Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00739

 

Н.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01043 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1317 дугаар магадлалтай,

Н.Г-ийн нэхэмжлэлтэй

Ц.Ч-д холбогдох

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 40,087,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Н.Г-ээс Ц.Ч-д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 40,087,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01043 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-д зааснаар Ц.Ч-гаас 15,087,500 төгрөгийг гаргуулан Н.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 233,388 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1317 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбарууд, хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйд гомдолтой байна.

Ц.Ч- нь Н.Г-т ноосны үлдэгдэл төлбөр 6,980,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийг ноос зарсан Мэндсайхан Н.Г- нар нь хоорондын төлбөрийн маргаантай тул өдий хүртэл төлөөгүй байгаа нь үнэн гэдгээ миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрдөг. Энэхүү төлбөрийн үлдэгдэлтэй болохыг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өгсөн Н.Г-ийн мэдүүлэг, Ц.Ч-гийн нэр дээрх Хаан банк дахь 5099442223 тоот дансны хуулга, Г.Мэндсайханы Хаан банк дахь 5135537604 тоот дансны хуулга, Н.Г-ийн нэр дээрх Хаан банк дахь 5152098212 тоот дансны хуулга зэргээр нийт 35,950,000 төгрөг ноосны мөнгөнд шилжүүлсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

Өөрөөр хэлбэл Ц.Ч- нь Г.Мэндсайханы Хаан банк дахь 5135537604 дугаартай данс руу 2018.08.01-ний өдөр ноосны мөнгө 10 сая, 2018.08.10-ны өдөр 10 сая төгрөг, 2018.08.19-ний өдөр 10 сая төгрөг, 2019.02.01-ний өдөр 1.5 сая төгрөгийг тус тус шилжүүлж нийт 32,900,000 төгрөгийг төлсөн байдаг. Мөн Н.Г-ийн Хаан банк дахь 5152098212 дугаартай данс руу 2019.02.04-ний өдөр 1.5 сая төгрөг, 2019.04.04-ний өдөр 10 сая төгрөг, 2019.06.13-ны өдөр 2,950,000 төгрөг, 2019.07.10-ны өдөр 21.5 сая төгрөг тус тус шилжүүлж, нийт 35,950,000 төгрөгийг төлсөн байдаг. Ингээд нийт 68,850,000 төгрөгийг төлсөн бөгөөд ноосны ачигчийн хөлсөнд 207,500 төгрөгийг өгөхөөр тохиролцсон төлбөрийг хасч тооцоод 6,980,000 төгрөг төлөх ёстой нь хангалттай нотлогддог.

Гэтэл шүүх Ц.Ч-гаас Г.Мэндсайхан руу шилжүүлсэн төлбөрийг тооцохдоо 32,900,000 төгрөгөөр биш 25,000,000 төгрөгөөр тооцож, зарим нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Мөн давж заалдах шатны шүүхээс “...Зохигчдын хэн аль нь иргэн Г.Мэндсайханы шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар маргаж, хариуцагчийн хувьд Ц.Мэндсайханаар дамжуулан гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж, нэхэмжлэгч Н.Г- нь Ц.Мэндсайхантай тусдаа гэрээтэй, түүний шилжүүлсэн мөнгө энэ гэрээний үүрэгт хамааралгүй гэж өөр өөр агуулгаар тайлбарлажээ. Уг маргааныг шийдвэрлэхэд иргэн Ц.Мэндсайханы байр суурь буюу тайлбар, мэдүүлэг ач холбогдолтой байжээ. Хэрэгт авагдсан иргэн Ц.Мэндсайханы эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг иргэний хэргийн үйл баримт, иргэний эрх зүйн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой гэж үнэлэх боломжгүй юм.” гэж дүгнээд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна.

Учир нь Н.Г-, Ц.Мэндсайхан нарын тусдаа гэрээтэй гэж маргаж буй ноосны төлбөрийг барагдуулахаар талууд 2019.03.15-ны өдөр талуудын хоорондын хийгдсэн “Төлбөр барагдуулах тухай гэрээ” нь нотлох баримтаар авагдсан байх бөгөөд хэрвээ Ц.Ч-гийн Ц.Мэндсайханы дансаар дамжуулан Н.Г-т өгсөн мөнгө нь тусдаа гэрээний дагуу төлбөр байсан бол энэхүү төлбөр барагдуулах гэрээнд талууд тусгах ёстой байсан. Ц.Ч- нь Ц.Мэндсайханы дансаар дамжуулан Н.Г-т шилжүүлсэн нь энэхүү гэрээ байгуулахаас өмнө он сараар шилжигдсэн нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Гэтэл энэ талаар дурдаагүй байхад шүүх үйл баримтыг хангалттай нотолсон нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчид холбогдох хэсгээс 8,087,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өөрөөр хэлбэл дээр дурдагдсан хуульд заасан аргаар бэхжүүлэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хууль зүйн дүгнэлт хийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2018.07.23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас ачиж авчирсан 19,250 кг хонины ноосыг 1 кг-ыг нь 3,950 төгрөгөөр Чалхаа гэдэг хүнд зарсан. Ноосны үнэ нийт 76,037,500 төгрөгөөс 39,950,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 40,087,500 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа тул гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч: “...Зүс таних Мэндсайхан надад 19,250 кг хонины ноос  өгсөн бөгөөд үнийг дараа төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш Мэндсайханд цувуулаад 2018.07.29-ний өдрөөс 2019.02.01-ний хооронд 32,900,000 төгрөгийг өгсөн, гэтэл Н.Г- гэж хүн утасдаад Мэндсайханы өгсөн ноосыг өөрийнхөө ноос гээд мөнгийг өөртөө өгөхийг хүссэн, энэ талаар Мэндсайханд хэлэхэд зөвшөөрсөн тул үүнээс хойш Н.Г-ийн дансанд 35,950,000 төгрөгийг төлсөн. Нийт 68,850,000 төгрөгийг төлсөн, ноос ачигчийн хөлсөнд өгөх 207,500 төгрөгийг хасч тооцоод 6,980,000 төгрөгийг төлнө ...” гэжээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 15,087,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...энэ хэргийг шийдвэрлэхэд иргэн Г.Мэндсайханы байр суурь буюу тайлбар, мэдүүлэг ач холбогдолтой, ...Г.Мэндсайханы эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг иргэний хэргийн үйл баримт, иргэний эрх зүйн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой гэж үнэлэх боломжгүй, ...түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шийдвэр гарахаас өмнө түүний хүсэлтээр эсвэл шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэхийг шүүх тодруулаагүй байна. ...анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэсэн үндэслэл заажээ.

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлээр хариуцагч нь худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг үндэслэл бүхий тодорхойлоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

Иймд зохигч гэрээний талууд буюу нэхэмжлэгч нь худалдагч, хариуцагч нь худалдан авагч мөн болох нь нотлогдсон байх учиртай.

 Нэхэмжлэгч нь Г.Мэндсайханаар зуучлуулан ноосыг Ц.Ч-д худалдсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч нь Г.Мэндсайханаас ноосыг худалдаж авсан, улмаар түүнд төлбөрийг төлж байсан гэж тайлбарлаж, тайлбараа баримтаар нотолсон байхад анхан шатны шүүх зохигчийн эрх зүйн байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа хариуцагчаар гэрээний үүргийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт нэхэмжлэгч Н.Г- нь ноосны үнийн үлдэгдэл төлбөрийг Г.Мэндсайханаас гаргуулахаар Цагдаагийн байгууллагад хандаж байсан, хэргийг эрүүгийн журмаар шалгагдах явцад ноосны үлдэгдэл төлбөрийг Г.Мэндсайхан, Ц.Чалхаа нараас иргэний журмаар нэхэмжилнэ гэх үндэслэлээр хэргийг хаалгасан, түүнчлэн хариуцагч Ц.Ч-гаас ноосны үнэд Г.Мэндсайханд төлсөн гэх 32,900,000 төгрөг энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарах төлбөрт тооцогдох эсэхийг тодруулахгүйгээр зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул   хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад нийцсэн гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1317 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-Аийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2020.08.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА    

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД