Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01695

 

 

 

 

 

2017 07 26

1695

 

 

Б.Бадамхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00857 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Бадамхандын нэхэмжлэлтэй хариуцагч О.Сүхбаатарт холбогдох

 

6 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, хариуцагч О.Сүхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Бадамхандын нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Б.Бадамханд нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр О.Сүхбаатартай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр тохиролцон 3258068 арлын дугаартай, Тоёота приус маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг О.Сүхбаатараас худалдан авсан. Талууд автомашины нийт үнийг 12 500 000 төгрөг байхаар тохиролцож үүнээс 3 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэгдэл 9 500 000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар гэрээнд заасан боловч Б.Бадамханд нь хугацаандаа төлж амжаагүй бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийг төлсөн байсан. Худалдан авагчийн зүгээс О.Сүхбаатарт хандан үлдэгдэл төлбөрийг 2015 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулах тул үүрэг гүйцэтгэх хугацааг 8 сар хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан боловч хүлээн аваагүй бөгөөд О.Сүхбаатар 2015 оны 07 дугаар сард автомашинаа буцаан авч байна, таны төлсөн 6 500 000 төгрөгийг би буцааж өгнө гэж хэлээд автомашинаа аваад явсан. О.Сүхбаатар нь тухайн үед гэрээнээс татгалзаж, автомашинаа буцаан авсан өдрөөс хойш одоог хүртэл 6 500 000 төгрөгийг буцаан төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д заасныг тус тус үндэслэн иргэн О.Сүхбаатараас 6 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Сүхбаатарын болон түүний өмгөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага болох 6 500 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Бадамханд нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзсан. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь 30 хоногийн хугацаанд төлбөрийг төлнө гэж хэлээд урьдчилгаа 3 500 000 төгрөг өгч, гэрээ хийсэн байдаг. Хариуцагч нь 41 хоногийн дотор ямар нэгэн хүүгүйгээр төлөөрэй гэж хэлээд гэрээ байгуулсан. Б.Бадамхандыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнийн дагуу төлбөрөө төлөхгүй байсан тул гэрээнээс татгалзаж, машинаа буцаан авсан ба урьдчилгаанд төлсөн автомашины үнэ 6 500 000 төгрөгийг уг гэрээний 3.8-д заасны дагуу алдангид суутгаж авсан тул төлөхгүй, мөн манайд хохирол учирсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч О.Сүхбаатараас 6 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамхандад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 118 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч О.Сүхбаатараас 118 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамхандад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Сүхбаатар давж заалдах гомдолдоо: Б.Бадамханд нь ах Алтанхуягын хамт надаас автомашин зээлээр худалдан авсан үйлдэл нь цэвэр залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Яагаад гэвэл миний бие О.Сүхбаатар нь иргэн Б.Бадамхандтай энэ хугацаанд ердөө 2 удаа уулзсан байдаг. Эхлээд ах Алтанхуяг, түүний эхнэрийн хамт Да Хүрээ зах дээр машин зээлээр өгөөч гэж гуйж ирэхэд, дараа нь автомашин авахаар буюу автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийх үед уулзсан. Үүнээс хойш нэг ч удаа уулзаж чадаагүй, утсаар ч ярьж чадаагүй. Миний бие иргэн Б.Бадамхандаас автомашины урьдчилгаа 3 000 000 төгрөг авсан. Харин 2015 оны 06 сарын 24-нд 1 000 000 төгрөг, 2015 оны 06 сарын 30-нд 2 500 000 төгрөгийг Б.Эрдэнэбаатараас Голомт банкны өөрийн дансаар шилжүүлж авсан. Ингээд 2015 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар нийт 6 500 000 төгрөг орж ирсэн байдаг. Гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцож 2015 оны 03 сарын 30-наас 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл зөвхөн алданги нь 4 292 000 төгрөг болсон байсан. Худалдан авагчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг 2015 оны 08 дугаар сард төлж барагдуулна гэж хэзээ ч хэлж байгаагүй бөгөөд харин миний зүгээс төлбөр барагдуулах талаар удаа дараа шаарддаг байсан ч утсаа авдаггүй байсан. Машиныг Б.Бадамхандад шилжуүлэх үед ах Алтанхуяг нь хамтран зээлдэгчээр гэрээ байгуулах байсан боловч утсаар дуудсан чинь "даргатайгаа хамт хотын төвөөр ажилтай явж байна. Гэрээгээ хийчих санаа зоволтгүй" гэж хэлэхэд нь итгэж 3 500 000 төгрөгийн урьдчилгаа өгөх байсан боловч 3 000 000 төгрөгийн урьдчилгаагаар гэрээ байгуулсан юм.

Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар яригдаагүй тийм нөхцөл хэзээ ч тавиагүй, тохиролцоогүй, дурдагдаагүй болно. Энэ тухай гэрээ байгуулахдаа нотариатч өөрөө баталгаа болгон гарын үсгээ зурсан болно. Тийм ч учраас миний бие 41 хоног 9 500 000 төгрөгийг хүүгүй зээлүүлсэн. Би Голомт банкнаас 185 000 000 төгрөгийг сарын 1.45 хувийн хүүтэй cap бүр орон сууцны зээлд тогтмол 3 350 000 төгрөг, мөн Төрийн банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл сарьн 1.7 хувийн хүүтэй зээлтэй байсан ба cap бүр 10 240 480 төгрөгийн зээл, зээлийн хүү төлдөг учир миний эргэлтийн хөрөнгийн 9 500 000 төгрөг эргэлтээс байхгүй болоход л автомашины мөнгөний эргэлт банкинд төлөх зээлийн төлбөрт доголдол үүсч надад маш их хүндрэл учруулж байсан. Би Эрдэнэбаатарыг 2015 оны 08 сарын 15-нд өөрөө утасдаж дуудан уулзаад энэ машины үлдэгдэл мөнгө, хүү, торгууль болохоо болилоо гэж хэлэхэд Эрдэнэбаатар нь харин тиймээ гээд 2015 оны 08 сарын ЗО-ны дотор 6 000 000 төгрөг төлөөд хүүгээ зогсооё гэж тохирч төлбөр барагдуулах баталгаа бичиг үйлдэн иргэний үнэмлэхийг хуулбарлан 2 хувь үйлдэж "НҮСО" ХХК-ийн тамга даран утсаар зургийг нь авч баталгаажуулсан боловч бас л худлаа хэлж, утсаа авахаа больсон. Б.Бадамханд нь автомашины төлбөрөө төлөхгүй болохоор нь ах руу нь байн байн залгахад "ах Алтанхуяг нь миний дүү одоо машинаа буцаан аваад зарж борлуул" гэж хэлснээс хойш сарын дараа би өөрийн биеэр очиж машинаа буцаан авсан. Намайг машинаа авахад машины зөв талын хойд хаалгыг гэмтээн түүнийг өөрсдөө янзлан өөрсдөө замаска түрхсэн, мөн хойд багааж гупер сэвтүүлсэн, урд гупер доод ирмэг цууралттай зэрэг маш их сэвтсэн байсныг Вьетнам засвараар 420 000 төгрөгөөр засварлуулсан. Түүнээс хойш миний бие хагас cap гаруйн хугацаанд өөрийн байранд хадгалан Б.Бадамханд болон түүний нөхөртэй холбогдох гэсэн боловч миний утсыг аваагүй тул автомашиныг худалдлаа гэж мессеж явуулан 8 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Зах зээлийн ханшаар улсын дугаар авсан Монгол улсын замын хөдөлгөөнд 7 сарын хугацаатай оролцсон автомашины үнэ гаалийн бичигтэй замын хөдөлгөөнд оролцоогүй ижил төрлийн автомашины зах зээлийн үнээс 30%-аар хямд байсан тул тухайн үеийн ханшаар худалдан борлуулсан. Б.Бадамханд, Эрдэнэбаатар нар нь замын хөдөлгөөнд ороогүй машиныг минь автотээврийн үзлэг оношлогоонд оруулж улсын дугаар аван авч явснаас хойшхи ашигласан 7 сарын хугацаанд автомашиныг ашигласан, эдэлсэн, хэрэглэсэн, сэвтүүлсэн, зах зээлийн үнэ цэнийг бууруулсан зэрэг элэгдэл хорогдлыг тооцож тогтоолгох шаардлагатай байна. Өнөөдөр Улаанбаатар хотод автомашиныг 1 өдөрт түрээслэх ханшаар тооцох хүсэлт гаргаж байна. Иймд энэ иргэний хэргийг дахин шалгаж өгнө үү. Мөн энэ асуудлаар Алтанхуяг, Эрдэнэбаатар нарыг иргэн Б.Бадамхандтай хамтран залилангийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэн Цагдаагийн байгууллагад хандах болно. Нотлох баримтыг зохих байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бадамханд нь хариуцагч О.Сүхбаатарт холбогдуулан 6 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхтэй байдаг боловч хариуцагчийг энэ эрхээр нь хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэргийн 33 дугаар талд авагдсан мэдэгдэх хуудаст 04 дүгээр сарын 04-нд хаягаар очиход бага насны хүүхэд байв. Хүү Азбаярт үлдээв гэх бичиглэл байх ба энэ баримтаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасан мэдэгдэх хуудас гардуулах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг хүлээн аваагүй гэх давж заалдах гомдлыг үгүйсгэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчид хэргийн материал танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байна. Өмгөөлөгч Ц.Нармандахт хэргийн материал танилцуулж, хуралдааны тов хүргэх ажиллагаа хийгдсэн байдаг боловч хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, маргаан бүхий үйл баримтын талаар мэтгэлцэх эрх нь хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00857 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Сүхбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ