Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/02249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Р” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 37.130.550 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 42.032.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ..... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ............ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь “Х” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр БНГ-01/09-023 тоот “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж, гэрээний дагуу манай компаниас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бетон зуурмаг худалдан авсан. Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч болох “Х” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийн байдлаар 24.753.700 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 24.753.700 төгрөг, гэрээний 4.6-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцож 12.376.850 төгрөг, нийт 37.130.550 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан БНГ-01/04-04 тоот гэрээ болон 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд “Худалдан авагчийн эрх үүрэг”-ийн 2.1-т “Худалдан авагч тал нь ажлын хуваарь буюу “Худалдан авах бүтээгдэхүүний захиалгын марк, конус суулт, кубын тоо хэмжээ...  бүтээгдэхүүний захиалгыг 2 хоногийн өмнө нийлүүлэгч талд өгөх үүрэгтэй” гэж заасан. Гэрээ ёсоор “Х” ХХК-ийн захиалсан тоо хэмжээгээр “Р” ХК-д бетон зуурмагийг цаг тухай бүрт хүргэн өгч хүлээлгэн өгсөн баримт үйлдэж баталгаажуулж байсан болно. Бетон зуурмаг хүлээн авч байх үед тоо хэмжээний хувьд ямар нэг зөрүү дутагдал гарч байгаагүй, төлбөр тооцоог хэсэгчлэн төлж, зарим тохиолдолд бараа материалд машин оролцуулан төлбөр хийж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4.261 м3 бетон зуурмаг нийлүүлсэн бөгөөд нийт бетон зуурмагийн үнэ 630.019.300 төгрөг төлөхөөс одоо үлдэгдэл 24.753.700 төгрөг төлөгдөөгүй байна. 2016 онй 12 дугаар сарын 13-ны өдөр “Р” ХК болон “Х” ХХК-ний санхүүгийн нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Уг гэрээний дагуу А-т буюу Б хашаанд 2941 м3 бетон зуурмаг нийлүүлсэн, “Х” ХХК-иас гэрээний дагуу 403.511.000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Р” ХК нь “Х” ХХК-ийн гүйцэтгэсэн А-ийн шинэ цогцолборын А, Б блок барилга угсралтын ажилд Бүтээгдэхүүн нийлүүлэх  БНГ-01/09-023 тоот гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлсэн. Тухайн барилга угсралтын ажлын ул бетон суурь, зоорийн давхар, 1, 2-р давхаруудад “Р” ХК-иас бетон зуурмаг авсан бөгөөд 3, 6-р давхаруудад “Н” ХХК-иас бетон зуурмаг авсан. Уг барилга угсралтын ажлын 1, 5-р давхар нь давтагдах давхар бөгөөд эдгээр давхаруудад бетон зуурмаг ижил хэмжээтэй орох ёстой болно. Гэвч “Р” ХК-ийн нийлүүлсэн бетон зуурмаг нь давтагдах давхар болох 1, 2-р давхар /нэг давхарт ойролцоогоор 507-517м3/ давхаруудад орсон бөгөөд зураг төсөлд тусгагдсан бетон зуурмагаас даруй 19-20 хувиар их хэмжээтэй бетон зуурмаг орсон байна. Бид дээрх хөндлөнгийн байгууллагаар ажлын зураг төсөл дээрээс хэмжилт хийлгэж үзэхэд давтагдах давхар буюу 1, 5-р давхаруудад тус бүр нэг давхарт нь 519 м3 бетон зуурмаг орох тооцоо гарсан болно. Эндээс үзвэл “Р” ХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээгээ 23 хувь нэмсэн гэж үзэж байгаа бөгөөд нийт нийлүүлсэн 3003 м3 бетон зуурмагаас тооцож үзвэл 634 м3 бетонийг “Р” ХК дутуу нийлүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд дутуу нийлүүлсэн бетонийн үнийг манай компани илүү төлсөн байна. “Х” ХХК-ийн зүгээс “Р” ХК-иас 42.032.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тооцооллын хувьд хоёр компанийн хооронд бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт байгаа, түүн дээр 2941 м.куб гэж байгаа, эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож байгаа, шинжээчийн дүгнэлтээр энэ барилгад 2645 м.куб зуурмаг орохоор байжээ гэж үзсэн. Тэгэхээр энэ хоёрын зөрүү нь 296 м.куб, нэг м.куб нь 142.000 төгрөгөөр тооцсон. Гэрээний дагуу “Х” ХХК-иас “Р” ХК руу 398 сая төгрөгийг төлсөн. Гэхдээ энэ нь илүү төлөлт байсан байна, тийм учраас илүү төлсөн мөнгөө авахаар шаардлага гаргасан. Анх 3003 м.куб гэж тохиролцсон. Үүний нийт дүн нь 422.618.200 төгрөг болсон. Үүнээс бид нар ерөнхий байдлаар 398 сая төгрөгийг “Р” ХК-д төлсөн. Энэ мөнгө нь 296 м.куб зуурмагийн төлбөрийг дотроо агуулсан, бид нар илүү мөнгө төлсөн байгаа тул 42.032.000 төгрөгийг “Р” ХК-иас нэхэмжилж байна.

“Р” ХК-иас нийт 2645 м3 бетон зуурмаг нийлүүлсэн үүнийг 142.000 төгрөгөөр тооцоход 375.590.000 төгрөг болно. Бид нийт 422.618.000 төгрөг төлсөн тул илүү төлсөн 47.028.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй хэдий боловч нэхэмжлэгч “Р” ХК-иас 42.032.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

“Р” ХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 37.130.550 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, 42.032.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Х” ХХК, “Р” ХК-ийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр БНГ-01/09-023 дугаар “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийлүүлэгч “Р” ХК нь ......................... хашаанд М300 маркийн бетон зуурмаг 3400 м3 -ийг тээвэрлэн нийлүүлэх, худалдан авагч “Х” ХХК нь 1 м3 /М300 маркийн/ бетон зуурмагийн үнэд 142.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна.

 

1. Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан “2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар 24.755.700 төгрөг...” гэсэн байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдагч “Р” ХК нь 2941 м3 бетон зуурмагийг худалдан авагч “Х” ХХК-д нийлүүлсэн болох нь Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Барилгын төсөвчдийн холбооны 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 61/2 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр нотлогджээ. Зохигчид Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдав.

 

Гэрээний 2.16, 4.4-т “худалдан авагч нь ...М300 маркийн бетон зуурмаг хүлээн авна, бүтээгдэхүүний хэмжээ нь М300...” гэж заасан байх тул уг гэрээний хавсралт-т заасан “М300 маркийн бетон зуурмагийн үнэ 142.000 төгрөг” гэж тохиролцсоны дагуу худалдагч “Р” ХК-иас 417.622.000 төгрөгийн үнэ бүхий М300 маркийн 2941 м3 бетон зуурмагийг худалдан авагч “Х” ХХК-д нийлүүлсэн байна гэж үзэв.

 

Хариуцагч “Х” ХХК-иас “...гэрээний дагуу 422.618.200 төгрөгийг төлсөн” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч зохигчийн шүүх хуралдаанд гаргасан “...Х ХХК-иас өмнө нь байгуулсан гэрээ болон 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн БНГ-01/09-023 дугаар Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт нийт 605.265.600 төгрөг төлсөн, үүнээс өмнө нь байгуулсан гэрээний төлбөрт 126.009.800 төгрөгийг төлсөн, мөн 75.904.700 төгрөгийг төлсөн талаар маргахгүй” гэсэн тайлбарыг үндэслэн /талуудын хооронд өмнө нь байгуулагдсан гэрээ болон 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн БНГ-01/09-023 дугаар Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу Х ХХК-иас нийт 605.265.600 төгрөгийг Р ХК-д шилжүүлснээс өмнө нь байгуулагдсан гэрээний дагуу төлөгдсөн 126.009.800 төгрөг болон 75.904.700 төгрөгийг хасаж тооцон үлдэх 403.351.100 төгрөгийг Х ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн БНГ-01/09-023 дугаар Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд Р ХК-д шилжүүлсэн байна” гэж дүгнэв.

 

Иймд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн БНГ-01/09-023 дугаар “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу худалдагч” Р” ХК-иас 417.622.000 төгрөгийн үнэ бүхий М300 маркийн 2941 м3 бетон зуурмагийг худалдан авагч “Х” ХХК-д нийлүүлсэн, худалдан авагч “Х” ХХК-иас 417.622.000 төгрөгийг төлөхөөс 403.351.100 төгрөгийг төлсөн байх үлдэх 14.270.900 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Р” ХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэж байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д “худалдан авагч гэрээнд тогтоосон журмын дагуу хүндэтгэх шалтгаангүйгээр төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг болох 14.270.900 төгрөгийн 0.2 хувиар алданги тооцож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар 14.270.900 төгрөгийн 50 хувь болох 7.135.450 төгрөгийн алдангийг хариуцагч “Х” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Р” ХК-д олгох нь зүйтэй болно.

 

2. Хариуцагч “Х” ХХК-ийн “...Р ХК-иас 2645 м3 бетон зуурмаг нийлүүлсэн үүнийг 142.000 төгрөгөөр тооцоход 375.590.000 төгрөг болно. Бид 422.618.000 төгрөг төлсөн тул илүү төлсөн 42.032.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдагч ”Р” ХК-иас 417.622.000 төгрөгийн үнэ бүхий М300 маркийн 2941 м3 бетон зуурмагийг худалдан авагч “Х” ХХК-д нийлүүлсэн, худалдан авагч “Х” ХХК-иас уг бетон зуурмагийн үнэд 403.351.100 төгрөгийг ”Р” ХК-д төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4, 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааснаар хариуцагч “Х” ХХК нь худалдагч ”Р” ХК-иас “дутуу эд хөрөнгийг /бетон зуураг/ хүлээн авсан, илүү төлсөн үнийг буцаан шаардах” эрхээ алдсан болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Х” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн БНГ-01/09-023 дугаар “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрт 14.270.900 төгрөг, алданги 7.135.450 төгрөг, нийт 21.406.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.724.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Х” ХХК-ийн “...илүү төлсөн 42.032.000 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.406.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.724.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Х” ХХК-ийн 42.032.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Р” ХК-иас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 345.00 төгрөгийг, хариуцагч “Х” ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 607.349 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 264.981 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД