Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1714

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: байрлах “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллага /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  овогтой  Б /УХ/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Махатма Гандигийн гудамж, Рапид харш 2 дугаар байрны 29 тоотод байрлах “Цоми” ХХК /РД: 5209986/,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Хурд групп” ХХК /РД: 2737302/ нарт холбогдох, 

“Хурд групп”ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагыг өөрчлөн бүртгэхийг даалгах, “Хурд групп”ХХК, “Цоми”ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 12.000.000 төгрөг гаргуулах, бараа материалын үнэ 7.504.948 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагч болон хариуцагч “Цоми”ХХК-ийн захирал Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Нарантуул, гэрч Г.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

Нэхэмжлэгч “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн бус байгууллагын шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг  дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай “ВТ\/” телевиз нь “Хурд групп” ХХК-тай 2010 оны 07-р сарын 20-ны өдөр 64 тоот “хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулан тус компанийн реклам, бизнес мэдээ, зохиомжит реклам явуулахаар болж төлбөр тооцооны талаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “Гүйцэтгэгч нь захиалагчтай харилцан тохиролцсоны дагуу рекламны төлбөр тооцоонд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж буй “Хурд групп” ХХК-ийн Рапид харш хотхоноос нийт 2 өрөө 61.8 м.кв байрыг бартерийн журмаар авна. Байрны нэг м.кв-ын үнэ 750 ам.доллар. байрны нийт үнийн дүн 46.350 ам.доллар болно” гэж заасан. Энэхүү гэрээнд 2 байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд болох “Хурд групп” ХХК-ийн захирал Д.Энхгэрэл, “ВТV” телевизэд 2008 оны 11-р сарын 01-ний өдрийн №08/001 тоот тушаалын дагуу маркетингийн албаны даргаар, 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн N909/036 тоот тушаалын дагуу гүйцэтгэх захирал, зөвлөхөөр ажиллаж эхэлсэн Б.Энхбат нар гарын үсэг зуран, байгууллагынхаа тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан байдаг. Ингээд “Хурд групп” ХХК нь рекламны төлбөр тооцоонд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж байсан Рапид харш хотхоноос 28 тоот 31.61 м.кв талбайтай 1 өрөө байр 1 ширхэг, 29 тоот 30.19 м.кв талбайтай 1 өрөө байр 1 ширхэгийг тус тус нийлүүлж нийт 2 өрөө 61.8 м.кв орон сууцыг олгохоор болсон байсан ба ажил гүйцэтгэсэн телевизийн зүгээс ямар нэгэн хүсэлт гаргасан болон албан тоот явуулсан зүйлгүй байхад тухайн үед “ВТ\/” телевизэд маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Бтай 2010 оны 07-р сарын 28-ны өдөр  №Р2/29 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байсныг 2012 онд тус байгууллагатай санхүүгийн тооцоо нийлэх үед мэдсэн болно. Тухайн үед Б.Б нь энэ талаар телевизийн удирдлагад огт мэдэгдээгүй, телевизийн санхүүгийн данс бүртгэлд бүртгүүлээгүй, тэр бүү хэл “хамтын ажиллагааны гэрээ”-ний хувийг эрх бүхий ажилтанд өгч нэгдсэн бүртгэлд ч оруулалгүй өөрөө амьдарч, өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашиглаж, биднээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр “Хурд групп” ХХК-иас хууль бусаар материалууд гаргуулан авсаны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Махатма Гандигийн гудамж, Рапид харш хотхоны 2-р байрны 29 тоот 61.8 м кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч биднийг хохироож байна. Б.Бг байгууллагын хөрөнгийг завшсан, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр маркетингийн албаны даргын үүрэгт ажлаас 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс албан ёсоор халсан. “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу ажил гүйцэтгэсэн манай “ВТV” телевизийн зүгээс “орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулах зөвшөөрлийг тус байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажпын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан ажилтан болох Б.Бд өгөөгүй байхад 2010 оны 07-р сарын 28-ны өдрийн №Р2/29 тоот “орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.8-д зааснаар “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” тул энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож Рапид харш хотхоны 2-р байрны 29 тоот 61.8 м кв талбайтай орон сууцны цорын ганц, хууль ёсны өмчлөгчөөр “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагыг тогтоож өгнө үү.

 “Хурд групп” ХХК нь манай “ВТ\/” телевизээр зар сурталчилгаа, мэдээ, сурвалжпага болон нэвтрүүлэг цацуулахаар 2011 оны 08-р сарын 23-ны өдөр №11/08 тоот “хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан байдаг. Ингэхдээ телевизийн маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Б нь өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Цоми” ХХК (РД:5209986)-ийн нэрээр гэрээнд гарын үзэг зуран, тамга дарж баталгаажуулан гэрээний төлбөр болох 12.000.000 төгрөгийг “Цоми” ХХК-ийнхаа дансанд шилжүүлсэн авсан талаархи баримт “Хурд групп” ХХК-тай санхүүгийн тооцоо нийлэх үед гарч ирсэн боловч уг мөнгөнөөс манай телевизийн дансанд нэг төгрөг ч орж ирсэн баримт байхгүй байгаа болно. Бид ийм гэрээ байгуулагдсан талаарх мэдээллийг авсан гэдгээ хэлж ямар учиртай болохыг тодруулахад “Хурд групп” ХХК нь заавал НӨАТ төлөгчтэй гэрээ хийнэ гэсэн учир тухайн үед НӨАТ төлөгч болох өөрийн хамтарч эзэмшдэг “Цоми” ХХК-ийн нэрээр гэрээ байгуулж мөнгийг авсан гэж тайлбарласан боловч энэхүү гэрээний төлбөрийн мөнгө манай байгууллагын дансанд орж ирсэн баримт байгаа бол гаргаж өг гэсэн шаардлагыг удаа дараа тавихад Б.Бгийн зүгээс ямар ч баримт гаргаж өгөөгүй юм. Манай “ВТ\/” телевизээс “Цоми” ХХК-тай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй бөгөөд биднийг төлөөлж бусад байгууллагатай гэрээ байгуулах болон үйлчилгээ үзүүлсэний төлбөрийг шилжүүлэн авах эрх олгосон зүйлгүй байхад “Хурд групп” ХХК-тай манай байгууллагын өмнөөс гэрээ байгуулсан, гэрээний төлбөрийн 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлэн авсан нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.8-д заасан “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан харилцан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй,  56 дугаар зүйлийн 56.6-д заасан “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн заалтуудын дагуу гэрээний төлбөрт төлсөн 12.000.000 төгрөгийг гаргуулж манай “Б” хэвлэл мэдээлпийн хэрэгсэл Төрийн бус байгууллагад олгож өгнө үү.

Б.Б нь “ВТ\/” телевизэд маркетингийн албаны даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар телевизийн гэрээт байгууллагын тоо болон орлогыг нэмэгдүүлж, маркетингийг сайжруулах, эфирт гэрээт байгууллагын реклам, зар сурталчилгааг нэвтрүүлэх, тайланг санхүүд гаргаж өгөх үүргийг хүлээж байсан боловч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Хаан хүнс” ХХК-тай 2010 оны 01-р сарын 01-ний өдөр болон 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулсан байсан ба 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр (2012 оны 02, 03-р сарын рекламны төлбөр) 2.000.000 /хоёр сая/төгрөгийг бэлнээр авч явсан. “Номин холдинг” ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №ЫН/29/329 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан ба доорхи 7 төрлийн нийт 5.504.948 төгрөгийн барааг гарын үсгээ зуран авч явсан баримт байгаа боловч эдгээр нь телевизийн данс бүртгэлд огт тусгагдаагүй, ямар нэгэн холбогдох баримтыг байгууллагад гаргаж өгөлгүйгээр мөнгө, бараа материалыг хувьдаа завшсан болох нь үйлчлүүлэгч байгууллагуудтай санхүүгийн тооцоо нийлсэн акт, зарлагын баримтаар тогтоогдсон юм. Иймд манай байгууллага үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө үйлчлүүлэгчээс авах ёстой байсан бэлэн мөнгө, бараа материалын үнэ болох нийт 7.504.948 төгрөгийг Б.Бгаас гаргуулж өгнө үү.

 “ВTV” телевиз нь “Хурд групп”ХХК-тай 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 64 тоот хамтын ажиллагааны гэрээг байгуулан тус компанийн реклам, бизнес мэдээ, зохиомжит реклам явуулахаар болж төлбөр тооцооны талаарх гэрээний Тавдугаар зүйлийн 5.2-т “гүйцэтгэгч нь захиалагчтай харилцан тохиролцсоны дагуу рекламны төлбөр тооцоонд төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж буй “Хурд групп”ХХК-ийн Рапид харш хотхоноос нийт 2 өрөө 61.8 м.кв байрыг бартерийн журмаар авна. Байрны нэг м.кв-ын үнэ 750 ам.доллар, байрны нийт үнийн дүн 46.350 ам.доллар болно гэж заасан. Ингээд Хурд групп“ХХК нь реламны төлбөр тооцоонд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж байсан Рапид харш хотхоноос 28 тоот 31.61 м.кв талбайтай 1 өрөө байр -1ш, 29 тоот 30.19 м.кв талбайтай 1 өрөө байр 1 ш-ийг тус тус нийлүүлж нийт 2 өрөө 61.8 м.кв орон сууцыг  олгохоор болсон байсан ба ажил гүйцэтгэсэн телевизийн зүгээс ямар нэгэн хүсэлт гаргасан болон албан тоот явуулсан зүйлгүй байхад тухайн үед “ВTV” телевизэд маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Бтай 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Р2/29 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байсныг 2012 онд тус байгууллагатай санхүүгийн тооцоо нийлэх үед мэдсэн болно. Тухайн үед Б.Б нь энэ талаар телевизийн удирдлагад огт мэдэгдээгүй, телевизийн санхүүгийн данс бүртгэлд бүртгүүлээгүй, тэр бүү хэл хамтын ажиллагааны гэрээний хувийг эрх бүхий ажилтанд өгч нэгдсэн бүртгэлд ч оруулалгүй өөрөө амьдарч өөрийнхөө хувийн хэрэгцээнд  ашиглаж, биднээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүй “Хурд групп”ХХК-иас хууль бусаар материалууд гаргуулан авсаны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоот 61.8 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан бөгөөд дараа нь бэлэглэлийн гэрээгээр  өөрийн нагац ах болох Балсан овогтой Энхболдод, бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Б.Бгийн ээж Балсан овогтой Энхтуяагийн өмчлөлд шилжүүлэн одоог болтол биднийг хохироож байна. Хамтын ажиллагааны гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн манай “ВTV” телевизийн зүгээс орон сууц захиалан бариулах гэрээг байгуулах зөвшөөрлийг  тус байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан ажилтан болох Б.Бд өгөөгүй байхад 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр №Р2/29 тоот  орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоот 61.8 м.кв талбайтай орон сууцны цорын ганц, хууль ёсны өмчлөгчөөр “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн бус байгууллагыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийгээ нэмэгдүүлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 2 дугаар байрны 29 тоот хаягт байршилтай “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн бус байгууллагыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхи газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч болон “Цоми”ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Бийн ерөнхий захирлаар Г.Баянжаргал, гүйцэтгэх захирлаар манай ах Б.Энхбат нар ажиллаж байсан. Би өөрөө маркетингийн албаны даргаар ажиллаж байсан. Би энэ телевизед 2010 онд ажилд орсон. Б 2008 онд үүсгэн байгуулагдаж байсан юм. Тухайн үед телевизийн санхүүгийн зардал гэж багагүй мөнгө гарч, зар сурталчилгаа, төлбөрт нэвтрүүлгүүд, реклам нийлүүлэгч нар хангалттай олдохгүй байсан тул санхүүгийн хүндрэлтэй ажиллаж байсан. Санхүүгийн асуудлыг манай ах Б.Энхбат шийдэж явж байсан. 2010 онд манай ах хорт хавдраар өмчлөөд гадаад руу  эмчилгээнд явж байсан. Энэ үед телевизийн түрээсийн төлбөр, ажилчдын цалин хөлсний асуудлын шийдэх шаардлагатай болсон тул ерөнхий захирал Г.Баянжаргалтай хамтран шийдвэр гаргаад ах маань өөрт байсан машин, орон сууц зэргээ зараад мөнгөнийхөө тодорхой хэсгээр нь өөрөө Солонгос улс руу явж эмчлүүлсэн байдаг. Тухайн үед телевизийн орлого хомсдож, ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй болсон үед манай ах Б.Энхбат нь өөрийнхөө аавын байр  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр байрны 57 тоотыг тухайн үеийн ханшаар 47 сая төгрөгөөр зарж, 25 сая гаруй төгрөгийг “ВTV”-н ажилтнуудын цалин болон бусад зардалд 8,9 сард цувуулж өгсөн. Мөн өөрийн эзэшлийн Ланд круйзер 100 маркийн автомашиныг 25 сая төгрөгөөр зарж үүнээсээ 16 сая төгрөгийг мөн л Батбаярын “байр өгнө” гэж амлаж, хуучин ажлаас нь гаргаж авч ирж ажиллуулсан Г.Баянжаргалын нийгмийн асуудлыг зохицуулах, хөрөнгө оруулагчдын амлалтыг биелүүлэхийн тулд тэдэнтэй зөвлөсний үндсэн дээр Голден парк хотхоноос авсан 1 өрөө байрны урьдчилгаанд өгсөн. Нагац ахын маань ажлаа хийж байхдаа биеийн эрүүл мэнд нь эрс муудаж, гадаад улсад эмчилгээ сувилгаанд явах шаардлага гарахад түүний маань маш дотны ах дүүс шиг болсон урлаг, соёлын ажилтнууд, хамтлаг дуучид ахад маань хандивын тоглолт хийх санаачлагыг өөрсдөө гарган 2010 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд рок поп, хошин урлаг, зохиолын дуучдын нэгдсэн тоглолтыг хийсэн бөгөөд 2 өдрийн тоглолтын орлого нь 40 гаруй сая төгрөг болсон ба тэрээр өөрөө хүнд  өвчтэй байсан ч нэгэнт хөл дээр нь босгосон “ВTV” нь санхүүгийн хүнд байдалд орж, ажилтнуудынхаа цалинг ч тавьж чадахгүй, түрээсийн төлбөрийн өртэ болсон, өөр бусад зайлшгүй гаргах зардал шаардлагатай байсан зэргийг харгалзан тэрхүү  тоглолтынхоо орлогоос 20 гаруй сая төгрөг телевиздээ зарцуулсан. Энэ бүх асуудлаа өөрийн дураар хийгээгүй, тухай тухай үед нь телевизийн хөрөнгө оруулагчидтай ярьж, зөвлөлдөж байж шийдсэн бөгөөд тэр үед хөрөнгө оруулагчид “ажиллуул, телевизийг тасалдуулж болохгүй. Бусдыг яаж ч зохицуулж болно” гэж шаардах, гуйхын завсарт шалж байсан болохоор төдийгээс өдий зэрэгт хүргэсэн телевизээ хөсөр хаяхгүй гэсэндээ өөрийн хүнд өвчнийг үл хэрэгсэн зүтгэж явсан ахыг маань бурхны оронд очсон хойно ингэж царайгаа  буруу харуулж байгаад үнэндээ гомдолтой байна. Миний дээр дурдсан үеүүдэд “ВTV” телевиз ямар орлого олж, ямар зардал гаргаж ажиллаж байж вэ гэдгийг гаргаад ирэхэд л асуудал тодорхой болно. Орон сууцны хувьд би дангаараа шийдвэр гаргаагүй, ерөнхий захирал Г.Баянжаргал болон гүйцэтгэх захирал Б.Энхбат нартай харилцан тохиролцож зөвшөөрсөний үндсэн дээр орон сууцны асуудалд гэрээ хийж байсан. Яагаад миний нэр дээр энэ орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдсэн бэ гэхээр тухайн үед манай ах автомашин болон орон сууцаа зарж телевизийн санхүүгийн асуудлыг шийдэж байсан тул Бээс буцаан төлөх ёстой гэдэг үүднээс “Хурд” групптэй бартерын гэрээ хийгээд энэ орон сууцыг телевизийн нэр дээр аваад, Б.Энхбат гэдэг хүний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч хэрвээ телевизийн санхүүгийн тайлан тусгагдах юм бол орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, элэгдэл хорогдол тооцох зэргээр санхүүгийн асуудалд хүндрэлтэй байсан тул Б.Энхбат захирал би хүнд өвчтэй, босч чадахгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гээд Б.Б миний нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ асуудлыг нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг би дангаараа дур мэдээд шийдсэн зүйл огт байхгүй. 12.000.000 төгрөгийн тухайд “Хурд” групп ХХК-тай дахин гэрээ хийхэд бид НӨАТ төлөгчтэй гэрээ хийнэ, Б нь НӨАТ төлөгч биш гэж хэлсэн. Би энэ тухай Г.Баянжаргал захиралтай яриад зөвшөөрсөний үндсэн дээр би өөрийн “Цоми” ХХК-иар дамжуулж мөнгийг нь авсан. 12.000.000 төгрөгийг аваад орлогын болон НӨАТ-н татварын мөнгийг үлдээж 9.600.000 төгрөг болж байсан. Тухайн үед телевизийн санхүүгийн байдал хүндрэлтэй байсан тул хувь хүн болон Чойжин бросс банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлсэн байсан тул би өөрийн дансаар эдгээр хүмүүс рүү шилжүүлсэн юм. Эдгээр баримтууд тухайн үеийн дансны хуулга зэргээр нотлогдоно. Номин ХХК-иас тоног төхөөрмөж авсан гэсэн асуудал яригдаж байна. 2012 оны шинэ жилээр манай телевиз ажилтнуудаа шагнахаар болж телевиз болон түүнтэй холбоотой тоног төхөөрмжүүд байгаа л даа. Бид шилдэг ажилтнууддаа шагнаж урамшуулсан юм. Зурагт гээд байна. Үүнийг манай телевизийн найруулагч н.Чинзориг гэх хүн оны шилдэг ажилтан болж шагнуулсан, энэ талаар манай ажилтнууд бүгд мэдэж байгаа. Бусад камер, ай-пад, хөргөгч зэргийг бүгдийг нь шагнал урамшуулалд өгсөн юм. Эдгээр тоног төхөөрөмжийг би өөрөө аваад идэж уусан зүйл байхгүй. Тэр Хаан хүнс ХХК-тай намайг ажилд ороход гэрээ хийчихсэн байсан. 2012 онд энэ асуудал үүсэх хүртэл манай телевизэд бартертаар төлбөрөө төлж байсан. Бид цагаан сараар ажилчиддаа бууз, банш өгч байсан. Мөн хөдөө гадаа явахдаа авч явдаг байсан. Би энэ 2.000.000 төгрөгийг бэлнээр аваад тухайн үед телевизийн үйл ажиллагааг хэвийн явуулах гээд зээл авчихсан байсан, энэ өрийг төлсөн байдаг. Мөнгө төлсөн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Хэрвээ өрөө төлөхгүй бол над дээр энэ асуудал үүсч би өөрөө өрөнд орж магадгүй байсан юм. Нэхэмжлэгчийн зүгээс яагаад нотлох баримт байхгүй гэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Би ямар нэг байдлаар албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын эд хөрөнгө, мөнгийг зашсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Хурд групп”ХХК-ийн төлөөлөгч П.Баттөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хурд групп”ХХК нь Б.Бгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байрыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн болно. Учир нь телевизийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээнд  телевизийг төлөөлөн Б.Б гарын үсэг зурсан байсан болохоор түүний нэр дээр гэрээний төлбөр дэх байрыг шилжүүлсэн болно. Харин 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 12.000.000 төгрөгийн сурталчилгааны гэрээний төлбөрийг “Цоми”ХХК-нд шилжүүлсэн бөгөөд гэрээн дээр дарагдсан компанийн тамыг үндэслэн шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан байр болон гаражийн төлбөрийг “Их асгат түрүү”ХХК болон Б.Б авах эсэх нь манай компанид хамааралгүй бөгөөд манай зүгээс гэрээний төлбөрөө бүрэн барагдуулсан болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Нарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхтуяа нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Энхболдоос орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байдаг. Уг маргаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгч нь өмнөх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү хэрэгт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаагүй, энэ асуудал тусдаа Захиргааны хэргийн шүүхийн харъяалалд хамаарна. Б.Энхтуяа бол орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Г.Баянжаргалын мэдүүлгийг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

           Тус шүүх хуралдааны товыг хариуцагч “Хурд групп”ХХК-ийн төлөөлөгч Д.Баттөрд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгч “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллага нь “Хурд групп”ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагыг өөрчлөн бүртгэхийг даалгах, “Хурд групп”ХХК, “Цоми”ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 12.000.000 төгрөг гаргуулах, бараа материалын үнэ 7.504.948 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

 

“Хурд групп”ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагыг өөрчлөн бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Хурд групп”ХХК, “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллага нарын хооронд 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллага нь “Хурд групп”ХХК-ийн болон бусад охин компаниудын реклам сурталчилгаа, сурвалжлага, нэвтрүүлэг, ярилцлага, төлбөрт мэдээллийг өөрийн телевизээр явуулах, “Хурд групп”ХХК нь энэхүү рекламны төлбөр тооцоонд төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж буй “Хурд групп”ХХК-ийн Рапид харш хотхоноос 46.350 ам.долларын үнэтэй, нийт 2 өрөө  61.8 м.кв байрыг бартерын журмаар өгөхөөр харилцан тохиролцжээ. / 1 хав, хуу-17-19/

Энэхүү гэрээ нь утга агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байх ба гэрээний талууд хүсэл зоригоо сайн дураар илэрхийлж, бичгийн хэлбэрээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.       

Дээрх гэрээний дагуу “Хурд групп”ХХК-иас “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлж өгөхдөө маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Бтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, түүний нэр дээр орон сууцыг шилжүүлэн өгсөнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /1 хав, хуу-111-118/

Учир нь тухайн үед “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энхбат нь нь телевизийн үйл ажиллагаанд хувиасаа хөрөнгө оруулалт хийж байсан болох нь кассын орлогын ордер, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Г.Баянжаргалын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Баянжаргалын шийдвэрээр гүйцэтгэх захирал Б.Энхбатын телевизэд оруулсан хөрөнгө оруулалтын оронд “Хурд групп”ХХК-иас бартераар авах орон сууцыг шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Г.Баянжаргалын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /1 хав, хуу-94-96, 2 хав, хуу-134-135/

Энэ талаар “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллагын тайлан тооцоо, санхүүгийн баримтад тусгагдаагүй болох нь зохигчдын тайлбар, 2010 оны 4 дүгээр улирлын тайлан, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бу орлогоос суутгасан  албан татварын тайлангуудаар нотлогдож байна. /1 хав, хуу-172-179/

Гэрч Г.Баянжаргал нь “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллагыг 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулсан бөгөөд гүйцэтгэх удирдлагаар томилогдон ажиллаж байсан тул Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар төрийн бус байгууллагыг төлөөлж, өмч хөрөнгийг захиран зарцуулах  эрхээ эдэлж “Хурд групп”ХХК-иас бартераар авсан маргаан бүхийн орон сууцыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энхбатын өмчлөлд шилжүүлэх шийдвэр гаргасныг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэх боломжгүй юм. /1 хав, хуу-219-222, 234/

Харин орон сууцыг шилжүүлэн өгөхдөө Б.Энхбатын нэр дээр бус Б.Бгийн нэр дээр гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн нь Б.Энхбатын бие  муу, өвчтэй байсан шалтгаанаар нагац дүү Б.Бгийн нэр дээр шилжүүлэн өгсөн нь хуульд харшлаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хэрэгжсэн байна.

Иймд “Хурд групп”ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл  байх учир “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй юм.

 

Дээрх орон сууц нь хариуцагч Б.Бгийн өмчлөлөөс 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Энхболдод, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  бэлэглэлийн гэрээгээр Б.Энхтуяад  тус тус шилжин бүртгэгдсэн  байх бөгөөд сүүлийн өмчлөгч болох Б.Энхтуяаг  хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаад этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар түүнийг шударга эзэмшигч гэж үзэх тул уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. /1 хав, хуу-120-122, 235/

 

“Хурд групп”ХХК, “Цоми”ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 12.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

 “Хурд групп”ХХК, “Цоми”ХХК нарын хооронд 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, “Цоми”ХХК нь  “Хурд групп”ХХК-ийн болон бусад охин компаниудын реклам сурталчилгаа, сурвалжлага, нэвтрүүлэг, ярилцлага, төлбөрт мэдээллийг “Би Ти Ви”  телевизээр цацаж,  “Хурд групп”ХХК нь энэхүү рекламны төлбөр тооцоонд 12.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1 хав, хуу-20-23/

Энэхүү гэрээний нэг тал болох “Цоми”ХХК нь “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагын маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Бгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг компани болох нь  зохигчдын тайлбар, улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /1 хав, хуу-147-157/

Дээрх гэрээг “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагын өмнөөс “Цоми”ХХК төлөөлөн хийх болсон үндэслэл нь захиалагч “Хурд групп”ХХК нь НӨАТ төлөгч байгууллагатай гэрээ хийнэ гэсэн шаардлага тавьсан учир маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Б.Бгийн компани болох “Цоми”ХХК-ийн нэр дээр хамтын ажиллагааны гэрээ хийх зөвшөөрлийг тухайн үед ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Баянжаргал өгсөний дагуу гэрээ хийгдэж, гэрээний төлбөр 12.000.000 төгрөгийг “Цоми”ХХК-ийн дансаар шилжүүлэн авсан болох нь төлбөрийн  даалгавар, дансны хуулга, гэрч Г.Баянжаргалын мэдүүлэг нотлогдож байна.

Дээрх гэрээг “Хурд групп”ХХК-тай “Цоми”ХХК-иар дамжуулан байгуулах зөвшөөрлийг “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагын ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Баянжаргалын зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан болох нь түүний мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд  зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх 12.000.000 төгрөгөөс 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Цоми”ХХК-иас 3.000.000 төгрөгөөр, 3.150.000 төгрөгөөр, 2.400.000 төгрөгөөр тус тус зарлага гаргасныг “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагын өртэй байгууллагуудад шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нь гэрч Г.Баянжаргалын мэдүүлэг, дансны хуулга, 2012 оны 03 дугаар  сарын 13-ны өдрийн бүх ажилчдын хурлын тэмдэглэл зэргээр давхар  нотлогдож байх бөгөөд  нэхэмжлэгч тал дээрх тайлбарыг няцаагаагүй болно. /1 хав, хуу-172/

Иймд “Хурд групп”ХХК, “Цоми”ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 12.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Бараа материалын үнэ 7.504.948 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

        Хариуцагч Б.Б нь “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагад 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс маркетингийн албаны даргаар ажиллаж байсан ба “Би Ти Ви” телевизийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /1 хав, хуу-15-16/

     Тэрээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Хаан хүнс”ХХК-иас 2.000.000 төгрөг бэлнээр, “Номин холдинг”ХХК-иас 5.504.948 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч явсан тул 7.504.948 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

        Учир нь Б.Б нь  “Хаан хүнс”ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний 2012 оны 02, 03 дугаар сарын рекламны төлбөр 2.000.000 төгрөгийг 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр авсан болох нь мөнгө хүлээн авсан баримтаар нотлогдож байгаа боловч Б.Бгийн хувийн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг телевизийн үйл ажиллагаанд зарцуулсан байсныг ерөнхий захирал Г.Баянжаргалын зөвшөөрлийн үндсэн дээр орж ирсэн орлогоос нөхөж авахаар тохиролцож, дээрх 2.000.000 төгрөгийг авсан болох нь гэрч Г.Баянжаргалын “...Бид нар тухайн үед санхүүгийн хувьд хүнд байсан. Телевиз өртэй байсан. Заримдаа Б.Бгийн хувийн мөнгөнөөс авч үйл ажиллагаандаа хэрэглэдэг байсан. Энэ 2.000.000 төгрөгийг  би сайн санаж байна. Би Б.Бд чи очоод авчих гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. /1хав, хуу-33, 164-166/

      Мөн “Номин холдинг”ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 7 төрлийн 5.504.948 төгрөгийн барааг хүлээн авч явсан боловч тэрээр дээрх бараа, бүтээгдэхүүнийг хувьдаа завшсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд харин уг бараа, бүтээгдэхүүнээр байгууллагын ажилчдыг шагнаж урамшуулсан болох нь гэрч Г.Баянжаргалын мэдүүлэг, Г.Баянжаргал, “Их асгат түрүү”ХХК, Ц.Эрдэнэбат, Ц.Ганцэцэг нарын хооронд  2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээний хавсралт, бүх ажилчдын хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /1 хав, хуу-196-199, 238-250, 2 хав, хуу-1-2/

       Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага хариуцагч Б.Бтай эд хөрөнгийн ямар хариуцлага хүлээлгэх үндэслэлээ тодорхойлоогүй, энэ талаар хэрэгт ямар нэг баримт авагдаагүй байна.

        Иймд Б.Бг өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан  гэм буруутай нь тогтоогдоогүй тул эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна

 

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн 800443 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

      1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,  56.5, 56.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасан  үндэслэл тогтоогдохгүй байх тул “Хурд групп”ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш хотхоны 2 дугаар байрны 29 тоотын 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг эд хөрөнгийн өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр “Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагыг өөрчлөн бүртгэхийг даалгах, “Хурд групп”ХХК, “Цоми”ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 12.000.000 төгрөг гаргуулах, бараа материалын үнэ 7.504.948 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б” хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 800443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР