Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 184/2019/01934/И |
Дугаар | 210/МА2020/00071 |
Огноо | 2020-01-10 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2020/00071
2020 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2020/00071 |
Р.Б- нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03053 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Р.Б- нэхэмжлэлтэй
Хариуцагч НШШГГ-т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД:.М-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01297 дугаар захирамжаар Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нараас 78 547 950 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэд олгох, дээрх иргэд нь төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн бүртгэлийн Ү-2201004789 дугаартай Сонгинохайран дүүрэг 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 114 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
НШШГГ- нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчиж төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нараас мөн эрх ашиг нь хөндөгдөж буй хууль ёсны өмчлөгч надаас урьдчилж үнийн санал авалгүйгээр миний өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийлгэсэн. Тодруулбал төлбөр төлөгч нар эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдээс үнийн санал авах, үнийн санал дээр тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шинжээч томилж үнэлүүлэх ёстой байтал дээрх хуульд заасан ажиллагаа хийгдээгүй.
Мөнх оргил трейд ХХК-аас эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгч хүргүүлсэн байдаг. Гэтэл өмчлөгч болон төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нарт дээрх үнэлгээний тайланг танилцуулж, санал хүсэлт авч, тэмдэглэл хөтлөөгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг зөрчсөн буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Мөн Мөнх оргил трейд ХХК нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшнаас хамаагүй доогуур үнэлж зөвхөн төлбөр авагчийн талд ажиллаж, иргэн миний үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Миний байр 90 000 000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой.
Иймд төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар 28-ны өдрийн 184/ШШ2016/01297 дугаар захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/Ш32018/09194 дугаар захирамжаар Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нараас 78 547 950 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004789 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр 114 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18271907/01 тоот тогтоолоор битүүмжлэн, мөн оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18271907/02 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар битүүмжлэн, хураагдсан хөрөнгөд үнийн санал өгөх тухай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4/11528 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл, төлбөр авагч С.Эрдэнэ, өмчлөгч Р.Баадай нарт гардуулан өгсөн боловч үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мөн оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/11927 дугаар мэдэгдлийг хаягаар нь хүргүүлсэн.
Төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 177 дугаар зүйлийн 177.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн Мөнх оргил трейд ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууцыг 71 300 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний дүн буруу зөрүүтэй байгааг сайн мэдэхгүй байна.
Хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 71 300 000 төгрөгийн 70 хувь болох 49 910 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулах болохыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/13815 тоот албан бичгээр мэдэгдэхээр удаа дараа дуудсан боловч ирээгүй тул төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж, мөн хамраал бүхий этгээдүүдээр дамжуулан мэдэгдсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч Р.Б- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Б- өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004789 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 114 тоот хаягт байршилтай 30 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг болон уг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Баадайд, шинжээчийн зардал 135 000 төгрөгийг гаргуулан Итгэлт эстимейт ХХК /2866641/-д тус тус олгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн.
Шүүх үнэлгээ болон уг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн хэмээн үзэж байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу З.Шинэгэрэлийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдсэн. Энэхүү хүсэлтийн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД:.М- давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудсыг төлбөр төлөгч З.Шинэгэрэлийн ээж Р.Баадай, Б.Буянгэрэлийн ээж н.Чулуунхүүд удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул битүүмжлэн, хураасан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл, төлбөр авагч С.Эрдэнэ, өмчлөгч Р.Баадай нарт үнийн санал өгөх тухай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4/11528 дугаар мэдэгдлийг гардуулан өгч гарын үсэг зуруулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч Б.Буянгэрэл, З.Шинэгэрэл, болон өмчлөгч Р.Баадай нарт үнийн санал өгөх тухай 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/11927 дугаар мэдэгдлийг хаягаар дахин хүргүүлэхэд мэдэгдэлд заасан хугацаанд үнийн санал өгөөгүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн "Мөнх оргил трейд ХХК-ийг хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууцыг 71 300 000 төгрөгөөр үнэлсэн.
Хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 71 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдэж, тогтоосон үнийн 70 хувь болох 49 910 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулах болохыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/13815 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Р.Баадай нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан хөрөнгийн үнэлгээ болон шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/01297 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан захирамж, түүнийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2018 оны 11603 дугаар захирамж, гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох Р.Б- өмчлөлд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 байр, 114 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 12,17, 21-22, 34-35/ Дээрх ажиллагаанд талууд маргаангүй.
Нэхэмжлэгч тал шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагаа нэмэгдүүлж үндэслэлээ үнэлгээний тайланг төлбөр төлөгч, өмчлөгч нарт танилцуулж, тэмдэглэл хөтлөөгүй гэж тайлбарласан байх тул түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан гэж үзнэ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч Б.Эрдэнэ, төлбөр төлөгч З.Шинэгэрэл, өмчлөгч Р.Баадай нарт дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн санал болгох доод үнийг ирүүлэх тухай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4/11528 дугаартай мэдэгдлийг мөн сарын 13-ны өдөр гардуулж, дахин мөн сарын 16-ны өдөр төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нарын хаягаар мэдэгдэл хүргүүлсэн, мөн хөрөнгийн өмчлөгч Р.Баадайд үнийн санал өгөхийг мэдэгдэж, хураасан хөрөнгийг түүний хадгалалт, хамгаалалтад үлдээсэн болох нь хэрэгт авагдсан 4/11528, 4/11927 дугаартай албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх40-45,47-52/
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь төлбөр төлөгч Б.Буянгэрэлд дээрх 4/11528, 4/11927 дугаартай мэдэгдлүүдийг түүний оршин суугаа газрын хаягаар 2019 оны 5 дугаар сарын 13, 16-ны өдрүүдэд баталгаат шуудангаар явуулсан байхаас гадна эх н.Чулуунхүүд мэдэгдэл өгсөн болох нь хэргийн 38, 4, 48 дахь талд авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудаас хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналыг ирүүлээгүй байх тул тэдгээрийг үнийн талаар тохиролцоогүй гэж үзэх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар тогтоолоор шинжээч томилж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны 114 тоот орон сууцанд үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцэж байна. Иймээс нэхэмжлэгчийн үнийн санал аваагүй, мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй.
Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч З.Шинэгэрэлд мөн сарын 07-ны өдөр танилцуулсан, мөн З.Шинэгэрэл нь нэхэмжлэгч Р.Баадай, төлбөр төлөгч Б.Буянгэрэл нарт үнэлгээний тухай мэдэгдлийг өгөхөөр хүлээн авсан үйл баримт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 4/13815 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээг танилцуулах журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй. /хх-86-90/
Хариуцагч байгууллагад ирүүлсэн шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 6 дугаар сарын 05-ны 51/ш дугаартай албан бичигт Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 33 дугаар байрны 144 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн талаар дурдсан байна. Гэхдээ уг албан бичигт хавсарган ирүүлсэн үнэлгээний тайланд үнэлгээнд хамрагдаж байгаа хөрөнгө гэдэгт Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 33 дугаар байрны 114 тоот 2 өрөө орон сууц гэж, 3.2.Үнэлгээний зүйлийн талаарх тодорхойлолт хэсэгт болон 4.3, 4.4 дэх хэсгүүдэд мөн дээрх хаягт байршилтай 114 тоот орон сууцыг 71 300 000 төгрөгөөр үнэлсэн талаар тэмдэглэгджээ. Иймд шинжээчийг, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасан 114 тоот орон сууцыг үнэлсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх дээрх шинжээчийн үнэлгээг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 114 тоот орон сууц бөгөөд үнэлгээчин тус орон сууцанд үнэлгээ гаргасан эсэх, шийдвэр гүйцэтгэгч дээрх орон сууцны үнэлгээ, тайлан хүлээн авсан эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэн, уг эргэлзээтэй үнэлгээг төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нарт танилцуулсан, мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч Р.Баадай нь орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргадаг. Хэргийн баримтаас үзэхэд шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг ашиглан, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 байр, 114 тоот 30 м.кв талбай бүхий орон сууцны үнийг 71 300 000 төгрөгөөр тогтоожээ. /хх 96 дахь тал/
Нэхэмжлэгч хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж маргах боловч үүнийг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд харшлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 114 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Р.Б- гомдлыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээж гэсний дараа нэхэмжлэгч Р.Баадайгаас шинжээчийн зардал 135 000 төгрөг гаргуулан Итгэлт эстимейт ХХК-д олгосугай гэж нэмж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ч.ЦЭНД