Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00609

 

Ч.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01456 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1346 дугаар магадлалтай,

Ч.Тийн нэхэмжлэлтэй,

“МД” ХХК-д холбогдох,

Зөрчигдсөн эрхийг сэргээж, 51 хоногийн цалин хөлс болох 4,191,894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогтын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан зөрчигдсөн эрхийг сэргээж, 51 хоногийн цалин хөлс болох 4,191,894 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01456 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч “МД” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,974,572.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 217,321.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МД” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 78,543.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1346 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “баримтлан” гэсний дараа “нэхэмжлэгч Ч.Тийг хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаар хангахыг хариуцагч “МД” ХХК-д даалгаж,” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг авч үзвэл “...Ч.Тт ажилгүй байсан 51 хоногийн хугацааны цалин хөлсөд 4,191,894 төгрөг хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримталсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч Ч.Тийн, хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан маргаанд хамаарахгүй юм. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэхгүй...” гэжээ. Гэтэл Ч.Т болон хариуцагч “МД” ХХК нарын хооронд үүссэн цалин хөлсний маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ”, 128 дугаар зүйлийн 128.1-д “Дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ”, 128.1.1-128.1.11 гэж зааснаас үзвэл Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор анхлан хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарч байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.3 “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж заасан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан зөрчигдсөн эрхийг сэргээж, 51 хоногийн цалин хөлст 4,191,894 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2017.11.30-ны өдөр тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан маркетингийн мэргэжилтнээр ажилд орж 2019.12.04-ний өдрийг хүртэл тус ажил үүргийг гүйцэтгэсэн, гэтэл цагдаагийн байгууллагад шалгуулна гэж ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй хохироосон” гэжээ.

Хариуцагч “МД” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Манай байгууллага Голомт банктай байгууллагын дебит картын гэрээ байгуулсны үндсэн 1235107222 тоот данс эзэмшдэг бөгөөд тухайн данснаас 2019.09.07-ны өдөр 9,978,288.89 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9,438,921.94 төгрөг, нийт 19,417,210.83 төгрөгийн гүйлгээ байгууллагын зөвшөөрөлгүй хийгдсэн, үүнийг Голомт банкнаас тодруулахад Ч.Тийн нэрээр хийгдсэн гэдэг, тиймээс байгууллагын дотоод журмын 14.1.4-т заасан заалтын дагуу ажилтны ажил үүргийг түр түдгэлзүүлж, тухайн үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад 2019.10.08-ны өдөр гомдол гаргасан. Энэ маргаан нь шууд шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 3,974,572.8 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 217.321.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүргийг хариуцагчид даалгаж шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

8. Хоёр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Нэхэмжлэгч Ч.Т хариуцагч “МД” ХХК-д маркетингийн мэргэжилтнээр 1,300,000 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан, ажил олгогч түүнийг 2019.12.04-ний өдрөөс 2019 оны 09, 10 дугаар сард тус байгууллагын эзэмшдэг картын данснаас 2 удаагийн нийт 19,417,210.83 төгрөгийн гүйлгээ хийгдсэнтэй холбоотой цагдаагийн байгууллагад шалгуулах үндэслэлээр ажил үүргийг гүйцэтгүүлээгүй түдгэлзүүлсэн үйл баримт тогтоогджээ.

10. Хариуцагч “МД” ХХК нь нэхэмжлэгч Ч.Тийг гүйцэтгэж байсан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, түдгэлзүүлсэн эрх зүйн үндэслэлийг байгууллагын дотоод журмын 14.1.4-т заасан “хөрөнгө завшсан зэрэг байгууллагын эрх ашгийн эсрэг үйлдэлд холбогдсон тохиолдолд ажилтны ажил, албан тушаалыг түр түдгэлзүүлж холбогдох эрх бүхий байгууллагаар шалгуулна” гэж заасан зохицуулалтыг баримталсан гэж тайлбарлаж байгаа боловч уг зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүйг хоёр шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэсэнтэй нийцээгүй тул ажил олгогч ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ажилтны ажил, албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлэх шийдвэрийг хөндлөнгийн эрх бүхий этгээд гаргах байтал тухайн компани өөрөө энэ шийдвэрийг гаргасан нь буруу байна.

Иймд, ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэн, ажилгүй байсан хугацаандаа аваагүй цалин хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ажилгүй байсан хугацаанд аваагүй цалингийн хэмжээг тодорхойлж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасантай нийцжээ.

11. Ажлаас үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийг ажил үүргээр хангах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, цалин гаргуулах” гэж тодорхойлсон байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн агуулгын хүрээнд “ажлын байраар хангах”-ыг даалгахаар шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

12. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь зөвхөн олгогдоогүй цалин хөлсний маргаан бус ажил олгогчийн гаргасан ажлаас түдгэлзүүлсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй холбоотой тул маргааныг шүүх шийдвэрлэх нь хууль зөрчихгүй юм. Уг маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасан шүүх хянан шийдвэрлэх маргаанд хамаарна.

13. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1346 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “МД” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт/-ийн 2020.08.03-ны өдөр 78,600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН