Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2018/00145

 

******* Орхон салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******, ******* нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01108 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : *******ны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

2014 онь 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ14/281-1 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот, 2016 оны 12. дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 10 529 140,03 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, *******, ******* нарын нэхэмжлэгч *******ны Орхон салбарт холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатанбаатар, Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч *******ны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******, ******* нар нь Хаан Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс анх 2014 оны 11-р сарын 07-ны өдөр ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02-р сарын 03-ны өдөр ЗГ14/281-1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан 1 039 306 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16 8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан, 2015 оны 08-р сарын 12-ны өдөр ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2016 оны 12-р сарын 28-ны өдөр ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээ байгуулан үлдэгдэл 8 740 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сарын төлөлтөө 363 000 төгрөг болгон буулган зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч ******* нь 2017 оны 08 сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /зээлийн төлбөрийг хавсралт 1 -ээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь -ийн дагуу төлнө/ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна. Банкнаас зээл төлөхийг удаа дараа шаардаж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт зээлдэгчид амаар сануулж байсан хэдий ч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. ******* зээлдэгч нарын хооронд байгуулсан 2014.11.07-ны өдрийн ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ. 2015.02.03-ны өдрийн ЗШ14/281-1 зээлийн гэрээ, 2015.08.12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ, 2016.12 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 414 хоног хугацаа хэтрүүлсэн байна. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 зээлийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7 001 424,53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 519 585,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16 472,57 төгрөг, нийт 10 537 482,69 төгрөг төлсөн байна.

Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийг үндэслэн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд :

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 зээлийн гэрээ. 2015 онь: 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах, 2018 онь: 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлд 7 037 881,47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 161 695,21 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 129 563,35 төгрөг, нийт 10 329 140,03 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба зээлийн төлөлтийг цаг хугацаандаа төлж байсан боловч аргагүй байдал үүсэж төлөлтийг цаашид хийх ямар ч боломжгүй байдал үүссэн юм, Миний бие ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 11 000 000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн болно. Тэгээд би сар бүр зээлээ төлж байгаад зээлийн үлдэгдэл 9 706 271 төгрөг болсноос 2015 оны 08 дугаар 12-ны барьцаат зээлийн гэрээгээ өөрчилж дахин гэрээ байгуулж нэмж 2 000 000 төгрөг зээлж аваад нийтдээ 11 706 271 төгрөгийг төлөхөөр тохирсон юм. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээгээр 8 740 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул гэрээг сунгасан болно. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлийн төлөлтийг хийж байгаад дараа сараас төлөх ямар ч боломжгүй байдал үүссэн юм. Учир нь би 2015 оноос чихрийн шижэн өвчтэй гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад 2017 онд энэ өвчнөөрөө 75%-ийн группд орж бусдын асрамжинд бүрэн орсон. 2018 онд бөөрний дутагдлын улмаас хагалгаанд орсон. Одоогоор гимодаенизийн аппараттай, хэвтрийн дэглэмд ороод байна. Туниль тавих хугацаа 6 сар байдаг ба энэ хугацаа дууссан тул дараа долоо хоногоос хагалгаанд дахин орох шаардлагатай учраас УБ хот руу явна. Бөөрний дутагдалд орсны улмаас донор олж эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Одоогоор донор хайж байгаа учраас шүүх хуралд оролцоход хүндрэлтэй болж байна. 2016 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн зээлийн гэрээнд эхнэр ******* нь гарын үсэг зураагүй бөгөөд гэрээ байгуулахад байгаагүй болно. ******* нь хариуцагчаар манай эхнэр *******г татсан бөгөөд хэргийн жинхэнэ хариуцагч биш юм. Би зээлийн гэрээг хийсэн бөгөөд үүргээ гүйцэтгээгүй нь миний буруу. Би "Шим технологи" ХХК-д ажилладаг байсан бөгөөд 2016 оноос үйлдвэр маань сул зогсож байсан хэдий ч төлөлтийг цалингаасаа өгдөг байсан. Гэвч миний бие гэнэт өвдөж өвчин туссан тул цаашид зээлийн төлөлтийг хийх боломжгүй байдал үүссэн. Иймд нэхэмжлэлд хариуцагчаар татсан ******* нь хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 2014 11.07-ний өдөр "*******"-наас барьцаат зээлийн гэрээгээр 11.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар 16.8 хувиар зээлсэн юм. Зээлийг сар бүр төлөлт хийж байгаад 2015.08.12-ний байдлаар зээлийн үлдэгдэл 9.706.271.24 төгрог байсан ба энэ өдөр нэмэлт гэрээ байгуулж 2.000.000 төгрөг нэмж зээлээд нийт 11.706.271.24 төгрөгийн зээлтэй болсон. Үүнийг төлж байгаад 2016.12.28-ний өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулахдаа хамтран үүрэг гүйцэтгэгчийг байлцуулахгүйгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ гэрээнд зээлийн хүүг 22 8 % болгож нэмэлт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн үлдэгдэл 8.740.000 төгрөг байсан болно. Энэ гэрээг байгуулахад талуудыг байлцуулахгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлсэн нь зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч ******* зээлийн хүүг 22.8% болсон талаар мэдээгүй, гарын үсэг зураагүй байгаа нь зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлгүй, гэрээний өмнө үүрэг хүлээхгүй юм. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар энэ гэрээнд талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хучин төгөлдөр байх тухай тусгагдсан байдаг. Үүнээс үзэхэд хамтран үурэг гүйцэтгэгч нэмэлт гэрээ байгуулахад оролцоогүй, танилцаагүй, гарын үсэг зураагүй байдал нь 2016.12.28-ний өдрийн ЗГ 201542346759-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна. Миний бие ******* нь 2015 оноос эхлэн чихрийн шижэн өвчтэй гэсэн оношоор оношлогдож өнөөдрийг хүртэл эмчлүүлсэн боловч эмчлэгдэхгүй байсаар бөөрний дутагдалд улмаар орж донор хайх шаардлагатай болоод байна. Одоогоор хэвтрийн дэглэмд орж бусдын асрамжинд бүрэн орсон. Би УБ хотод донороо яаралтай олж чадвал эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай болоод байна. Иймд 2016.12.28-ний өдрийн 201542346759-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хучин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******ны Орхон салбар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хамтран үүрэг гүйцэтгэгч ******* гарын үсэг зураагүй тул уг нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэг хүлээхгүй байх ба харин гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Банк нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг эрх зүйн бүрэн чадамжтай, үндсэн зээлдэгч *******той байгуулсан. ******* гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бодиттойгоор хангалттай илэрхийлж гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон Иймд хэдийгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд ******* гарын үсэг зураагүй учраас үүрэг хүлээхгүй байх боловч үндсэн зээлдэгч ******* нь гарын үсэг зурсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01108 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******гаас үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 163 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45 630 төгрөг, хариуцагч *******гоос үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 997 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83 933 төгрөг, хариуцагч нараас нийт 10 329 140 төгрөг гаргуулан *******ны Орхон салбарт олгож, Иргэний хуулййн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* нарын нэхэмжлэгч *******ны Орхон салбарт холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 180 216 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж Батцолмон, ******* нараас 180 216 төгрөг гаргуулан Нэхэмжлэгчид олгож, хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасныг хангаагүй байна. Шүүхийн шийдвэр нь нэг талыг баримталсан үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул гомдол гаргах үндэслэл болсон болно. ******* нь үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нарт холбогдуулан нийт 10.329.140.03 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх *******ны нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч ******* нь *******наас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 11 сая төгрөгийг жилийн 16.8%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан байдаг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж нэмж 1.039.306 төгрөгийг зээлсэн \ хүү 16,8%, хугацаа 36 сар\ , 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг нэмж зээлээд гэрээнд өөрчлөлт оруулсан\ хүү 16.8%, 36 сарын хугацаатай, 2016.12.28-ны өдрийн зээлийн гэрээний хүүнд өөрчлөлт орж 22.8% болгож, 8.740 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. \Хамтран зээлдэгч ******* нь 2016.12.28-ны өдрийн зээлийн гэрээнээс бусад өмнөх гэрээнүүдэд хамтран зээлдэгчээр үүрэг хүлээж гарын үсгээ зурсан болно. Хамтран зээлдэгч ******* нь 2016.12.28-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, үүрэг хүлээгээгүй байхад шүүх зээлийн төлөлтийг хариуцагч нарт тэнцүү хувааж төлөлт хийхээр шийдвэрлэсэн буруу юм. Анхан шатны шүүх нь *******г хэргийн жинхэнэ хариуцагч мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хамтран зээлдэгч ******* гэрээнд заасны дагуу зээлийн төлөлтийг төлөх үүрэгтэй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй юм. Шүүх төлөлтийг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

Ш. Амарсанаагаас үндсэн зээлд 3.518.940 төгрөг, хүүд 1.163.913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 45.630 төгрөг, үндсэн зээлдэгч Ж.Батцоломонгоос үндсэн зээлд 3.518.940 төг, хүүнд В.997.782 төг, нэмэгдүүлсэн хүүнд 83.933 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Хамтран зээлдэгч ******* нь гэрээ өөрчлөгдсөн талаар мөн хүү нэмэгдэж 22.8% болсныг хүлээн зөвшөөрдөггүй. Хамтран зээлдэгч ******* нь хэргийн жинхэнэ хариуцагч мөн эсэхэд эргэлзээтэй. Учир нь 2016.12.28-ний өдрийн 8.740.000 төгрөгийн зээлийн гэрээнд ******* нь үүрэг хүлээсэн зээлдэгч биш юм. Өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 28.1-д зааснаар хэргийн жинхэнэ хариуцагч биш болно. Хамтран зээлдэгч *******г 2016.12.28-ны өдрийн зээлийн гэрээг Байгуулахад гарын үсэг зураагүй, гэрээний хүүнд өөрчлөлт орж 22.8% болсон талаар мэдээгүй байсан хэдий ч өмнөх зээлийн гэрээнүүдэд хамтран зээлдэгчээр /даа дараа оролцож байсан байх тул хүүг тооцохдоо урьд нь гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан үеийн хүүгээр буюу 16.8%-иар тооцлоо гэж шүүх үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 3.4-д талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалтад анхан шатны шүүх нь үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. ******* нь хэргийн оролцогч биш байх тул *******д оногдох зээлийн төлөлтийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх нь хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 2018 оны 12 дугаар сарын 28-ны ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг зээлдэгч нар харилцан тохиролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж шүүх дүгнэсэн нь буруу байна. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр болох талаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохыг заажээ. Гэтэл ******* нь гэрээний хүү 22.8% болсныг мэдээгүй байгаа , гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээдийн хувьд гарын үсэг зураагүй зэрэг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Хамтран зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд өөрчлөлт орж гарын үсэг зураагүй. гэрээнд өөрчлөлт орсон талаар мэдээгүй хамтран зээлдэгчид хүлээх үрэг байгаа эсэхэд шүүх өөрийн үзэмжээр үнэлэлт дүгнэлт өгч буй нь шударга бус ханджээ гэж үзэх талтай. Гэрээнд хамтран зээлдэгчийн гарын үсэг байгаа эсэхээс үл хамаарч зээлийн эрээнд өөрчлөлт оруулж болно гэсэн заалт байсан бол тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж үзэх боломжтой юм. Гэтэл гэрээний гол зохицуулалт болох зээлдэгч, хамтран зээлдэгчийн хүлээх үүрэг хариуцлагын хэмжээг шүүх үндэслэлгүйгээр өөрийн үзэмжээр дүгнэж зээлийг тэнцүү хувааж төлүүлэхээр шийдвэрлэж, зээлийн гэрээнд зээлдэгч хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон байх тул Иргэний хуулийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэж хуулийг буруу тайлбарласан нь буруу байна. Хамтран зээлдэгч *******г хүсэл зоригоо илэрхийлсэн, зээлийг хамтран төлөхөө тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 42.7-д бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсэг зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ гэжээ. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч *******ны Орхон аймаг дахь салбар хариуцагч М.Батцолмон, ******* нарт холбогдуулан зээлийн төлбөр 10.329.140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 201542346759-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгөх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хариуцагч *******гаас үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 163 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45 630 төгрөг, хариуцагч *******гоос үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 997 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83 933 төгрөг, хариуцагч нараас нийт 10 329 140 төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, ******* нар анх 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан ба 2015 онд 2 удаа зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн, банк болон ажил олгогчтой байгуулсан хамтраж ажиллах гэрээний хугацаа дууссан, хариуцагч нар зээлийн сарын төлөлтийн хэмжээг бууруулах хүсэлт гаргасан гэсэн шалтгаанаар 2016 оны 12 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 8.740.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээнд хариуцагч ******* гарын үсэг зурж, хариуцагч ******* гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч *******г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 163 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45 630 төгрөг, олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******ны Орхон салбар хариуцагч *******той 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ байгуулахдаа гэрээний гол нөхцөл өөрчилсөн тухайлбал зээлийн зориулалтыг өөрчлөгдсөнөөр зээлийн хүүг нэмэгдүүлсэн, ******* тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байх тул хариуцагч *******г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нарын гаргасан 2016.12.28-ний өдрийн 201542346759-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хучин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах ...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлтэй... гэх гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд хариуцагч *******гоос зээлийн төлбөр нийт 10.329.140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкинд олгож, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01108 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******гаас үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 163 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45 630 төгрөг, хариуцагч *******гоос үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 997 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83 933 төгрөг, хариуцагч нараас нийт 10 329 140 төгрөг гаргуулан *******ны Орхон салбарт олгосугай гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******гоос 10.329.140.3 төгрөг гаргуулж *******ны Орхон салбарт олгож, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн 3 дахь заалтнаас ******* гэсэн хэсгийг хасаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ