Угтаа бол Атта ЧР констракшн ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийг олгох ёстой байсан чинь ойролцоо нэртэй болохоор андуурагдсан ба үүнд Атта ЧР ХХК-ийн захирал С.Пүрэвдоржийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Учир нь анхнаасаа ижилхэн нэр өгөхийг санал болгож төөрөгдүүлсэн, мөн Баясгалант Амьдрал СӨХ-ны оршин суугчдын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хурлын протоколын гарын үсгийг ашиглаж, СӨХ-ны хурлын протокол баримтыг хуурамчаар үйлдсэн, Баясгалант Амьдрал СӨХ-ны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 албан бичгийг сольж, гарын үсгийг нь ашиглаж Атта ЧР ХХК-д газрыг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан, ингэхдээ оршин суугчдын гарын үсгийг хавсаргасан, түүнчлэн 12 оршин суугчдын байгуулсан Атта ЧР констракшн ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигчийг сольж С.Пүрэвдоржийн эхнэрийн нэрийг оруулсан байсныг сүүлд мэдэж засуулсан. Энэ мэтчилэн хууран мэхлэх, худлаа баримт бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл хийж ирсэн байх тул орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн газрын албанаас өгсөн хариундаа Орон сууц солилцооны гэрээг үндэслэн газрыг шилжүүлсэн тул орон сууц солилцооны гэрээг цуцалсан баримтыг нотариатаар батлуулж авч ирвэл буцааж болно гэсэн.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж, газраа буцаан авах талаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Баясгалант Амьдрал СӨХ-оор Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч иргэдийг СӨХ төлөөлөхгүй гээд мөн хэрэгсэхгүй болгосон. Орон сууц солилцооны гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд Баясгалант Амьдрал СӨХ-ны нэр дээр 3 590 м.кв газар буцаад шилжинэ гэж үзэж байгаа тул орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Атта ЧР ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3 590 м.кв газрыг Баясгалант Амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Нийслэлийн өмч газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Пүрэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь оршин суугчидтай орон сууц солилцооны гэрээг байгуулсан. Оршин суугчид газрын асуудлаас болж маргаан үүсгэж, өнөөдөр гэрээний хугацаанд бид үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа. Баясгалант Амьдрал СӨХ нь газар ашиглах эрхтэй байсан. Бид ашиглах эрхтэй газар дээр барилга барих боломжгүй учир эзэмших эрхийг өөрийн компанийн нэр дээр гаргуулахыг хүссэн ба үүний дагуу Атта ЧР ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжсэн. Гэтэл хуурамч нотлох баримт үйлдсэн мэт ярьж ирсэн. Зохих дүрэм журмын дагуу газар эзэмших эрхийг олж авсан. Нэхэмжлэгч нар өнөөдөр нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь манайхаас өөр компанитай гэрээ байгуулсан байснаас, бас байнга нэхсэн мөнгийг өгөхгүйгээс болсон. Газар булаацалдсан маргаан үүсээгүй байсан бол өдийд барилгын ажил эхлээд явж байгаа. Гэтэл шүүх, цагдаа гэж явсаар өнөөдрийг хүрч манай компанийг ч тэр, бусад оршин суугчдаа ч тэр хохироож байна. Газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олж авах боломж үүсвэл дуудлага худалдаанд Атта ЧР констракшн ХХК-иар орох зорилгоор байгуулсан. Хавраас барилгаа барина, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ. Өнөөдөр барилга барих газрын хэмжээ багассан байгаа. Ч.Алтантоль гэдэг хүний хүсэл биелэхгүйгээс бусад оршин суугчдаа чирэгдүүлж байгаа. Яг үнэндээ зарим нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах сонирхол байхгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа ч хуульд заасан үндэслэл үүсээгүй. Хуурагдсан, төөрөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Арилгуулахыг хүсэж байгаа үр дагавар нь гэрээний заалттай нийцээгүй байгаа. Гэрээ хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Атта ЧР ХХК-д холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц солилцооны гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, Атта ЧР ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3 590 м.кв газрыг Баясгалант Амьдрал СӨХ-д буцаан олгохыг Нийслэлийн газрын албанд даалгах тухай Б.Батболд, Ц.Энхтуяа, Н.Гантөмөр, Ш.Нямсүрэн, Д.Эрдэнэбаатар, Р.Наранхүү, Ч.Алтантоль нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Алтантоль давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх компани болон иргэдийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэхдээ ...гэрээ байгуулахдаа үндэслэсэн гэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж зассан, төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн байдлыг шүүхийн шинжилгээгээр тогтоолгуулахаар гаргасан хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13778 тоот захирамжаар хангахгүй шийдвэрлэсэн. Атта ЧР констракшн ХХК-ийн хувьцааны эзэмшигч О.Загд-Очирын нэрийг, С.Пүрэвдоржийн эхнэр Б.Отгонгэрэл гэж сольж, хувийн өмчид халдсан, хууль бус үйлдлийг шүүх анхаарч үзээгүй. Иргэдийг үл ойшоож, итгэлийг нь ашиглан, зальжин аргаар төрийн байгууллага, албан хаагчдыг адил төстэй компанийн нэрээр төөрөгдүүлж Атта ЧР ХХК-ийн нэр дээр шийдвэр гаргасан. /Атта ЧР ХХК нь 1 гишүүнтэй, Атта ЧР констракшн ХХК нь 12 гишүүнтэй/

Баясгалант Амьдрал СӨХ-ны орчны газар ашиглах Нийслэлийн Засаг даргын 2013 оны дугаар сарын 13-ны өдрийн А/471 тоот захирамжтай газраа өмчийн харилцааны мэдээллийн санд оруулахаар оршин суугчид 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, гаргасан албан бичгийн утга санааг өөрчлөн сольж, гарын үсгийг хуулбарлаж, Баясгалант Амьдрал СӨХ-ны оршин суугчдын 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15-03 хурлаар Атта ЧР ХХК-аар орчин үеийн орон сууц бариулах саналыг 100 хувь дэмжсэн гэх утгаар өөрчлөн засварласан бөгөөд арын хуудасны гарын үсэгтэй хэсгийг хийж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Энэ баримтыг үндэслэж, иргэдтэй байр солилцооны гэрээ байгуулсан гэж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн. Энэ баримтыг илт хуурамчаар үйлдсэн байхад хянаж үзээгүй.

Баясгалант Амьдрал СӨХ-оос Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явуулсан 10/13 тоот албан бичгийг Атта ЧР" ХХК-ийн ажилтан зассан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Энэ талаарх нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явуулсан 10/13 тоот албан бичгийг суугчид уншиж танилцаад гарын үсэг зурсан бөгөөд гарын үсгийн жагсаалтан дээр албан бичгийн адил 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэсэн огноотой байсан, мөн тамгагүй хаяггүй бичиг дээр гарын үсэг зурж байгаагүй гэдгийг оршин суугчид гэрчилдэг. Гэтэл албан бичгийг дээрх аргаар ашигласан атлаа гарын үсгийг ямар нэгэн албан баланк тэмдэггүй цаасан дээр иргэд хүсэлт гаргасан мэтээр хуурамчаар бичиж дээрх гарын үсгийг хавсаргаж дахин хуурамч баримт бүрдүүлж ашигласан. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А-684 захирамжийн дагуу хуралдсан Газар барилгажилтын 2 удаагийн хурлын шийдвэрийг илт зөрчсөний улмаас 12 гишүүнтэй Атта ЧР констракшн ХХК-ийн нэр дээр гаргах хүсэлтийг, 1 гишүүнтэй Атта ЧР ХХК-ийн нэр дээр гаргасны улмаас маргаан үүсч, төрийн байгууллагаас гаргасан хүчин төгөлдөр хурлын шийдвэрүүдийг шүүх үнэлээгүй орхисон. СӨХ бол хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд газрыг зөвхөн ашиглах эрхтэй тул компанид газар шилжүүлэх субъект биш байхад хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг учир дутагдалтай гэж үзэж байна. Эдгээр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй, Мөн хуулийн 58.2.1-т хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.4-т төлөөлөгч буюу зуучлуулагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг энэ хуулийн 58.2- т хамааруулж болно. 59.1-т хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заажээ. Атта ЧР ХХК нь олон тооны бичиг баримтыг хуурамчаар ашиглаж, засварлаж, иргэдийн итгэл сэтгэлийг хөсөрдүүлсэн баримтуудыг шүүх үнэлээгүй буюу үнэн эсэхийг тогтоогоогүйд гомдолтой байна. Иймд, Атта ЧР ХХК-тай хийсэн иргэдийн Байр солилцооны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ч.Алтантоль, Б.Батболд, Н.Гантөмөр, Р.Наранхүү, Ш.Нямсүрэн, Ц.Энхтуяа, Д.Эрдэнэбаатар нар нь хариуцагч Атта ЧР ХХК-д холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Атта ЧР ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3 590 м.кв газрыг Баясгалант Амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Нийслэлийн өмч газрын харилцааны албанд даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ч.Алтантоль, Б.Батболд, Н.Гантөмөр, Р.Наранхүү, Ш.Нямсүрэн, Д.Эрдэнэбаатар нар нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Атта ЧР ХХК-тай өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны орон сууцнуудаа тухайн газарт Атта ЧР ХХК-ийн шинээр барих барилга дахь орон сууцаар солихоор тохиролцон Орон сууц солилцооны гэрээ-г байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нар өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч шинээр баригдсан орон сууцыг 2 жилийн хугацаанд барьж, тэдэнд шилжүүлэн өгөх, энэ хүртэлх хугацааны түр амьдрах орон сууцны хөлсөнд сар бүр 500 000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Талуудын хоорондын гэрээнд заасан барилга баригдаагүй, нэхэмжлэгч нар өмчлөлийн орон сууцаа хариуцагчид хүлээлгэн өгөөгүй үйл баримт хэрэгт авагдсан гэрээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 53-86 дугаар тал/

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн, хууран мэхэлж хийснээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан бөгөөд хэргийн баримтаар дээрх Орон сууц солилцооны гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцох Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Атта ЧР ХХК-ийн хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулж хэлцэл хийсний улмаас олж авсан гэх 3 590 м.кв газрын эзэмших эрх нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт хамаарахгүй, харин Баясгалант Амьдрал СӨХ-ны ашиглах эрх бүхий орчны газарт хамаарах нь хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамж, гэрээ зэргээр нотлогдсон. /хх-ийн 11, 137, 140 дүгээр тал/

Бусдын эзэмших, ашиглах эрхтэй газрыг шилжүүлэхтэй холбоотой гэрээ хэлцэл хийхэд нэхэмжлэгч нар төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн, Атта ЧР ХХК-ийн нэр дээр байгаа газар эзэмших эрхийг Баясгалант Амьдрал СӨХ-д буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно. Маргааны зүйл болж буй Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 3 590 м.кв газрыг Нийслэлийн засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дугаар захирамж, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу Атта ЧР ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгожээ.

Баясгалант Амьдрал СӨХ, Атта ЧР ХХК-ийн хооронд хийгдсэн газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой болон гэрчилгээ олгосон эрх бүхий байгууллагын дээрх шийдвэр үндэслэлтэй эсэх маргаан болон нэхэмжлэгчийн тайлбар гомдолдоо зааж буй хуурамч нотлох баримтын талаарх дүгнэлт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 727 тоот шийдвэрээр шийдвэрлэгдсэн. /хх-ийн 173-177 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан тул шүүх хариуцагчийн уг газрын эзэмших эрхийн талаар үйл баримтыг шүүхэд дахин нотлох боломжгүй. Мөн Баясгалант Амьдрал СӨХ-г төлөөлөн дээрх газрын маргаантай холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг нэхэмжлэгч нарт олгосон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хангахаас татгалзав.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн нэг шаардлага болох 3 590 м.кв газрыг Баясгалант Амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Нийслэлийн өмч газрын харилцааны албанд даалгах тухай шаардлагыг бичээгүй орхигдуулсан байгааг залруулах нь зөв болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00093 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн ... гэрээг төгөлдөр бус гэж тооцуулж, гэсний дараа Атта ЧР ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3 590 м.кв газрыг Баясгалант Амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Нийслэлийн өмч газрын харилцааны албанд даалгах ... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ