Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1456

 

 

 

 

 

 

 

 

                    2020       04          28  

             101/ШШ2020/01456

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Т -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М ” ХХК / холбогдох

 

            Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 191 894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Миний бие 2017 оны 11 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан “М ” ХХК-д маркетингийн мэргэжилтнээр ажилд орсон. 2018 оны 03 сард жинхлэх тайлангаа амжилттай хамгаалсан хэдий ч цалингийн хэмжээ 2018 оны 10 сар хүртэл өөрчлөгдөөгүй болно. 2018 оны 10 сард миний ажлын үүрэг дээр бренд менежерийн ажил үүргийг нэмэгдүүлэн өгсөн бөгөөд миний цалинг 1 200 000 төгрөг болгон нэмсэн ба 12 сард амралтын мөнгийг бодож олгосон ч биечлэн амруулаагүй. 2019 оны 02 сард миний үндсэн цалинг 1 300 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн ба 200 000 төгрөгийн урамшуулал 2019 оны 06 сард олгосон. 2019 оны 12 сарын 04-ний өдөр борлуулалт ба маркетинг хариуцсан захирал Б.Мөнхболд намайг дуудаж чамайг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн тул ажлаас түр түдгэлзүүлж байна гэсэн ч тушаал албан ёсоор гаргаагүй. 2019 оны 12 сарын 23-ны өдөр ажил руугаа очиж, цагдаагийн байгууллагаас намайг дуудахгүй байсан тул ажилдаа эргэн очсон ч тоймтой хариу өгөөгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажлаа чөлөөтэй сонгох эрх хөндөгдөж байх тул түүнийг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2019 оны 12 дугаар сарын цалин хөлс болох 1 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар болон бусад баримттай танилцаад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. 2019 оны 09 сард 2 568 429.89 төгрөг, ажлын 21 хоног, 10 сард 1 289 402.17 төгрөг, 23 хоног, 11 сард 1 402 631.58 төгрөг, ажлын 20 хоногийн цалин хөлс авсан талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байх ба ажлын 64 хоногт нийт 5 260 463.64 төгрөг авсаныг нэг өдөрт хувааж үзвэл дундаж цалин хөлс 82 194.74 төгрөг болж байна. Түүнийг ажилгүй байсан 51 хоногт үржүүлж тооцон үзвэл 4 191 894 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас 51 хоногийн цалин хөлс болох 4 191 894 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажлаас түдгэлзүүлэх үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдээгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага шаардаагүй байхад өөрсдөө дур мэдэн түдгэлзүүлж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэгэнт ажил хийлгэхгүй гэсэн учир бид уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-т заасан нөхцөл байдал байгаа учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн Ч.Т  нь 2017 оны 11 сарын 30-ны өдөр “М ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан маркетингийн мэргэжилтнээр ажилд орсон ба 2019 оны 12 сарын 04-ний өдрийг хүртэл тус ажил үүргийг гүйцэтгэсэн. Манай байгууллага Голомт банктай байгууллагын дебит картын гэрээ байгуулсны үндсэн 1235107222 тоот данс эзэмшдэг бөгөөд тухайн данснаас 2019 оны 09 сарын 07-ны өдөр 9 978 288.89, 2019 оны 10 сарын 04-ний өдөр 9 438 921.94, нийт 19 417 210.83 төгрөгийн гүйлгээ байгууллагын зөвшөөрөлгүй хийгдсэн байдаг. Энэ асуудлаар Голомт банкнаас тодруулахад тухайн гүйлгээ нь тухайн картны мэдээлэл, гүйлгээний код ашиглаж хийгдсэн болох нь тогтоогдсон. Голомт банкны 2019 оны 12 сар, 2020 оны 02 сарын албан бичгүүдээр гүйлгээ нь Ч.Т ийн нэрээр хийгдсэн гэдэг нь харагддаг. Тиймээс бид байгууллагын дотоод журмын 14.1.4-т заасан заалтын дагуу ажилтны ажил үүргийг түр түдгэлзүүлсэн. Улмаар тухайн үйлдлийг шалгуулахаар 2019 оны 10 сарын 08-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн алба гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2019 оны 10 сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгуулахаар шилжүүлж, улмаар тус цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч н.Сүхбат мөрдөгч дээр хэрэг хянагдаж байгаа ба уг хэрэгт Ч.Т  холбогдон шалгагдаж байна. Уг шалтгааны улмаас Ч.Т ийн хөдөлмөрийн гэрээний харилцааг түр зогсоогоод байгаа болно. Ч.Т  нь энэ маргааныг шийдвэрлүүлэхээр манай компани болон холбогдох байгууллагад хандаагүй шууд шүүхэд хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128  дугаар зүйлийн 128.1-т шүүхээр шийдвэрлэх хөдөлмөрийн маргааныг нэг бүрчлэн заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр ажилтан болон ажил олгогчийн хооронд үүсэж байгаа цалингийн маргаан нь шууд шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш. Гэтэл шууд шүүхэд хандсан байгаа. Эхлээд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандчихаад дараа нь шүүхэд хандах  процесс явагдах ёстой байсан. Ч.Т  нь шууд шүүхэд хандсан байгаа учир  процесс ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.3 шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэсэн заалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан маргаанд хамаарна гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл нь ажилтныг ажлаас буруу халсан, шилжүүлсэн үед олгоно гэсэн заалт байгаа. Уг нөхцөл байдал байсан бол шууд шүүхээр шийдвэрлүүлж болно. Манай зүгээс Ч.Т ийг ажлаас халсан, шилжүүлсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т зааснаар манай нэхэмжлэл шүүхээр шууд шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа юм гэдэг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Бид Ч.Т ийг тухайн гэмт хэргийг хийсэн гээгүй. Өөрийнх нь нэрээр гүйлгээ хийгдсэн гэдэг албан тоот ирсэн байдаг. Тухайн үед түдгэлзүүлэхгүй байсан бол шударга ёсонд нийцэх юм уу. Хэрэв гэмт хэрэгтэн байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд  хичнээн төгрөгийн гүйлгээ хийгдэх байсан юм гэдэг нөхцөл байдал байсан учир түдгэлзүүлсэн. Уг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ч.Т  нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 191 894 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч “М ” ХХК нь нэхэмжлэгч Ч.Т ийг ажлаас халаагүй, байгууллагын зөвшөөрөлгүй хийгдсэн гүйлгээтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг түр зогсоож ажил үүргийг нь түр түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр шууд хянан шийдвэрлэх маргаан биш гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Т ийг албан үүргээс нь түр түдгэлзүүлсэн байхад ажлаас халагдсан мэт нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

 

Ч.Т  нь “М ” ХХК-д 2017 оны 11 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь, ажил олгогчийн зүгээс цагдаагийн байгууллагад шалгуулахаар ажлаас түр түдгэлзүүлсэн гэж 2019 оны 12 сарын 04-ний өдөр хэлсний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

“М ” ХХК нь тус компанийн нэр дээрх Голомт банкны 1235107222 дугаартай картнаас 2019 оны 09 сарын 07-ны өдөр 9 978 288.89 төгрөгийн, 2019 оны 10 сарын 04-ний өдөр 9 438 921.94 төгрөгийн гүйлгээтэй холбогдуулан цагдаад гомдол гаргаж, 2019 оны 10 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа, 2020 оны 03 сарын 17-ны өдөр Ч.Т өөс гэрчийн мэдүүлэг авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-37, 161/

 

Хариуцагч нь дээр дурдсан гүйлгээнүүдийн талаар Голомт банкнаас тодруулахад гүйлгээ нь тухайн картны мэдээлэл, гүйлгээний код ашиглаж хийгдсэн, гүйлгээ нь Ч.Т ийн нэрээр хийгдсэн байсан тул түүний ажил үүргийг түр түдгэлзүүлсэн гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Голомт банкны 1235107222 дугаартай карт нь компанийн дундын хэрэглээний карт, захиран зарцуулах эрх нь захиралд байдаг, ашиглах тохиолдолд санхүүгээс мөнгө хүсэх хуудас зуруулж, захирлуудаас зөвшөөрөл авдаг гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 09, 10 сард карт түүнд байгаагүй, картыг ашиглаагүй, энэ талаар компаниас лавлах боломжтой, компанийн борлуулалтын систем нь орос программ бөгөөд түүний компьютер дээр системүүд байдаг, ямар нэгэн асуудал гарвал түүний компьютертэй оросын программ хангамжийн төлөөлөгч хандах боломжтой байдаг, IP хаяг гэдэг нь миний брокер дээр байршдаг, дансны дугаар гэж ойлгож байгаа, түүн рүү мэйл хаягаар нэвтэрдэг байсан, 2016 онд бүртгүүлсэн мэйл хаягаар орох гэхэд блоколсон байсан гэх тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс “М ” ХХК-ийн захирлын албаны дарга М.Баасандоржийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 01 №340А дугаартай тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Нэхэмжлэгч нь уг тушаалын талаар хэрэгт нотлох баримтаар авагдсанаар л мэдсэн, ажил олгогчоос тушаалыг танилцуулж, гардуулаагүй гэх  тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч нь тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан, гардуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

2019 оны 12 сарын 03-ны өдрийн 01 №340А дугаартай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг үндэслэн маркетингийн мэргэжилтэн Ч.Т ийг 2019 оны 09 сарын 05 болон 10 сарын 02-ны өдөр компанийн данснаас зөвшөөрөлгүй гарсан гүйлгээний тухай Голомт банкнаас ирүүлсэн баримтыг үндэслэн тухайн хууль бус гүйлгээг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж эцэслэн шийдвэрлүүлэх хүртэлх хугацаагаар 2019 оны 12 сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь түдгэлзүүлжээ. /хх-99/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж заасан.

 

“М ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг түр түдгэлзүүлэх нөхцөлүүдийг заасан байх бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлсэн байвал зохино.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Т ийг Голомт банкны картын гүйлгээтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэдэг үндэслэлээр тушаал гаргасан байх боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа эрх бүхий байгууллага буюу цагдаа, прокурорын байгууллагаас Ч.Т ийн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх талаар шаардсан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх үндэслэл бий болоогүй байхад хариуцагч “М ” ХХК нь нэхэмжлэгч Ч.Т ийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ч.Т ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 51 хоногийн цалин хөлс 4 191 894 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд ажлаас түдгэлзүүлсэн тушаалд дурдсанаар 2019 оны 12 сарын 03-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн шаардсан хугацаа 2020 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн цалин хөлсний бичилтийг үндэслэн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 77 932.8 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2019 оны 12 сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл 51 хоногийн цалин хөлс 3 974 572.8 төгрөгийг хариуцагч “М ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ч.Т т олгох үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “М ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3 974 572.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 217 321.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3 974 572.8 /гурван сая есөн зуун далан дөрвөн мянга таван зуун далан хоёр төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 217 321.2 /хоёр зуун арван долоон мянга гурван зуун хорин нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 78 543.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР