Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02207

 

 

 

 

 

2017 10 13

2207

 

 

Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дугаар шийдвэртэй Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Баясгалан, Цоми ХХК, Хурд групп ХХК-д холбогдох

 

Хурд групп ХХК, Б.Баясгалан нарын хооронд байгуулагдсан 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг даалгах,

Хурд групп ХХК, Цоми ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 12 000 000 төгрөг, бараа материалын үнэ 7 504 948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагч Б.Баясгалан, хариуцагч Б.Баясгалан болон Цоми ХХК-ийн өмгөөлөгч Т.Гүрбадам, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Манай Би Ти Ви телевиз нь Хурд групп ХХК-тай 2010 оны 07-р сарын 20-ны өдөр 64 тоот хамтын ажиллагааны гэрээ байгуулан тус компанийн реклам, бизнес мэдээ, зохиомжит реклам явуулахаар болж төлбөр тооцооны талаарх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Хурд групп ХХК нь рекламны төлбөр тооцоонд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж байсан Рапид харш хотхоноос 28 тоот 31.61 м.кв талбайтай 1 өрөө байр, 29 тоот 30.19 м.кв талбайтай 1 өрөө байрыг тус тус нийлүүлж нийт 2 өрөө 61.8 м.кв орон сууц олгохоор болсон. Хурд групп ХХК нь тухайн үед Би Ти Ви телевизэд маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Баясгалантай 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2/29 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байсныг 2012 онд тус байгууллагатай санхүүгийн тооцоо нийлэх үед мэдсэн болно. Б.Баясгалан нь энэ талаар телевизийн удирдлагад огт мэдэгдээгүй, телевизийн санхүүгийн данс бүртгэлд бүртгүүлээгүй, ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр Хурд групп ХХК-аас хууль бусаар материал гаргуулан авсны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Махатма Гандигийн гудамж, Рапид харш хотхоны 2-р байрны 29 тоот 61.8 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч биднийг хохироож байна. Б.Баясгаланг байгууллагын хөрөнгийг завшсан, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр маркетингийн албаны даргын үүрэгт ажлаас 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс албан ёсоор халсан. Хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэсэн манай Би Ти Ви телевизийн зүгээс орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах зөвшөөрлийг Б.Баясгаланд өгөөгүй байхад 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №2/29 тоот орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.8-д зааснаар энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож Рапид харш хотхоны 2-р байрны 29 тоот 61.8 м.кв талбайтай орон сууцны цорын ганц, хууль ёсны өмчлөгчөөр Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг тогтоож өгнө үү.

Хурд групп ХХК нь манай Би Ти Ви телевизээр зар сурталчилгаа, мэдээ, сурвалжлага болон нэвтрүүлэг цацуулахаар 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр №11/08 тоот хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингэхдээ телевизийн маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Баясгалан нь өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Цоми ХХК-ийн нэрээр гэрээнд гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулан гэрээний төлбөр болох 12 000 000 төгрөгийг Цоми ХХК-ийн дансанд шилжүүлэн авсан талаарх баримт Хурд групп ХХК-тай санхүүгийн тооцоо нийлэх үед гарч ирсэн боловч уг мөнгөнөөс манай телевизийн дансанд нэг төгрөг ч орж ирсэн баримт байхгүй. Бид ийм гэрээ байгуулагдсан талаарх мэдээллийг авсан гэдгээ хэлж ямар учиртай болохыг тодруулахад Хурд групп ХХК нь заавал НӨАТ төлөгчтэй гэрээ хийнэ гэсэн учир тухайн үед НӨАТ төлөгч болох өөрийн хамтарч эзэмшдэг Цоми ХХК-ийн нэрээр гэрээ байгуулж мөнгийг авсан гэж тайлбарласан боловч энэхүү гэрээний төлбөрийн мөнгө манай байгууллагын дансанд орж ирсэн баримт байгаа бол гаргаж өг гэсэн шаардлагыг удаа дараа тавихад Б.Баясгалангийн зүгээс ямар ч баримт гаргаж өгөөгүй юм. Манай Би Ти Ви телевизээс Цоми ХХК-тай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй бөгөөд биднийг төлөөлж бусад байгууллагатай гэрээ байгуулах болон үйлчилгээ үзүүлсний төлбөрийг шилжүүлэн авах эрх олгосон зүйлгүй байхад Хурд групп ХХК-тай манай байгууллагын өмнөөс гэрээ байгуулсан, гэрээний төлбөрийн 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлэн авсан тул 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б.Баясгалан нь ВТ\/ телевизэд маркетингийн албаны даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар телевизийн гэрээт байгууллагын тоо болон орлогыг нэмэгдүүлж, маркетингийг сайжруулах, эфирт гэрээт байгууллагын реклам, зар сурталчилгааг нэвтрүүлэх, тайланг санхүүд гаргаж өгөх үүргийг хүлээж байсан боловч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хаан хүнс ХХК-тай 2010 оны 01-р сарын 01-ний өдөр болон 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулсан ба 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр авч явсан. Номин холдинг ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 29/329 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан ба доорхи 7 төрлийн нийт 5 504 948 төгрөгийн барааг гарын үсгээ зуран авч явсан боловч эдгээр нь телевизийн данс бүртгэлд огт тусгагдаагүй, ямар нэгэн холбогдох баримтыг байгууллагад гаргаж өгөлгүйгээр мөнгө, бараа материалыг хувьдаа завшсан юм. Иймд манай байгууллага үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авах ёстой байсан бэлэн мөнгө, бараа материалын үнэ болох нийт 7 504 948 төгрөгийг Б.Баясгалангаас гаргуулж өгнө үү.  Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 2 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 61.8 м.кв талбайтрай орон сууцны өмчлөгчөөр Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон Цоми ХХК-ийн захирал Б.Баясгалангийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Би Ти Ви телевиз-ийн ерөнхий захирлаар Г.Баянжаргал, гүйцэтгэх захирлаар манай ах Б.Энхбат, би маркетингийн албаны даргаар ажиллаж байсан. Тухайн үед телевизийн санхүүгийн зардал гэж багагүй мөнгө гарч, зар сурталчилгаа, төлбөрт нэвтрүүлгүүд, реклам нийлүүлэгч нар хангалттай олдохгүй байсан тул санхүүгийн хүндрэлтэй ажиллаж, ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй болсон үед манай ах Б.Энхбат нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр байрны 57 тоот орон сууцыг 47 000 000 төгрөгөөр зарж, 25 000 000 гаруй төгрөгийг Би Ти Ви телевиз-ийн ажилтнуудын цалин болон бусад зардалд өгсөн. Мөн өөрийн эзэшлийн Ланд круйзер 100 маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр зарж үүнээсээ 16 000 000 төгрөгийг Г.Баянжаргалын нийгмийн асуудлыг зохицуулах, хөрөнгө оруулагчдын амлалтыг биелүүлэхийн тулд Голден парк хотхоноос авсан 1 өрөө байрны урьдчилгаанд өгсөн. Нагац ахын эрүүл мэнд эрс муудаж, гадаад улсад эмчилгээ сувилгаанд явах шаардлага гарахад урлаг, соёлын ажилтнууд, хамтлаг дуучид хандивын тоглолт хийж 40 000 000 гаруй төгрөгийн орлого олсон ба тэрээр уг орлогоос 20 000 000 гаруй төгрөгийг Би Ти Ви телезиз-д зарцуулсан. Орон сууцны хувьд би дангаараа шийдвэр гаргаагүй, ерөнхий захирал Г.Баянжаргал болон гүйцэтгэх захирал Б.Энхбат нартай харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Учир нь манай ах Б.Энхбат Би Ти Ви телевиз-ийн санхүүгийн асуудлыг шийдэж байсан ба Би Ти Ви телевиз уг зардлыг Б.Энхбатад буцаан төлөх ёстой гэдэг үүднээс Хурд групптэй бартерын гэрээ байгуулж, тэрээр хүнд өвчтэй байсан тул орон сууцны өмчлөх эрхийг Б.Баясгалан миний нэр дээр шилжүүлсэн. 12 000 000 төгрөгийн тухайд Хурд групп ХХК-тай дахин гэрээ байгуулахад бид НӨАТ төлөгчтэй гэрээ хийнэ, Би Ти Ви телевиз нь НӨАТ төлөгч биш гэж хэлсэн учраас би өөрийн Цоми ХХК-иар дамжуулж гэрээ байгуулж, мөнгийг нь авсан. Тухайн үед телевизийн санхүүгийн байдал хүндрэлтэй байсан тул хувь хүн болон Чойжин бросс ББСБ-аас мөнгө зээлсэн байсан тул би өөрийн дансаар эдгээр хүмүүс рүү шилжүүлсэн юм. 2012 оны шинэ жилээр манай телевиз шилдэг ажилтнуудаа зурагт, камер, ай-пад, хөргөгч зэргээр шагнаж урамшуулсан. Би телевизийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зээл авсан ба 2 000 000 төгрөгөөр уг өрийг төлсөн. Мөнгө төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан. Би ямар нэг байдлаар албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын эд хөрөнгө, мөнгийг завшсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хурд групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Хурд групп ХХК нь Б.Баясгалангийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байрыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн болно. Учир нь телевизийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээнд  телевизийг төлөөлөн Б.Баясгалан гарын үсэг зурсан байсан болохоор түүний нэр дээр гэрээний төлбөр дэх байрыг шилжүүлсэн болно. Харин 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 12 000 000 төгрөгийн сурталчилгааны гэрээний төлбөрийг Цоми ХХК-д шилжүүлсэн бөгөөд гэрээнд дарагдсан компанийн тамгыг үндэслэн шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан байр болон гараашийн төлбөрийг Их асгат түрүү ХХК болон Б.Баясгалан авах эсэх нь манай компанид хамааралгүй бөгөөд манай зүгээс гэрээний төлбөрөө бүрэн барагдуулсан болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхтуяагийн тайлбарт: Б.Энхтуяа нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Энхболдоос орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Уг маргаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгч нь өмнөх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү хэрэгт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаагүй, энэ асуудал тусдаа Захиргааны хэргийн шүүхийн харъяалалд хамаарна. Б.Энхтуяа бол орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,  56.5, 56.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Хурд групп ХХК, Б.Баясгалан нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоот 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг даалгах, Хурд групп ХХК, Цоми ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 12 000 000 төгрөг гаргуулах, бараа материалын үнэ 7 504 948 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 800 443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хуулийн үндэслэлгүй, нэг талын эрх ашгийг хэт баримталсан гэж үзэн нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна. 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "Хурд групп" ХХК болон "Би Ти Ви телевиз" хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, "Би Ти Ви телевиз" ТББ нь "Хурд групп" ХХК болон бусад компаниудын реклам сурталчилгаа,сурвалжлага, нэвтрүүлэг, ярилцлага,төлбөрт мэдээллийг өөрийн телевизээр явуулах, "Хурд групп" ХХК нь энэхүү рекламны төлбөр тооцоонд төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж байгаа "Хурд групп"-ийн Рапид харш хотхоноос 46 350 ам.долларын үнэтэй, нийт 2 өрөө 61.8 м.кв орон сууцыг бартерийн журмаар өгөхөөр харилцан тохиролцсон болно. Гэтэл тухайн "Би Ти Ви" телевизийн маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Баясгалан 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсныг телевизийн захиргаа мэдээгүй байсан. Хамтын ажиллагааны гэрээгээр манай байгууллага орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрхийг Б.Баясгаланд олгоогүй болно. Шүүх тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энхбат нь Би Ти Ви телевизийн үйл ажиллагаанд хувиасаа хөрөнгө оруулалт хийж байсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Телевизийн санхүүд Б.Энхбат нь хөрөнгө оруулалт хийж байсан албан ёсны баримт байдаггүй. Б.Баясгалан нь Б.Энхбатын хууль ёсны өв залгамжлагчийн бүрэлдэхүүнд багтдаггүй бөгөөд хэрвээ Б.Энхбаттай байгуулага ямар нэгэн тооцоотой байсан гэж бодоход энэ нь түүнд огт хамааралгүй бөгөөд тэрээр өв залгамжлагч ч биш, шаардах эрхийг шилжүүлж авсан этгээд ч биш юм.

"Би Ти Ви" телевизийн маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Баясгалан нь өөрийн "Цоми" ХХК-ийн нэрээр 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хурд групп ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг компанийхаа дансанд шилжүүлж авсан. Шүүх дээрх гэрээг манай "Би Ти Ви телевиз" хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын өмнөөс "Цоми" ХХК төлөөлөн хийх болсон үндэслэл нь захиалагч "Хурд групп" ХХК нь НӨАТ төлөгч байгуулагатай гэрээ хийнэ гэсэн шаардлага тавьсан учир маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Баясгалангийн компани болох "Цоми" ХХК-ийн нэр дээр хамтын ажиллагааны гэрээ хийх зөвшөөрлийг тухайн үед Ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Баянжаргал өгсөний дагуу гэрээ хийгдэж, гэрээний төлбөр 12 000 000 төгрөгийг "Цоми" ХХК-ийн дансаар шилжүүлэн авсан" гэж дүгнэсэн байна. Энэхүү гэрээний төлбөр нь ажил гүйцэтгэсэн байгууллагад төлөгдсөн баримт байдаггүй. Улмаар гуравдагч этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдал тогтоогдож байгаа болно.

Б.Баясгалан нь "Би Ти Ви" телевизийн "Хаан хүнс" ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийн 2 000 000 төгрөг, "Номин холдинг" ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийн 5 504 948 төгрөгийн бараа очиж авсан боловч байгууллагад тушаалгүй хувьдаа завшсан. Уг мөнгийг нэхэмжлэгч байгууллага үйлчилгээ үзүүлсний төлбөрт авах ёстой байтал шүүх мөн л хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ нь хариуцагч Б.Баясгалан, Цоми ХХК, Хурд групп ХХК-д холбогдогдуулан Хурд групп ХХК, Б.Баясгалан нарын хооронд байгуулагдсан 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг даалгах,

Хурд групп ХХК, Цоми ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 12 000 000 төгрөг, бараа материалын үнэ 7 504 948 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Баясгалан эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.Баясгаланг Би Ти Ви телевиз-ийн маркетингийн албаны захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ болон Хурд групп ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ нь Хурд групп ХХК-ийн болон бусад охин компаниудын реклам, сурталчилгаа, сурвалжлага, нэтрүүлэлг, ярилцлага, төлбөрт мэдээллийг явуулахаар, Хурд групп ХХК нь ажлын хөлсөнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж буй Хурд групп ХХК-ийн Рапид харш хотхоноос 61.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бартерийн журмаар өгөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний дагуу Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын өмчлөлдөө авах байсан орон сууц нь 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б.Баясгалан, Хурд групп ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний үндсэн дээр Б.Баясгалангийн өмчлөлд шилжсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц захиалгын гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч Б.Баясгалан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ тухайн үед Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ийн ерөнхий захирал Г.Баянжаргал, гүйцэтгэх захирал Б.Энхбат нартай харилцан тохиролцож, зөвшөөрсний үндсэнд гэрээ байгуулсан, ... Б.Энхбат орон сууцыг хүлээн авах боломжгүй болсон тул миний нэр дээр шилжүүлсэн гэж, хариуцагч Хурд групп ХХК Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд телевизийг төлөөлж Б.Баясгалан гарын үсэг зурсан тул гэрээний төлбөр дэх орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлсэн гэж тус тус тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал буюу удирдлагаас хариуцагч Б.Баясгаланд маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр авах эрх олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б.Баясгалан, Хурд групп ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Хэргийн 1хх-12, 2хх-134-135 дугаар талд Б.Энхбат гэгч тус телевизэд 2009 оны 08 дугаар сараас гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн энэ хугацаанд буюу 2010 оны 06 дугаар сарын 25, 2010 оны 07 дугаар сарын 05, 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд нэхэмжлэгч талд байрны урьдчилгаа төлбөр болон цалин, түрээсийн орлогод нийт 66 000 000 төгрөг тушаасан баримт байдаг боловч уг баримтууд, гэрч Г.Баянжаргалын мэдүүлэг нь хариуцагч Б.Баясгалангийн тайлбарыг хангалттай нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Энхбат гэгч тус телевизэд оруулсан мөнгөн хөрөнгөө хамтын ажиллагааны гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцны төлбөрт тооцож, уг орон сууцыг хариуцагч Б.Баясгалангийн өмчлөлд шилжүүлэх эрх олгосон, энэ үндсэн дээр Хурд групп ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах зөвшөөрлийг Б.Баясгаланд олгосон гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Маргаан бүхий орон сууц нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Баясгалангаас иргэн Б.Энхболдод, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Энхболдоос иргэн Б.Энхтуяагийн өмчлөлд тус тус шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Дээрх орон сууц нь хариу төлбөртэй шилжээгүй болон Б.Баясгалан, Б.Энхболд, Б.Энхтуяа нар нь садан төрлийн холбоотой талаар талуудын хэн аль нь тайлбарласан бөгөөд хариуцагч уг үйл баримтыг няцаагаагүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт .... энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Б.Баясгалан, Хурд групп ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний үр дагаварыг арилгаж, орон сууц өмчлөх эрхийг зохих этгээд болох нэхэмжлэгч Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-д шилжүүлэх нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагч Цоми ХХК, Хурд групп ХХК-ийн хооронд 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд Хурд групп ХХК нь Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-аар зар сурталчилгааны ажил гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 12 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч Цоми ХХК-ийн төлөөлөгч Б.Баясгалан нь Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ нь НӨАТ төлөгч биш тул өөрийн Цоми ХХК-аар дамжуулж 12 000 000 төгрөгийг авсан, уг мөнгийг Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын үйл ажиллагаанд зориулсан гэх тайлбар нь үндэслэл муутай байна. Хэргийн 172 дугаар талд авагдсан Голомт банкны дансны хуулгаар хариуцагч Цоми ХХК нь дээр гэрээний үүргийн гүйцэтгэл 12 000 000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байх боловч уг мөнгийг нэхэмжлэгч Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын бусдаад зээлсэн өр төлбөрт шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь бараа материалын үнэд 7 504 948 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал биш. Учир нь эд хөрөнгийн өмчлөлийн бүртгэлийг хүчингүй болгох, шинээр бүртгэх зэрэг асуудал нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг тогтоож, хариуцагч Цоми ХХК-аас 12 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-д олгож, бараа материалын үнэ 7 504 948 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр Би Ти Ви телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг даалгах хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800 443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баясгалангаас 632 718 төгрөгийг, хариуцагч Цоми ХХК-аас 206 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800 443 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ