Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00364

 

 “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02535 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2306 дугаар магадлалтай

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“У”-т холбогдох

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дутуу бичсэний улмаас учирсан хохирол болон бохир ус цэвэрлэгээний төлбөрт илүү нэхэмжилж авсан төлбөр нийт 32 287 263 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонсүрэн, Г.Баатарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн төлөөлөгч Л.Даваажавын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани арьс боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд Ус сувгийн удирдах газартай 260265 тоот цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний дагуу хамтран ажилладаг. Тус гэрээний дагуу арьс боловсруулах ус, ашигласан бохир зайлуулах үйлчилгээг авдаг бөгөөд ашигласан усныхаа төлбөрийг зохих хугацаанд нь төлж ирсэн. Ус сувгийн удирдах газар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага бөгөөд хуульд заасны дагуу манай компанийн худалдан авалтын төлбөрийн 10 хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт бичиж өгөх үүрэгтэй. Гэвч тус газар нь манай компанийн төлсөн төлбөрт дараах байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг дутуу бичиж өгсөн. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын усны хэрэглээний төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нийт 54 606 204,12 төгрөг төлсөн боловч 89 805,87 төгрөгийн НӨАТ-ын бичилт, 2014 оны 01 дүгээр сарын усны хэрэглээний төлбөрт 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийт 93 114 968,04 төгрөг төлсөн боловч 1039 448,76 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг хийсэн. Ийм байдлаар НӨАТ дутуу бичсэн учраас яагаад бүрэн бичихгүй байгааг тодруулж, НӨАТ-ын бичилт бүрэн хийж өгөх шаардлагыг холбогдох хүмүүст нь тавьсан боловч тодорхой хариу өгөөгүй ба шийдвэрлэхгүй байсаар бидний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Бид cap болгон төлбөрөө төлөх, тооцоо нийлэхээр очих бүртээ энэ тухай удаа дараа шаардаж, албан тоотоор хандаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар тайлант хугацаа болох 2014 оныг дуусгасан. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нямдорж, Ч.Энхтуяа нар нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтад үндэслэн шалгасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх үлдэгдлийг баталгаажуулсан. Тиймээс уг шалгалтаар Ус сувгийн удирдах газраас авах ёстой НӨАТ-ын буцаалтыг тус газар дутуу бичилт хийж өгсний улмаас баталгаажуулж чадалгүй үлдсэн. Мөн тус газар нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бохир ус цэвэрлэгээний төлбөр нэхэмжлэхдээ усны тоолуурын заалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бичиж төлбөр тооцон авч манай компанид хохирол учруулсан. Үүнд: 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тооцооны хуудас дээрх тоолуурын заалт 2956 м3 ус байхад түүнийг шууд 7941 м3 ус гэж бичин нэгжийн үнэ 3 400 төгрөгт үржүүлэн тооцож нэхэмжилж авсан. Тоолуурын заалтаар 2956м3 х З 400=10 050 400+НӨАТ= 11 055 440 төгрөг, харин тус байгууллагын нэхэмжилснээр 7941 м3 х 3 400=26 999400+НӨАТ=29 699 840 төгрөг гэж тооцсон. Үүний зөрүү илүү төлөлт 8 644 400 төгрөг болж байна. Ийнхүү Ус сувгийн удирдах газар, түүний холбогдох албан тушаалтнуудынх нь ажлын хариуцлагагүй байдлын улмаас манай компани дээрх төлбөрт ногдох НӨАТ-ын буцаалтыг авах боломжгүй болж хохирол хүлээсэн. Тиймээс Ус сувгийн удирдах газрын үндэслэлгүйгээр НӨАТ-ын буцаалтыг дутуу бичиж өгсөн, илүү төлбөр нэхэмжилж авсны улмаас манай компанид дараах хохирлыг учруулаад байна. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 54 606 204,12 төгрөгт ногдох бичилт 5 460 620,412 төгрөг ба үүнээс өмнө бичсэн 89 805,87 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 5 370 814,542 төгрөгийн хохирол, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 93 114 968,04 төгрөгт ногдох бичилт 9 311 496,804 төгрөг ба үүнээс өмнө бичсэн 1 039 448,76 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг хасаад 8 272 048,044 төгрөгийн хохирол, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бохир ус цэвэрлэгээ /тооцооны хамрах хугацаа 2015.12.15-2016.01.14/-ний төлбөрт илүү нэхэмжилж авсан 18 644 400 төгрөгийн хохирол буюу нийт 32 287 263 төгрөгийн хохирол учраад байна. Иймд хариуцагчаас 32 287 263 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “У”- шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК-ийн 32 287 263 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “И” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүсэлтээ бичгээр гаргасны дагуу Нийслэлийн Татварын газарт хандахад уг компанийг 2013, 2014 онуудад НӨАТ төлөгч байсан эсэх нь тодорхойгүй, НӨАТ-ын падааныг анхан шатны баримтаар санхүү татварын тайланд тусгаж тайлагнах хуулийн хугацаа өнгөрсөн тухай 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариу ирүүлсэн. “И” ХХК нь бохир ус цэвэрлэгээний төлбөр нэхэмжлэхдээ усны тоолуурын заалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бичиж төлбөр тооцон авч хохирол учруулан илүү төлөлт 18 644 400 төгрөгийг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “И” ХХК-ийг бохир ус татан зайлуулах гэрээг байгуулах талаар байнга шаардаж байсан боловч зайлсхийж явсаар тухайн үед гэрээг байгуулаагүй, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр ажиллаж ирсэн нь олон удаагийн шалгалтаар илэрч байсан. Тухайн үед “И” ХХК-тай харилцан тооцоо нийлж, уг үйлдлээ зөвшөөрснөөр төлбөрийг төлсөн байна. Иймд “И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй. Манай талаас татварын албанд хандсан боловч тайлан гаргах хугацаа дууссан тул манайх нөхөж бичих боломжгүй гэсэн хариу хэлсэн. Нэг ямааны арьс 2.8 килограмм, тонн арьс нь 357 ямааны 5000 арьс буюу 140 тонн болж байгаа. Үүнийг тооцоолж үржүүлэхэд 7941 м.куб усны хэрэглээ гарах ба зохицуулах зөвлөлийн 2014 оны 29 дүгээр тогтоолоор зохих ёсны үйлчилгээний тарифаар 3 400 төгрөгөөр тооцоолж, 26 999 400 төгрөг болж байна. 2013 оны 12 сард 89 000 000 төгрөг нь цэвэр усны мөнгө, 1 039 448,76 төгрөг нь 2014 оны 01 сарын цэвэр усны мөнгө юм. 2014 оны 1 сард 80 000 000 төгрөгийн өртэй байсан. Тус компани нь 2014 оны 09 сард өргүй болсон. Компани анхаарч явахгүй байсаар манайд 2015 оны 11 сард хандсан албан бичиг өгсөн байдаг. Үүний дагуу манайх татварын байгууллагад 2015 оны 12 сарын 16-нд албан бичиг илгээсэн. Татварын байгууллагаас уг компанийг НӨАТ төлөгч нь тодорхой биш, тайлант хугацаа дууссан тул олгох бололцоо байхгүй гэсэн хариу албан бичиг ирсэн. Манайд НӨАТ бичихгүй байх ямар нэгэн тодорхой шалтгаан байхгүй.

Аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байхад байнгын цэвэр ус нээлттэй байх заалттай гэрээ байдаг. Энэ гэрээг үндэслээд цэвэр усны төлбөр хямд, бохир усыг бодвол төлбөрийн зөрүү багатай учраас цэвэр усны төлбөрийг төлж явах боломжтой тул цэвэр усыг хаах үндэслэл байхгүй. Харин бохир усыг хэрэглэсний дараа төлбөрийг төлдөг учраас байгууллагууд орхидог тул манай байгууллага цэвэрлэхээс өөр арга байдаггүй. Цэвэрлэсний дараа төлбөрийг нэхэмжилдэг учраас зөрүүтэй байдал, үл ойлголцол үүсээд байна. Хэрэв төлбөр төлсний дараа бохир усыг авч цэвэрлэдэг байвал өөр боломжтойгоор зохицуулж болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02535 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “У”-аас 18 644 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 642 863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319 387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У”-аас улсын тэмдэгтийн хураамжид 251 172 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2306 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 226 165 төгрөгийг, хариуцагчийн 251 172 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02535 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2306 дугаар магадлалын нэхэмжлэлийн шаардлагаас НӨАТ-ын буцаалттай холбоотой 13 642 863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх болсон үндэслэлээ “...дээрх 13 642 863 төгрөгийн дүнд НӨАТ-ын падаан үйлдэгдээгүй болох нь зохигчдын тайлбар болон шүүхэд хариуцагчийн гаргасан НӨАТ-ын баримт олгосон жагсаалтаар тогтоогдож байна. Үйлдвэрлэлийн зориулалтаар НӨАТ-тай үйлчилгээ худалдан авсан “И” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 -д зааснаар тухайн үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг өөрийн төлөх НӨАТ-аас хасч тооцуулах эрхтэй боловч хуулийн 14.3-т зааснаар бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн талаар нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаах үүрэг мөн хүлээсэн байна гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тайлбарласан нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал тус хуулийн 14.3 дэх хэсэг бол нягтлан бодох бүртгэлтэй хамааралгүй. Харин худалдагч НӨАТ-ын падааныг худалдан авалт хийсэн тухай бүрт нь олгох тухай зохицуулалт.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг бол худалдан авалт хийсэн болох нь НӨАТ-ын падаан “худалдан авалт хийх үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу НӨАТ-тай худалдан авалт хийсэн болохыг нотлох үндсэн баримт нь тухайн байгууллагын нэр дээр бүртгэлтэй, тусгай дугаар бүхий НӨАТ-ын падаан байсан”-аар нотлогдож байгаа татвар төлөгчийн тайлан гаргахтай холбоотой зохицуулалт. НӨАТ-ын баримтгүй бол НӨАТ-ын тайлан гаргах, НӨАТ-тай худалдан авалт хийсэн болохоо нотлох боломжгүй. Гэхдээ НӨАТ дутуу бичиж өгсөн дүнгээр тайлангаа гаргасан. “Уг маргаан бүхий 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр саруудад хамаарах НӨАТ-ын тайланг бид нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан байгаа”. Гэтэл шүүх тус заалтыг үндэслэн худалдан авалт хийсэн бүх дүнгээр нэхэмжлэгчийг тайлангаа гаргах боломжтой байсан ч тайлан гаргах үүргээ биелүүлээгүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т тодорхойлсноор НӨАТ-ын падааныг бараа, ажил үйлчилгээ борлуулсан этгээд буюу хариуцагч “У”- бичих боловч худалдан авагч, НӨАТ төлөгч “И” ХХК өөрөө шаардан авахыг хуулиар хязгаарлаагүйгээс гадна сар бүрийн татварын тайлан гаргахдаа хасуулах татвараа тодорхойлж мэдүүлэх, худалдан авалтын журнаал, дэвтэр хөтлөх, татварын байгууллагад хандах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байжээ хэмээн дүгнэсэн.

Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дэх хэсэг бол “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” буюу НӨАТ-ын падаан гэж ямар баримт болохыг тодорхойлсон зохицуулалт. Түүнээс бус НӨАТ-ын тайланг хэрхэн гаргах талаар зохицуулсан заалт биш юм. Мөн шүүх “...НӨАТ төлөгч “И” ХХК өөрөө шаардан авахыг хуулиар хязгаарлаагүйгээс гадна сар бүрийн татварын тайлан гаргахдаа хасуулах татвараа тодорхойлж мэдүүлэх, худалдан авалтын журнал, дэвтэр хөтлөх, татварын байгууллагад хандах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой...” гэж тодорхойлсон нь ямар хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг өөрийнх нь буруугаас хохирсон гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй.

Тиймээс шүүх НӨАТ-ын тайланг хэрхэн гаргах талаар дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж НӨАТ-ын буцаалттай холбоотой 13 643 363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...Татвар төлөгч буюу нэхэмжлэгч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдах бөгөөд бараа, ажил, үйлчилгээнд ногдох НӨАТ-ыг дараа сарын 10-ны дотор шилжүүлж, тайлангаа татварын албанд гаргаж өгөх үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна...” гэж дүгнэжээ. Гэвч бид дээр дурдсаны дагуу 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн талаарх тайлан “Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчдын баталгаажуулсан”, НӨАТ дутуу олгосон 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр саруудын НӨАТ-ын тайлан “татварын систем баталгаажуулсан” болон түүний дэлгэрэнгүй хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тиймээс уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний биед хурлын товыг мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг хийж, биднийг давж заалдах шатны шүүхэд өөрсдийн эрх ашгаа хамгаалан оролцох, давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах боломжийг олгоогүй.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар  сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02535 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2306 дугаар магадлалын нэхэмжлэлийн шаардлагаас НӨАТ-ын буцаалттай холбоотой 13 642 863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ус сувгийн удирдах газраас 32 287 263 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу  явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь “У”-т холбогдуулан НӨАТ-ын буцаалтыг дутуу бичиж өгснөөс учирсан хохиролд 13 642 862.5 төгрөг, бохир ус цэвэрлэгээний төлбөрт илүү нэхэмжилж авсан 18 644 400 төгрөг, нийт 32 287 263 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын үндэслэлээ: “...хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын усны хэрэглээний төлбөрт 54 606 204.12 төгрөг төлсөн боловч 89 805.87 төгрөгийн НӨАТ бичилт, 2014 оны 01 дүгээр сарын 15-нд 93 114 968 төгрөгийн төлбөрт 1 039 448.7 төгрөгийн бичилт тус тус хийж, НӨАТ дутуу бичсэн тул бүрэн бичилт хийлгүүлэхээр холбогдох хүмүүст шаардлага тавьсанд хариу өгөөгүй, шийдвэрлэхгүй байсаар тайлант 2014 оныг дуусгаснаас татварын буцаан олголт 13 642 862.5 төгрөгийг авч чадаагүй хохирсон...” гэж тайлбарлажээ.  

“И” ХХК нь тухайн үед татварын буцаан олголтоо авахаар харьяа татварын албанд хандсан эсэх, хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас татварын буцаан олголтыг олгоогүй тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэлд дурдсан 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр саруудад тухайн төлбөрийг төлсөн болон хариуцагч нь НӨАТ-ын падаанын үнийн дүнг дутуу бичсэн талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

Хэрэгт авагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоогоор нэхэмжилж буй тухайн сард худалдан авсан бараа ажил үйлчилгээний дүн, үүнээс бэлтгэн нийлүүлэгчид төлсөн дүнд зөрүү гараагүй байна.

2009 оны Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмын 8.2.-т “Төсвөөс буцаан олгох НӨАТ-ын тооцоо, баримтын үнэн зөвийг татвар төлөгч хариуцна” гэж, 8.6.-д “Хүсэлт гаргагч этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт авахтай холбогдох гомдлоо Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлнэ.” гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь энэ тухай гомдлоо холбогдох байгууллагад гаргасан тухай баримтгүй, хариуцагчийн буруутай үйлдлээс өөрт хохирол учирснаа нотлоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмыг дагуу үнэлж, хариуцагчийн буруутай үйлдлээс Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг авч чадаагүй 13 642 863 төгрөгөөр хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь нотлоогүй үндэслэлээр тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.” гэж, 77 дугаар зүйлийн 77.2.-т “...шүүхийн мэдэгдэх хуудсыг  утас, факс, цахилгаан буюу ...мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баталгаажуулсан байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдах шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн, Ш.Отгонсүрэн нарын утсанд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мессежээр хүргүүлсэн, энэ тухайгаа баталгаажуулсан болох нь хэргийн 2 дугаар хавтасны 38 дугаар талд авагдсан “Мэдэгдэх хуудас”-аар нотлогдож байх тул шүүх хуульд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох бохир ус цэвэрлэгээний төлбөрт 18 644 400 төгрөгийг илүү авсан үндэслэлээр гаргасан шаардлагыг хангаж, дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй тул дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02535 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2306 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,165 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                               Х.ЭРДЭНЭСУВД