Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01317

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01317

 

 

 

 

Н.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01043 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Г ийн хариуцагч Ц.Ч д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40 087 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш , хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд Г.Мэндсайханд 15 тонн ноос худалдсан. Энэ бол өөр асуудал. Миний бие 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумнаас 20 тонн ноос ачиж ирсэн. Г.Мэндсайхан намайг Ц.Ч тай уулзуулаад явсан. Ноосыг нийт бохир жингээс нь 850 кг хасаад үлдэх 19 тонн 250 кг хонины ноосоо 1 кг-ийг нь 3950 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцож Ц.Ч д худалдсан. Дээрх 19 тонн 250 кг хонины ноосны нийт үнэ 76 037 500 төгрөг болсон ба тухайн үед Ц.Ч нь хонины ноосыг аваад хүнээс мөнгө орж ирэх ёстой, ороод ирэхээр нь тань руу мөнгийг чинь шилжүүлье гэж хэлээд төлөлгүй байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн 5099442223 тоот дансаар 1 500 000 төгрөг, мөн сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2 950 000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 10-ны өдөр 21 500 000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 39 950 000 төгрөгийг төлсөн ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл хонины ноосны үлдэгдэл төлбөр болох 40 087 500 төгрөгийг төлж барагдуулахгүй байна. Иймд Ц.Ч гаас хонины ноос худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 40 087 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зүс таних Г.Мэндсайхантай харилцан тохиролцож 19 тонн 250 кг хонины ноос худалдаж авсан. Ноосны үнэ 76 037 500 төгрөг болсон боловч 76 000 000 төгрөг болгож, ноос буулгасан хүмүүсийн зардлыг хасаж тооцохоор тохиролцсон. Үүнээс хойш Г.Мэндсайханд ноосны үнэд 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1 400 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, мөн сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, мөн сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөгийг тус тус төлж байсан. Гэтэл Н.Г гэх хүн утасдаад Г.Мэндсайханы өгсөн ноос өөрийнх ноос бөгөөд Г.Мэндсайхан руу шилжүүлсэн мөнгийг өгөөгүй гээд уйлаад, зовлон тоочоод байсан. Г.Мэндсайханаас асуутал Н.Г ийн ноос мөн гэж хэлсэн. Иймд Н.Г рүү 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2 950 000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 10-ны өдөр 21 500 000 төгрөгүүдийг тус тус шилжүүлсэн. Нийт төлөх ёстой 76 037 500 төгрөгөөс төлсөн 68 850 000 төгрөгийг хасахад 7 187 500 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс ноос ачсан хүний хөлс 207 500 төгрөгийг хасахад одоо төлөх үлдэгдэл нь 6 980 000 төгрөг болж байна.Энэ хүмүүс хоорондоо төлбөрийн маргаантай байсан учраас үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй. Анхнаасаа Н.Г нь Ц.Ч д ноос худалдсан бол ноосны мөнгийг Н.Г т шилжүүлэх байсан. Гэтэл Н.Г нь надад ноос худалдаагүй байж надаас мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Н.Г т 6 980 000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.4.-д зааснаар Ц.Ч гаас 15 087 500 /арван таван сая наян долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан Н.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 233 388 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Г.Мэндсайханаар дамжуулан Н.Г ийн данс руу 25 000 000 төгрөг шилжүүлэн өгч, нийт 60 950 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул 25 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хонины ноос худалдах-худалдан авах гэрээ нь Ц.Ч болон Н.Г нарын хооронд байгуулагдсан, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Н.Чилхаатай харилцан тохиролцож, ноосыг түүнд хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч Ц.Ч нь гэрээний дагуу ноосны үнэ буюу үүргийн гүйцэтгэл болох 76 037 500 төгрогийг надад хүлээлгэн өгөх үүрэгтэй. Ноосны үнийг Г.Мэндсайханы данс руу шилжүүлж болно гэдэг зөвшөөрлийг Ц.Ч болон Г.Мэндсайханд өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ба Г.Мэндсайхан ноосны мөнгийг Ц.Ч гаас хүлээн авах эрхгүй, тэдний хооронд гэрээнд заасан үүрэг үүсээгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 40 087 500 төгрөгийг олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрээс 8 087 500 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.Г т ноосны үлдэгдэл төлбөрт 6 980 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийг ноос зарсан Г.Мэндсайхан Н.Г нар нь хоорондын төлбөрийн маргаантай тул өдий хүртэл төлөөгүй байгаа нь үнэн болно. Энэхүү төлбөрийн үлдэгдэлтэй болохыг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өгсөн Н.Г ийн мэдүүлэг мөн Г.Мэндсайхан, Н.Г болон ХААН банк дахь дансны хуулга зэргээр Ц.Ч нь Г.Мэндсайханы ХААН банк дахь 5135537604 дугаартай данс руу нийт 32 900 000 төгрөг, Н.Г ийн ХААН банк дахь 5152098212 дугаартай данс руу нийт 35 950 000 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Үүнийг тооцвол 68 850 000 төгрөгийг төлсөн бөгөөд ноос ачигчийн хөлсөд өгөх 207 500 төгрөгийг хасч тооцоод 6 980 000 төгрөг төлөх ёстой нь хангалттай нотлогддог. Гэтэл шүүх Г.Мэндсайхан руу шилжүүлсэн төлбөрийг тооцохдоо 32 900 000 төгрөг биш 25 000 000 төгрөгөөр тооцож зарим нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсгээс 8 087 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Ц.Ч д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40 087 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрчээ.

Талуудын худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн дүн буюу худалдан авагчийн зүгээс худалдагчид төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн эсэх талаар маргасан боловч үүнтэй холбоотой үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Зохигчдын хэн аль нь иргэн Г.Мэндсайханы шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар маргаж, хариуцагчийн хувьд Ц.Мэндсайханаар дамжүүлэн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж, нэхэмжлэгч Н.Г нь Ц.Мэндсайхантай тусдаа гэрээтэй, түүний шилжүүлсэн мөнгө энэ гэрээний үүрэгт хамааралгүй гэж өөр өөр агуулгаар тайлбарлажээ. Уг маргааныг шийдвэрлэхэд иргэн Ц.Мэндсайханы байр суурь буюу тайлбар, мэдүүлэг ач холбогдолтой байжээ.

Хэрэгт авагдсан иргэн Ц.Мэндсайханы эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг иргэний хэргийн үйл баримт, иргэний эрх зүйн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой гэж үнэлэх боломжгүй юм. /хх89-91/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шийдвэр гарахаас өмнө түүний хүсэлтээр эсвэл шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэхийг шүүх тодруулаагүй байна.

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд үүсч байгаа маргаантай эрх зүйн харилцаа, түүнд хамаарах үйл баримтыг тогтоох үүднээс зохих ёсоор нотлох баримтыг бүрдүүлж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа гуравдагч этгээд байгаа эсэхийг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд заасан шаардлагад нийцнэ гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчийн төлсөн 233 400 төгрөг, хариуцагчийн төлсөн 144 350 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД