Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00539

 

 

*******,*******,*******,*******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00264 дүгээр шийдвэр,

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00038 дугаар магадлалтай,

 

*******,*******,*******,******* нарын нэхэмжлэлтэй

Хаан банк ХХК-ийн Баян-Өлгий салбарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 54,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******,*******,*******,******* нараас*******т холбогдуулан гэм хорын хохиролд 54,360,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00264 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан ХААН банкны Баян-Өлгий салбараас хохирол нийт 54,360,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Шөрикийн Зинол, Дидарханы Гүлбадан, Зинолын Динмухамет, Зинолын Нурмухамед нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,750 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00038 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00264 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэсний дараа 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг баримтлан гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн ба нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

4.1. Бидний нотлох баримтаар гаргаж өгсөн тус аймгийн Прокурорын хяналтан доор явагдсан аймгийн Монгол банкны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед Улсын байцаагчийн тэмдэглэлийн хуудас 4-т Хаан Банкны Баян-Өлгий салбараас зээлийн мэдээллийн санд хуулийн дагуу мэдээлэл нийлүүлэх шаардлага хангаагүй иргэн *******ын мэдээллийг мэдээллийн санд нийлүүлснээр иргэн *******ын бусад банкнаас зээл авах шаардлага хангаагүй нөхцөлд хүргэсэн үйлдэл нь 2015.07.27-ны өдрөөс 2018.03.06-ны өдөр хүртэл үргэлжилсэн, үйлдэгдэж дууссан байна гэж дүгнэсэн. Энэ нь нэхэмжлэгч*******ы хувьд 2015.02.04-нөөс 2018.03.27-ны өдөр хүртэл зээл аваагүй байгаа нь зээл авахыг хүсээгүйд биш дээрх үйлдэлд шууд холбоотой байв. Учир нь аливаа банкны зээлийн үйл ажиллагааны журамд үндсэн зээлдэгч буюу хамтран зээлдэгч нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэгтэй холбоотой байв. (Хавтаст хэрэг 121-р хуудас Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, хуудас 167 зээлийн эргэн төлөлтийн хуваарь)*******ы зээл авах эрх нь хаагдсанаас болж 2015 оны 09 сараас эхлэн нэхэмжлэгч З.Динмухамет, З.Нурмухамет нар сургуулиасаа завсарлагдсан. Энэ нь хавтаст хэрэгт байгаа Сити Их Сургууль болон ШУТИС-ийн тодорхойлолтоор бүрэн нотлогдож байгаа. Үүнээс болж мэргэжлийн дипломгүй болсон ба үүний улмаас ажилбал зохих ажлын байраа алдсан хуульд заасан орох ёстой орлогоо алдсан. Энэ нь хавтаст хэрэг дэх Бугат Холхабыс сангийн тодорхойлолт болон Улаанбаатар хот дах Штанколе ХХК-ийн тодорхойлолтоор бүрэн нотлогдож байна. Дээрх үйлдэл болгон нь Монгол Улсын хувь хүний нууцын тухай хуулийн 5-р зүйлийн 5.4-т заасан зарчмыг хууль бусаар алдагдуулж, тухайн хуулийн 4-р зүйлийн 4.2.4-т заасан гэр бүлийн нууцыг задруулсанд шууд холбоотой байв. Гэтэл шүүх нь дээрх нотлох баримтуудаас дутуу үнэлж Хаан банкны буруутай үйлдэл хооронд шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн.

4.2. Баян-Өлгий аймаг дахь Хаан банкны салбар нь Монгол Улсын зээлийн мэдээллийн тухай хууль зөрчсөнөөс болж нэхэмжлэгч ******* надад холбоотой хууль бус мэдээлэл нь зээл аваагүй байхдаа зээлдэгч болгосноор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй бүх арилжааны банкууд болон ББСБ, ХЗХ-нд бүрэн тараасан. Учир нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд зөвхөн дээрх санхүүгийн байгууллагууд чөлөөтэй нэвтрэхээр хуульчилсан байдаг. Мөн тус аймгийн Монгол банкны салбарын Хаан банк хууль зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдсон шийдвэрийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед тухайн тэмдэглэлийн хуудас 4-т ...зээлийн мэдээллийн санд хуулийн дагуу мэдээлэл нийлүүлэх шаардлага хангаагүй иргэн *******ын мэдээллийг мэдээллийн санд нийлүүлснээр иргэн *******ын бусад банкнаас зээл авах шаардлага хангаагүй нөхцөлд хүргэсэн... гэж мэргэжлийн байгууллагын хувьд дүгнэсэн нь нэр төр, алдар хүндийг гутаасан, мэдээ тараасан болохын хөдлөшгүй нотолгоо мөн. Үүнээс болж түүний хор хөнөөл нь бидний амьдралд асар ихээр нөлөөлөв. Хаан банкны хууль бус үйлдэл гаргасан болох нь шат шатны шүүхээр эцэслэн тогтоогдсон боловч шүүх өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрөө үгүйсгэсэнтэй адил болсон.

Мөн нэхэмжлэгч*******ы зүгээс удаа дараа уг өр авлагыг сайн дураараа барагдуулахаар янз бүрийн санал тавьсан боловч уг асуудлаас аль аль талд шийдвэрлэхийн оронд хавчан гадуурхан, хясаан боогдуулж ирсэн бөгөөд үргэлжлэн үйлдсээр байгаа. Энэ нь хавтаст хэрэг дэх нотлох баримтаар гаргаж өгсөн доорх нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Монгол банкны ЗМСангаас зээлдэгчийн талаарх мэдээллийн Д\Д хуудас 13, XX хуудас 121,

- Бугат сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, ня-бо нарын тодорхойлолтын хуудас 89,

- Төрийн Банкны салбарын эрхлэгчийн тодорхойлолт хуудас 90,

- Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хуудас 167,

- Монгол банкны Улсын байцаагчийн тэмдэглэлийн 4-р хуудаст Иргэн ******* нь Хаан банкны Баян-Өлгий салбарт удаа дараа хүсэлт гаргаж, эхнэрийн нэр дээр цалингийн зээл гаргаж уг авлагыг барагдуулан авах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй байна /хавсралт хэрэг хуудас 49/ гэсэн нь нэхэмжлэгч*******ы хамт олон тойрог хүрээлэгч нарын дунд нэр төр, алдар хүнд гутааж хууль ёсны ашиг сонирхлыг алдуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.14-д заасан Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд болон төрөл саданд нь халдан хэрэглэхийг хориглоно гэсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн хэлбэр мөн. Аймгийн Хаан банкны салбар нь нэхэмжлэгч*******ы талаар шүүхэд гаргасан тайлбарт ч, шүүх хурлын мэтгэлцээний үед ч ямар нэгэн няцаалт хийж чадахгүй байгаа нь хэргээ хүлээн зөвшөөрч буй хэлбэр билээ. Гэтэл шүүх нь нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан талаар нотлох баримтгүй гэсэн нь дээрх баримтуудыг дутуу үнэлсэн хэлбэр мөн.

4.3. Хаан банкны Зээлийн мэдээллийн тухай хууль зөрчсөн болохыг эцэслэн тогтоохдоо тус хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бөгөөд түүний дотор тухайн хуулийн 5-р зүйлийн 5.1.2-т Зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх, 9-р зүйлийн 9.12-т Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн буруушаасан. Энэ нь Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуулийг алдагдуулсан хэлбэр байсан ба Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.4-т заасан зарчимд бүрэн нийцэж байв. Харамсалтай нь шүүх уг хуулийг хэрэглээгүй.

Тухайн шүүх нь МУ-ын Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2-ийг хэрэглэсэн ба тухайн зүйлд зааснаар Хаан банкны салбарын ЗМСангийн тухай хууль зөрчиж, нэхэмжлэгч ******* надад холбоотой мэдээллийг хууль бусаар зээлийн мэдээллийн санд оруулж, дээр дурдснаар улс орон даяар тараасан нь миний нэр төрийг гутаасан хэлбэр мөн байсан бөгөөд үүний үнэн зөвийг нотлохыг оролдсон боловч нотолж чадаагүй. Иймээс ч шүүхийн шийдвэрт дурдснаар МУ-ын Иргэний хуулийн 511-р зүйлийн 511-д зааснаар бидэнд учирсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэж байгаа болно. Мөн шүүх нь МУ-ын Иргэний хуулийн 230-р зүйлийн 230.2-д заасан зохицуулалтыг зөв хэрэглэсэн гэсэн байна. Тухайн хуульд заасан гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөж төлнө гэсэнд дээрх хуулийн заалтад буюу 497, 511-д бүрэн нийцэж байгаа бөгөөд хуульд тусгайлан заасан хэлбэр мөн. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймээс нэхэмжлэгч бид бүхэн анхны нэхэмжлэлд дурдсан байр сууриндаа хэвээр байгаа боловч тэмдэгтийн хураамжийн асуудлаас болж дээрх гэм хороос 5 сая төгрөг нэхэж байгаа болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч *******,*******,*******,******* нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Хаан банк ХХК-ийн Баян-Өлгий салбар зээлийн мэдээллийн тухай хууль болон Хувь хүний нууцын тухай хууль, Иргэний хуулийн зөрчиж, тус банкнаас зээл аваагүй байхад зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчийн ангилалд бүртгэснээс Хаан банк болон бусад банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авах боломжгүй болж, хүүхдүүдийн сургуулийн төлбөрийг төлж чадаагүйгээс сурч боловсрох эрх нь зөрчигдөж, сургуулиас гарч, улмаар мэргэжил эзэмшүүлж чадалгүй, мэргэжлээрээ ажиллаж орлого олох боломжоо алдаж, нэр хүндээ алдаж, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, оюуны асар их гэм хорын хохирол амслаа. Иймд хүү*******эд дипломгүйн улмаас учирсан бодит хохирол 7,360,000 төгрөг, хүү*******ад дипломгүйн улмаас учирсан хохирол 27,000,000 төгрөг, эхнэр******* болон бидний нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд учирсан эдийн бус гэм хорын хохирол хүн бүр 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг, бүгд 54,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч ******* нь Хаан банкны Баян-Өлгий салбарт ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж кассын бэлэн мөнгө хувьдаа завшиж хохирол учруулсан бөгөөд тухайн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас зээлийн мэдээллийн санд муу зээлийн ангилалд орж дахин зээл авах боломжгүй болсон. Өөрийнхөө буруутай үйлдлээс болж зээл авах боломжоо алдсан байдлаа үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох, хөдөлмөрлөх үндсэн эрхийг Хаан банк зөрчсөн мэтээр, мөн сэтгэл санааны хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй... гэжээ.

 

7. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч ******* нь 2002 онд Хаан банкны Баян-Өлгий салбарт теллерээр ажиллаж байхдаа нэр бүхий 25 иргэний тэтгэврийн мөнгийг бусдын итгэмжлэлгүйгээр авч Хаан банкинд 5,775,657 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлоо төлөөгүй үндэслэлээр Хаан банкны Баян-Өлгий салбар *******ын төлбөрийг Зээлийн мэдээллийн сангийн зээлдэгчийн талаарх мэдээлэлд ...5,775,657 төгрөгийн зээл авсан, зээлийн үлдэгдэл 5,775,657 төгрөг, зээлийн ангилал муу..., төлөгдөж дуусаагүй гэсэн мэдээллийг оруулсан нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн буруутай болохыг тогтоож, дээрх мэдээллийг хасахыг Хаан банкны Баян-Өлгий салбарт даалгахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.13-ны өдрийн 165 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.25-ны өдрийн 212/МА2017/00061 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017.10.26-ны өдрийн 001/ХТ2017/01266 дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Төрийн болон арилжааны банк өөрийн зээлийн үйл ажиллагааны журмаараа зээлдэгч нь Монголбанкны мэдээллийн сангийн лавлагаагаар чанаргүй зээлийн түүхгүй байхыг шаарддаг бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгч *******д зээл олгогдоогүй, зээлийн мэдээллийн санд буруу мэдээлэл оруулснаас нэр төр, алдар хүндэд гэм хор учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ нотлоогүй, хэрэгт энэ тухай баримтгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...нэр төр, алдар хүнд, ...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 511 дүгээр зүйлийн 511.1-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

 

Хариуцагч Хаан банкны Баян-Өлгий салбар Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгчийн талаар буруу мэдээлэл оруулсан буруутай болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул *******ын нэр төр, алдар хүнд гутаагдсан гэж үзэх үндэслэлтэй, иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэр төр, алдар хүндэд гэм хор учруулсны хохиролд хариуцагчаас 3,000,000 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Харин эхнэр, хүүхдийн нэр хүндэд гэм хор учирсан, зээл олгогдоогүйгээс хүүхдүүдийн сургууль завсардаж, сургуулиа төгсөж чадаагүй, улмаар ажил хөдөлмөр хийж олох байсан орлогоо олох боломжгүй болж, эд хөрөнгийн хохирол учирсан гэх үндэслэлээр эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол шаардсан нь үндэслэлгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00038 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00264 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч*******аас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон нэхэмжлэгч*******,*******,******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...орлого болгосугай. гэснийг ...орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 63,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******оос 2020.05.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД