Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01346

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01346

 

 

 

Ч.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01456 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Тийн хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 4 191 894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М.Д ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан маркетингийн мэргэжилтнээр ажилд орсон. 2018 оны 10 дугаар сард бренд менежерийн ажил үүргийг нэмэгдүүлэн өгсөн бөгөөд цалинг 1 200 000 төгрөг болгон нэмсэн, 12 дугаар сард амралтын мөнгийг бодож олгосон ч биечлэн амруулаагүй. 2019 оны 02 дугаар сард үндсэн цалинг 1 300 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн ба 200 000 төгрөгийн урамшууллыг 2019 оны 6 дугаар сард олгосон. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр борлуулалт ба маркетинг хариуцсан захирал Б.Мөнхболд намайг дуудаж чамайг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн тул ажлаас түр түдгэлзүүлж байна гэсэн ч тушаал албан ёсоор гаргаагүй. Цагдаагийн байгууллагаас намайг дуудахгүй байсан тул ажилдаа эргэн очсон ч хариу өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдээгүй буюу эрх бүхий байгууллага шаардаагүй байхад өөрсдөө дур мэдэн түдгэлзүүлж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэгэнт ажил хийлгэхгүй гэсэн учир бид уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.9-т заасан нөхцөл байдал байна. Хууль хэрэглээний хувьд уг хоёр үндэслэл байгаа учир хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн хуульд заасан ажлаа чөлөөтэй сонгох эрх хөндөгдөж байгаа тул түүнийг сэргээлгэх, ажилгүй байсан 51 хоногийн цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 191 894 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М.Д ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан маркетингийн мэргэжилтнээр ажилд орж 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл тус ажил үүргийг гүйцэтгэсэн. Манай байгууллага Голомт банктай байгууллагын дебит картын гэрээ байгуулсны үндсэн 1235107222 тоот данс эзэмшдэг бөгөөд тухайн данснаас 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 9 978 288.89 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9 438 921.94 төгрөг, нийт 19 417 210.83 төгрөгийн гүйлгээ байгууллагын зөвшөөрөлгүй хийгдсэн байдаг. Энэ асуудлаар Голомт банкнаас тодруулахад Ч.Тийн нэрээр хийгдсэн гэдэг нь харагддаг. Тиймээс бид байгууллагын дотоод журмын 14.1.4-т заасан заалтын дагуу ажилтны ажил үүргийг түр түдгэлзүүлсэн. Улмаар тухайн үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар ажилтан болон ажил олгогчийн хооронд үүсэж байгаа цалингийн маргаан нь шууд шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш байхад нэхэмжлэгч шууд шүүхэд хандсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч М.Д ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3 974 572.8 /гурван сая есөн зуун далан дөрвөн мянга таван зуун далан хоёр төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 217 321.2 /хоёр зуун арван долоон мянга гурван зуун хорин нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 78 543.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тт олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, эрх зүйн үндэслэлгүй байна. Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй аливаа этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй хэдий ч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол хэргийг шийдвэрлэхгүй нэхэмжлэлийг буцаах тухай нарийвчлан зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Ч.Т болон хариуцагч М.Д ХХК нарын хооронд үүссэн цалин хөлсний маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор анхлан хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарч байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байхад хүлээн авч шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэн, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 191 894 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, М.Д ХХК-ийн захирлын албаны газрын дарга нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 340А дугаартай тушаал гаргаж компанийн данснаас зөвшөөрөлгүй гарсан гүйлгээний тухай Голомт банк ХХК-аас ирүүлсэн баримтыг үндэслэн тухайн хууль бус гүйлгээ хийсэн үйлдлийг Ч.Тт холбогдуулан хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан тушаал, талуудын тайлбар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 27з3-2 /691 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүх зөв тогтоосон байна. /хх-99, 168-169, 37/

Зохигчид дээрх 340А дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, хариуцагч тал Ч.Тийг Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.4-т заасныг зөрчсөн учир ажлыг нь түдгэлзүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан.

Хэргийн баримтаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс хариуцагч компанийн гомдлын дагуу нэхэмжлэгч Ч.Тт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа үйл баримт тогтоогдсон боловч үүнтэй холбогдуулан түүний ажил эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоохыг шаардсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, мөн зүйлийн 5.2-т зааснаар ажилтныг ажлаар хангах үүрэгтэй тул хариуцагч М.Д ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 14.1.1-14.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг түр түдгэлзүүлэх зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж шүүх зөв дүгнэсэн байна. Улмаар нэхэмжлэгч Ч.Тт ажилгүй байсан 51 хоногийн хугацааны цалин хөлсөд 4 191 894 төгрөг хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримталсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч Ч.Тийн, хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсны олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан маргаанд хамаарахгүй юм. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэхгүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бий болсон байхад хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт харшлахгүй болно.

Хариуцагч М.Д ХХК нэхэмжлэгч Ч.Тийн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн үйлдэл хууль бус болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээр хангахыг шаардах эрхтэй. /хх- 37, 99, 168-169/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ч.Тийг хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаар хангахыг хариуцагч М.Д ХХК-д даалгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтад баримтлан гэсний дараа нэхэмжлэгч Ч.Тийг хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаар хангахыг хариуцагч М.Д ХХК-д даалгаж, гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД