Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2020/00038

 

Ш.З нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00264 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух Ш ахтай овогт Ш-ийн З, Ш С овогт Ды З, Ш ахтай овогт Зын Д, Ш ахтай овогт Зын Н нарын нэхэмжлэлтэй, Өлгий сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Баян-Өлгий салбарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Зын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол нийт 54.360.000.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Миний бие Ш.З нь 2003 онд тус аймаг дахь Х банкны салбарт кассын нярав, теллерээр ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдаж 5,7 сая төгрөгийн өр төлбөртэй болсон. Хэрэг төвөгт холбогдсоноос хойш хэдэн жил ажилгүй байж ажилтай болсон. Уг завшааныг ашиглаж миний нэр дээр цалингийн зээл гаргаж түүгээр барагдуулж авах эсвэл эхнэрийн нэр дээр цалингийн зээл гаргаж түүгээр төлүүлэх замаар тооцоогоо дуусгахыг хүссэн. Х банк Монгол Улсын хуулиудыг ноцтой зөрчиж, миний төлөх төлбөрийг зээлийн мэдээллийн санд "Муу" зээлээр ангилан оруулсан. Эхнэр бид хоёр хүүхдүүдээ хүний дайтай сургаж эрдэм боловсролтой болгохыг эрмэлзсээр эхнэрийн ажлын газрын дарга болон сумын төрийн сангийн эрхлэгч нарт хандсанаар тэр хумүүсийн буянаар цор ганцаараа төрийн банкнаас цалингийн зээл авч түүгээр сургасаар байсан. Гэтэл Х банк нь дээрх бусармаг аргыг хууль бусаар хэрэглэснээс болж аргагүйн эрхэнд том хүү Улаанбаатар хот дахь С их сургуулийн нягтлан бодогчийн 4-р курсээ, бага хүү Шинжлэн уХ, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн инженерийн 3-р курсийг орхисон. Бага хүү бусдын дэмжлэгээр 2017 оны 3 дугаар сард Дорноговь аймгийн Далангийн уурхайд үйл ажиллагаагаа явуулдаг "Ш" ХХК-д электрон пүүний оператораар ажилд орж мэргэжилдээ ойр уг ажлыг үр бүтээлтэй хийж байгаад 2018 оны 6 дугаар сард орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө тус компанийн удирдлагууд дипломоо бүтээх тал дээр хүүд маань санал тавьсан ба уг ажил бүтвэл уулын инженерээр авахаар байсан. Хэрвээ Х банк хүүгийн маань эрх ашигт хууль бусаар халдаагүй бол мэргэжлийн дипломтой болох байсан бөгөөд түүнээс хойш сард 1.500.000 төгрөгийн цалин авч нийт 18 сар х 1.500.000=27.000.000 төгрөгийн бодит орлого олох байсан. Мөн том хүү маань тус сумын "Фарыз" сүмийн хамба ламын удирддаг иргэдийн амьжиргааг сайжруулах "Холхавыс" санг 2017 онд байгуулав. Шинээр үүд хаалгаа нээж буй уг байгууллагад орохоор болж уг сангийн тэргүүн ч ажилд авахаар шийдвэрлэсэн. Харамсалтай нь дээд шатнаас тавьж буй ажлын байрны шалгуурыг хангаагүй учир мөн бүтсэнгүй. Дипломтой байсан бол тухайн үед 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл цалингийн доод хэмжээгээр тооцоход 240000 х 16 сар=3.840.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл 320000 х 11 сар=3.520.000 төгрөг, нийт 3.840.000+3.520.000=7.360.000 төгрөгийн бодит орлого олох байсан. Ингээд аймгийн Х банкны хууль бус үйл ажиллагаанаас болж хувь хүний нууц маань алдагдаж түүний уршгаар хоёр хүүгийн сурч боловсрох эрх нь ноцтой зөрчигдөж өнөөгийн байдлаар 34.360.000 төгрөгийн эдийн засгийн бодит хохирол амссан. Ингээд хууль ёсны ашиг сонирхол нь алдагдаж нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, оюуны асар их хэмжээний гэм хорын хохирол амссан. Үүнийг мөнгөөр илэрхийлбэл 2 х 5000000=10.000.000 төгрөг байна.

2. Миний эхнэр ямар ч гэм зэмгүй байж хууль бусаар ялгаварлан гадуурхалд өртөж хамт олон, бусад газарт нэр төр, алдар хүндээ алдаж сэтгэл санааны асар их хэмжээний дарамтад өртөхөөс гадна хоёр үрийнхээ төлөө бие сэтгэлээр асар ихээр хохирч буйг сэтгэл зүрхээрээ мэдэрч шаналж яваа ээжийн бие сэтгэлд учирсан гэм хорын хохирол 5.000.000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д "Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно", Монгол Улсын Эрүүгийн хуулийн 8-р зүйлийн 8.2-т "Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгт зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн зарчим алдагдаж гэр бүлээрээ хэрэгтэн болсон.

3.Уг өр төлбөрийг сайн дураараа барагдуулахаар хүчин зүтгэж буй байдлыг үл хүндэтгэж гэр бүлийнхээ амьдралыг бусниулж үнэ цэнэгүй болгосныг зүрх сэтгэлээрээ мэдэрч он удаан жил шаналсан миний нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол 5.000.000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Нийт 54.360.000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан байна. Х банкны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон шат шатны шүүхийн шийдвэрүүд болон аймгийн Прокурорын газрын удирдлаган дор явагдсан Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын байцаагчийн зөрчил шалгасан тэмдэглэл гэх мэтээс олж мэдэж болох юм. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хууль, 3ээлийн мэдээллийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу дээрх хохирлыг удаа дараа шаардсан боловч үл тоомсорлосоор байгаагаас гадна уг асуудалд ямар ч холбогдолгүй шийдэгдсэн асуудлыг хариу болгон хүргүүлэв. Иймд дээрх шүүх болон эрх бүхий байгууллагын шийдвэрийг ашиглан ашиг хонжоо хайж байгаа зүйл огтхон ч байхгүй бөгөөд хохирч байгаа талаар шат шатны шүүхэд ба шүүхээс өмнө банканд гаргаж байсан хүсэлт болгон дээр дурдаж байсан болно. Иймээс дээрх гэм хорын хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж, хууль зөрчигч болох Х банкаар төлүүлж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэлийг гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу, хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэн байх ёстой. Ш.З нь Х банкны Баян-Өлгий салбарт ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан кассын бэлэн мөнгө хувьдаа завшиж хохирол учруулсан ба тухайн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас зээлийн мэдээллийн санд муу зээлийн ангилалд орж дахин зээл авах боломжгүй болсон. Өөрийнхөө буруутай үйлдлээс болж зээл авах боломжоо алдсан байдлаа үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох, хөдөлмөрлөх үндсэн эрхүүдийг Х банк зөрчсөн мэтээр, мөн сэтгэл санааны хохирол учруулсан гэж ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөн улмаар гэм хорын хохирол бодитоор учирсан байх, хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Гэтэл дипломгүйн улмаас З.Н, З.Д нарт учирсан хохирол, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, банкны үйл ажиллагаанд хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00264 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Х банкны Баян-Өлгий салбараас хохирол нийт 54.360.000 /тавин дөрвөн сая гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Шийн З, Ды З, Зын Д, Зын Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн байна гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбар нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Ш.З надад холбоотой өр авлагад нэхэмжлэгч Д.Зыг хууль бусаар холбогдуулан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасан Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд болон төрөл саданд нь халдан хэрэглэхийг хориглоно гэсэн зарчмыг бүдүүлгээр зөрчиж, хавчин гадуурхаж, хясан боогдуулж, халдан хэрэглэсээр ирсэн бөгөөд хэрэглэсээр байгаа. Үүний нотолгоо нь банкны захирал, зээлийн ахлах эдийн засагч миний эхнэрийн Х банкнаас авах гэж буй зээлийн гэрээнд гарын үсэг зурах шатанд дээрх удирдлагууд аль аль нь иргэн Д.З нь иргэн Ш.Зын эхнэр учраас гарын үсэг зурахаас татгалзсан. Үүнтэй холбоотой аймгийн Х банкны салбар нь нэхэмжлэлд холбоотой гаргасан тайлбарт ч шүүх хурлын мэтгэлцээний үед ч ямар нэгэн няцаалт хийж чадахгүй байгаа нь алдаатай бодлогоо хүлээн зөвшөөрч буй хэлбэр мөн. Энэ нь нэхэмжлэгч Д.Зы хууль ёсны эрх ашгийг зөрчиж, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, хууль ёсны ашиг сонирхолд бүдүүлгээр халдсан хэрэг мөн.

2. Түүнээс хойш нэхэмжлэгч Д.З болон нэхэмжлэгч Ш.З миний бие Монгол Улсын хуульд заасан иргэнийхээ үүргийг ухамсарлан ойлгосны үндсэн дээр уг өр, авлагыг барагдуулж өгөхөөр хүчин зүтгэж, хамт ажилладаг бусад багш, ажилчдын нэгэн адил бидэнд ч цалингийн зээл гаргаж, түүгээр барагдуулж авахыг удаа дараа санал болгосон боловч бидний саналыг үл тоомсорлосон. Үүнийг аймгийн прокурорын хяналтад явагдсан Монгол банкны салбарын Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэсэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 01 тоот тэмдэглэлд холбогдох нотлох баримтыг үндэслэн улсын байцаагч дурдсан байдаг бөгөөд түүнийг тухайн үед хэргийн материалтай танилцсан тус банкны албан тушаалтнууд болох гэрч С.С, З.Ү болон холбогдогч Х банкны Баян-Өлгий салбарын захирал асан Б.Б нар хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Энэ нь хавчин гадуурхаж, хясан боогдуулж, нэр төрөө алдуулсан болохын хөтлөшгүй баримт мөн.

3. Нэхэмжлэгч Д.Зы ажлын газар болох Бугат сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, нябо нар нь сумын төрийн сантай хамтран Д.Зы амьдралын байдал болон нийгмийн асуудлыг ойлгосны үндсэн дээр зөвхөн Д.Зы цалинг Төрийн банкаар дамжуулан олгож байхаар тус банканд санал хүргүүлснээр 2012 оны 5 дугаар сарын 25-аас эхлэн тус банкнаас цалингийн зээл авч, хүүхдүүдээ сургасаар байсан. Энэ нь хавтаст хэрэгт бидний нотлох баримтаар гаргаж өгсөн Бугат сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны №16 тоот тодорхойлолт, Төрийн банкны салбарын эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №65 тоот тодорхойлолтЗээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэх мэтээр бүрэн нотлогдоно. Эндээс үзэхэд, Д.З нь хамт олон, тойрон хүрээлэгч нарын дунд нэр төр, алдар хүндээ алдаж, эрх ашиг нь зөрчигдөж байсан болохын нотолгоо мөн.

4. Нэхэмжлэгч Д.Зы Төрийн банкнаас зээл авч, түүгээр нэхэмжлэгч З.Д, З.Н нарыг сургаж байсан нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь дахь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тухайн банкны зээлийн үйл ажиллагааны журмын дагуу тодорхой саруудын төлөлт хийсний дараа нэмэлт зээл авч байснаар бүрэн нотлогдоно. Харин 2015 оны 02 дугаар сарын 04-өөс 2018 оны 3 сарын 27-ны өдөр хүртэл зээл аваагүй учир нь аймгийн Х банкны салбар нь нэхэмжлэгч Ш.З надад холбоотой өр авлагыг хууль бусаар зээлийн мэдээллийн санд муу зээлээр бүртгэж, оруулсандаа шууд холбоотой. Учир нь аливаа арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагааны журамд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг ба аль нэгэн муу зээлийн үлдэгдэлтэй бол зээл авах боломжоо алддагтай холбоотой. Аймгийн Х банкны салбарын Монгол Улсын зээлийн мэдээллийн тухай хууль зөрчсөн үйлдэл нь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр магадлалаар бүрэн тогтоогдож, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 01266 тоот тогтоолоор эцэслэн батлагдсан.

5. Дээрх хууль бус үйлдлийг прокурорын хяналтын доор явагдсан Монгол банкны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед буюу бидний хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн улсын байцаагчийн тэмдэглэлийн хуудас 4-т Х банкны Баян-Өлгий салбараас зээлийн мэдээллийн санд хуулийн дагуу мэдээлэл нийлүүлэх шаардлага хангаагүй иргэн Ш.Зын мэдээллийг мэдээллийн санд нийлүүлснээр иргэн Ш.Зын бусад банкнаас зээл авах шаардлага хангаагүй нөхцөлд хүргэсэн үйлдэл нь...2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үргэлжлэн үйлдэгдэж, дууссан байна гэж дүгнэсэн. Гэтэл аймгийн Х банкны салбар нь бидний гаргасан нэхэмжлэлд холбоотой тайлбарт өөрийнхөө буруутай үйлдлээс болж зээл авах боломжоо алдсан... гэж үзэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл нь шүүхээр эцэслэн тогтоогдсон боловч түүнийг одоо хүртэл хүлээн зөвшөөрөөгүй шүүхээс давсан эрх мэдэл эдэлж буй хэлбэр мөн. Дээрх Х банкны хууль бус ажиллагаанаас болж нэхэмжлэгч Д.З нь иргэн Ш.З миний хамтран зээлдэгчийн хувьд мөн асуудалд хууль бусаар нэрвэгдсэн бол нэхэмжлэгч З.Д, З.Н нар ээж нь зээл авч чадаагүйгээс болж сургалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрч, 2015 оны 9 дүгээр сараас эхлэн сургуулиас завсардсан нь мөн адил уг асуудалд хууль бусаар нэрвэгдсэн хэрэг мөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар хот дахь С их сургуулийн тодорхойлолт болон тус хот дахь ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн тодорхойлолтоор бүрэн нотлогдож байгаа болно.

6. Нэхэмжлэгч З.Д, З.Н нар нь сургуулиа төгсөөгүйгээс болж, мэргэжлийн дипломгүй болж, дипломгүйн учир ажиллавал зохих ажлын байраа алдаж, ажлын байраа алдсанаар Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан Олох ёстой байсан орлого-оо алдсан. Энэ нь Ш ХК-ны тодорхойлолт болон Бугат Х сангийн захирлуудын тодорхойлолтоор нотлогдож байгаа болно. Энэ болгон нь өөрийн бус өрөөлийн гайгаас болж, эрх ашиг нь зөрчигдөж, нэр төр, алдар хүндээ алдаж, сэтгэл санаа, оюуны асар их хэмжээний хохирол амсахад хүргэсэн. Энэ нь Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан Гэр бүлийн нууцыг бусдад задруулбал хувь хүн түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг ойлгоно гэсэн зарчмыг алдагдуулсан хэлбэр мөн.

7. Мөн Монгол банкны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед Ш.З намайг хууль ёсны хохирогчоор тогтоосон. Иймээс дээрх үндэслэлүүдээр болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөнөөр Д.З болон З.Д, З.Н нар нь ч хууль бусаар хохирол амсаж, хохирогч болсон. Дээрх байдлаас харахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирол хоорондын шалтгаант холбоо бүрэн бүрдсэн гэж үзэж байна. Харамсалтай нь анхан шатны шүүх нь дээрх нотолгоо болон нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч Ш.З надад холбоотой Х банкны өр авлага нь хуулиар зохицуулсан миний хувийн нууцтай холбоотой зүйл мөн байсан бөгөөд үүнийг дээрх шүүхээр Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т Зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн буруушаасан нь Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно гэсэн зарчим алдагдсан хэлбэр мөн. Гэтэл анхан шатны шүүх нь Нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан талаар нотлох баримтгүй..." гэсэн нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэсэнтэй адил болсон ба бидний гаргаж өгсөн бүх нотлох баримтуудыг үгүйсгэж буй хэлбэр мөн. Иймээс бидний гаргаж буй нэхэмжлэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3.2-ын 2.7, Хувь хүний нууцын тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 228 дугаар зүйлийн 228.2, 330 дугаар зүйлийн 330.1-т заасан зарчимд бүрэн нийцэж байгаа. Дээрх нотлох баримтуудад тулгуурлан Иргэний хуулийн 21.9 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасан журам болон тухайн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2-т заасныг баримтлан бидэнд учирсан хохирлыг арилгах ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын эдийн бус хэсгийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье. Үүнд хууль ёсны ашиг сонирхлыг алдагдуулж, бидний эрх, эрх ашиг зөрчигдөж, сэтгэл санаа, алдар хүнд, оюунд асар их хэмжээний хохирол учруулсан бөгөөд үүнийг мөнгөөр илэрхийлбэл нэхэмжлэгч бүрд 5 саяар нийт 20 сая төгрөг болох юм. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.З, Д.З, З.Д, З.Н нар нь хариуцагч Х банкны Баян-Өлгий салбарт холбогдуулж гэм хорын хохирол 54.360.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ Х банкны Баян-Өлгий салбар нь Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж, Ш.З миний 2003 онд Х банканд кассын нярав, теллерээр ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсаны улмаас Х банканд учруулсан хохирол 5.7 сая төгрөгийг 2006 онд зээл авсан мэтээр муу зээлээр ангилан зээлийн мэдээллийн санд бүртгэсний улмаас зээл авах боломжгүй болж, Х банк болон бусад банкууд зээл олгохоос татгалзсаны улмаас хүүхдүүд болох З.Н, З.Д нар их сургуулийн сургалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрч, сурч байсан сургуулиа төгсөж чадаагүй, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн. Нэхэмжлэгч З.Н сургуулиа төгсөж дипломоо авсан бол сард 1.500.000.00 төгрөгийн цалин авч нийт 27.000.000.00 төгрөг, З.Д 7.360.000 төгрөгийн цалин авч орлого олох байсан. Д.Зд цалингийн зээл олгоогүйгээс болж хүүхдүүд сургуулиа төгсөж чадаагүй сэтгэл санаагаар хохирч байгаа бөгөөд сэтгэл санааны хохиролд нэхэмжлэгч тус бүр 5.000.000.00 төгрөг нийт 20.000.000.00 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Х банкны Баян-Өлгий салбар нь Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч З.Н, З.Д нарын их, дээд сургуулийн төлбөрөө төлж чадаагүйн улмаас сургуулиа төгсөн, диплом аваагүйгээс хөдөлмөрлөж, ажил хийх боломжгүйд хүрсэн байдал, Х банкны Баян-Өлгий салбарын буруутай үйлдэл хооронд шалтгаант холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, тэдний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй, Х банкны Баян-Өлгий салбар нь нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан талаар нотлох баримтгүй, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээхгүй гэж дүгнэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, сэтгэл санааны буюу эдийн бус хохирлыг мөнгөөр арилгуулах шаардлагыг хангах боломжгүй гэж үзжээ. Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд энэ төрлийн гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой юм.

Нэхэмжлэгч З.Н, З.Д нарын олох байсан орлого болох 34.360.000.00 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаагүй, сэтгэл санааны хохирол 20.000.000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагад холбогдох харилцааг зохицуулсан хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд ...Х банкны салбар нь уг өр авлагыг зээлийн мэдээллийн санд хууль бусаар нийлүүлсэн, тараасан нь нэхэмжлэгч Ш.З миний нэр төрийг гутаасан хэлбэр мөн...нэхэмжлэлийн шаардлагын эдийн бус гэм хорыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье... гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх сэтгэл санааны хохирол 20.000.000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00264 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэсний дараа , 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг баримтлан гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

Д.КӨБЕШ