Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/01589

 

 

 

 

 

2017 07 17

1589

 

 

Н.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00992 дугаар шийдвэртэй Н.Батбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Батбаярын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/08904 дугаар шийдвэрээр Н.Батбаяраас 69 813 330 төгрөг гаргуулж "Мөнгөн зоос кредит ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /170112/, ХД-69 байрны 58 тоот хаягт байрлах, 45.05 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг 66 914 100 төгрөгөөр үнэлсэн нь өнөөгийн зах зээлийн ханшаас хэт бага байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тайлбарт: Монгол улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 816 дугаар тогтоолоор Н.Батбаяраас 145 561 350 төгрөгийг гаргуулж "Мөнгөн зоос кредит" ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Н.Батбаярын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил ХД 69 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах 46.05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч Н.Батбаяр нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 160 000 000 төгрөгөөр ирүүлсэн бөгөөд төлбөр авагч "Мөнгөн зоос кредит" ББСБайгууллага нь уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн. Монгол улсын иргэний хуулийн 177.1-д заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийг зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор томилж, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 66 914 100 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээний 70 хувь буюу 46 839 870 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг 66 914 100 /жаран зургаан сая есөн зуун арван дөрвөн мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хзвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Хөрөнгө үнэлгээний төв" ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба уг байгууллагыг шинжээчээр томилохдоо төлбөр төлөгч, авагчтай холбоотой эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар тодруулаагүй, шинжээчид хууль сануулаагүй байхад шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хариуцагч байгууллага нь төлбөр авагч "Мөнгөн зоос кредит" ББСБ-тай ашиг сонирхлын хувьд нэгдмэл байр суурьтай байгууллагыг шинжээчээр томилж Н.Батбаярын эд хөрөнгийг зах зээлийн үнээс илтэд бага үнээр үнэлүүлсэн байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй.

Иймд шүүхийн шийдвэрт хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг 66 914 100 /жаран зургаан сая есөн зуун арван дөрвөн мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Батбаяр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8904 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 816 дугаар тогтоолоор Н.Батбаяраас 144 680 000 төгрөг гаргуулж, Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн ба хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2551 дугаар захирамж, мөн өдрийн 265 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, ХД-69 дүгээр байрны 58 тоот хаягт байрлах орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 150/91 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 18ы өдрийн 150/99 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 66 914 100 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг зөрчөөгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч тал төлбөр авагч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-тай ашиг сонирхлын нэгдмэл байр суурьтай Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийг илтэд бага үнээр үнэлүүлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, үнэлгээ хууль бус болохыг тогтоосон болон шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээнд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах болон эд хөрөнгө үнэлэхтэй холбоотой зохицуулалтыг бүхэлд нь баримталж, хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглээгүй байхын зэрэгцээ шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт үг, үсгийн алдаа /заадтад/ гаргасан боловч энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ