| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 186/2019/0760/Э |
| Дугаар | 235 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.2., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 235
С.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 768 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 42 дугаар магадлалтай, С.А-д холбогдох 1802005850312 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярбаясгалан, Н.Намжилцогт нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт С-н А нь
2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий нэгдсэн вант улсаас,
Мөн өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт “МDMA”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй /ягаан өнгөтэй дугуй хэлбэртэй, нэг тал дээр нь Ү гэсэн дардастай 29 ширхэг эм мэт зүйл/ “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас,
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон “рlоmо8 рlata” гэсэн бичиглэлтэй 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй “МDМА” буюу “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас тус тус шуудан илгээмжээр дамжуулан олж авсан,
2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон багтсан “МDМА”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй /1 гэж дугаарласан нь 10 грамм, 2 гэж дугаарласан нь 9.9 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий нэгдсэн вант улсаас,
Мөн өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт “МDМА”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй /ягаан өнгөтэй дугуй хэлбэртэй, нэг тал дээр нь Ү гэсэн дардастай 29 ширхэг эм мэт зүйл/ “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас,
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон “рlоmо8 рlаtа” гэсэн бичиглэлтэй 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй “МDМА” буюу “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар тус тус нэвтрүүлсэн гэмт хэрэг холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч С.А-ыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан”,
“Монгол Улсын хилээр хууль бусаар сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Прокуророос С.А-д холбогдуулан ирүүлсэн үйлдлүүдээс “... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон “МDМА”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан” гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож,
С.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулж,
1 дэх заалтыг “... шүүгдэгч Е овгийн С-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан ...” гэснийг “... шүүгдэгч Е овгийн С-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн ...” гэж,
2 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,
3 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, С.А-ын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай ...” гэж,
4 дэх заалтыг “... С.А-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад ...” гэснийг “... С.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ...” гэж,
6 дахь заалтыг “...1802005850312 дугаартай эрүүгийн хэрэгт хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа экстази гэх нэршилтэй цагаан өнгийн дугтуйтай 25 ширхэг /ногоон, саарал өнгө хосолсон, гялгар уутны хамт 14.3 грамм/ эм мэт зүйлийг, цагаан өнгийн дугтуйтай 29 ширхэг/гялгар уутны хамт 14.3 грамм/ ягаан өнгөтэй, дугуй эм мэт хэлбэртэй зүйлийг, шаргал өнгийн дугтуйтай 10 ширхэг /саарал өнгийн нэг талдаа Рlото, нөгөө талдаа Рlаtа гэсэн бичиглэлтэй, 4.9 грамм/ эм мэт зүйлийг, цагаан өнгийн дугтуйтай шавар гэх нэршилтэй гялгар скочоор ороосон шавар мэт бодис /нийт 19.9 грамм/-ыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт“... хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “... гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг нотолно” гэж тус тус заасан.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.А нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай, хөдөлбөргүй нотлох баримтаар нотолж чадаагүй.
С.А-ыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британи, Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан гэдэг боловч С.А нь өөртөө олж авсан зүйл байдаггүй. Энэ нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл байх ба тухайн хэрэгт холбогдуулж Эрүүгийн ахлах мөрдөгч дэд хурандаа н.Баасанхүү гомдол гаргасан. Үндэслэх хэсэгтээ “DRЕАМ МАRКЕТ” интернет сайт ашигласан гэж үздэг. Гэтэл “DRЕАМ МАRКЕТ” интернет сайтаар С.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис захиалсан гэх баримт байдаггүй.
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл нэгдүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байх бөгөөд тухайн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл нь С.А-ын нэр дээр ирсэн илгээмжид үзлэг хийсэн тэмдэглэл болохоос биш шүүгдэгч С.А-ыг шуудан илгээмжээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор олж авсан гэх баримт биш. Мөн шуудан хүргэгчийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, шуудангийн дэвтрийг нотлох баримтын үндэслэл болгож байгаа боловч тухайн баримтад С.А-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан талаарх баримт байдаггүй.
Мөн С.А-ын шуудангийн хаягаар Их Британи, Нидерланд улсаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис ирсэн гэх боловч хэн гэдэг этгээд хаанаас явуулсан нь байхгүй тодорхой хаяггүй газраас ирүүлсэн байдаг. Хоёрдугаар хавтаст хэргийн 196 дугаар хуудсанд интерполын шугамаар хариу ирүүлсэн албан тоотод “... Цагдаагийн бүртгэлд Linda Kastennaker гэсэн овог, нэр болон Hoplein 32 3011 AJ Rotterdam гэсэн хаягийн талаар мэдээлэл байхгүй байна. Hoplein 32 гэх хаяг байдаггүй болно гэсэн байдаг. Монгол Улсын шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т шуудангийн илгээмж гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээс захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн баримт зүйлийг ойлгоно ...” гэж, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 17.2.1-д зааснаар үйлчлүүлэгч нь илгээж байгаа зүйлийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй гэж тус тус заасан. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дугаар тушаалаар батлагдсан Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 3.9-д “... Дэлхийн шуудан холбооны конвенци, түүний хавсралтууд, шуудангийн тухай хуулийн 24.1-д заасан болон бусад хууль тогтоомжоор хориглосон барааг илгээмжээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглоно. 4.1-д Илгээмжийг илгээгч, хүлээн авагч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд илгээмжээр илгээхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараанд холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байна. Мөн 5.1-д шуудангийн байгууллага дараах тохиолдолд илгээмжийг илгээгчид буцаана, 5.1.1 гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй гэж тус тус заасан байдаг. Гэтэл Их Британи, Нидерландын нэгдсэн вант улсаас илгээмж ирсэн гэх боловч илгээгч тал тухайн шуудангийн талаар юу гэж мэдүүлсэн болох гаалийн байгууллагад хэн хэрхэн мэдүүлсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Илгээмж явуулсан гэх хаяг нь хуурамч болох нь нотлогддог.
Мөн С.А-ыг www.ebay.com сайтыг ашиглаж гар утасны гэр, дагалдах хэрэгсэл, компьютерийн дагалдах хэрэгсэл авдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогддог.
Хоёрдугаар хавтаст хэргийн 201 дүгээр хуудсанд мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл шүүгдэгч С.А-ын www.ebay.com сайтаас гар утасны гэр, эд зүйл худалдан авч борлуулдаг байсан эсэхийг шалгасан тэмдэглэлд, хоёрдугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудсан гэрч Амирда “... ах С.А нь интернет сайтаас гар утасны гар утасны дагалдах хэрэгсэл, компьютерийн дагалдах хэрэгслүүд захиалж авч зардаг. www.ebay.com сайтаас ямар ч байсан гар утасны гэр захиалж авдаг, ахыг захиалж байхад нь би хажуугаас нь загвар өнгө зэргийг нь харж байгаад сонгоход нь тусалдаг ...” гэх мэдүүлэг, хоёрдугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас гэрч Х “... С.А-аас iрhоnе 6 загварын гар утасны гэр 2 удаа худалдан авч байсан. Тухайн үед С.А манай анх интернэтээс захиалж авдаг гэж байсан. ... Миний хувьд гар утасны гэр л 2 удаа авсан ...” гэх мэдүүлэг, хоёрдугаар хавтаст хэргийн 25 хуудсанд гэрч С.Н “... www.ebay.com сайтаас гар утасны гэр болон компьютерийн гар гэх мэт зүйл захиалж аваад зардаг. Гэхдээ байнга захиалж аваад зарж борлуулаад байдаггүй. Өөрт хэрэгцээтэй зүйлсээ захиалахдаа нилээн хэдийг захиалж аваад өөрийн хэрэглэхээс бусдыг нь зарж борлуулдаг. Мөн манай дүү С.А бид 2 зарах гар утасны гэрнээс авч яваад найз нөхөддөө зарж борлуулдаг ...” гэх мэдүүлэг зэргээр нотлогддог.
Мөн анхан шатны шүүхээс С.А-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч Давж заалдах шатны шүүхээс худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэж дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч С.А-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй нотлогдоогүй. Харин тухайн шуудан илгээмжээр ирсэн гэх зүйлүүдийг Монгол Шуудан ХК ажилтан илрүүлж олж авсан байдаг. Үүн дээр шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Хоёрдугаар хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байх бөгөөд тухайн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэн шалгаж олж авсан байдаг.
Хоёрдугаар хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд “... битүүмжилсэн, хөрөнгө, эд зүйлсийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэх тухай тэмдэглэл ...” 30 ширхэг нийт 20 гр экстазиг 2018 оны 12 дугаар сарын 06 ны өдөр ялгагч Цэцэгээд хүлээлгэн өгсөн.
Нэгдүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд гэрч Сарангэрэл “... Олон улсын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг гаалийн хяналтаар оруулж Дэлхийн шуудан холбооны конвенцид заасан хориглосон бараа илгээмж байгаа эсэхийг нь нэг бүрчлэн шалгадаг. Мөн гаалийн хууль тогтоомжийн дагуу шалгана. Хэрэв зөрчилтэй илгээмж байх юм бол гаалийн байгууллагад шилжүүлдэг. Гаалийн байгууллага зөрчилтэй илгээмжийг өөрсдийн хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэдэг. Илгээмж хүлээн авагч тодорхойгүй, мөн хүлээн авагч өөрөө илгээмжээ хүлээн авахаас татгалзсан тохиолдолд буцаана ...” гэх мэдүүлэг, гэрч Ч-ын “... Улс хоорондын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг гаалийн хяналтын бүсэд рентген аппаратаар шалгахад сэжигтэй илгээмж бараа байвал тэр даруй шалгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу буюу Гаалийн тухай хуулийн 222 дугаар зүйл Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх баримтлан тухайн сэжигтэй илгээмжийг саатуулан шалгаж, арга хэмжээ авдаг. ... илгээмжид шалгалт хийх үед хүлээн авагч болон илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтан гарын үсэг зурж баталгаажуулан задалсан илгээмжийг гаалийн таних тэмдэг бүхий наалт тууз наан битүүмжилдэг. С.А-ын нэр дээр ирсэн илгээмжийг задалж үзэхэд дотор нь юу байсныг сайн санахгүй байна ямар ч байсан нэг дугтуйд нь 2 ширхэг баримлын шавар мэт зүйлсийг хүнсний скочоор ороосон нөгөө 2 дугтуйд нь эм мэт зүйл байсан ...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч С.А нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэдэг нь нотлогддоггүй. Өөрөө очиж тухайн илгээмжийг авч олж авсан зүйл байдаггүй. Харин Монгол шуудангийн ажилтан олж авч илрүүлэн тухайн эд зүйлийг хариуцан өөр дээр байлгаж холбогдох байгууллагад шилжүүлсэн байдаг.
Гэтэл миний үйлчлүүлэгч С.А-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн прокурорын яллах дүгнэлтэд “... С.А-ыг 2018 оны 12 дугаар 07-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон дельта 9 тетрагидроканнбинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэн нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон багтсан МDМА-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан ...” гэж буруутгадаг. Гэтэл анхан шатны шүүх тухайн үйлдэлд буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан гэдэг дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “... шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна. Мөн шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд анхан шатны шүүхээс тогтоол гаргахдаа өмгөөлөгч нарын цагаатгах байр суурийг үгүйсгэсэн талаар үндэслэлийг тогтоолд дурдаагүй.
Нэгдүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Нийслэлийн прокурорын тогтоол байх бөгөөд уг тогтоолоор эд мөрийн баримтаар гар утас, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 100-тын дэвсгэрт 1 ширхэг иргэний үнэмлэх зэргийг тооцсон боловч эдгээр эд мөрийн баримтыг буцаан хүлээлгэж өгсөн талаар баримт хавтаст хэрэгт байдаггүй.
Шүүгдэгч С.А-ыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн гэж үздэг боловч он сар өдрийн хувьд зөрүүтэй нотлогдон тогтоогдоогүй. Энэ талаар өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцэж оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “... шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл ..." зааж бичнэ гэж заасан хуулийн заалтыг тус тус ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт“ эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ ...” гэж заасан.
Иймд С.А-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тооцож хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хянаад С.А-ыг “улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн” гэм буруутайд тооцож зүйл тус бүрт 2 жилийн хорих ял оногдуулж нийт эдлэх 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт, өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэсэн байна.
Шийтгэх тогтоолын хувьд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэргийг хэзээ, хэрхэн яаж, хаана үйлдсэн гэдгийг бүрэн нотлоогүй байхад эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А-ыг интернет ашиглаж, худалдааны сайттай харилцан сэтгэцэд нөлөөт бодисыг захиалж, шуудан илгээмжээр Нидерланд, Их Британи улсаас Монгол Улсад оруулж ирсэн гэж нотлох баримтгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч С.А-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг онлайнаар хэзээ, хэрхэн яаж захиалсан, интернет банк ашиглан ямар валютаар /доллар, биткойн гэх мэт/ хэдий хэмжээний төлбөр тооцоо хийсэн гэдгийн огт нотолж чадаагүй байхад дээрх дүгнэлтийг гаргасан. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Нидерланд, Их Британи улсаас шуудангаар илгээгч нь албан байгууллага, хувь хүн аль болохыг тогтоож, тэднээс С.А-ын нэр дээр илгээмж явуулсныг баталсан нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр С.А нь 2018 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гарч, ороогүй мөн хэн нэгэнтэй харилцаж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис захиж мөнгө төгрөг өгөөгүй болох нь нотлогдож байхад түүнийг “Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн” гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэсэн бол мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор нь яллагдагч, шүүгдэгчийн яллах нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байгаа. Гэтэл шуудангийнх нь хаягаар гадаад улсаас мансууруулах төрлийн бодис бүхий илгээмж ирсэн гэсэн ганц үндэслэлээр С.А-ыг улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу ойлгон тайлбарлаж, хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн обьектив шинжийг шүүхийн практикт “... Монгол Улсын хил, гаалийн хилээр хориглосон бараа бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүйгээр гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн лац, ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих юу худал бичих зэрэг аргаар “хууль бусаар” нэвтрүүлсэн үйлдлийг хамруулан ойлгож ирсэн байна.
Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Алдуулын шуудангийн хаягаар ирсэн илгээмжүүд нь Нидерланд, Их Британи улсаас ирсэн дэг нь хөдөлбөргүй тогтоогдоогүй. Их Британий вант улсаас ирсэн гэх илгээмж нь ямар ч буцах хаяггүй байдаг. Анхан шатны шүүх энэ байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 372 тоот захирамжинд дурдагдсан “Их хэмжээний мансууруулах бодисыг хэрхэн яаж олж авсан, хэн Монгол Улс руу шуудан илгээмжээр илгээсэн, гэмт хэрэгт бүлэглэж болон хамжигчаар оролцсон этгээд байгаа эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийн материалыг прокурорт буцаасан байхад уг заалтуудыг огт хэрэгжүүлэлгүйгээр хэргийн материалыг прокуророос шүүхэд буцааж ирүүлсэн байхад хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /9 дүгээр хуудас/ шүүгдэгч С.А нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болон 12-ны өдөр 19,9 грамм жинтэй гашиш, 10,1 грамм болон 4,9 грамм жинтэй экстази гэх бодисыг худалдаалах зорилгоор шуудан илгээмжээр Их Британи, Нидерландын нэгдсэн вант улсаас олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19,9 грамм жинтэй гашиш, 10,1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгоор биедээ “хадгалсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт :бодисыг худалдаалах зорилгоор “олж авсан” гэм буруутайд тооцсон. Шийтгэх тогтоолд шүүгдэгч С.А-ыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан гэж дүгнэж бичсэн. Гэтэл дээрх илгээмж 12 дугаар сарын 13-ны өдөр шууданд ирж, 14-ний өдөр гаалийн хяналтанд орсон. Ийм байхад 12 дугаар сарын 12-ны өдөр С.А уг бодисыг олж авах боломжгүй юм. Цагдаагийн ажилтнууд С.А-ыг шуудан холбоон дээр авчирч, түүнийг байлцуулж байгаад өөрсдөө илгээмжийг задалж энэ тухай тэмдэглэл хөтөлсөн байдаг. Уг бодисыг С.А нь өөрийн болгож аваагүй, түүнд гар хүрээгүй байхад “олж авсан” гэж шүүх үндэслэлгүй дүгнэсэн.
Магадлалын тухайд: С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ийм гэмт хэрэгт холбогдсон байх нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд түүний холбогдсон гэх үйлдлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байхад эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 болон 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгодог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, мөн хэсгийн 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шүүх хуралдааны явцад нотолно гэж” заасан. Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтгүйгээр С.А-ыг “улсын хилээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны салбарт дур зоргоороо авирлах явдлыг гаргуулахгүй байх нэг ёсны баталгаа юм.
Давж заалдах шатны шүүх нь тус шүүх хуралдаанд прокурор Б.Бүжинлхамын гаргасан ”гэм буруугүй болохоо нотолж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ ямар ч нотлох баримтгүй үгүйсгэж байгаа нь хууль зүйн шаардлага хангаагүй, илгээмжийг өөрөө очиж авсан, илгээмжийг хэн хаанаас илгээснийг тогтоох боломжгүй, интернет сайт ашиглан мансууруулах бодис захисан эсэхийг тогтоох боломжгүй бас үндэслэлгүй, интернет сайт ашиглаж захисан захиалгаа айти инженер учраас өөрөө устгасан байх, захиалсан учраас нэр дээр нь илгээмж ирсэн байж таарна” гэх зэргээр дүгнэлт гаргаж ярьсныг шүүх хүлээж авч С.А-ыг дээрх 2 төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн гэж үзэж байна. Яллагдагч, шүүгдэгч нь гэм буруугүй болохоо, эсвэл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нь яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож, шүүх прокурор нь шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахыг шаардахыг хориглоно гэж заасан байна. "Монгол Шуудан” ХК-ийн ажилтан утасдан хэлж шаардсаны дагуу С.А 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шуудан илгээмжийн газар 2 ширхэг илгээмжийг авахаар очоод цагдаагийн ажилтнуудад баригдсан. Харин 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С.А нь хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан бөгөөд шуудан илгээмжээр түүний нэр дээр ирсэн 1 ширхэг илгээмжийг очиж аваагүй байдаг.
Давж заалдах шатны шүүхээс С.А нь гэм буруутай болох нь гэрч Б.Э, гэрч Ч.Ч, гэрч Н.Е, гэрч Ч.Б, шинжээч Б.Ц , яллагдагч С.А нарын мэдүүлэг, эд мөрийн баримтыг хурааж авсан тэмдэглэл, шуудан хүргэгчийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл дээрх баримтуудаар илгээмжээр ирсэн бодис нь мансууруулах төрлийн бодис мөн болохыг нотолсон болохоос эдгээр бодисыг С.А захиалж, улсын хилээр нэвтрүүлсэн гэдгийг нотолж чадаагүй.
Гадаад улсаас С.А-ын шуудангийн хаягаар 2018 оны 12 дугаар сарын 7-нд 2 ширхэг, 12 дугаар сарын 12-ны өдөр 1 ширхэг илгээмж ирсэн нотлогдож байхад шүүхийн магадлалд мансууруулах бодис бүхий нийт 6 ширхэг илгээмж ирсэн /магадлалын 19 дүгээр хуудас/ мэтээр бичиж үг, утгын алдаатай ойлгомжгүй заалтууд бичигдсэн. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу ойлгон тайлбарлаж С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Монгол Улсын үе үеийн Эрүүгийн хуулиудаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглаж байгаа явдалтай тэмцэж уг гэмт хэрэгт зохих ял шийтгэл оногдуулж ирсэн практик бий. Шүүхийн практикт “Бэлтгэх” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан зэргээр ойлгож хэрэглэж ирсэн. Шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт С.А нь 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 19,9 мм жинтэй гашиш буюу шавар гэх бодисыг худалдаалах зорилгоор Их Британийн Нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр MDAM-ын агууламжтай 29 ширхэг эм мэт хэлбэр бүхий экстази гэх нэршилтэй /гялгар уутны хамт 10,1 грамм жинтэй/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр рlото plata гэсэн бичиглэлтэй хатуу, шахмал хэлбэртэй 10 ширхэг /гялгар уутны хамт 4,9 грамм жинтэй/ MDМА агууламжтай экстази гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан болох нь. ... зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ гэж дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгт анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Шүүгдэгч, Е овгийн С-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан ...” гэснийг “... Шүүгдэгч Е овгийн С-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн ...” гэж өөрчилсөн нь ойлгомжгүй эргэлзээтэй болжээ.
С.А-ын нэр дээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр илгээмжээр ирсэн цагаан өнгийн дугтуйтай 25 ширхэг /ногоон, саарал өнгө хосолсон уутны хамт 14,3 грамм/ эм мэт зүйлээс мансууруулах төрлийн бодис илрээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх бодисыг мансууруулах төрлийн бодисын агууламжтай экстази мөн гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулахдаа / магадлалын 27 дугаар хуудсанд/ “... 1802005850312 дугаартай эрүүгийн хэрэгт хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа экстази гэх нэршилтэй цагаан өнгийн дугтуйтай 25 ширхэг /ногоон, саарал өнгө хосолсон уутны хамт 14,3 грамм/ эм мэт зүйлийг ... шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай ...” гэж тус тус өөрчилсүгэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна.
С.А нь өөрийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг интернет сайт ашиглаж гадаад улсын сүлжээ дэлгүүрээс захиалдаг байсныг нь далимдуулан нэр, хаягийг нь ашигласан байх магадлал байхыг үгүйсгэхгүй юм.
Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож С.А-ыг цагаатган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.А гаргасан гомдолдоо “... Би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхээр шийдвэрлэсэн юм. Миний бие өмгөөлөгч нарын хамт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар 2 дахь хэсэгт заасныг өөрчилж 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, эдлэх ялаас 1 жил хасч нийт эдлэх ялыг 4 жил болгон шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэдийгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж 1 жил хорих ялыг хассан боловч миний бие хуульд заасан үндэслэл журмын дагуу яллалгүй хуулийн хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэж, хилсээр ял шийтгэл оногдуулсан гэж үздэг.
Учир нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны уг хэрэг гардаг өдөр өглөө шуудангийн ажилтан 08:10 цагийн үед илгээмж ирсэн аваарай гэхэд ажилдаа явах замд Монгол шуудангийн 24 дүгээр салбарт очтол шуудангийн ажилтан сандарсан байдлаар намайг гарын үсэг зур гэж дэвтэр өгөхөд гарын үсэг зуртал цагдаагийн ажилтан намайг баривчилсан.
Би уг илгээмжийн дотор хар тамхи байгааг мэдээгүй бөгөөд миний 9 дүгээр сард захиалсан iphone утасны гэр ирсэн байна гэж очсон. Мөн тухайн цаг үед шуудангийн ажилтан дарамтад орсон мэт нүдэндээ нулимстай байсан. Цагдаагийн ажилчид тэр даруй миний хэрэглэдэг гар утас, ширээний компьютер, цахим шуудангийн хаяг, бүх дансны хаяг зэргийг шалгасан боловч хар тамхитай холбоотой зүйл гарч ирээгүй. Иймд миний гомдлын дагуу доор тайлбарласан зүйлүүдийг сайтар хянан шалгаж, шударга шийдвэр гаргаж өгөхийг минь хүсч байгааг минь хүлээн авна уу.
Прокурор анхан шатны шүүх дээр шүүгдэгч миний биеийг үндэслэл нотолгоогүйгээр санхүүгийн орлого зарлага болон хэрэгт хамааралгүй мэдээллийг устгасан. Мөн намайг хакер түвшний мэдлэгтэй гэж гүжирдсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр прокурор саналаа хэлэхдээ уг хэрэг гардаг өдрийн үйл явдлыг илт гуйвуулж шүүгдэгч миний биеийг олон дахин илгээмж авсан мэтээр ярьсан байдаг. Уг нь би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ганц удаагийн илгээмжийн дотор нь хар тамхи байгааг мэдэлгүй очиж, илгээмжид гар хүрээгүй байхдаа цагдаагийн ажилчдад баригдсан байдаг. Хавтаст хэргийн хүрээнд миний бие шуудангаар хичнээн хэмжээний валют ашиглан ямар сайтаас iphone утасны гэр захиснаа гэрчийн болон зурган баримтаар нотолсон байдаг бөгөөд прокурор уг баримт нотолгоог мэтээр давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Иймд прокурор нь илтэд нэг талыг барьж шүүгдэгч миний биеийг яллах сонирхолтойгоор анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шээснээс хар тамхины тандалтын тест авахад ямар нэгэн хар тамхи илрээгүй бөгөөд дараагийн тестнээс өвсний төрлийн хар тамхи илэрсэн. Уг тестийг би хүлээн зөвшөөрөлгүй дахин тест өгөх хүсэлт өгч дээж өгсөн боловч шинжилгээний хариу ирээгүй байдаг.
Нэгдүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл байх ба тухайн хэрэгт холбогдуулж эрүүгийн ахлах мөрдөгч дэд хурандаа н.Б гомдол гаргасан. Үндэслэх хэсэгтээ Dream market интернет сайт ашигласан гэж үздэг. Гэтэл Dream market интернет сайтаар миний бие мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис захиалсан баримт байдаггүй. Иймд энэ хэргийг нягтлан шалгаж үнэнийг тогтоож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... С.А-д холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн зүйлчлэлээр ял оногдуулсан. С.А нь Их Британи, Нидерландын Нэгдсэн Вант улсаас гашиш, экстази гэх нэршилтэй бодисуудыг илгээмжээр авсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтээр С.А-ын шээснээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх С.А-ын зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч С.А нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол”-ынн агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий нэгдсэн вант улсаас,
Мөн өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт “МDMA”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй /ягаан өнгөтэй дугуй хэлбэртэй, нэг тал дээр нь Ү гэсэн дардастай 29 ширхэг эм мэт зүйл/ “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас,
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон “рlоmо8 рlata” гэсэн бичиглэлтэй 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй “МDМА” буюу “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас тус тус шуудан илгээмжээр дамжуулан олж авсан,
2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон багтсан “МDМА”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй /1 гэж дугаарласан нь 10 грамм, 2 гэж дугаарласан нь 9.9 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий нэгдсэн вант улсаас,
Мөн өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт “МDМА”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй /ягаан өнгөтэй дугуй хэлбэртэй, нэг тал дээр нь Ү гэсэн дардастай 29 ширхэг эм мэт зүйл/ “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас,
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон “рlоmо8 рlаtа” гэсэн бичиглэлтэй 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй “МDМА” буюу “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар тус тус нэвтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн С.А-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт нарын гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд С.А-д холбогдох “... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон багтсан “МDМА”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.
С.А нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, уг бодисыг гадаад улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг богино хугацаанд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар үйлдсэн байх бөгөөд сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, хэрэглээний дундаж тун, хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээ, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын /гашиш, экстази/ хөрш орнууд бүс нутаг болон манай улсын “хар зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг харгалзан үзэхэд “худалдаалах зорилгоор олж авсан” /бэлтгэсэн/ гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангасан гэж дүгнэв.
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хадгалсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг ойлгох бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох “2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шуудан хүргэгчийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол” зэргээр шүүгдэгч С.А нь “... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9” тетрагидроканнабинолийн агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон багтсан “МDМА”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан” болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Харин анхан шатны шүүх С.А-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэх шинжийг орхигдуулж дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
С.А нь сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хүслээр, санаатайгаар Монгол Улсын хилийг нэвтрүүлэх үйлдлийг хийж, уг бодисуудыг илгээмжээс авч өөрийн эзэмшилдээ бүрэн оруулснаар уг бодисыг “хадгалах” гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Эзэмшилдээ оруулсны дараа хэдий хугацаа өнгөрсөн, эсвэл оруулсан даруйдаа цагдаагийн байгууллагад баригдсан зэрэг нь уг гэмт хэргийн бүрдлийг /ашиглах, хэрэглэх, захиран зарцуулах/ үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаадын улс орнуудаас шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлж байгаа нь бага бус хэмжээтэй боловч өндөр үнээр зарагддаг, олон улсын буухиа шуудан нь богино хугацаанд илгээгчээс хүлээн авагчийн гарт хүрдэг, гаалийн хяналт шалгалтаас гадуур өнгөрч байна гэж хөнгөмсгөөр найдах, эрэлт, нийлүүлэлтийн тасралтгүй урсгалыг бий болгож, хууль бус орлогын эх үүсвэрийг бий болгодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг биет байдлаар гадаад улсаас /Нидерланд, Их Британий Нэгдсэн Вант Улс зэрэг/ Монгол Улсад шилжүүлж, улсын хил нэвтэрснээр төгсөх бөгөөд цаашид үргэлжилж буй үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор тусгажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-ын “гэмт хэрэг үйлдээгүй, хэргийг нягтлан шалгаж, үнэнийг тогтоож өгнө үү” гэх гомдол, өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 42 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 768 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН