Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/01043

 

 

 

 

 

       2020         04           21  

 181/ШШ2020/01043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Ч-д холбогдох,

40.087.500 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Н.Г миний бие 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд Г.Мэндсайханд 15 тн ноос худалдсан, энэ бол Ц.Г д худалдсан ноосноос тусдаа юм.

Гэтэл Г.Мэндсайхан би таныг ноос зардаг өөр хүнтэй уулзуулъя гэсэн, тэгэхээр нь би 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумнаас 20 тн ноос ачиж ирсэн. Мэндсайхан намайг Чилхаатай уулзуулаад явсан.

Бид ноосыг нийт бохир жингээс нь 850 килограммыг хасаад үлдэх 19 тонн 250 кг хонины ноосоо 1 кг-ийг нь 3950 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцож, түүнд худалдсан.

Дээрх 19 тонн 250 кг хонины ноосны нийт үнэ 76.037.500 төгрөг болсон ба тухайн үед Ц.Г нь хонины ноосыг аваад ...өнөөдөр хүнээс мөнгө орж ирэх ёстой, ороод ирэхээр нь тань руу мөнгийг чинь шилжүүлье... гэж хэлээд төлөлгүй байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн 5099442223 тоот дансаар 1.500.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын13-ны өдөр 2.950.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 21.500.000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 39.950.000 төгрөгийг төлсөн ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл хонины ноосны үлдэгдэл төлбөр болох 40.087.500 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа бөгөөд түүнтэй утсаар холбогдон ноосны үлдэгдэл мөнгөө шаардахад ...одоогоор мөнгөгүй байна, төлнөө... гэдэг боловч төлөхгүй яваад байгаа юм.

Иймд Ц.Ггаас хонины ноос худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ болох 40.087.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цанжидын Чилхаа надад 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний зүс таних Мэндсайхан нь 19 тонн 250 кг хонины ноос өгсөн бөгөөд нийт ноосны үнэ 76.037.500 төгрөг болсон боловч 76.000.000 төгрөг болгож, ноос буулгасан хүмүүсийн зардлыг хасаж тооцохоор тохиролцсон.

Үүнээс хойш миний бие Мэндсайханд ноосны үнэд

2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1.400.000 төгрөг

2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг

2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг

2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөг

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөг тус тус төлж байсан.

Гэтэл гэнэт Ганчимэг гэх хүн утасдаад Мэндсайханы танд өгсөн ноос миний ноос байгаа юмаа. Мэндсайхан руу та мөнгө хийсэн үү гэж асуусан бөгөөд миний бие нь Мэндсайхан руу мөнгө шилжүүлсэн талаар хэлтэл над руу мөнгө хийгээгүй гээд уйлаад, зовлон тоочоод байсан.

Миний бие Мэндсайханаас асуутал Ганчимэгийн ноос мөн гэхээр нь ноосны үлдэгдэл мөнгийг Н.Грүү дараах байдлаар шилжүүлээд одоогийн байдлаар ноосны төлбөр бүрэн барагдсан болно.

2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг   

2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2.950.000 төгрөг

2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 21.500.000 төгрөгүүдийг тус тус шилжүүлсэн.

Миний зүгээс шилжүүлсэн мөнгө 68.850.000 төгрөг болсон, нийт төлөх ёстой 76.037.500 төгрөгнөөс төлсөн 68.850.000 төгрөгийг хасахад 7.187.500 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс ноос ачсан хүний хөлс 207500 төгрөгийг хасахад одоо төлөх үлдэгдэл нь 6.980.000 төгрөг болж байна.

Энэ хүмүүс хоорондоо төлбөрийн маргаантай байсан учраас үлдэгдэл төлбөрийг би шилжүүлээгүй юмаа.

Анхнаасаа Н. Ганчимэг нь надад ноос худалдсан бол миний бие ноосны мөнгийг Н.Гт шилжүүлэх байсан. Гэтэл Н.Гнь надад ноос худалдаагүй байж надаас мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй, миний тооцоогоор бол одоо би Ганчимэгт 6.980.000 төгрөгийг л төлөх ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Н.Гнь хариуцагч Ц.Ггаас 40.087.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Гнь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 19 тн 250 кг ноосыг 1 кг-ыг нь 3950 төгрөгөөр зарж борлуулах зорилгоор иргэн Г.Мэндсайханаар зуучлуулан танилцсан, хариуцагч Ц.Гтай харилцан тохиролцож 19 тн 250 кг ноосыг Ц.Г хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 15, 47, 71-73, 90-р хуудас/

Талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.-т заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэсэн журмыг зөрчиж, амаар гэрээ байгуулсан боловч мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Ц.Гд 19 тн 250 кг ноосын шилжүүлэн өгсөнөөр талуудын хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Гнь 19 тн 250 кг ноосыг 1 килограммыг нь 3950 төгрөгөөр заруулахаар Ц.Гд шилжүүлснээр тэдний хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Дээрх гэрээгээр худалдагч Н.Гнь худалдан авагч Ц.Гд 19 тн 250 кг ноосны үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг /ноосыг/ шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Хариуцагч Ц.Г Хаан банк дахь өөрийн 509944223 дугаартай данснаас, нэхэмжлэгч Н.Гийн Хаан банк дахь 5152098212 дугаартай данс руу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2.950.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 21.500.000 төгрөг, нийт 35.950.000 төгрөгийг ноосны үнэд шилжүүлсэн, нэхэмжлэгч хүлээн авсан талаар талууд маргадаггүй болно. /хх-ийн 4-7, 65-р хуудас/

Мөн хариуцагч Ц.Г Хаан банк дахь өөрийн 509944223 дугаартай данснаас, Г.Мэндсайханы Хаан банк дахь 5135537604 дугаартай данс руу 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1.400.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөг , нийт 32.900.000 төгрөг шилжүүлсэнийг Н.Гт Ц.Ггаас төлсөн ноосны үнэ гэж үзэх үндэсгүй байна. /хх-ийн 29-37, 65-р хуудас/

Харин дээрх төлбөрүүд буюу мөнгийг Г.Мэндсайхан хүлээж авсан өдрүүддээ нэхэмжлэгч Н.Гийн Хаан банк дахь 5152098212 дугаартай данс руу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээг, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээг тус тус хийж, нийт 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд, нэхэмжлэгч Н.Г2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө уг 25.000.000 төгрөгийг Г.Мэндсайханаар зуучлуулж Ц.Гд зарсан 20 тн ноосны үнэ гэж мэдүүлжээ. /хх-ийн 69-71,78-81-р хуудас/

Хариуцагч /худалдан авагч/ Ц.Г нь нэхэмжлэгч /худалдагч/ Н.Гээс худалдан борлуулахаар авсан 19 тн 250 кг ноосны үнэд 76.037.500 /19250кг Х 3950 төгрөг= 76.037.500/ төгрөг төлөхөөс Ганчимэгийн 5152098212 дугаартай данс руу 32.950.000 төгрөгийг, Г.Мэндсайханаар дамжуулан Ганчимэгийн 5152098212 дугаартай данс руу 25.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч, нийт 60.950.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Ц.Г нь ноосны үнийн үлдэгдэл төлбөр болох 15.087.500 төгрөг /76.037.500 төгрөг -60.950.000 төгрөг = 15.087.500/ -ийг Н.Гт төлөх үүрэгтэй./хх-ийн 4-7, 21, 22, 29-37, 47, 65, 69-73, 75,78-80, 82, 83, 89-91-р хуудас/

            Хариуцагч Ц.Г нь Н.Гээс авсан ноосны үнэ гэж 32.900.000 төгрөгийг иргэн Г.Мэндсайханы Хаан банк дахь 5135537604 дугаартай данс руу шилжүүлсэнээс:

            Г.Мэндсайхан нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээг, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээг тус тус хийж, нийт 25.000.000 төгрөгийг Н.Гт өгч, үлдэх 7.900.000 төгрөгийг Г.Мэндсайхан өөртөө авч үлдсэнийг Ц.Ггаас Н.Гт шилжүүлсэн 32.900.000 төгрөгийг бүрэн өгсөн гэж үзэх боломжгүй.

            Мөн Н.Г, Г.Мэндсайхан хоёрын хооронд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээгээр Н.Гнь 15 тн ноосыг 1кг-ыг нь 2970 төгрөгт тооцож 44.550.000 төгрөгөөр заруулахаар хүлээлгэн өгсөн, Г.Мэндсайхан нь дээрх 44.550.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байх тул Г.Мэнсайханаас 2018 оны 8 дугаар сарын 01,10, 19, 20-ны өдрүүдэд Н.Гийн Хаан банк дахь 5152098212 дугаартай данс руу шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг Г.Мэндсайханд худалдсан 15 тн ноосны үнэ гэж үзэх боломжгүй байна./хх-ийн 23, 65, 75, 78-80-р хуудас/

Иймд хариуцагч Ц.Г гаас 15.087.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.4.-д зааснаар Ц.Г гаас 15.087.500 /арван таван сая наян долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан Н.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 233.388 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО