Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01318

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01318

 

 

 

З.Э -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00904 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Э -ын хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгон, цалингийн зөрүү олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э -, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Э - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын өөрчлөн байгуулах тухай 328 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталсан. Энэхүү шинээр батлагдсан байгууллагын бүтцээр Орон сууц, ашиглалтын хэлтэст ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Гүйцэтгэх захирал Ж.Х нь намайг дэд захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа гэдэг үндэслэлээр хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж мэргэжилтнээр түр томилохдоо зөвшилцөөгүй. Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/096 дугаар тушаалаар Орон сууц, ашиглалтын гэрээгээр гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон нь хууль бус байна. Энэхүү тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримталсан байх бөгөөд би байнгын ажлын байранд ажилладаг. Иймд Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилох, энэ хугацааны цалингийн зөрүү цалин буюу сарын 600 000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн төлөөлөгч Ж.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 328 дугаар тогтоолоор тус газар нь Төрийн орон сууцн корпораци ТӨХХК болж өөрчлөгдсөн. Улмаар Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоолоор байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хүндрэлтэй байгааг харгалзан бүтэц орон тоог багасгах шаардлагатай байна гэсэн үүрэг чиглэлийн дагуу зарим орон тоо, газар хэлтэс хасагдаж, зарим хэлтсийг нэгтгэсэн. Шинээр батлагдсан байгууллагын бүтцээр Орон сууц, ашиглалтын хэлтэст ямар нэг өөрчлөлт ороогүй батлагдсан. Бүтэц орон тоо шинээр батлагдаж байгаатай холбогдуулан Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/4514 тоот албан бичгээр З.Э -ыг тус байгууллагын дэд захирлаар томилохыг санал болгосон тул дэд захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа гэсэн үндэслэлээр гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон. Төлөөлөн удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдах бөгөөд энэ хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд З.Э -ыг дэд захирлаар томилох асуудлыг хэлэлцэх гэж байгаа болно. Орон сууц ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ 1 250 000 төгрөг авдаг байсан бөгөөд гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр томилогдож цалин 1 001 000 төгрөг болсон. Үүнээс үзэхэд сарын 600 000 төгрөгийн цалингийн зөрүү нь үндэслэлгүй. Иймд Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилох, энэ хугацааны зөрүү цалин буюу сарын 600 000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгүүлэх талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Э -ыг Төрийн орон сууцны корпораци ХХК-ийн Орон сууц, ашиглалтын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх зөрүү 558 796 /таван зуун тавин найман мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч З.Э -д олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай зөрүүг тооцож бичилт хийхийг хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-нд даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 17 414 төгрөгийг гаргуулж улсын орлого болгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагчийн хариу тайлбарт Шинээр батлагдсан байгууллагын бүтцээр орон сууц ашиглалтын хэлтэст ямар нэг өөрчлөлт ороогүй батлагдсан гэжээ. Манай хариу тайлбарт нэр нь л хэвээрээ байгаагаас биш хэлтсийн чиг үүрэгт өөрчлөлт орж тус хэлтэс нь маркетинг борлуулалтын хэлтэстэй нэгдсэн чиг үүрэг нь өөрчлөгдсөн болохоо тайлбарласан. Энэ талаарх нотлох баримтууд болох өмнөх орон сууц ашиглалтын хэлтсийн чиг үүрэг болон одоогийн орон сууц ашиглалтын хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтууд, 2020 оны борлуулалтын төлөвлөгөө зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Түүнчлэн хуучин орон сууц ашиглалтын хэлтэс нь манай байгууллагаас хөрөнгө оруулалт хийж баригдсан барилгуудыг ашиглагч байгууллагад өгөх хүртэлх ашиглалтыг хариуцдаг байсан бөгөөд тэдгээр орон сууцнуудыг тухайн ашиглагч байгууллагуудад нь хүлээлгээд өгчихсөн, хөдөө орон нутагт 9 аймагт баригдсанаас 1 аймаг /Сэлэнгэ/ хүлээж авах ашиглагч байгууллага байхгүй байгаа тул үлдсэн байгаа. Нэршил нь орон сууц ашиглалтын хэлтэс гээд дотроо борлуулалтын 2 мэргэжилтэй байгаа хэдий боловч гүйцэтгэх ажил, чиг үүрэг нь борлуулалтын ажил хийж байгаа. Тухайлбал тус хэлтсийн чиг үүрэг болон хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн болон бусад мэргэжилтнүүдийн ажпын байрны тодорхойлолтод өөрчлөлт орсон бөгөөд энэхүү өөрчлөлт нь ихэвчлэн борлуулалттай холбоотой ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь ажлын байрны тодорхойлолт, хэлтсийн чиг үүргээс нь харагдаж байгаа юм. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтуудыг үнэлээгүй орхисон.

Манай байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр Орон сууц ашиглалтын хэлтэс, Маркетинг борлуулалтын хэлтэс 2 нэгдэж байгаатай холбогдуулан 1 хэлтсийн даргын албан тушаал хасагдаж, ажлын цар хүрээ, 2019 оны борлуулалтын төлөвлөгөө зэргийг харгалзан маркетинг борлуулалтын хэлтсийн даргыг үлдээсэн. Нэхэмжлэгч З.Э -ыг Барилга хот байгуулалтын Сайдын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/4514 тоот албан бичиг ирсэнтэй холбогдуулан байгууллагын дэд захирлын албан тушаалд томилох хүртэл гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилон үлдээсэн. Дэд захирлын албан тушаалд томилох асуудал манай байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч З.Э - нь Төрийн орон сууцны корпораци ТӨХХК /цаашид ТОСК гэх/-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгуулж өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2016 оноос хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч ТОСК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн дүрмийн 10.10.8-д заасныг тус тус үндэслэн З.Э -ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний улмаас тэрээр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. /хх45, 61-63, 121-122/

ТОСК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолыг үндэслэн байгууллагын бүтэц, орон тооны хязгаарт багтаан нэгжүүдийн ажил, албан тушаалын жагсаалтыг батлахдаа маркетинг борлуулалтын хэлтсийг орон сууц ашиглалтын хэлтэст нэгтгэсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-40-42,121-123/ Энэ талаар зохигчид маргаангүй, харин ТОСК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/06 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдах тохиолдол бүрийг тухайлан зааж өгчээ. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг дэд захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа гэх үндэслэлээр Орон сууц ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, гүйцэтгэгч байгууллагатай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон гэх тохиолдолд хамаарахгүй болно.

Хэргийн баримтаас үзвэл гүйцэтгэх захирлын 2019 оны А/97 дугаартай тушаалаар тус байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдсэн хэдий ч нэхэмжлэгч З.Э -ын ажиллаж байсан Орон сууц ашиглалтын хэлтсийн даргын орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн байна. /хх40-42/

Хариуцагч ТОСК-аас ... хоёр хэлтэс нэгдэж 1 хэлтсийн даргын ажлын байр, орон тоо хасагдсан, чиг үүргийн хувьд борлуулалтын ажил их байсан, үүнтэй холбоотойгоор ажлын цар хүрээ, 2019 оны төлөвлөгөө зэргийг харгалзан маркетингийн хэлтсийн даргыг энэ ажлын байранд томилсон ... гэж тайлбарлан, шүүхэд орон сууц ашиглалтын хэлтсийн болон маркетинг борлуулалтын хэлтсийн ажлын чиг үүрэг, хэлтсийн дарга нарын ажлын байрны тодорхойлолт, орон сууц ашиглалтын хэлтсийн 2019 оны борлуулалтын гүйцэтгэл 2020 оны төлөвлөгөө зэргийг нотлох баримтаар гарган өгчээ. /хх-91-103/

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмын дагуу ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 1 сарын өмнө мэдэгдсэн байхыг шаарддаг. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул хариуцагч ТОСК-ийг нэхэмжлэгч З.Э -той байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалж, ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгож, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж дээрх үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцэж байна. Мөн нэхэмжлэгчийн цалин, хөлсний зөрүүг түүний ажиллаж байсан орон сууцны хэлтсийн даргын болон мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсийг харьцуулан үнэлж, 558 796 төгрөгөөр тогтоон хариуцагчаас гаргуулахдаа хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00904 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 17 414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД