Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02306

 

 

 

 

 

 

2017 11 06

2306

 

 

Их эргэлт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2017/02535 дугаар шийдвэртэй Их эргэлт ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ус сувгийн удирдах газарт холбогдох

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дутуу бичсэний улмаас учирсан хохирол болон бохир ус цэвэрлэгээний төлбөрт илүү нэхэмжилж авсан төлбөр нийт 32 287 263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Балжинням, Д.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Их эргэлт" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани арьс боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд Ус сувгийн удирдах газартай 260265 тоот цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний дагуу хамтран ажилладаг. Тус гэрээний дагуу арьс боловсруулах ус, ашигласан бохир зайлуулах үйлчилгээг авдаг бөгөөд ашигласан усныхаа төлбөрийг зохих хугацаанд нь төлж ирсэн. Ус сувгийн удирдах газар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага бөгөөд хуульд заасны дагуу манай компанийн худалдан авалтын төлбөрийн 10 хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт бичиж өгөх үүрэгтэй. Гэвч тус газар нь манай компанийн төлсөн төлбөрт дараах байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг дутуу бичиж өгсөн. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын усны хэрэглээний төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нийт 54 606 204.12 төгрөг төлсөн боловч 89 805.87 төгрөгийн НӨАТ-ын бичилт, 2014 оны 01 дүгээр сарын усны хэрэглээний төлбөрт 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийт 93 114 968.04 төгрөг төлсөн боловч 1 039 448.76 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг хийсэн. Ийм байдлаар НӨАТ дутуу бичсэн учраас яагаад бүрэн бичихгүй байгааг тодруулж, НӨАТ-ын бичилт бүрэн хийж өгөх шаардлагыг холбогдох хүмүүст нь тавьсан боловч тодорхой хариу өгөөгүй ба шийдвэрлэхгүй байсаар бидний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Бид cap болгон төлбөрөө төлөх, тооцоо нийлэхээр очих бүртээ энэ тухай удаа дараа шаардаж, албан тоотоор хандаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар тайлант хугацаа болох 2014 оныг дуусгасан. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нямдорж, Ч.Энхтуяа нар нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтад үндэслэн шалгасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх үлдэгдлийг баталгаажуулсан. Тиймээс уг шалгалтаар Ус сувгийн удирдах газраас авах ёстой НӨАТ-ын буцаалтыг тус газар дутуу бичилт хийж өгсний улмаас баталгаажуулж чадалгүй үлдсэн. Мөн тус газар нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бохир ус цэвэрлэгээний төлбөр нэхэмжлэхдээ усны тоолуурын заалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бичиж төлбөр тооцон авч манай компанид хохирол учруулсан. Үүнд: 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тооцооны хуудас дээрх тоолуурын заалт 2956 м3 ус байхад түүнийг шууд 7941 м3 ус гэж бичин нэгжийн үнэ 3 400 төгрөгт үржүүлэн тооцож нэхэмжилж авсан. Тоолуурын заалтаар 2956м 3х З 400=10 050 400+НӨАТ= 11 055 440 төгрөг, харин тус байгууллагын нэхэмжилснээр 7941 м3 х 3 400=26 999 400+НӨАТ=29 699 840 төгрөг гэж тооцсон. Үүний зөрүү илүү төлөлт 8 644 400 төгрөг болж байна. Ийнхүү Ус сувгийн удирдах газар, түүний холбогдох албан тушаалтнуудынх нь ажлын хариуцлагагүй байдлын улмаас манай компани дээрх төлбөрт ногдох НӨАТ-ын буцаалтыг авах боломжгүй болж хохирол хүлээсэн. Тиймээс Ус сувгийн удирдах газрын үндэслэлгүйгээр НӨАТ-ын буцаалтыг дутуу бичиж өгсөн, илүү төлбөр нэхэмжилж авсны улмаас манай компанид дараах хохирлыг учруулаад байна. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 54 606 204.12 төгрөгт ногдох бичилт 5 460 620.412 төгрөг ба үүнээс өмнө бичсэн 89 805.87 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 5 370 814.542 төгрөгийн хохирол, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 93 114 968.04 төгрөгт ногдох бичилт 9 311 496.804 төгрөг ба үүнээс өмнө бичсэн 1 039 448.76 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 8 272 048.044 төгрөгийн хохирол, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бохир ус цэвэрлэгээ /тооцооны хамрах хугацаа 2015.12.15-2016.01.14/-ний төлбөрт илүү нэхэмжилж авсан 18 644 400 төгрөгийн хохирол буюу нийт 32 287 263 төгрөгийн хохирол учраад байна. Иймд хариуцагчаас 32 287 263 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын шүүхэд гаргасан тайлбарт: "Их эргэлт" ХХК-ийн 32 287 263 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Их эргэлт" ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүсэлтээ бичгээр гаргасны дагуу Нийслэлийн Татварын газарт хандахад уг компанийг 2013, 2014 онуудад НӨАТ төлөгч байсан эсэх нь тодорхойгүй, НӨАТ-ын падааныг анхан шатны баримтаар санхүү татварын тайланд тусгаж тайлагнах хуулийн хугацаа өнгөрсөн тухай 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариу ирүүлсэн. "Их эргэлт" ХХК нь бохир ус цэвэрлэгээний төлбөр нэхэмжлэхдээ усны тоолуурын заалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бичиж төлбөр тооцон авч хохирол учруулан илүү төлөлт 18 644 400 төгрөгийг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь "Их эргэлт" ХХК-ийг бохир ус татан зайлуулах гэрээг байгуулах талаар байнга шаардаж байсан боловч зайлсхийж явсаар тухайн үед гэрээг байгуулаагүй, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр ажиллаж ирсэн нь олон удаагийн шалгалтаар илэрч байсан. Тухайн үед "Их эргэлт" ХХК-тай харилцан тооцоо нийлж, уг үйлдлээ зөвшөөрснөөр төлбөрийг төлсөн байна. Иймд "Их эргэлт" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1заасан үүргээ биелүүлээгүй. Манай талаас татварын албанд хандсан боловч тайлан гаргах хугацаа дууссан тул манайх нөхөж бичих боломжгүй гэсэн хариу хэлсэн. Нэг ямааны арьс 2.8 килограмм, тонн арьс нь 357 ямааны 5000 арьс буюу 140 тонн болж байгаа. Үүнийг тооцоолж үржүүлэхэд 7941 м.куб усны хэрэглээ гарах ба зохицуулах зөвлөлийн 2014 оны 29 дүгээр тогтоолоор зохих ёсны үйлчилгээний тарифаар 3400 төгрөгөөр тооцоолж, 26 999 400 төгрөг болж байна.

2013 оны 12 сард 89 000 000 төгрөг нь цэвэр усны мөнгө, 1 039 448.76 төгрөг нь 2014 оны 01 сарын цэвэр усны мөнгө юм. 2014 оны 1 сард 80 000 000 төгрөгийн өртэй байсан. Тус компани нь 2014 оны 9 сард өргүй болсон. Компани анхаарч явахгүй байсаар манайд 2015 оны 11 сард хандсан албан бичиг өгсөн байдаг. Үүний дагуу манайх татварын байгууллагад 2015 оны 12 сарын 16-нд албан бичиг илгээсэн. Татварын байгууллагаас уг компанийг НӨАТ төлөгч нь тодорхой биш, тайлант хугацаа дууссан тул олгох бололцоо байхгүй гэсэн хариу албан бичиг ирсэн. Манайд НӨАТ бичихгүй байх ямар нэгэн тодорхой шалтгаан байхгүй.

Аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байхад байнгын цэвэр ус нээлттэй байх заалттай гэрээ байдаг. Энэ гэрээг үндэслээд цэвэр усны төлбөр хямд, бохир усыг бодвол төлбөрийн зөрүү багатай учраас цэвэр усны төлбөрийг төлж явах боломжтой тул цэвэр усыг хаах үндэслэл байхгүй. Харин бохир усыг хэрэглэсний дараа төлбөрийг төлдөг учраас байгууллагууд орхидог тул манай байгууллага цэвэрлэхээс өөр арга байдаггүй. Цэвэрлэсний дараа төлбөрийг нэхэмжилдэг учраас зөрүүтэй байдал, үл ойлголцол үүсээд байна. Хэрэв төлбөр төлсний дараа бохир усыг авч цэвэрлэдэг байвал өөр боломжтойгоор зохицуулж болох юм гэв.

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас 18 644 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Их эргэлт ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 642 863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319 387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас улсын тэмдэгтийн хураамжид 251 172 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Их эргэлт ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагчийг НӨАТ-ын падаан дутуу бичиж өгсөн болохыг тогтоосон, падааныг хариуцагч бичиж өгөх үүрэгтэй тухай хуулийн зохицуулалтыг тайлбарласан боловч нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч "Их Эргэлт" ХХК НӨАТ-ын хасалт хийлгэлгүй хохирсон гэж үзэх үндэслэл шүүхэд тогтоогдохгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар НӨАТ-ын падааныг худалдан авалт хийсэн тухай бүрт нь худалдагч олгоно. Эсхүл худалдан авалт хийгээд төлбөрөө төлж дуусгасан даруй НӨАТ-ын баримтыг бүрэн бичиж өгөх үүрэгтэй. Нөгөө талаас НӨАТ-ын баримтыг заавал дахин дахин шаардаж, албан бичгээр хандаж, гуйж байж авах зүйл биш юм. Тийм эрх зүйн зохицуулалт, журам байхгүй. НӨАТ-ын баримт бичиж өгөх нь худалдагч талын үүрэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу НӨАТ-ын тайланг cap бүр гаргадаг. Ийм учраас НӨАТ-ын баримтаа тайлан гаргахдаа авахгүй байх, баримтаа авах талаар худалдагчаас шаардахгүй байх боломжгүй.

Бид баримт дутуу бичиж өгсөн учраас дахин гүйцэд бичүүлж авахаар хуульд заасан хугацаанд шаардаж байсан боловч худалдагч тал буюу хариуцагч нь НӨАТ-ын баримт бичиж өгөх үүргээ биелүүлээгүй гэдгийг нэхэмжлэлдээ ч, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа ч дурдаж байсан. Нэхэмжлэгч ийнхүү шаардаж байсныг хариуцагч тал үгүйсгээгүй. НӨАТ-ын баримт байхгүй тохиолдолд тайландаа НӨАТ-ын буцаалтыг тусгах, НӨАТ-тай худалдан авалт хийснээ нотлох боломжгүй юм. Татварын байгууллага хуульд заасны дагуу НӨАТ-ын падаанаа хавсаргаж НӨАТ-ын тайлан гаргах, уг баримтаа үндэслэж буцаалтаа баталгаажуулахыг шаарддаг. Тиймээс худалдагч тал НӨАТ-ын баримтыг бичиж өгөхгүй байгаа тохиолдолд худалдан авагч тал НӨАТ-ын буцаалтаа баталгаажуулах боломжгүй юм. Шүүх татварын тайланг хэрхэн гаргах талаар дүгнэхдээ хуулийг буруу тайлбарласан.

Хэрэв өндөр дүнтэй худалдан авалт хийсэн болохоо нотолж чадахгүй бол татвар төлөгч буюу нэхэмжлэгчийг татвар ногдох орлогоос зайлсхийсэн гэж үзэн торгууль, алданги ногдуулах эрх зүйн үр дагавар үүснэ. Тухайн үеийн (2013-2014 оны) НӨАТ-ын гол баримт нь байгууллагын нэр дээр бүртгэлтэй тусгай дугаар бүхий НӨАТ-ын баримтууд байсан. Хэрвээ уг баримт байхгүй бол тухай байгууллагыг НӨАТ-тай худалдан авалт хийсэн гэж үзэхгүй. Харин худалдан авагч буюу нэхэмжлэгч иь хуульд заасан хугацаанд НӨАТ-ын бүрэн баримтуудтай худалдан авалтуудынхаа тайланг гаргаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Дээрх худалдан авалтууд хийгдэж байх үед Ус сувгийн удирдах газар нь "Харгиа цэвэрлэх байгууламж"-тай нэгдэж нэг байгууллага болсон ба тухайн үедээ бохир усны төлбөрт (бодисын төлбөр) НӨАТ бичиж өгөх эсэх нь тодорхойгүй байсан. Нэхэмжлэгч нь НӨАТ-ын баримт авах талаар хариуцагчид хандаж байсан.

Шүүх шийдвэрийн үндэслэлдээ "...2013 оны 12 дугаар cap болон 2014 оны 01 дүгээр сард НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлан тооцоог хэрхэн гаргасан, нягтлан бодох бүртгэлийн баримтад хэрхэн тусгасан талаар шүүхэд баримт гаргаагүй..." гэжээ. Гэвч бид дээрх саруудын НӨАТ-ын тайлан, түүний хавсралт НӨАТ-ын баримтуудын задаргааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүх уг баримтуудыг үнэлээгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одонтуяа давж заалдах гомдолдоо: Их эргэлт ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа тоолуурын заалт нь тухайн төлбөр гарах үед ажиллаагүй байсан талаар хүлээн зөвшөөрч, тоолуур нь ажиллаагүй болохоо баталгаажуулж, оруулгын тоогоо өгч гарын үсэг зурж баталгаажуулснаар төлбөрийг төлсөн. Мөн бохир ус татан зайлуулах гэрээг байгуулах талаар байнга шаардаж байсан ч гэрээ байгуулалгүй дур мэдэн ажиллаж ирсэн ба шаардлага хүргүүлж байсан талаарх баримтыг хэрэгт хавсаргасан болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Мөн 2016 оны 01 дүгээр сард Их эргэлт ХХК дах усны тоолуур ажиллахгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоодоогүйн зэрэгцээ усны төлбөрийг А/301 дугаартай тушаалд зааснаар тооцооллын дагуу гаргах болсон нь үндэслэлгүй байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т зааснаар тооцооны хугацаанд бохир усны тоолуурын эхний заалт 49287, эцсийн заалт 52243, зөрүү 2956 байсан байхад хариуцагч боловсруулсан арьсны тоо хэмжээнд үндэслэн төлбөр авсан нь үндэслэлгүй байх тул Их эргэлт ХХК нь бохир ус цэвэрлэгээний төлбөрт 18 644 400 төгрөгийг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт илүү төлсөн байх тул буцаан гаргуулах нь зүйтэй гэжээ.

Тухайн төлбөрийн хамрах хугацаанд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Их эргэлт ХХК-ийн тоолуурын заалт ажиллаагүй ашиглах боломжгүй талаар мэдэгдлийг ирүүлсэн ба талууд 2 талаас уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч баталгаажуулан тухайн саруудад арьс угаах тоогоо тус газрын мастер гаргаж өгснийг үндэслэн нэхэмжлэл бичиж Их эргэлт ХХК төлбөрийг хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж төлбөрийг төлсөн.

Шүүгч шүүхийн шийдвэрийг уншин сонсгохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно" гэж заасныг баримтлан цэвэр усны хэрэглээг тооцохыг шийдвэрт дурдсан боловч бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь бохир усны хэрэглээг тооцоогүй, хэрэглэгчийн эрхийг заасан байна. Учир нь талуудын маргаан бүхий төлбөр нь "цэвэр усны төлбөр" бус хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах тухай маргаж байгаа болно. Мөн шүүхийн шийдвэрт 18 644 400 төгрөгөөс НӨАТ хасаагүй дүнгээр гаргуулахаар шийдвэрлэсэн ба НӨАТ-ын буцаалтыгИх эргэлт ХХК нь авч, тухайн үед манай талаас бичилт хийж өгснийг хасч тооцон шийдвэрлээгүй байна. Иймд бохир усны төлбөрийг тооцохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэгт заасныг баримтлан усны тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн унд, ахуйн ус, хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг байгаль орчин, хот суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно гэж заасныг баримтлан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Их эргэлт ХХК хариуцагч Ус сувгийн удирдах газарт холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дутуу бичсэний улмаас учирсан хохирол болон бохир ус цэвэрлэгээний төлбөрт илүү нэхэмжилж авсан гэж нийт 32 287 263 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 54 606 204 төгрөгийн, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 93 114 968 төгрөгийн НӨАТ-тай бараа үйлчилгээ худалдан авсан, хариуцагч нь дээрх мөнгөн дүнд нийт 14 772 116 төгрөгийн НӨАТ-ын падаан үйлдэхээс 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 89 805 төгрөгийн, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 039 448 төгрөгийн НӨАТ-ын падаан бичиж, 13 642 863 төгрөгийн НӨАТ-ын падаан үйлдээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Татвар төлөгч буюу нэхэмжлэгч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдах бөгөөд бараа, ажил, үйлчилгээнд ногдох НӨАТ-ыг дараа сарын 10-ны дотор шилжүүлж, тайлангаа татварын албанд гаргаж өгөх үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч талд нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2013 оны 12 сарын болон 2014 оны 01 сарын НӨАТ-ын падаан бүрэн бичих талаар хандсан байх боловч тэрээр НӨАТ-ын падааныг анхан шатны баримтаар санхүү, татварын тайланд тусгаж, тайлагнах хуулийн хугацааг хэтрүүлсэн болох нь Нийслэлийн Татварын газрын албан бичгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь НӨАТ-ыг тайлагнах хугацааг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Талууд 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд арьс шир боловсруулах үйлдвэрийн технологийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэн, татан зайлуулах гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Технологийн хаягдал усыг татан зайлуулж, урьдчилан цэвэрлэх гэрээ тус тус байгуулжээ. Эдгээр гэрээнүүд нэхэмжлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бохир ус цэвэрлэгээний төлбөрт 18 644 400 төгрөг илүү авсан гэх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хэдий ч талуудын хооронд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцаа үүсч, хариуцагч нь нэхэмжлэгчид бохир ус цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 2956 м.куб /эхний заалт 49 287- эцсийн заалт 52 243/ бохир ус хэрэглэсэн байхад хариуцагч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны А/301 тоот тушаалд заасан нормоор нэхэмжлэгчийг дээрх хугацаанд 7 941 м.куб бохир ус хэрэглэсэн гэж тооцож, 29 699 840 төгрөгийн төлбөр авсан нь үндэслэл муутай байна. Учир нь хариуцагч байгууллагын татгалзалдаа зааж буй нэхэмжлэгч байгууллагын усны тоолуур ажиллагхгүй байсан тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны А/301 тоот тушаалд заасан нормоор бохир усны хэрэглээг тооцсон гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т зааснаар нэхэмжлэгч нь бохир усны төлбөрийн тооцооны хуудаст заасан тоолуурын эхний болон эцсийн заалтын зөрүү 2956 м.куб усны төлбөрт 11 055 440 төгрөг төлөхөөс 29 699 840 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 18 644 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад нийцсэн.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2017/02535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 226 165 төгрөгийг, хариуцагчийн 251 172 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ