Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00430

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02146 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2453 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

О.С-т холбогдох,

6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч О.С-, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, хариуцагч О.С- түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр О.С-тай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр тохиролцон Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг О.С-аас худалдан авсан. Талууд автомашины нийт үнийг 12.500.000 төгрөг байхаар тохиролцож үүнээс 3.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр О.С-т төлж, үлдэгдэл 9.500.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар гэрээнд заасан боловч Б.Б- нь хугацаандаа төлж амжаагүй бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3.500.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг төлсөн байсан. О.С-т хандан үлдэгдэл төлбөрийг 2015 оны 8 дугаар сард багтаан төлж барагдуулах тул үүрэг гүйцэтгэх хугацааг 8 сар хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан боловч хүлээн аваагүй бөгөөд О.С- 2015 оны 7 дугаар сард автомашинаа буцаан авч байна, танай төлсөн 6.500.000 төгрөгийг би буцааж өгнө гэж хэлээд автомашинаа аваад явсан. О.С- нь тухайн үед гэрээнээс татгалзаж, автомашинаа буцаан авсан өдрөөс хойш одоог хүртэл 6.500.000 төгрөгийг буцаан төлөөгүй байгаа тул түүнээс 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б- нь зээлээр худалдах, худалдан авах гэрээг анх НҮСО ХХК-тай байгуулсан байдаг бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзаж, машинаа буцааж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 6.500.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02146 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч О.С-аас 6.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2453 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02146 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.С-аас 6.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-ад олгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч О.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 118.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-ад олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын төлсөн 119.000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Б.Б-тай энэ хугацаанд ердөө хоёрхон удаа уулзсан байдаг. Б.Б- 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 13,200,000 төгрөгөөр зарна гэж байсан 2007 оны сувдан цагаан өнгийн манай “НҮСО”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Тоёота приус 20 маркийн автомашинаа 12.500.000 төгрөг болтол үнийг нь буулган урьдчилгаа төлөх гэхдээ ах Алтанхуяг нь хамтран зээлдэгчээр “автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” хийж авсан. Ингэхдээ урьдчилгаа 3.500.000 төгрөг өгнө гэж тохирсон байсан. Энэ үед Бадамханд нь жирэмсэн байсан бөгөөд надад 1сарын дараа жирэмсний амралтын мөнгөө аваад шууд төлнө гэсэн. Би 1 сар гээд яахав 2015-03-30 хүртэл 41 хоногийн хугацаатайгаар 9,500,000 төгрөгийг хүүгүйгээр зээлүүлье харин нар хугацаандаа мөнгөө төлөөрэй гэхдээ үлдэгдэл төлбөрөө төлж дуустал автомашин “Н ҮСО”ХХК-ийн нэр дээр Тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаад төлбөр төлөгдөж дууссаны дараа автомашинаа та нарын нэр дээр шилжүүлнэ автомашины урьдчилгаа төлбөрийг “НҮСО”ХХК-ний ХААН банкны 5003830704 тоот дансаар шилжүүлж авна гэж тохиролцсон. Гэрээгээ байгуулаад машины улсын дугаараа авч байя удахгүй манай нөхөр мөнгө шилжүүлчихнэ гээд 3,000,000 төгрөгийн урьдчилгаатайгаар мөнгөө төлсөн гэж гэрээ байгуулсан юм. Гэтэл 2015-02-17ны орой нь 2.500.000 төгрөг, 2015-02-18-нд 200,000 төгрөг тус тус ХААН банкин дахь “НҮСО”ХХК-ний дансаар шилжүүлж авсан юм. Ингээд 3.000.000 төгрөг нь 2.700.000 төгрөг болж 300.000 төгрөг дутуу төлөгдсөн болно. “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахдаа үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар яригдаагүй тийм нөхцөл хэзээ ч тавиагүй, тохиролцоогүй, дурдагдаагүй болно. Б.Б- нь 2015-03-30-нд гэрээнд заасны дагуу хугацаандаа надад төлөх байсан 9.500.000 төгрөгийг төлөөгүй. Бадамхандын нөхөр Эрдэнэбаатар нь бас маш их худлаа ярьдаг, 2015-06-24нд 1.000.000 төгрөг, 2015-06-30нд 2.500.000 төгрөгийг тус тус Голомт банкны өөрийн дансаар шилжүүлж авсан. Миний бие нь Голомт банкнаас 185.000.000 төгрөгийг сарын 1,45 хувийн хүүтэй сар бүр орон сууцны зээлд тогтмол 3.350.000төгрөг, мөн Төрийн банкнаас Эргэлтийн хөрөнгийн зээл сарын 1,7-ийн хүүтэй зээлтэй байдаг байсан ба сар бүр 10.240.480 төгрөгийн зээл, зээлийн хүү төлдөг байсан учир миний эргэлтийн хөрөнгийн 9.500.000 төгрөг эргэлтээс байхгүй болоход л банкинд телөх зээлийн төлбөрт доголдол үүсч маш их хүндрэл учруулж байсан. Би 2015оны 7 болон 8-р сарын 15 хүртэл Бадамханд, Эрдэнэбаатар нартай нэг ч удаа холбогдоогүй. Бадамханд нь автомашины төлбөрөө төлөхгүй мөн утсаа ч авахгүй аргаа баран 2015-09-01-нд өөрийн биеэр очиж машинаа буцаан авсан. Ямар нэгэн маргаан гаргаагүй болно. Автомашиныг 2015-09-01-нд Б.Эрдэнэбаатараас авсан талаарх нотлох баримтаа Сөрөг нэхэмжлэлээр 2017-10-10-ны Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Намайг машинаа авахад машины зөв талын хойд хаалгыг гэмтээн түүнийг өөрсдөө янзлан өөрсдөө замаска түрхсэн, мөн хойд багаж гупер сэвтүүлсэн, урд гупер доод ирмэг цууралттай зэрэг маш их сэвтсэн байсныг Вьетнам засвараар 420.000 төгрөгөөр засварлуулсан. Уг машиныг 8.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Зах зээлийн ханшаар улсын дугаар авсан Монгол улсын замын хөдөлгөөнд 7 сарын хугацаатай оролцсон автомашины үнэ Гаалийн бичигтэй замын хөдөлгөөнд оролцоогүй ижил төрлийн автомашины зах зээлийн үнээс 30%-аар хямд байсан тул тухайн үеийн ханшаар хямдруулан худалдан борлуулсан. 7 сарын хугацаанд автомашиныг ашигласан, эдэлсэн хэрэглэсэн, сэвтүүлсэн, зах зээлийн үнэ цэнийг бууруулсан зэрэг элэгдэл хорогдлыг тооцож тогтоолгох шаардлагатай гэж үзэж гомдол гаргаа байсан. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-12-01-ний 2453 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-10-10-ны өдрийн 183/ШШ2017/02146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг Б.Б-тай, хариуцагч О.С- НҮСО ХХК-нийг төлөөлөн байгуулсан болох нь гэрээ байгуулсан талууд гэрээний төгсгөлд өөрсдийгөө тодорхойлон гарын үсгээ зуралцаж тамга тэмдгээрээ баталгаажуулснаар нотлогдож байхад гэрээний эхний хэсгийн \наториатчийн техникийн алдаа\ зөвхөн нэрсээр нь тодорхойлсон бичилтэд илүү ач холбогдол өгсөн нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1-р хуудасны ард буй уг автомашиныг гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлэгт хүлээн авагч байгууллага НҮСО компани болохыг тодорхойлсон байгаа бөгөөд гэрээний 3.1-д тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь НҮСО компани болохыг талууд тодорхойлж ойлголцсон гэж үзэх бүрэн үндэстэй байхад гэрээний бичилтийн эхний худалдагч талыг О.С- гэж бичсэн бичилтэд илүү ач холбогдол өгч бусад заалтуудыг анхаараагүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэх бүрэн үндэстэй байна. Мөн давж заалдах шатны шүүх гэрээний бүх заалтуудыг нэг бүрчлэн анхаараагүй хэрнээ 2.1-д нь ...урьдчилгаа 3.0 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгсөн гэж бичигдсэн нь хэнд хэдийд хэдэн төгрөг өгсөн гэдгээ нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй байхад, шүүх нэхэмжлэгч 3.500.000 төгрөг, түүний нөхөр Эрдэнэбаатар 3.000.000 төгрөгийг хариуцагч О.С-ын Голомт банкны 1501001539 тоот дансанд шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон гэж хэрэгт байхгүй нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт буй нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Бодит байдал дээрээ бол гэрээ байгуулсан өдөр 3.0 сая төгрөг одоо тушаагаад ирнэ гэж явсан бөгөөд НҮСО ХХК-наас авто машин худалдаж авч байгаагаа бүрэн ойлгож байсан тул уг компанийн ХААН Банкин дахь дансанд 2.500.000 төгрөг л төлсөн бөгөөд маргааш нь буюу 2017.02.18-нд 200.000 төгрөг мөн дансанд хийсэн байдаг. Харин нэхэмжлэгч Бадамхандын нөхөр гэх Эрдэнэбаатар нь О.С-ын хувийн эзэмшлийн дансанд 3.500.000 төгрөг хийсэн байгаа. “НҮСО” ХХК нь зөвхөн автомашин худалдахаас гадна өөр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байнгын ажиллагаатай компани бөгөөд компанийн өмнөөс О.С- дангаараа төлбөр хариуцах үндэсгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хянаж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.1-ний 2453 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.10-ны өдрийн 183\ШШ2017\02146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Б-ын “...6.500.000 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийг хариуцагч О.С- эс зөвшөөрч “...гэрээ байгуулаагүй, хариуцагч биш” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 2 дугаар сарын 17-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас  тоёота приус маркийн автомашиныг 12.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнийг 2015 оны 3 дугаар сарын 30-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохирчээ. Тэрээр машины төлбөрт 6.500.000 төгрөг төлсөн боловч  хариуцагч машинаа 2017 оны 7 дугаар сард буцаан авсан гэсэн тайлбар гаргажээ /хэргийн 4-7 дугаар тал/.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд худалдагч талыг О.С- гэж тодорхойлсноос гадна зээлээр худалдах-худалдан авах гэрээний нөхцөл тусгагдаагүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ  гэж үзнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж, гэрээнээс татгалзаж машинаа буцаан авсан тул нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан шаарджээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч машины урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн талаар гэрээний 2.1-т тодорхой  заасан ба гэрээ байгуулснаас хойш 3.500.000 төгрөг төлснийг  хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагчийг зөв тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2453 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч О.С-,  өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 118.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ