Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00163

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00163

 

 

 

"Р" ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02249 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч "Р" ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Х" ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 37 130 550 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн, бүтээгдэхүүний үнэд илүү төлсөн 42 032 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх

Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Анхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Р" ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь "Х" ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр БНГ-01/09-023 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бетон зуурмаг худалдан авсан. Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч болох "Х" ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөлгүй 24 753 700 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 24 753 700 төгрөг, гэрээний 4.6-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцож 12 376 850 төгрөг, нийт 37 130 550 төгрөгийг хариуцагч Хаппибюлдинг ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч "Х" ХХК-ийн төлөөлөгч Б.Отгонбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Р" ХК нь "Х" ХХК-ийн гүйцэтгэсэн АШУҮИС-ийн шинэ цогцолборын А, Б блок барилга угсралтын ажилд бүтээгдэхүүн нийлүүлэх БНГ-01/09-023 тоот гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлсэн. Тухайн барилга угсралтын ажлын ул бетон суурь, зоорийн давхар, 1,2 дугаар давхаруудад "Р" ХК-иас бетон зуурмаг авсан бөгөөд 3, 6-р давхаруудад Нягт Оршихуй ХХК-иас бетон зуурмаг авсан. Уг барилга угсралтын ажлын 1, 5-р давхар нь давтагдах давхар бөгөөд эдгээр давхаруудад бетон зуурмаг ижил хэмжээтэй орох ёстой. Гэвч "Р" ХК-ийн нийлүүлсэн бетон зуурмаг нь давтагдах давхар болох 1, 2-р давхар /нэг давхарт ойролцоогоор 507-517 м.куб/ давхаруудад орсон бөгөөд зураг төсөлд тусгагдсан бетон зуурмагаас даруй 19-20 хувиар их хэмжээтэй бетон зуурмаг орсон байна. Бид дээрх хөндлөнгийн байгууллагаар ажлын зураг төсөл дээрээс хэмжилт хийлгэж үзэхэд давтагдах давхар буюу 1, 5-р давхаруудад тус бүр нэг давхарт нь 519 м.куб бетон зуурмаг орох тооцоо гарсан болно. Эндээс үзвэл "Р" ХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээгээ 23 хувь нэмсэн гэж үзэж байгаа бөгөөд нийт нийлүүлсэн 3003 м.куб бетон зуурмагаас тооцож үзвэл 634 м.куб бетонийг "Р" ХК дутуу нийлүүлсэн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч "Х" ХХК-ийн төлөөлөгч Б.Отгонбаатар сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани "Р" ХК-д холбогдуулан шүүхэд анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа 89 879 822 төгрөг нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж "Р" ХК-аас 42 032 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Тооцооллын хувьд хоёр компанийн хооронд бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт байгаа, түүн дээр 2941 м.куб гэж байгаа, эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож байна. Шинжээчийн дүгнэлтээр энэ барилгад 2645 м.куб зуурмаг орно гэж үзсэн. Энэ хоёрын зөрүү нь 296 м.куб, нэг м.кубыг 142 000 төгрөгөөр тооцсон. Гэрээний дагуу "Х" ХХК-иас "Р" ХК руу 398 000 000 төгрөгийг төлсөн. Гэхдээ энэ нь илүү төлөлт байсан байна. Тийм учраас илүү төлсөн мөнгөө авахаар шаардлага гаргасан. Анх 3003 м.куб гэж тохиролцож нийт 422 618 200 төгрөг болсон. Бид 398 000 000 төгрөгийг "Р" ХК-д төлсөн. Энэ мөнгө нь 296 м.куб зуурмагийн төлбөрийг дотроо агуулсан, бид нар илүү мөнгө төлсөн байгаа тул 42 032 000 төгрөгийг "Р" ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан БНГ-01/04-04 тоот гэрээ болон 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд Худалдан авагчийн эрх үүрэг-ийн 2.1-т Худалдан авагч тал нь ажлын хуваарь буюу Худалдан авах бүтээгдэхүүний захиалгын марк, конус суулт, кубын тоо хэмжээ... бүтээгдэхүүний захиалгыг 2 хоногийн өмнө нийлүүлэгч талд өгөх үүрэгтэй гэж заасан. Гэрээ ёсоор "Х" ХХК-ийн захиалсан тоо хэмжээгээр "Р" ХК-д бетон зуурмагийг цаг тухай бүрт хүргэн өгч хүлээлгэн өгсөн баримт үйлдэж баталгаажуулж байсан болно. Бетон зуурмаг хүлээн авч байх үед тоо хэмжээний хувьд ямар нэг зөрүү дутагдал гарч байгаагүй, төлбөр тооцоог хэсэгчлэн төлж, зарим тохиолдолд бараа материалд машин оролцуулан төлбөр хийж байсан.

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4.261 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн бөгөөд нийт бетон зуурмагийн үнэ 630 019 300 төгрөг төлөхөөс одоо үлдэгдэл 24 753 700 төгрөг төлөгдөөгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр "Р" ХК болон "Х" ХХК-ний санхүүгийн нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Уг гэрээний дагуу Анагаахын цэцэрлэгт буюу Баянзүрх дүүргийн Амгалан Батоникийн хашаанд 2941 м3 бетон зуурмаг нийлүүлсэн, "Х" ХХК-иас гэрээний дагуу 403 511 000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч "Х" ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 406 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Р" ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 724 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч "Х" ХХК-ийн 42 032 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч "Р" ХК-иас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 345.00 төгрөгийг, хариуцагч "Х" ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 607 349 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Х" ХХК-иас 264 981 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаатар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс маргааны гол зүйл болох нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний хэмжээг буруу тооцоолсон байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс уг асуудлыг тодруулахаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсоны дагуу 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дүгнэлт гаргасан. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр тус барилгын ажлын зургаас тооцон барилгад орох нийт бетоны хэмжээг 2 645 м.куб болохыг тооцон гаргасан ба хариуцагчийн зүгээс уг хэмжээг хүлээн зөвшөөрч үндэслэлээ болгосон.

Гэтэл шүүхээс тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосон хэмжээг /2 645 м.куб/ бус хавтаст хэрэгт авагдсан бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтад дурдсан дүнг хооронд нь нэмж гаргасан хэмжээг /2 941 м.куб/ баримталсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас уг дүнг хүлээн зөвшөөрсөн мэтээр буруу дүгнэж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Мөн шүүх илүү төлсөн үнийг буцаан шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь хариуцагч шаардах эрхтэй буюу төлбөрийг илүү төлсөн, нэхэмжлэгч бага хэмжээтэй бетон нийлүүлсэн болохыг тогтоосон гэж ойлгогдож байгаа атлаа нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж байгаа нь ойлгомжгүй болсон. Хариуцагчийн худалдан авсан бүтээгдэхүүн болох бетон зуурмаг нь үйлдвэрээсээ шууд зориулалтын битүү машинд савлагдаж, барилгын талбайд ирмэгцээ цутгагддаг тул хүлээн авах үедээ хүлээлгэн өгөх баримттай нийлж, зөрж байгаа эсэхийг хэмжин мэдэх боломжгүй байдаг онцлогтой. Иймд хариуцагчаас шүүхэд маргаан үүссэний дараа мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргамагц сөрөг нэхэмжлэл гаргаж, илүү төлсөн үнийг шаардсан тул хугацаа хэтрээгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хугацааны тухай маргаагүй, шүүх хуралдаанд яригдаагүй байхад шүүхээс өөрийн санаачлагаар дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч "Р" ХК нь хариуцагч "Х" ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 130 55 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, бүтээгдэхүүний үнэд 42 032 000 төгрөг илүү төлсөн гэх үндэслэл заан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2016 оны 4 дүгээр сарын 12, мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ тус тус байгуулсан, уг гэрээнүүдийн дагуу "Р" ХК нь бетон зуурмаг нийлүүлж, "Х" ХХК хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, "Р" ХК-ийн нэхэмжлэх, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон байна. Гэрээний хүчин төгөлдөр байдал болон дээрх үйл баримтад талууд маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэжээ.

Зохигчид нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ, түүнд илүү үнэ төлсөн эсэх талаар маргаж байна.

Нэхэмжлэгч "Р" ХК нь худалдсан бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэхдээ 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэлээ болгожээ. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл гэрээний талууд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны хооронд гарсан ажил гүйлгээг анхан шатны баримт тус бүрээр тооцоо нийлээд хариуцагч компани 24 755 700 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, хоёр компанийн нягтлан бодогч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /1хх-12/

Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилсон шинжээч нь шинжилгээний материалыг зохигч талуудаас шаардахад хариуцагчаас барилгын ажлын зургийг цахим шуудангаар илгээж, 2941 м.куб бетон зуурмаг хүлээн авсан тухай баримт хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч талаас баримт ирүүлээгүй тул шинжээчээс өөрт ирсэн баримт болох 2016 оны ЭД-16-04-А3 тоот шифр бүхий 138 хуудас барилга бүтээцийн ажлын зургаас хариуцагчийн бетон зуурмаг нийлүүлсэн гэх барилгын суурь, зоорь, 1, 2 давхрыг салгаж, ажлын зургийн дагуу нийт 2 645 м.куб зуурмаг орох тооцоо гаргаж, харин хариуцагчийн хүлээлгэн өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэгчээс 2941 м.куб бетон зуурмаг авсан гэсэн дүгнэлтийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргажээ. /1хх-58, 68-210/

Нэхэмжлэгчээс уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахад шинжээч нь тухайн барилгыг ашиглалтад орсонтой холбогдуулан газар дээр нь хэмжилт хийж, бетоны хэмжээг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлтийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байна. /1хх-220-221, 235-236/ Шүүх анхны шинжээчийн гаргасан дүгнэлт болон 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ, талуудын тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд нэхэмжлэгч "Р" ХК нь хариуцагч "Х" ХХК-д 417 622 000 төгрөгийн үнэ бүхий 2941 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамд нийцжээ.

Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчид худалдан авсан бетон зуурмагийн үнэд 403 351 100 төгрөг төлж, 14 270 900 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэн, уг үүргийг түүнд ногдох алдангийг талуудын гэрээний тохиролцоог үндэслэн хариуцагч "Х" ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч "Х" ХХК нь нэхэмжлэгч "Р" ХК-иас 89 879 822 гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дээрх шаардлагаа 42 032 000 төгрөг болгон багасгажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4, 254.6,255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг хэрэглэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 дэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл тоо хэмжээний хувьд дуту байвал худалдан авагч тал ямар эрх эдлэх талаар зохицуулж өгсөн бөгөөд энэ нь худалдагч тал барааг илгээн тухайн цаг хугацаатай холбоотой ойлголт юм. Худалдан авагч нь хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар хүлээн авч байгаа бараа нь тоо хэмжээнээсээ дутуу, баримтад заагдсанаас дутуу байгаа тохиолдолд хүлээн авахаас татгалзах эрхтэй. Хэрвээ хүлээн авахаас татгалзаагүй бол дутуу үнийг буцаан төлөх эрхийг мөн зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан байгаа боловч хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаснаас өөрөөр хүлээж авсан бетон зуурмаг нь дутуу хэмжээтэй байсан талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хариуцагчийн шаардлагын үндэслэлээ болгож буй шинжээчийн дүгнэлтийн хувьд тухайн барилгын бүтээцийн зургийг үндэслэн техникийн үзүүлэлтийн хувьд тухайн баригдсан барилгын талуудад хамааралтай обьектод орох боломжтой бетон зуурмагийн хэмжээний талаар дүгнэлт гаргасан байна. Харин нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээг тогтоохдоо хариуцагч талаас гаргаж өгсөн бетон зуурмаг хүлээн авсан баримтыг үндэслэж дүгнэлт гаргасныг бодитой бус, эргэлзээтэй гэж үзэх боломжгүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ч.ЦЭНД