Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00857

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2-147 тоотод оршин суух Урианхай овогтой Бүддоржийн Бадамханд /РД:ЙМ75012504/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 49 дүгээр байрны 501 тоотод оршин суух Боржигин овогтой Очирын Сүхбаатар /РД:НЭ73071010/-т холбогдох 6.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр,  хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Б.Бадамханд нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр О.Сүхбаатартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр тохиролцон 3258068 арлын дугаартай, Тоёота приус маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг О.Сүхбаатараас худалдан авсан. Талууд автомашины нийт үнийг 12.500.000 төгрөг байхаар тохиролцож үүнээс 3.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр О.Сүхбаатарт төлж, үлдэгдэл 9.500.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар гэрээнд заасан боловч Б.Бадамханд нь хугацаандаа төлж амжаагүй бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3.500.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг төлсөн байсан. Худалдан авагчийн зүгээс О.Сүхбаатарт хандан үлдэгдэл төлбөрийг 2015 оны 8 дугаар сард багтаан төлж барагдуулах тул үүрэг гүйцэтгэх хугацааг 8 сар хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан боловч хүлээн аваагүй бөгөөд О.Сүхбаатар 2015 оны 7 дугаар сард автомашинаа буцаан авч байна, танай төлсөн 6.500.000 төгрөгийг би буцааж өгнө гэж хэлээд автомашинаа аваад явсан. О.Сүхбаатар нь тухайн үед гэрээнээс татгалзаж, автомашинаа буцаан авсан өдрөөс хойш одоог хүртэл 6.500.000 төгрөгийг буцаан төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 205.1, 264.1-д заасныг тус тус үндэслэн иргэн О.Сүхбаатараас 6.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч О.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “Б.Бадамхандын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 6.500.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.Бадамханд нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзсан болно” гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нармандах шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэний хуулийн 205.1, 264.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа учраас манай талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн ахтайгаа ирээд машин авах гэсэн юм туслаач гэж хариуцагч дээр ирээд 30 хоногийн хугацаанд төлнө гэж хэлээд урьдчилгаа өгсөн. Тэгэхэд хариуцагч нь 41 хоногийн дотор төлөөрэй гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч ирээд 3.500.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь зээлээр авъя гээд гэрээ хийсэн байдаг. Хариуцагч нь 41 хоногийн дотор ямар нэгэн хүүгүйгээр төлөөрэй гэж хэлээд гэрээ байгуулсан байдаг. Б.Бадамхандыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнийн дагуу төлбөрөө төлөхгүй байсан тул гэрээнээсээ татгалзаж, машинаа буцаан авсан ба урьдчилгаанд төлсөн автомашины үнэ 6.500.000 төгрөгийг уг гэрээний 3.8-д заасны дагуу алдангид суутгаж авсан тул төлөхгүй, мөн манайд хохирол учирсан” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бадамханд нь хариуцагч О.Сүхбаатарт холбогдуулан 6.500.000 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Бадамханд нь хариуцагч О.Сүхбаатар нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдсан автомашинаа буцаан авсан тул автомашины үнийн урьдчилгаанд төлсөн 6.500.000 төгрөгийг О.Сүхбаатараас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч О.Сүхбаатар нь нэхэмжлэгч Б.Бадамхандыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнийн дагуу төлбөрөө төлөхгүй байсан тул гэрээнээс татгалзаж, машинаа буцаан авсан ба урьдчилгаанд төлсөн автомашины үнэ 6.500.000 төгрөгийг уг гэрээний 3.8-д заасны дагуу алдангид суутгаж авсан тул төлөхгүй, мөн манайд хохирол учирсан гэж маргасан.

 

Хариуцагч нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 3258068 арлын дугаартай, Т.Приус маркийн автомашиныг нэхэмжлэгч Б.Бадамхандад 12.500.000 төгрөгөөр зээлээр худалдахаар харилцан тохиролцож, Т.Приус маркийн автомашиныг түүнд шилжүүлэн өгч, 3.000.000 төгрөгөө бэлнээр хүлээн авсан болох нь зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 196 зүйлийн 196.1.1-д зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр-худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

     Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг нь төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг  хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

 Гэтэл нэхэмжлэгч Б.Бадамханд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан тул хариуцагч О.Сүхбаатар нь гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох Т.Приус маркийн автомашиныг 2015 оны 7 дугаар сард буцаан авч бусдад зарсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

     Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс хойш олсон ашигийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь гэрээнээс татгалзсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч Т.Приус маркийн автомашиныг буцаан өгч, хариуцагч нь автомашины үнэд төлсөн  6.500.000 төгрөгийг буцааж өгөхөөр аман хэлцэлээр харилцан тохиролцсон байна.

 

 Хариуцагч нь 6.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.8-д заасны дагуу авто машины төлбөрт төлсөн мөнгийг алдангид суутгасан гэж маргасан байгаа ба уг гэрээнд “Худалдагч тал гэрээнээс татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож худалдан авагчаар төлүүлэх эрхтэй” гэж заасан байна. Гэтэл хариуцагч өөрөө гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох автомашины үнэнд төлсөн мөнгийг алдангид суутгасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.  

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Иймд хариуцагч О.Сүхбаатараас 6.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамхандад олгож шийдвэрлэлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон               

                                                                                                              ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч О.Сүхбаатараас 6.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамхандад олгосугай.

 

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 118.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Сүхбаатараас 118.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамхандад олгосугай.

 

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.САНСАРМАА