Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01395

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01395

 

 

 

Т.М -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01084 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.М ын хариуцагч Г.Ц -д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 25 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.М нь Г.Ц тай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, 203 тоот байрны 48 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Г.Ц нь Т.М оос Голомт банктай зээлийн гэрээ байгуулсан, орон сууцыг 8 хувийн зээлд хамруулахад нь туслана гэж тухайн мөнгийг авсан байдаг. Т.М нь мөнгийг шилжүүлэн орон сууцанд амьдарч байсан боловч цаашид зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсч орон сууцыг чөлөөлж өгсөн. Иймд гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Ц нь Баянзүрх дүүргийн Зүүн хүрээ хотхонд худалдаж авсан 2 өрөө орон сууцаа зарна гэж н.Ариунсанаад хэлсэн. н.Ариунсанаа нь Т.М д уг орон сууцыг худалдахаар ярилцаж, Т.М нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон. Г.Ц болон н.Ариунсанаагийн зүгээс Т.М д орон сууцны зээлийг 8 хувийн зээлд хамруулна гэсэн амлалт өгөөгүй. Тэрээр орон сууцны хэрэглээний зардлыг төлөөгүй учир зугтаагаад уулздаггүй байсан. Үүнээс болоод Г.Ц , Голомт банк нарын хооронд үл ойлголцол үүссэн. 25 000 000 төгрөгийг аваагүй. Нэхэмжлэгч талын зүгээс Г.Ц ийн дансанд орсон гэж байна. Энэ данс нь Г.Ц , н.Ариунсанаа нарын дундын данс, Г.Ц нь гадаадад байсан учраас н.Ариунсанаа нь энэ данснаас холбогдох захиран зарцуулалтыг хийж байсан. Талууд уулзаж байсан, харилцан тохиролцоод мөнгөө өгнө гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй. Худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль зүйн үр дагавар үүсч, Г.Ц нь Голомт банк ХХК-д 300 000 000 гаруй төгрөгийн өрөнд орж бүх зүйлээрээ хохирч үлдэж байна. Т.М ын өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагийг хариуцагч хүлээх үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцны урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөгийг хариуцагч Г.Ц аас гаргуулж нэхэмжлэгч Т.М д олгож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Ц т шилжүүлэхийг нэхэмжлэгч Т.М д даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц аас улсын тэмдэгтийн хураамжд 282 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг үнэлээгүй, хууль буруу хэрэглэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хариуцагчийг илтэд хохироосон. Тухайлбал Г.Ц ийн зүгээс ямар орон сууцыг, хэзээ, хэнээс худалдан авахаар тохиролцсон нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд энэ асуудлаар зохигчид маргаагүй, түүнчлэн Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэрээр Г.Ц гэдэг хүнээс төлбөрийг нь гаргуулж, Голомт банкинд олгохоор л шийдвэрлэсэнд маргаагүй. Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Ц ид холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Г.Ц гэж, хариуцагч Т.М нь гэж тус тус шүүхэд тайлбар гаргасан байна гэж нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн. Г.Ц , Т.М нарын мэдүүлсэн гэснийг бичээгүй болно. Энэхүү өгүүлбэрт дурьдаад байгаа мэдүүлгүүд нь шүүхэд нэгэнт тогтоогдсон үйл баримт биш. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/01476 дугаар шийдвэрт Т.М нь 25 000 000 төгрөгийг Г.Ц т өгсөн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн дүгнэлт болон тогтоосон гэсэн заалт байхгүй. Ийм байхад нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж тайлбарлаж болохгүй. 25 000 000 төгрөгийн асуудлаар Т.М , Г.Ц нарын байр суурь өөр байсан ч хэрэгт ач холбогдолгүй учраас шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдаг. Иймд зохигчдын маргаж буй асуудлаар бусад нотлох баримтуудыг нягталж, шалган эцэслэн шийдвэрлэх ёстой байсан.

Мөн 183/ШШ2018/01476 дугаар шийдвэртэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Ц оролцоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүн юу гэж тайлбарлаж байсныг мэдээгүй. Цагдаагийн байгууллага дээр Д.Ариунсанаагийн зүгээс надад хэлсэн тоог л хэлж байснаас нэг ч төгрөг аваагүй. Хэргийн материалд байх дансны хуулгаас харвал Б.Бат-Эрдэнээс 16 000 000 төгрөг Д.Ариунсанаа бид хоёрын дундын дансанд орсон харагддаг. Тухайн данснаас хувьдаа нэг ч төгрөг аваагүй. Мөн Д.Ариунсанаа нь Т.М ын өгсөн мөнгө шүү гэж надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Д.Ариунсанаагийн хэлснээр бол Т.М ын зүгээс байр худалдан авахаар тохиролцож, уг орон сууцанд нүүн орсноос хойш төлбөрт төлөгдсөн гэдэг гэж тайлбарлаад байгааг шүүх огт анхаарал хандуулаагүй, үнэлээгүй. Гэрчийн мэдүүлэг авсан ч гэсэн хариуцагч нь энэхүү хэрэг хянан шийдврлэх ажиллагаанд бодит нөхцөл байдлаа ярьж байгааг харгалзан үзээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Мөн гэрч Б.Бат-Эрдэнэ ... аавын хэлсний дагуу Г.Ц ийн данс руу байрны урьдчилгаа 16 013 704 төгрөгийг шилжүүлсэн. Манай аав дээрх мөнгийг захиран зарцуулах эрх нь байгаа ... гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд ... Т.М оор 25 000 000 төгрөгийг аваагүй ... гэх татгалзаж үндэслэлгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Бат-Эрдэнэ гэдэг хүний данснаас 16 000 000 төгрөг шилжүүлсэн харагдаж байгаа. Үүнээс Т.М мөнгө шилжүүлээгүй харагддаг. Мөнгө нэхэмжлэх эрх нь Б.Бат-Эрдэнэд хамаатай Т.М нь түүнийг төлөөлөх эрхгүй.

Т.М ын зүгээс холбогдох төлбөрийг төлөөгүй эс үйлдэл, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн болон орон сууцыг орхиж явсан үйлдлээс болж Г.Ц нь Голомт банкинд асар их хэмжээний өрөнд орж хохирсон. Орон сууцны хувьд одоо ч Т.М ын нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа бөгөөд гүйцэтгэх хуудас материал нь ч гэсэн Т.М ын нэр дээр байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Г.Ц ид холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 203 дугаар байрны 48 тоот орон сууцыг худалдах-худалдан авахаар аман хэлцэл хийхдээ Г.Ц ийн Голомт банкнаас авсан орон сууцны зээлийг Т.М д шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна. /хх-17-19/

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан учир шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулна гэж тайлбарлажээ. Шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхдээ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч тал хэлцлээр шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, 16 000 000 төгрөг иргэн Б.Бат-Эрдэнийн дансаар шилжиж ирсэн учир нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх үндэслэл заан татгалзсан нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.М дээрх хэлцэлтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу хариуцагч Г.Ц д эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. /хх-41/, Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Ц , түүний дүү Д.Ариунсанаа нар шалгагдах явцдаа Т.М оос 25 000 000 төгрөг хүлээн авсан тухай тайлбар, мэдүүлэг өгч байжээ. /хх-45, 59, 64/

Мөн Т.М , Т.Наранчимэг нар гэрлэгчид, иргэн Б.Бат-Эрдэнэ нь Т.Наранчимэгийн хүү болох нь хэргийн 118 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлж болдог тул хүү Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн Голомт банкны данснаас 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Г.Ц ийн данс руу шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлээгүй, шаардах эрхгүй гэж үзэх боломжгүй. Эдгээр бичгийн нотлох баримтыг харьцуулан үнэлээд, хариуцагч Г.Ц ийг нэхэмжлэгч Т.М оос 25 000 000 төгрөг шилжүүлсэн авсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Улмаар зохигчдын хооронд хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Г.Ц аас 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 203 дугаар байрны 48 тоот орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Г.Ц д шилжүүлэхийг нэхэмжлэгч Т.М д даалгасан нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01084 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 283 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД