Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваахүүгийн Мөнхтуул |
Хэргийн индекс | 105/2016/0131/Э |
Дугаар | 676 |
Огноо | 2016-10-25 |
Зүйл хэсэг | 215.3., 216.2., |
Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 676
О.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ж.Энхжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийсайхан,
ялтны өмгөөлөгч Н.Мандах,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан О.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201624000529 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Гомбожав овогт Оюунтуяагийн Ган-Эрдэнэ, 1986 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгааны механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжны 802 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ТЗ86120675/,
О.Ган-Эрдэнэ нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын хойд талын явган хүний гарцтай замд иргэн Г.Оюунтуяагийн эзэмшлийн “Nissan Tiida” загварын, 33-98 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Даваадоржийг мөргөж амь насыг нь хохироосон, мөн уг зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: О.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Ган-Эрдэнийг Хөдөлгөөний Аюулгүй байдлын журам зөрчсөнөөс осол гаргаж, бусдын амь насыг хохироосон, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Ган-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, О.Ган-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “СиДи” 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалах, Ниссан гэсэн бичигтэй цагаан өнгийн дугуй хэлбэртэй эмблем 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар О.Ган-Эрдэнийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөнөөс 2.650.365 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийсайхан нь зан үйлтэй холбоотой гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, О.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 408086 тоот үнэмлэхийг замын цагдаагийн газарт хүргүүлж, О.Ган-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Ялтан О.Ган-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогчийн ар гэрийнхнээс нэхэмжилж буй баримтаар нотлогдсон хохирлыг шүүх хуралдаан дээр бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Иймээс хохирлын төлбөр тооцоог дахин нягталж үзэхийг хүсье. Миний бие өөрийн гаргасан болгоомжгүй үйлдлээсээ болж нэгэн айлд нөхөж барашгүй хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч Н.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс ялтан О.Ган-Эрдэнэд оногдуулсан ял шийтгэлийг хүндэдсэн гэж үзэж байна. О.Ган-Эрдэнийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн асуудлаар маргаагүй ба шийтгэх тогтоолд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлын мөнгөнөөс тодорхой хэсгийг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтай гэж дүгнэсэн боловч шүүхээс оногдуулсан ялын хэмжээ нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтай бодитой уялдаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс хохирлыг буруу тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ба хохирогчоос 8,0 сая төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Учир нь 674.377 төгрөгийн зардал нь баримттай бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан, 2.409.950 төгрөгийн зардал нь баримттай боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, 3.507.800 төгрөгийн болон 2.200.000 төгрөгийн нэхэмжлэл нь огт баримтгүй, нийт дүнгээрээ 8.792.127 төгрөгийг хохирол гэж нэхэмжилсэнээс баримтаар тогтоогдох хохирол зөвхөн 674.377 төгрөгийн хэмжээнд байгааг шүүх анхааралгүй, буруу дүгнэсэн гэж үзэж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч талаас дээрх хохирлын хэмжээг тодорхой тооцож мэдэхгүй, тооцоолол нь эргэлзээтэй, баримтгүй нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвхөн зан үйлтэй холбох байдлаар тайлбарлаж байсан нь эрүүгийн хэрэгт хохирлын тооцоог гаргахад саад болохгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон хохиролд 4.000.000 төгрөг төлөгдсөн болон О.Ган-Эрдэнийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлаж биечлэн эдлүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж О.Ган-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...талийгаач нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан хэдий ч амьдрал ахуйгаа хэнээс ч дутахгүй сайн авч явдаг байсан. Бидний зүгээс гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, нэхэмжлэлийн асуудлыг хэлэлцэж, хэрэгт авагдсан холбогдох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн. Шүүхээс О.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, хохирлын хэр хэмжээг харгалзан түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “...хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэсэн заалтад нийцэхгүй байна.
Хэргийн материалыг судлахад, О.Ган-Эрдэнэ нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын хойд талын явган хүний гарцтай замд иргэн /эх/ Г.Оюунтуяагийн эзэмшлийн “Nissan Tiida” загварын, 33-98 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Даваадоржийг мөргөж амь насыг нь хохироосон, мөн уг зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх О.Ган-Эрдэнийг эдгээр үйлдэлд нь гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар О.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт заасан “Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино” гэсэн, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь тодорхой ойлгомжтой бичигдсэн байх…” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзлээ.
Мөн тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлаж О.Ган-Эрдэнэд оногдуулсан ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоохдоо жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ, ослын улмаас хүний амь хохирсон, мөрдсөний эцэст баривчлагдсан, мөн баривчлагдах үед их хэмжээний согтууралтай тээврийн хэрэгсэл жолоодсон байдалтай байсан гэх мэт ял хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийг бусад төрлийн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлд багтаасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцэхгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, ялтны өмгөөлөгч нар “…анхан шатны шүүх О.Ган-Эрдэнийг 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн, шийтгэх тогтоол бичихдээ техникийн алдаа гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээр нотлогдохгүй байна.
Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах ба хуульд нийцэхгүй юм.
Үүнээс гадна шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь эргэлзээтэй бичигдэх нь шийтгэх тогтоолыг биелүүлэхэд, ялтны эдлэх ялыг буруу тооцоолох, ял завшуулах гэх мэтээр саад учруулах олон талын муу үр дагавартай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зөрчлийг арилгуулахаар ял шийтгэл, хохирлын хэмжээний талаар маргасан ялтан О.Ган-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Н.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх О.Ган-Эрдэнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын төлбөрийг гаргуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 9 дэх заалтад, “...Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар...” гэж хуулийн зүйл заалтыг хуульд зааснаас өөрөөр бичсэн байгааг буруутгаж тэмдэглэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.
2. Ялтан О.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.
3. Хэргийг шүүхэд очтол О.Ган-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.МӨНХТУУЛ