Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00258

 

“Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл

ТББ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2207 дугаар магадлалтай,

“Б Т В Т”” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын нэхэмжлэлтэй

Б.Б, “Ц” ХХК, “Х Г”ХХК-д тус тус холбогдох

“Х Г”ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг даалгах, “Х Г”ХХК, “Ц” ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 12 000 000 төгрөг, бараа материалын үнэ 7 504 948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, түүний өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Гүрбадам, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай “Б Т В Т” нь “Х Г”ХХК-тай 2010 оны 07-р сарын 20-ны өдөр 64 тоот хамтын ажиллагааны гэрээ байгуулан тус компанийн реклам, бизнес мэдээ, зохиомжит реклам явуулахаар болж төлбөр тооцооны талаарх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “Х Г”ХХК нь рекламны төлбөр тооцоонд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж байсан Рапид харш хотхоноос 28 тоот 31.61 м.кв талбайтай 1 өрөө байр, 29 тоот 30.19 м.кв талбайтай 1 өрөө байрыг тус тус нийлүүлж нийт 2 өрөө 61.8 м.кв орон сууц олгохоор болсон. “Х Г”ХХК нь тухайн үед “Б Т В Т”эд маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Бтай 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2/29 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байсныг 2012 онд тус байгууллагатай санхүүгийн тооцоо нийлэх үед мэдсэн болно. Б.Б нь энэ талаар телевизийн удирдлагад огт мэдэгдээгүй, телевизийн санхүүгийн данс бүртгэлд бүртгүүлээгүй, ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр “Х Г”ХХК-аас хууль бусаар материал гаргуулан авсны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Махатма Гандигийн гудамж, Рапид харш хотхоны 2-р байрны 29 тоот 61.8 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч биднийг хохироож байна. Б.Бг байгууллагын хөрөнгийг завшсан, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр маркетингийн албаны даргын үүрэгт ажлаас 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс албан ёсоор халсан. Хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэсэн манай ”Б Т В Т”ийн зүгээс орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах зөвшөөрлийг Б.Бд өгөөгүй байхад 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №2/29 тоот орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож Рапид харш хотхоны 2-р байрны 29 тоот 61.8 м.кв талбайтай орон сууцны цорын ганц, хууль ёсны өмчлөгчөөр “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг тогтоож өгнө үү. “Х Г”ХХК нь манай “Б Т В Т”ээр зар сурталчилгаа, мэдээ, сурвалжлага болон нэвтрүүлэг цацуулахаар 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр №11/08 тоот хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингэхдээ телевизийн маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Б нь өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Ц” ХХК-ийн нэрээр гэрээнд гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулан гэрээний төлбөр болох 12 000 000 төгрөгийг “Ц” ХХК-ийн дансанд шилжүүлэн авсан талаарх баримт “Х Г”ХХК-тай санхүүгийн тооцоо нийлэх үед гарч ирсэн боловч уг мөнгөнөөс манай телевизийн дансанд нэг төгрөг ч орж ирсэн баримт байхгүй. Бид ийм гэрээ байгуулагдсан талаарх мэдээллийг авсан гэдгээ хэлж ямар учиртай болохыг тодруулахад “Х Г”ХХК нь заавал НӨАТ төлөгчтэй гэрээ хийнэ гэсэн учир тухайн үед НӨАТ төлөгч болох өөрийн хамтарч эзэмшдэг “Ц” ХХК-ийн нэрээр гэрээ байгуулж мөнгийг авсан гэж тайлбарласан боловч энэхүү гэрээний төлбөрийн мөнгө манай байгууллагын дансанд орж ирсэн баримт байгаа бол гаргаж өг гэсэн шаардлагыг удаа дараа тавихад Б.Бгийн зүгээс ямар ч баримт гаргаж өгөөгүй юм. Манай “Б Т В Т”ээс “Ц” ХХК-тай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй бөгөөд биднийг төлөөлж бусад байгууллагатай гэрээ байгуулах болон үйлчилгээ үзүүлсний төлбөрийг шилжүүлэн авах эрх олгосон зүйлгүй байхад “Х Г”ХХК-тай манай байгууллагын өмнөөс гэрээ байгуулсан, гэрээний төлбөрийн 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлэн авсан тул 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Б нь ВТ\/ телевизэд маркетингийн албаны даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар телевизийн гэрээт байгууллагын тоо болон орлогыг нэмэгдүүлж, маркетингийг сайжруулах, эфирт гэрээт байгууллагын реклам, зар сурталчилгааг нэвтрүүлэх, тайланг санхүүд гаргаж өгөх үүргийг хүлээж байсан боловч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хаан хүнс ХХК-тай 2010 оны 01-р сарын 01-ний өдөр болон 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулсан ба 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр авч явсан. Номин холдинг ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 29/329 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан ба доорхи 7 төрлийн нийт 5 504948 төгрөгийн барааг гарын үсгээ зуран авч явсан боловч эдгээр нь телевизийн данс бүртгэлд огт тусгагдаагүй, ямар нэгэн холбогдох баримтыг байгууллагад гаргаж өгөлгүйгээр мөнгө, бараа материалыг хувьдаа завшсан юм. Иймд манай байгууллага үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авах ёстой байсан бэлэн мөнгө, бараа материалын үнэ болох нийт 7 504948 төгрөгийг Б.Бгаас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 2 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 61.8 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон “Ц” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед “Б Т В Т”-ийн ерөнхий захирлаар Г.Баянжаргал, гүйцэтгэх захирлаар манай ах Б.Э, би маркетингийн албаны даргаар ажиллаж байсан. Тухайн үед телевизийн санхүүгийн зардал гэж багагүй мөнгө гарч, зар сурталчилгаа, төлбөрт нэвтрүүлгүүд, реклам нийлүүлэгч нар хангалттай олдохгүй байсан тул санхүүгийн хүндрэлтэй ажиллаж, ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй болсон үед манай ах Б.Э нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр байрны 57 тоот орон сууцыг 47 000 000 төгрөгөөр зарж, 25 000 000 гаруй төгрөгийг “Б Т В Т”-ийн ажилтнуудын цалин болон бусад зардалд өгсөн. Мөн өөрийн эзэмшлийн Ланд круйзер 100 маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр зарж үүнээсээ 16 000 000төгрөгийг Г.Баянжаргалын нийгмийн асуудлыг зохицуулах, хөрөнгө оруулагчдын амлалтыг биелүүлэхийн тулд Голден парк хотхоноос авсан 1 өрөө байрны урьдчилгаанд өгсөн. Нагац ахын эрүүл мэнд эрс муудаж, гадаад улсад эмчилгээ сувилгаанд явах шаардлага гарахад урлаг, соёлын ажилтнууд, хамтлаг дуучид хандивын тоглолт хийж 40 000 000 гаруй төгрөгийн орлого олсон ба тэрээр уг орлогоос 20 000 000 гаруй төгрөгийг Би Ти Ви телезиз-д зарцуулсан. Орон сууцны хувьд би дангаараа шийдвэр гаргаагүй, ерөнхий захирал Г.Баянжаргал болон гүйцэтгэх захирал Б.Э нартай харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Учир нь манай ах Б.Э “Б Т В Т”-ийн санхүүгийн асуудлыг шийдэж байсан ба “Б Т В Т” уг зардлыг Б.Эад буцаан төлөх ёстой гэдэг үүднээс Хурд групптэй бартерын гэрээ байгуулж, тэрээр хүнд өвчтэй байсан тул орон сууцны өмчлөх эрхийг Б.Б миний нэр дээр шилжүүлсэн. 12 000 000 төгрөгийн тухайд “Х Г”ХХК-тай дахин гэрээ байгуулахад бид НӨАТ төлөгчтэй гэрээ хийнэ. “Б Т В Т” нь НӨАТ төлөгч биш гэж хэлсэн учраас би өөрийн “Ц” ХХК-иар дамжуулж гэрээ байгуулж, мөнгийг нь авсан. Тухайн үед телевизийн санхүүгийн байдал хүндрэлтэй байсан тул хувь хүн болон Чойжин бросс ББСБ-аас мөнгө зээлсэн байсан тул би өөрийн дансаар эдгээр хүмүүс рүү шилжүүлсэн юм. 2012 оны шинэ жилээр манай телевиз шилдэг ажилтнуудаа зурагт, камер, ай-пад, хөргөгч зэргээр шагнаж урамшуулсан. Би телевизийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зээл авсан ба 2 000 000 төгрөгөөр уг өрийг төлсөн. Мөнгө төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан. Би ямар нэг байдлаар албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын эд хөрөнгө, мөнгийг завшсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х Г”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Х Г”ХХК нь Б.Бгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байрыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн болно. Учир нь телевизийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээнд телевизийг төлөөлөн Б.Б гарын үсэг зурсан байсан болохоор түүний нэр дээр гэрээний төлбөр дэх байрыг шилжүүлсэн болно. Харин 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 12 000 000 төгрөгийн сурталчилгааны гэрээний төлбөрийг “Ц” ХХК-д шилжүүлсэн бөгөөд гэрээнд дарагдсан компанийн тамгыг үндэслэн шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан байр болон гаражийн төлбөрийг Их асгат түрүү ХХК болон Б.Б авах эсэх нь манай компанид хамааралгүй бөгөөд манай зүгээс гэрээний төлбөрөө бүрэн барагдуулсан болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Эоос орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Уг маргаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгч нь өмнөх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү хэрэгт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаагүй, энэ асуудал тусдаа Захиргааны хэргийн шүүхийн харъяалалд хамаарна. Б.Э бол орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Х Г”ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоот 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг даалгах, “Х Г”ХХК, “Ц” ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 12 000 000 төгрөг гаргуулах, бараа материалын үнэ 7 504 948 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 800 443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2207 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг тогтоож, хариуцагч “Ц” ХХК-аас 12 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-д олгож, бараа материалын үнэ 7 504 948 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг даалгах хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800 443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 632 718 төгрөгийг, хариуцагч “Ц” ХХК-аас 206 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800 443 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Гүрбадам хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 2207 дугаартай магадлал нь хуулийг буруу тайлбарлаж гарснаараа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй гэж үзэж байгаа тул уг магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Б.Б, ““Ц”” ХХК нарын өмгөөлөгчийн хувиар энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дугаартай шийдвэртэй”Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж гаргасан 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 2207 дугаартай магадлалынхаа хянавал хэсэгт “...хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал буюу удирдлагаас хариуцагч Б.Бд маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр авах эрх олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б.Б “Х Г”ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болио.” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Учир нь 2010 онд”Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Э нь телевизийн үйл ажиллагаанд хувиасаа хөрөнгө оруулалт хийж байсан болох нь кассын орлогын ордер, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч буюу тухайн үеийн ерөнхий захирал Г.Баянжаргал (2005 оноос 2012.07.19 хүртэл”Б Т В Т”ТББ-ын цорын ганц үүсгэн байгуулагч, ерөнхий захирал)-ын шийдвэрээр гүйцэтгэх захирал Б.Эын телевизэд оруулсан хөрөнгө оруулалтын оронд “Х Г”ХХК-иас бартераар авах орон сууцыг шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэснийг тухайн үед нэхэмжлэгчийн эрх бүхий этгээд байсан Г.Баянжаргал хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн баримт хавтаст хэрэгт байсныг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь дүгнэн шийдвэрлэсэн билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Хэргийн 1хх-12, 2хх-13-1-135 дугаар талд Б.Э тус телевизэд 2009 оны 08 дугаар сараас гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн энэ хугацаанд 2010 оны 06 дугаар сарын 25, 2010 оны 07 дугаар сарын 05, 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд нэхэмжлэгч талд байрны урьдчилгаа төлбөр болон цалин, түрээсийн орлогод нийт 66.000.000 төгрөг тушаасан баримт байдаг боловч уг баримтууд гэрч Г.Баянжаргалын мэдүүлэг нь хариуцагч Б.Бгийн тайлбарыг хангалттай нотлохгүй байна” гэж дүгнэж, нотлох баримтыг үнэлсэн учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн үед талийгаач Б.Э телевизэд хөрөнгө оруулалт хийж, улмаар телевиз уг орон сууцыг олгохоор шийдвэрлэсэн байсан тул телевизийн орлогод байрны урьдчилгаа төлбөр болон цалин, түрээсийн төлбөрийг төлж хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд баримтаар хэрэгт авагдсан нь зөвхөн 66.000.000 төгрөгний баримт нас барсны дараа хувийн эд зүйлээс олдсон юм. Бусад хөрөнгө оруулалт хийсэн баримт болон бусад уг орон сууцыг Б.Э болон түүний эрх олгосон хариуцагч Б.Бд олгохоор шийдвэрлэсэн баримтыг одоогийн "“Б Т В Т”” хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн бус байгууллагын удирдлага устгасан. Эдгээрийг тухай үеийн”Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Г.Баянжаргал энэ бүгдийг гэрчээр мэдүүлсэн байхад хариуцагч Б.Бгийн тайлбарыг хангалттай нотлоогүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал буюу удирдлагаас хариуцагч Б.Бд маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр авах эрх олгосон гэж үндэслэл тогтоогдохгүй байх тул 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б.Б “Х Г”ХХК-ний хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж зааснаар хучин төгөлдөр бус хэлцэл болно” хэмээн дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бус боллоо. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “...Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ”, 50.2-т “...Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй.” гэсэн зохицуулалттай байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын удирдлагаас Б.Бд маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр авах эрх олгосон гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт юм. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 2207 дугаартай магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагч ““Ц”” ХХК-ийн төлөөлөгч Б.Б нь”Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ нь НӨАТ төлөгч биш тул өөрийн ““Ц”” ХХК-аар дамжуулж 12.000.000 төгрөгийг авсан, уг мөнгийг”Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын үйл ажиллагаанд зориулсан” гэх тайлбар нь үндэслэл муутай байна.” гээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт болон тухайн үеийн телевизийн ерөнхий захирал асан гэрч Г.Баянжаргалын зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан ба түүний мэдүүлгээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г үндэслэн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хэмжээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хамгийн гол нь нэхэмжлэгч ““Б Т В Т”" хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын үүсгэн байгуулагч, тухайн үеийн эрх бүхий этгээд болох Г.Баянжаргалаас төрийн бус байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг Ц.Ганцэцэг, Ц.Эрдэнэбат нар шилжүүлэн авсан 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Эвлэрлийн гэрээ, түүний хавсралт, 2012 оны 03 дутаар сарын 13-ны өдрийн бүх ажилчдын хурлын тэмдэглэл, 2010 оны 4 дүгээр улирлын тайлан, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй нь нотлогдсоор байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 2207 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул хяналтын гомдолдоо:”Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, ““Ц”” ХХК, “Х Г”ХХК-д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан Баянхудаг овогт Балсангийн Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 13-ны өдрийн 2207 дугаар магадлал нь хэт нэг талыг барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээгээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дугаар шийдвэртэй”Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж гаргасан магадлалынхаа хянавал хэсэгт “...Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал буюу удирдлагаас хариуцагч Б.Бд маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр авах эрх олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б.Б, “Х Г”ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.” хэмээн дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслээгүй бөгөөд хууль зүйн хувьд ч үндэслэлгүй болсныг харуулж байна. Улмаар дээрх дүгнэлтэндээ хүч оруулж “Хэргийн 1хх-12, 2хх-134-135 дугаар талд Б.Э гэгч тус телевизэд 2009 оны 08 дугаар сараас гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн энэ хугацаанд буюу 2010 оны 06 дугаар сарын 25, 2010 оны 07 дугаар сарын 05, 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд нэхэмжлэгч талд байрны урьдчилгаа төлбөр болон цалин, түрээсийн орлогод нийт 66 000 000 тушаасан баримт байдаг боловч уг баримтууд, гэрч Г.Баянжаргалын мэдүүлэг нь хариуцагч Б.Бгийн тайлбарыг хангалттай нотлохгүй байна.” гэж дүгнэхдээ тухайн үед “зөвшөөрөл өгөх эрхтэй зохих этгээд” нь чухам хэн байсныг хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаагүй, тэдгээрийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Чухам ийм алдаанаасаа болж “...Өөрөөр хэлбэл Б.Э гэгч тус телевизэд оруулсан мөнгөн хөрөнгөө хамтын ажиллагааны гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцны төлбөрт тооцож, уг орон сууцыг хариуцагч Б.Бгийн өмчлөлд шилжүүлэх эрх олгосон, энэ үндсэн дээр “Х Г”ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах зөвшөөрлийг Б.Бд олгосон гэж үзэхэд эргэлзээтэй байна” хэмээн дүгнэхэд хүрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж анхан шатны шүүхийн уг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнэсэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь гомдол гаргах нөхцлийг бий болголоо. Өнөөдрийн нэхэмжлэгч буюу”Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-н тухайн үеийн удирдлага, тухайн үеийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу “зөвшөөрөл өгөх эрхтэй этгээд” хэн байсан нь маргааныг шийдвэрлэх амин сүнс нь байсаар байтал тэр этгээд нь болох гэрч Б.Баянжаргалын шүүхэд өчсөн мэдүүлэг болон энэ нөхцөл байдлыг тодруулсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй орхигдуулж, хэт нэг талыг барьж “Маргаан бүхий орон сууц нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Бгаас иргэн Б.Эод, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Эоос иргэн Б.Эгийн өмчлөлд тус тус шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна” гэж үзсэн нь шийдвэр гаргаж, гуравдагч этгээд болох Б.Эгийн өмчлөх эрхийг шууд хөндөж байгаад харамсаж байна. Түүнчлэн “...Дээрх орон сууц нь хариу төлбөртэй шилжээгүй болон, Б.Б, Б.Э, Б.Э нар нь садан төрлийн холбоотой талаар талуудын хэн аль нь тайлбарласан бөгөөд хариуцагч уг үйл баримтыг няцаагаагүй. Иймд ...орон сууц өмчлөх эрхийг зохих этгээд болох нэхэмжлэгч”Б Т В Т”хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-д шилжүүлэх нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.” гэж дүгнэснээр өмчлөгчийн өөрийнхөө өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан хэрэг болж байна. Дашрамд орон сууцыг заавал хариу төлбөргүйгээр, мөн садан төрлийнхөө хүнд шилжүүлэх ёсгүй гэсэн заалт өнөөгийн бидний дагаж мөрдөж аль ч хуулинд байхгүй байгаа нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж байгааг харуулж буй нэг жишээ нь гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 13-ны өдрийн 2207 тоот магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадсан байна.

Нэхэмжлэгч “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ нь хариуцагч Б.Б, “Х Г”ХХКомпанид холбогдуулан “Х Г”ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч “Ц” ХХКомпанид холбогдуулан “Х Г”ХХК, “Ц” ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 17 504 948 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй боловч хэрэглэх ёсгүй хуулийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэснийг зөвтгөх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Хариуцагч Б.Б нь маргаж буй орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэх болсон үндэслэлийг тайлбарлахдаа “...тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ах Б.Э нь компанид хөрөнгө оруулсан байсан, ...Б.Э нь өвчний учир өөрөө гэрээ байгуулаагүй, ...уг орон сууцыг худалдан авах гэрээг байгуулахыг Б.Э нь дүү Б.Бд зөвшөөрсөн..., тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Баянжаргал нь ах Б.Эын оруулсан хөрөнгөд тооцож, орон сууцыг өгч, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн...” гэж, өөрөөр хэлбэл Б.Эын зөвшөөрснөөр гэрээ байгуулсан, Б.Э уг орон сууцыг өөрийн өмчлөлдөө авах эрхтэй байсан гэж мэтгэлцсэн байхад давж заалдах шатны шүүх “...компаний эрх бүхий этгээдийн зүгээс Б.Бд гэрээ байгуулах зөвшөөрөл олгоогүй...” гэж дүгнэж,   2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б.Б, “Х Г”ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хэрэгт байгаа баримтыг буруу үнэлжээ.

Б.Э орон сууцыг авах эрхтэй байсан эсэх асуудал маргааны зүйл болсон, энэ талаар зохигчид мэтгэлцсэн байхад давж заалдах шатны шүүх Б.Б гэрээ байгуулах эрхтэй эсэх, компанийн гүйцэтгэх захирал түүнд бүрэн эрх олгосон эсэх талаар дүгнэсэн нь маргааны зүйлийг тогтоож чадаагүйтэй холбоотой байна.

1.2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ нь “Х Г”ХХК-ийн болон бусад охин компаниудын реклам, сурталчилгаа, сурвалжлага, нэвтрүүлэг, ярилцлага, төлбөрт мэдээллийг өөрийн телевизээр явуулах, “Х Г”ХХК нь ажлын хөлсөнд Рапид харш хотхоноос 61.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон, уг гэрээний дагуу “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ үүргээ бүрэн биелүүлж, харин түүний өмчлөлд шилжих ёстой орон сууц Б.Б, “Х Г”ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний үндсэн дээр Б.Бгийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогджээ.

“Х Г”ХХК-ниас шилжүүлэх орон сууц Б.Бгийн өмчлөлд шилжсэн үндэслэлийн талаар тухайн үед “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Баянжаргал “... Б.Э нь 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан тул Хурд групптэй хамтран ажиллах гэрээний дагуу авах байрыг өгөхөөр тохиролцсон. Тухайн үед Б.Эын бие муу өвчтэй байсан. Б.Бд шилжүүлчих гэж хэлсний дагуу шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн, Б.Э нь тус телевизэд 2009 оны 08 дугаар сараас гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн энэ хугацаанд буюу 2010 оны 06 дугаар сарын 25, 2010 оны 07 дугаар сарын 05, 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд “Б Т В Т” ТББ-д байрны урьдчилгаа төлбөр болон цалин, түрээсийн орлогод нийт 66 000 000 төгрөг тушаасан баримт хэрэгт авагдсан байна. Б.Э нь 2012 онд нас барсан талаар хариуцагч тайлбартаа дурджээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.“ гэж заасан тул тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Баянжаргал нь компанид оруулсан хөрөнгөд тооцож Б:Б.Эад орон сууцыг өгөх шийдвэр гаргасан нь хүчинтэй тул “Б Т В Т” ТББ нь орон сууцыг өмчлөлдөө буцаахыг шаардах эрхгүй болно.

Б.Э нь өөрөө гэрээг байгуулаагүй, өмчлөх эрхээ бүртгүүлээгүй бөгөөд энэ эрхээ Б.Бд шилжүүлэх нь хууль зөрчихгүй. Б.Эын эрх залгамжлагч эсвэл өөр этгээдээс Б.Бд олгосон дээрх эрхийг хүчингүй гэж маргасан баримтгүй байхад Б.Эаас Б.Бд зөвшөөрөл олгосон байдал тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.

Түүнчлэн маргаан бүхий орон сууц нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Бгаас иргэн Б.Эод, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Эоос иргэн Б.Эгийн өмчлөлд тус тус шилжсэн, Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Эдгээр бэлэглэлийн гэрээ нь тус бүр бие даасан, өөр өөр этгээдүүдийн хооронд байгуулагдсан, хоорондоо хамааралгүй хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу тул шийдвэрт өөрчлөлт оруулна.

2. Хариуцагч “Ц” ХХК, “Х Г”ХХК-ийн хооронд 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу “Х Г”ХХК нь “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-аар зар сурталчилгааны ажил гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 12 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч “Ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Б нь “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ нь НӨАТ төлөгч биш тул гэрээ байгуулж, “Ц” ХХК-аар дамжуулж 12 000 000 төгрөгийг авсан, уг мөнгийг “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын үйл ажиллагаанд зориулсан гэж шүүхэд баримт гаргасан байхад давж заалдах шатны шүүх дүгнээгүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг ямар баримтаар үгүйсгэж, “Ц” ХХКомпаниас 12 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь магадлалд тодорхой бус байна. Нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэлд заасан “...үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ыг өөрчлөн бүртгэхийг даалгах тухай...” шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үр дагавар байх тул бие даасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шүүх хэрэглэсэн нь буруу болно.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2207 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01714 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Б, “Х Г”ХХКомпанид холбогдох “Х Г”ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч “Ц” ХХКомпанид холбогдох “Х Г”ХХК, “Ц” ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 19 504 948 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б Т В Т” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 800 443 төгрөгийг, гуравдагч этгээдээс хяналтын гомдол гаргахдаа 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 632 718 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА