Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00327

 

                                                      Ч.Бямбаагийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2016/01319 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ч.Бямбаа,

Хариуцагч : Эрдэнэт үйлдвэр ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Бямбаа, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Ч.Бямбаа миний бие Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн 2016.4.12-ны өдрийн 353 дугаар тогтоолоор намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-д урьд нь эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон. Энэ хугацаанд цалин орлогоороо хохирсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу 2015.11.16-ны өдрөөс 2016.4.12-ны өдөр хүртлэх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин олговор 5 сарын цалин 22.960.000 төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХКомпаниас гаргуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2016.9.01-ний өдрөөс Ерөнхий захирлын тушаал гарч ажилдаа эргэн орсон болно. Миний бие энэ хугацаанд цалин орлогоороо хохирсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу 2016.4.12-ноос 2016.9.01 хүртэл хугацааны нийт /5 сарын цалин/, цалин олговор 22 сая төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015.4.12-ны өдрөөс 2015.8.17-ны өдөр хүртлэх хугацаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар Ч.Бямбаа ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд цалин хөлсөө авч байсан болно. Иймд Ч.Бямбаагийн 2016.9.13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн хэлтэсээс 2015.11.16-наас 2016.09.01 хүртэл Ч.Бямбаад нийт 24.531.900 төгрөг олгох үндэстэй гэсэн тооцоо гаргасан гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1319 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 36.163.515 төгрөг гаргуулан Ч.Бямбаад олгож, нэхэмжлэлээс 8.796.485 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ч.Бямбаагийн цалинтай тэнцэх олговор 36.163.515 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 338.768 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай магадлал гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2016/01319 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн. 2. 2015.11.16-2016.9.01-ний өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 36.163.515 төгрөг гаргуулах шийдвэр гаргуулах хэргийн материалын 48,49 дүгээр хуудсанд байгаа 2014.3.26-ны өдрийн Ч.Бямбаагийн 3 сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцсон нь цаг хугацааны хувьд 2 жилийн өмнө авч байсан цалингийн дундаж бөгөөд 2015 онд авсан, 2016 онд авах байсан цалингаас зөрүүтэй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалаар баталсан журмын 7 дугаар зүйлийн А хэсэгт “Ажилтан буруу халсан үеийн олговор олгох”-той холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлогдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж хөлсөөр тооцно гэсэн. Мөн Ч.Бямбаад 2015.11.16-ны өдрөөс 2016.9.01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 36.163.515 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан аргчлан нь ойлгомжгүй. 3. Эрдэнэт үйлдвэрийн захирлын А/745 дугаар тушаалын 3, 6 дугаар хавсралтаар Ур чадварын нэмэгдлийн санг бүрдүүлэх, зарцуулах” журмыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт Захирлууд өөрийн харьяалах чиглэл, хэлтэс, цехийн хүрээнд хэлтэс, цехийн удирдлагын шалгаруулалт, саналаар ажилтанд нэмэлт даалгавар оноох, тэр нь үйлдвэрлэл, цаг үеийн тулгамдсан асуудлыг хамаарч чадварын өндөр түвшин шаардах болзлыг биелүүлж буй тохиолдолд хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулна” гэсэн. Гэтэл 2014 оны 8 дугаар сараас хойш Ерөнхий захиратай хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т заасны дагуу “...нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” гэсэн. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж нэг нь нэхэмжлэгч талд байх ёстой байхад гаргаж өгөөгүй. Хэргийн 78,81 хуудсанд байгаа Эдийн засгийн хэлтсийн даргын 108/15, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын 113/360 дугаар албан бичгүүд болон гэрч Д.Туяагийн тайлбар, мэдүүлгээр Ч.Бямбаа нь 2015 онд хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулаагүй нь нотлогдож байна. 4. Хэргийн 79-81 хуудас дахь баримтууд, 2016.10.13-ны өдрийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамд хаягласан Санхүү бүртгэлийн хэлтсийн албан бичиг зэрэг нь нэхэмжлэлийн татгалзлын үндэс болохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. 5. Хэргийн 79,80 хуудсад цалин хөлсийн тооцоог Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Туяа гаргасан болно. 6. 2015 онд 6.483.000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээний нэмэлт байгуулалгүй Ерөнхйи захирлын тушаал, Ур чадварын нэмэгдлийн санг бүрдүүлэх, зарцуулах журмыг зөрчин олгосон байдаг. Дээрх үндэслэлгүй олгосон мөнгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2 дахь хэсэгт заасны дагуу хамт шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол ирүүлсэн тайлбартаа: Хэрэгт нэхэмжлэгч Ч.Бямбаагийн НДД-ийн хуулбарт авагдсан цалингийн дунджийг бодож үзэхэд 48-р  хуудсад б айгаа цалингийн дундажтай адил байгаа тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Захирлын А/745 тушаалаар түүнтэй 2014 онд гэрээ байгуулсан. Уг гэрээг цуцлах талаар ажил олгогч, ажилтан аль аль нь санаачлалгүй, гэрээг автоматаар сунгагдан 6.483.000 төгрөгийг олгосон. Энэ нь Ч.Бямбаагийн үндсэн цалинд багтаж нэмэгдэл хөлсөд орж байгаа. Иймээс түүнээс 6.483.000 төгрөгийг сөргүүлж нэхэх ямар ч үндэслэлгүй юм. Ур чадварын нэмэгдлийг Сум дундын шүүхэд дахин нэхэмжлэл гарган уг нэхэмжлэлтэй хэргийг шүүх 2016 оны хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэл нь харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах шаардлага байх ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.Бямбаа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 44.960.000 төгрөг гаргуулах...” шаардлага тавьсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлээс 36.163.515 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 8.796.485 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Ч.Бямбааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөр аюлгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос 15.153.996 төгрөг гаргуулах тухай Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00353 дугаар тогтоолоор /хх 4-9/ хэвээр үлдээсэн, уг тогтоолын дагуу хариуцагч нэхэмжлэгчид 15.153.996 төгрөг төлж, ажилтныг хуучин ажилд нь эгүүлэн авах Б/944 дугаар тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. 

Ч.Бямбаа нь ажилгүй байсан цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 15.153.996 төгрөгийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00353 дугаар шийдвэрээр авсан нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг ажил олгогчоос шаардахад саад болохгүй. Иймд хоёр шатны шүүх хариуцагчаас нийт 36.163.515 төгрөг гаргуулж Ч.Бямбаад олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. 

Хариуцагч нэхэмжлэгчийн дундаж цалин 2.400.000 төгрөг, мөн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг олгодог хөдөлмөрийн нэмэлт гэрээг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш байгуулаагүй гэж гомдол гаргах боловч энэ үйл баримтыг хариуцагч нотолж чадаагүй байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд ажилтны цалинг тодорхойлж хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг 36.163.515 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Сөрөг нэхэмжлэлийг хуульд зааснаар зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж болох тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т нийцэхгүй болжээ.

Иймд, хоёр шатны шүүх Ч.Бямбаагийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гомдлыг хангахгүй орхив.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2016/01319 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 201.055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ