Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2018/00144

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******, *******, *******

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00959 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* холбогдох,

Гэрээ байгуулснаас олсон ашиг, тоног төхөөрөмжийн зардал нийт 126.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жавзандулам, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч *******, ******* бид 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн Хьюндай компаний Robex2900LC-7 маркийн экскаваторыг зориулалтынх нь дагуу ашиглан, ажил үйлчилгээ хийхээр иргэн Д.Баясгалангаас худалдан авсан. Ингэж худалдан авахдаа Артан давалгаа хадгаламж зээлийн хоршооноос 50,0 сая төгрөгийн зээл авч, экскаваторын төлбөрийг бүрэн төлж барагдуулан худалдан авсан юм. Бид өөрийн өмчлөлийн Robex2900LC-7 маркын экскаватороор худалдан авсан цагаасаа зориулалтын дагуу ашиглаж ажил үйлчилгээ хийж байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ч.Сайнерөөлтэй 2014 оны 03 сарын 03-наас 2014 оны 06 сарын 03-ны өдөр дуустал 90 хоногийн хугацаатайгаар Robex2900LC-7 маркийн экскаваторыг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг байгуулсан. Түүний дагуу Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Түймэрт цагаан гэх жоншны талбайд Robex2900LC-7 маркын экскаватороор ажил үйлчилгээг хийж эхэлсэн байдаг. Дээрх гэрээг хийхээс өмнө 2014 оны 02 дугаар сард ******* нь Ж.Шижирбаатарынд цагаан сарын золгуут хийхээр ирэхдээ намайг дуудсан. Тэгээд очоод уулзахад амар мэндээ мэдэлцээд бид чинийх шиг экскаватор авах хэрэгтэй байна. Урьдчилгаа мөнгө бэлэн байгаа, барьцаагүй болохоор авах боломжгүй байгаад байна. Ийм экскаваторыг авахад ямар үнэ ханштай байдаг вэ, олж өгөх боломжтой юу? гэсэн асуултуудыг надад тавьж, түүний дагуу би түүнд Robex2900LC-7 маркийн экскаватороо хаанаас авсанаа хэлж, тухайн худалдан авсан хүнээсээ сураглаад өгье гээд бид салцгаасан. Түүний дараагаар нэхэмжлэгч бид анх Robex2900LC-7 маркын экскаватороо авч байсан Д.Баясгалантай холбогдоход Экскаватор байгаа 3000LC-7 маркын түүнд Robex2900LC-7 маркийн экскаватор байгаа... тухайгаа хэлсэн. Үүний дагуу *******тай холбогдоход ..за тэгвэл та 3000LC-7 маркын экскаваторыг нь авья гээд хэлчих. Би мөнгөндөө яваад ирье гэсэн. Үүний дагуу Баясгаланд хэлэхэд улмаар Robex300LC-7 маркын экскаваторыг *******гийн төрсөн ах Ж.Шижирбаатарын Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Ногоон зоорьноос авчирсан. Гэтэл ******* нь 3000LC-7 маркын экскаваторын худалдан авахад мөнгө хүрэлцэхгүй байгаа тухайгаа Баясгаланд хэлүүлж, Баясгалан *******гийн төрсөн ах Ж.Шижирбаатарын хашаанаас экскаватороо 10 гаруй хонуулаад буцаагаад аваад явсан ийм үйл баримт болсон. 2014 оны 02 сараас ******* нь экскаватор авах талаар ярьсаар дээр дурдсанчилан хэлэлцээр нь бүтэлгүй болсон. Ганбаатар миний бие Дундговь аймгийн Хулд сумын нутагт байрлах Түймэрт цагаан гэх жоншны талбайд 2014 оны 03 сарын 03-наас 2014 оны 06 сарын 03-ны өдрийг дуустал 90 хоногийн хугацаатай байгуулсан гэрээнийхээ дагуу Robex2900LC-7 маркийн экскаватороо ажил үйлчилгээгээ хийж эхлээд ажиллаж байсан. Тухайн үед ажил эхлэхээс өмнө 10,0 сая төгрөгийн урьдчилгаа авсан байсан. Гэтэл ******* түүний төрсөн ах Ж.Шижирбаатар нар 2014 оны 03 сараас эхлэн удаа дараа утасдаж Орхон аймагт Их хаадын цуваа ХХЕ-тай хамтран ажиллахаар болсон. Бидэнд чиний Robex2900LC-7 маркийн экскаватор хэрэг болоод байна. Чиний экскаваторыг нэг сарын 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгөөр түрээслэе, зөрүү 6 сая төгрөгийг нь бид авья 18 сая төгрөгийг нь чи авчих гэдэг саналыг тэд тавьсан. Бид одоогоор Дундговь аймгийн Хулд суманд ажиллаж байгаа гэрээ 3 сарын хугацаатай байгуулсан очих боломжгүй гэдэг хариуг өгсөөр 2014 оны 4 сар хүрсэн. Гэвч ******* түүний төрсөн ах Ж.Шижирбаатар нар нь ....гэрээгээ цуцлаад хүрээд ирээч төрөл садан хүмүүс байна бие биендээ боломж олдсон дээр нь тусламаар байна. Экскаватор зөөвөрлөж, тээвэрлэх зардлыг гаргая, Та 2 маань наад ажлаа өөр хүнд хариуцуулдаг ч юм уу, эсвэл гэрээгээ цуцлаад хүрээд ир, ядаж энд наана чинь түрээслүүлж байгаа түрээсийн төлбөрөөс өндөр учраас унц нь илүү байна. 3-4 жилийн урт хугацаатай ажил байна экскаваторыг тээвэрлэж ирэх зардлыг төлнө гэх мэтчилэн ятгалага гуйлтыг хийсээр гэрээг цуцлуулах хэмжээнд хүргэсэн. Бид иргэн Ч.Сайнерөөлтэй гэрээ цуцлах тухайгаа хэлэхэд ..анхнаасаа ажиллахаар 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тиймээс та 2 надад хохирол учруулахгүй байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй...гэсний дагуу бид Өнө орших маргад ХХК-тай гэрээ хийж Хьюндай компаний 2900LC-7 маркын Robex экскаваторыг түрээслэж Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагааны жоншны ордод ажиллуулахаар үлдээсэн. Ингээд 2014 оны 04 сарын 20-нд *******тай хэлэцэн тохиролцсоны дагуу Орхон аймаг буюу Эрдэнэт хотод 2900LC-7 маркын Robex экскаваторыг түрээслүүлэхээр хүргэж өгсөн. Ингэж хүргэхдээ *******гийн ах Ж.Шижирбаатарын хамт хүргэж өгсөн.Экскаваторыг Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хотруу Өнө орших маргад ХХК-тай Тээвэрлэлтийн гэрээ-г нэхэмжлэгч ******* миний Сайхан цаг ХХК-иар гэрээ хийж тээвэрлэн хүргэсэн. Тухайн үед экскаваторыг хүлээлгэн өгч түрээсийн гэрээний нэг хувийг *******д өгч байгуулаад Улаанбаатар хотруу ирүүлээрэй гээд үлдээгээд явсан. Үндсэндээ иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу амаар хэлцэл хийгдсэн, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн үйл явдал бий болсон бодит байдлаар хэлцэл биелэлээ олсон юм. Түрээсийн гэрээ байгуулагдсаны дагуу нэхэмжлэгчид бид 2014 оны 05 сарын 20 буюу сар бүрийн 20-нд төлөхөөр харилцан тохиролцсон/-ны өдөр сар бүр төлөх ёстой түрээсийн төлбөрөө төлөхийг шаардахад ******* нь ..Их хаадын цуваа ХХК ийн ажлыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн өөр ажил хайж байгаа, удахгүй шилжүүлнэ гэдэг хариуг... хэлж байсан. Ингээд цаг хугацаандаа түрээсийн төлбөрийг шилжүүлэхгүй байхаар нь нэхэмжлэгч ******* миний бие Эрдэнэт хотод ирж гэрээний нэг хувийг авахыг, түрээсийн төлбөрөө төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээ цуцлах тухай мэдэгдсэн.******* нь гэрээний дагуу төлбөрөө шилжүүлнэ гээд очих бүрт хийж байгаа ажлаа харуулдаг байсан. 2014 оны 04 сарын 20-ноос 2014 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд төлөх ёстой түрээсийн төлбөрөөс 64,180,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд одоогоор 47,820,000 төгрөгийг одоог хүртэл шилжүүлсэнгүй байгаа тул ийнхүү нэхэмжилж байгаа болно.

*******тай миний бие болон манай эхнэр 2014 оны 04 сараас хойш гэрээний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч хийж байгаа ажлаа харуулж бага хэмжээгээр өөрийн болон өөр хүний данснаас мөнгө шилжүүлэх нөхцлийг үүсгэж байсаар 2014 оны 11 сар хүртэл Эрдэнэт хотод ажил гүйцэтгэж гэрээний хугацааг 7 сар болгосон.*******д экскаваторыг түрээслүүсэнтэй холбогдуулж 2014 оны 04 сарын 20-ноос 2014 оны 11 сарын 20-ны өдрийн хугацаанд түрээсийн гэрээний төлбөрөө төлөхийг шаардаж очиж байсан,экскаваторыг түрээслэх явцад гаргасан сэлбэг хэрэгслүүдийг хүргэж өгч байсан зардал 742,000 төгрөг, сэлбэг шатах тослх материалын зардал 25,576,800 төгрөг, засвар үйлчилгээний зардал 10,600,000 төгрөг, экскаваторыг 2014 оны 04 сарын 18-нд Дундговь аймгийн Хулд сумаас Орхон аймаг, Орхон аймгаас Улаанбаатар хотруу хүргэсэн тээврийн зардал 13,560,000 төгрөг, замын хоол хүнс, ажлын хувцасны зардар ХАБ хэрэгсэл, цэвэрлэгээний материалд 805,000 төгрөг, олох ёстой байсан орлого, гэрээ цуцалсны төлбөр 7,500,000 төгрөг нийт 58,793,800 гэх бодит зардлууд гаргасан үүнийг нэхэмжилж байна.2014 оны 11 сарын 14-нд ******* экскаваторын түрээсийн төлбөрийг өгөхгүй удаа дараа шаардуулсан тул экскаваторыг авахаар Автохөсөг ХХК-тай түрээсийн гэрээ хийж Эрдэнэт хотоос Улаанбаатар хотруу Автохөсөг ХХК-аар тээвэрлүүлж авчирсан.Авчрах үед экскаватор эвдэрсэн ашиглах боломжгүй байсан. ******* болон Ж.Шижирбаатар нартай холбогдож үлдэгдэл төлбөрийг шилжүүлж засвар үйлчилгээ хийхийг удаа дараа шаардсан. Ингээд иргэн *******тай холбогдож үүссэн түрээсийн харилцаа дуусгавар болсон. *******гаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр, тоног төхөөрөмжийн төлбөрийг шаардахаар утсаар холбогдоход удахгүй өгнө, сүүлдээ дахин туслаач экскаваторыг чинь түрээслэе, нэг сарын 20,0 сая төгрөгийн ажил байна гэдэг зүйлийг ярьсан. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Robex2900LC-7 маркийн экскаваторыг түрээслүүсэнтэй холбогдож гарсан 106,613,800 төгрөгийн түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн зардлыг иргэн *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Экскаваторыг Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хотруу Өнө орших маргад ХХК-тай Тээвэрлэлтийн гэрээ-г нэхэмжлэгч ******* миний Сайхан цаг ХХК-иар гэрээ хийж тээвэрлэн хүргэсэн. 2014.04.18-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хот хүрэхэд Өнө-Орших маргад ХХК-иар 5,000,000 төгрөгийн төлбөр төлж хүргүүлсэн байдаг. Тухайн үед Экскаваторыг хүлээлгэн өгч түрээсийн гэрээний нэг хувь төслийг *******д өгч байгуулаад Улаанбаатар хот руу ирүүлээрэй гээд үлдээгээд явсан. Энэхүү гэрээгээр Дундговь аймгийн Хулд суманд 18,000,000 төгрөгөөр түрээслэж байсан Экскаваторын түрээсийн төлбөрийн үнээ авч, үлдэх 6 сая төгрөгийг нь ******* авахаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл *******, ******* бид нэг сард өмнө түрээслэж байсан үнэ болох 18,000,000 төгрөгийг сар бүр авч байхаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээ 2014 оны 4-р сарын 20-наас 2014.11.20-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд үүн дээр ******* болон бид маргадаггүй. Дээрх хугацааны түрээсийн төлбөрийг тооцон үзэхэд нийтдээ 7 сарын хугацаа байгаа бөгөөд 7*18,000,000 бодоход 126 000 000 төгрөг болсон.

Нэхэмжлэгчдийн зүгээс нэгэнт түрээсийн гэрээ *******тай байгуулсан гэдгээ хангалттай баримтуудаар нотлоод байхад УДШ-ээс гэрчийн мэдүүлэгт тулгуурлан ИХ-ийн 243 дугаар зүйлд заасны дагуу ******* нь robex 2900LС-7 маркын Экскаваторыг 2014 оны 4 дүгээр сард худалдан авчээ гэж дүгнээд байгаа учраас ИХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу robex 2900LС-7 маркын Экскаваторыг өөрсдөө авч, *******гийн 38,780,000 төгрөгийг түүнд буцаан өгөхөөр, мөн *******ийн 24,500,000 төгрөгийг буцаан өгч, харин худалдан авсанаас хойш 7 сарын хугацаанд буюу 2014.04.20-2014.11.20-ны өдрийг хүртэл хугацаанд олсон ашиг 18,000,000*7 =126,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Уг Экскаватортой холбоотой асуудлаар бид Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шийдвэр хангаж шийдвэрлэсэн.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын дээд шүүх шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой ба уг шаардлагыг хангаагүй 'эхиолдолд түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Талуудын хооронд түрээстэй холбоотой асуудал огт яригдаагүй. Тухайн Экскаватортой холбоотой маргааныг өөр шүүх шийдвэрлэж байгаа тул уг маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй, иргэн *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын зүгээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн ******* намайг уг иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг гаргасан байна. Миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хэрэг маргааны гол зүйл болох Экскаваторыг түрээслэж байсан гэх хугацаанд миний эзэмшил, ашиглалтанд огг байгаагүй, түүнчлэн түрээсийн төлбөрөөс 3,000,000 /Гурван сая/ төгрөг огт аваагүй болно. Түрээсийн гэрээний талаар 3 шатны шүүх дүгнэлт хийсэн. Энэ хэрэг маргаанд нэхэмжлэгч нар өмгөөлөгчийн хамт биечлэн оролцсон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл энэ хэрэг маргаан Улсын дээд шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн.Иймд түрээсийн гэрээ нь шаардах эрхийг нотлохгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00959 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.7, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан 126 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 020 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэмж 254 881 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч бид нар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд эксковаторыг худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг дахин тогтоолгох гээгүй /уг нь түрээсийн гэрээ байсан, дэндүү гомдолтой/ харин Иргэний хуулийн 205-р зүйл, 205.1-д ... түүнчлэн гэрээ байгуулснаас олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу хариуцагч нарын олсон ашгийг нэхэмжилсэн. Үүнийг Анхан шатны Шүүх анхаарч үзэлгүй, хариуцагч нар нэхэмжлэгч бид нарыг дэндүү, хэрхэн хохироосон болохыг судалж үзэлгүйгээр шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч бид нар хариуцагч нарт эксковаторыг 120.000.000 төгрөгөөр худалдсан байна гэж дүгнээд үүнээс 63.780.000 төгрөгийг шилжүүлсэн байхад нэхэмжлэгч тал Ц. Ганбаатар, Р. Туул нар эксковаторыг буцаан авч гэрээнээс татгалзсан гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл гэрээний зүйлийн үнэ болох 120.000.000 төгрөгнөөс 63.780.000 төгрөгийг худалдагч тал төлж үлдэх хэсгийг төлөөгүй байхад ганц худалдагч тал буруутай худалдан авагч тал буруугүй гэж үзсэнд гомдолтой.

Иргэний хуулийн 205-р зүйлд гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварын тухай заасан. Гэтэл анхан шатны шүүх гэрээнээс татгалзахад үүргийн эрхийн дагуу хийгдсэн тохиролцоо буюу гэрээнээс татгалзах нөхцөл нэхэмжпэгч талд бий болсныг анхаарч үзээгүй. 120.000.000 төгрөгийг төлөхөөс 63.780.000 төгрөгийг төлж байхад гэрээнээс татгалзсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Худалдан авагч 120.000.000 төгрөг төлөхөөс 63.780.000 төгрөгийг төлсөн байдал нь үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлээгүй байхад гэрээнээс татгалзсан гэдгийг анхаарсангүй.

Мөн Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан гээд худалдан авагч Ж. Баяраа, Н. Соёлмаа нар худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж 63.780.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц. Ганбаатар, Р. Туул нарт төлсөн байхад тэрээр Робэкс 2900 Эл Си 7 маркын эксковаторын эвдэрлийг засахад гарсан зардал 58.793.800 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1-д нийцэхгүй байна гэж хуулийн буруу тайлбарлаж хэрэглэн биднийг хохироосонд гомдолтой. Хариуцагч Ж. Баяраа, Н. Соёлмаа нар хүлээсэн үүргээсээ 63.780.000 төгрөгийг төлж 56.220.000 төгрөгийг төлөх үүргээ зөрчсөн байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахад хүргэсэн.

Мөн Иргэний хуулийн 204-р зүйлийн 204.1, 204.2-т зааснаар ... аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтоох ёстой... гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэдийгээр татгалзах эрхийг дээр дурдсан хуульд зааснаар нэг тал мэдэгдсэнээр хэрэгжүүлдэг ч гэсэн татгалзах тухай мэдэгдэлд хэлбэрийн шаардлагыг тавьдаггүй. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзаж байгаагаа шууд хэлбэрээр тодорхой үйлдлээр илэрхийлж болох учраас бид эксковатороо буцаан авч гэрээнээс татгалзсанаа шууд илэрхийлсэн. Мөн энэ тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргуулж болно. Үүний дагуу эксковаторыг засахад зарсан зардлыг нэхэмжилсэн.

Мөн Иргэний хуулийн 247-р зүйлийн 247.1-д зааснаар Ж. Баяраа, Н. Соёлмаа нар Робэкс 2900 Эл Си 7 маркын эксковаторыг шилжүүлэн авснаар тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим эрсдэл аль аль нь тэдэнд шилжих ба хулалдан авагч үүргээ зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй ... гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсзн. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй учир Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Хэрэв худалдах худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 243.1-д худалдан худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдагч тал эксковаторыг худалдаж авсан үнийг бүрэн төлөөгүй байдлыг худалдагч тал эксковаторыг шилжүүлж авсан гэж үзэхгүй. Ийм тохиолдолд эксковаторыг ашигласны үр дүнд олсон үр шимийг нэхэмжлэгч бид нар нэхэмжлэх эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 249-р зүйл, 249.1-д зааснаар гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал гэрээний үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээсээ татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч бид нар гэрээнээс татгалзсан болно.

Мөн Анхан шатны Шүүх хуралдаан дээр гаргасан бидний өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн Шүүгчийн Захирамжийн зарим хэсэг биелэгдээгүй байсан, үүнийг биелүүлэх, нотлох баримтууд зөрүүтэй ирсэн, түүнийг шалган тогтоох шаардлагатай гэсэн хүсэлтийг тавихад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Мөн нэхэмжлэгч бид нарыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн учраас нэхэмжлэгч нарын Шүүхэд ирүүлсэн ярианы бичлэг, түрээсийн гэрээ, фото зураг, Т. Энхжаргал, О. Олдох, Г. Бат-Амгалан нарын тодорхойлолтууд, Ганзосон Атта чр" ХХК, Суварга Констракшн ХХК-уудийн тодорхойлолт, 2014 оны 41-р ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтыг Шүүхийн Шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж үзсэнд гомдолтой. Хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой дээрх нотлох баримтуудыг яагаад Шүүхийн Шийдвэрийн үндэслэл болгоогүй байдлаа шийдвэрт тодорхой тайлбарлаагүй болно.

Нэхэмжлэгч ******* болон нэхэмжлэгч ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Ганбаатар миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйл, 168.1-д Шүүх өөр хуулийг эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба Шийдвэрийг давж даалдах шатны Шүүхээс өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн 168-р зүйлийн 168.1.3-т хэргийн болон Шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд ахан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******, *******ын түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн зардал 106.613.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Соёлмаа, Дамдиндорж нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, ашиг, тоног төхөөрөмжийн зардал 126.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүх 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн № 3621 дүгээр захирамжаар нэхэмжлэгч *******, ******* нарын гаргасан хүсэлтийг хангаж Суварга констракшн ХХК, АТТА ЧР ХХК, Ганзосон констракшн ХХК, Хялганат нуга ХХК, Их хөгжил констракшн ХХК зэрэг компаний Robex2900LC-7 маркын экскаватороор ажил гүйцэтгүүлсэн эсэх, төлбөр төлсөн санхүүгийн баримт, гэрээ зэргийг нотлох баримтыг гаргуулахаар даалгасан ба Их хөгжил контракш ХХК дээрх баримтыг ирүүлээгүй, АТТА ЧР ХХК,-ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар, Г.Бат-Амгалангийн тодорхойлолт нь ямар компаниас ирүүлсэн болох нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. /хх-47-48/

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгч *******ын гаргасан ...анхан шатны шүүх шүүгчийн захирамжийг бүрэн биелэгдээгүй байхад хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00959 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ