Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01217

 

2021           10            12                                          001/ХТ2021/01217

 

 

 

“.........” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02249 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаар магадлалтай,

 

“.........” ХК-ийн нэхэмжлэлтэй

“.........” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 37,130,550 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бүтээгдэхүүний үнэд илүү төлсөн 42,032,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонбаяр, Г.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “.........” ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “.........” ХХК-тай 2016.09.05-ны өдөр БНГ-01/09-023 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж 2016.04.12-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бетон зуурмаг худалдан авсан. Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч болох “.........” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөлгүй 24,753,700 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 24,753,700 төгрөг, гэрээний 4.6-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцож 12,376,850 төгрөг, нийт 37,130,550 төгрөгийг хариуцагч “Хаппибюлдинг” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “.........” ХХК-ийн төлөөлөгч Б.Отгонбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “.........” ХК нь “.........” ХХК-ийн гүйцэтгэсэн АШУҮИС-ийн шинэ цогцолборын А, Б блок барилга угсралтын ажилд бүтээгдэхүүн нийлүүлэх БНГ-01/09-023 тоот гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлсэн. Тухайн барилга угсралтын ажлын ул бетон суурь, зоорийн давхар, 1,2 дугаар давхаруудад “.........” ХК-иас бетон зуурмаг авсан бөгөөд 3, 6-р давхаруудад “Нягт Оршихуй” ХХК-иас бетон зуурмаг авсан. Уг барилга угсралтын ажлын 1, 5-р давхар нь давтагдах давхар бөгөөд эдгээр давхаруудад бетон зуурмаг ижил хэмжээтэй орох ёстой. Гэвч “.........” ХК-ийн нийлүүлсэн бетон зуурмаг нь давтагдах давхар болох 1, 2-р давхар /нэг давхарт ойролцоогоор 507-517 м.куб/ давхаруудад орсон бөгөөд зураг төсөлд тусгагдсан бетон зуурмагаас даруй 19-20 хувиар их хэмжээтэй бетон зуурмаг орсон байна. Бид дээрх хөндлөнгийн байгууллагаар ажлын зураг төсөл дээрээс хэмжилт хийлгэж үзэхэд давтагдах давхар буюу 1, 5-р давхаруудад тус бүр нэг давхарт нь 519 м.куб бетон зуурмаг орох тооцоо гарсан болно. Эндээс үзвэл “.........” ХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээгээ 23 хувь нэмсэн гэж үзэж байгаа бөгөөд нийт нийлүүлсэн 3003 м.куб бетон зуурмагаас тооцож үзвэл 634 м.куб бетонийг “.........” ХК дутуу нийлүүлсэн гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “.........” ХХК-ийн төлөөлөгч Б.Отгонбаатар сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани “.........” ХК-д холбогдуулан шүүхэд анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа 89,879,822 төгрөг нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “.........” ХК-аас 42,032,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Тооцооллын хувьд хоёр компанийн хооронд бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт байгаа, түүн дээр 2941 м.куб гэж байгаа, эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож байна. Шинжээчийн дүгнэлтээр энэ барилгад 2645 м.куб зуурмаг орно гэж үзсэн. Энэ хоёрын зөрүү нь 296 м.куб, нэг м.кубыг 142,000 төгрөгөөр тооцсон. Гэрээний дагуу “.........” ХХК-иас “.........” ХК руу 398,000,000 төгрөгийг төлсөн. Гэхдээ энэ нь илүү төлөлт байсан байна. Тийм учраас илүү төлсөн мөнгөө авахаар шаардлага гаргасан. Анх 3003 м.куб гэж тохиролцож нийт 422,618,200 төгрөг болсон. Бид 398,000,000 төгрөгийг “.........” ХК-д төлсөн. Энэ мөнгө нь 296 м.куб зуурмагийн төлбөрийг дотроо агуулсан, бид нар илүү мөнгө төлсөн байгаа тул 42,032,000 төгрөгийг “.........” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016.04.12-ны өдөр байгуулсан БНГ-01/04-04 тоот гэрээ болон 2016.09.05-ны өдөр байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд Худалдан авагчийн эрх үүрэг-ийн 2.1-т Худалдан авагч тал нь ажлын хуваарь буюу Худалдан авах бүтээгдэхүүний захиалгын марк, конус суулт, кубын тоо хэмжээ... бүтээгдэхүүний захиалгыг 2 хоногийн өмнө нийлүүлэгч талд өгөх үүрэгтэй гэж заасан. Гэрээ ёсоор “.........” ХХК-ийн захиалсан тоо хэмжээгээр “.........” ХК-д бетон зуурмагийг цаг тухай бүрт хүргэн өгч хүлээлгэн өгсөн баримт үйлдэж баталгаажуулж байсан болно. Бетон зуурмаг хүлээн авч байх үед тоо хэмжээний хувьд ямар нэг зөрүү дутагдал гарч байгаагүй, төлбөр тооцоог хэсэгчлэн төлж, зарим тохиолдолд бараа материалд машин оролцуулан төлбөр хийж байсан. 2016.04.12-ны өдрөөс 2016.10.20-ны өдөр 4.261 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн бөгөөд нийт бетон зуурмагийн үнэ 630,019,300 төгрөг төлөхөөс одоо үлдэгдэл 24,753,700 төгрөг төлөгдөөгүй байна. 2016.12.13-ны өдөр “.........” ХК болон “.........” ХХК-ний санхүүгийн нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Уг гэрээний дагуу Анагаахын цэцэрлэгт буюу Баянзүрх дүүргийн Амгалан Батоникийн хашаанд 2941 м3 бетон зуурмаг нийлүүлсэн, “.........” ХХК-иас гэрээний дагуу 403,511,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02249 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч ......... ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 406 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......... ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 724 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ......... ХХК-ийн 42 032 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ......... ХК-иас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 345.00 төгрөгийг, хариуцагч ......... ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 607 349 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... ХХК-иас 264 981 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаатар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2016.09.05-ны өдөр БНГ-01/09-023 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу“.........” ХХК болон “.........” ХК-ууд АШУҮИС-ийн шинэ цогцолборын А болон Б блокын барилгын ажилд бетон зуурмаг авахаар тохиролцсон. “.........” ХК гэрээний төлөгдөөгүй төлбөр болон гэрээнд заасан алдангийг нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд энэ явцад шүүхээс томилогдсон шинжээчийн гаргасан дүгнэлтээс гэрээ болон баримтад заагдснаас бага бүтээгдэхүүн бодитоор нийлүүлсэн байсан тул түүнд илүү төлсөн төлбөрөө буцаан шаардаж шүүхэд маргаан үүсгэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны гол зүйл болох нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний хэмжээг буруу тооцоолсон. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс уг асуудлыг тодруулахаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсны дагуу 2018.12.24-ний өдөр дүгнэлт гаргасан. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр тус барилгын ажлын зургаас тооцон барилгад орох нийт бетоны хэмжээг 2,645 м.куб болохыг тооцон гаргасан ба хариуцагчийн зүгээс уг хэмжээг хүлээн зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон. Гэтэл шүүхээс тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосон хэмжээг /2,645 м.куб/ бус хавтаст хэрэгт авагдсан бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтад дурдсан дүнг хооронд нь нэмж гаргасан буюу шинжээчийн тусгай мэдлэг, ур чадвар шаардагдахгүй асуудлаар гаргасан хэмжээг /2,941 м.куб/ баримталсан нь үндэслэлгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн үүнд үндэслэн буруу дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн. Худалдан авсан бүтээгдэхүүн болох бетон зуурмаг нь үйлдвэрээсээ шууд зориулалтын битүү машинд савлагдаж, барилгын талбайд ирмэгцээ цутгагддаг тул хүлээн авах үедээ хүлээлгэн өгөх баримттай нийлж, зөрж байгаа эсэхийг хэмжин мэдэх боломжгүй байдаг онцлогтой бөгөөд үүнийг шүүхүүд харгалзан үзсэнгүй. Үүнийг зөвхөн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр гарган тодорхой болгосон бөгөөд мэдсэн даруйдаа шүүхэд хандан сөрөг нэхэмжлэл гаргаж, илүү төлсөн үнийг шаардсан тул хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Шүүхүүд компаниудын тооцоо нийлсэн актыг мөн гол үндэслэл болгож байгаа хэдий ч тухайн үед мөн л ямар хэмжээний бетон зуурмаг нийлүүлэгдсэнийг мэдэх боломжгүй байсан тул өөрсдөдөө байсан баримтын хүрээнд акт гарган нягтлангууд гарын үсэг зурсан байдаг. Манай компаний тухайн үед АШУҮИС-ийн шинэ цогцолборын А болон Б блокоос өөр барилгын ажил гүйцэтгээгүй байсан, энэ тухай шүүхэд дуудагдсан гэрч н.Батхолбоо мэдүүлсэн байдаг бөгөөд нэхэмжлэгчээс мөн тухайн талбайд л бетон хүлээн авсан болохыг зөвшөөрдөг тул барилгад орох боломжтой бетон зуурмагийн хэмжээ болон бүтээгдэхүүн хүлээн авсан баримт нь адил хэмжээтэй байх ёстой боловч шүүхүүд давж заалдах шатны шүүхийн магадлалд “...бетон зуурмаг дутуу хэмжээтэй байсан талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн бөгөөд дээр дурдсанчлан манай компани энэ тухай шүүхэд маргаан үүссэнээс хойш мэдсэн, түүнээс өмнө мэдэх боломжгүй байсан. Түүнчлэн Иргэний хуулийн 255.2-т “Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй” гэж заасан бөгөөд үйлдвэрлэн, нийлүүлж байгаагийн хувьд дутуу хэмжээтэй бүтээгдэхүүн нийлүүлж байгаагаа “.........” ХК мэдсээр байж, нуун дарагдуулж, хуурамчаар хэмжээг нь нэмэгдүүлсэн тул хариуцагч шаардах эрхээ алдаагүй болно. Гэтэл шүүхүүд маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой уг хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг бодит байдалд нийцэхгүйгээр буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүх “илүү төлсөн үнийг буцаан шаардах эрхээ алдсан” гэж дүгнэсэн нь хариуцагч шаардах эрхтэй буюу төлбөрийг илүү төлсөн, нэхэмжлэгч бага хэмжээтэй бетон нийлүүлсэн болохыг тогтоосон гэж ойлгогдож байгаа атлаа нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж байгаа нь ойлгомжгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаараагүй  тул хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч “.........” ХК нь хариуцагч “.........” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,130,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч илүү төлсөн 42,032,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 21,406,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016.04.12, 2016.09.05-ны өдрийн гэрээний дагуу  “.........” ХК нь бетон зуурмаг нийлүүлэх, “.........” ХХК хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийн харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ, түүнээс шалтгаалж илүү төлбөр төлсөн эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

 

Хариуцагч нь нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээг барилгын давхар тус бүрээр, нэг давхарт орох хэмжээг 519м.куб гэж тооцоолж гаргасан бол нэхэмжлэгч нь бүтээгдхүүнийг нийлүүлэх тухай бүрт хоёр талаас хэмжиж, тооцоо нийлж байсан, сүүлийн тооцоо нийлсэн актаар 24,753,700 төгрөгийг төлөх ёстой гэж мэтгэлцсэн, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шинжээч томилсон, шинжээч Барилгын төсөвчдийн холбоо нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээг 2941м.куб гэж тогтоосон байна.

 

Шүүх талуудын тооцоо нийлсэн баримт, гэрээ, шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож, хариуцагч нь 2941м.куб зуурмагийн үнэд 417,622,000 төгрөгийг төлөхөөс 403,351,100 төгрөгийг төлж, 14,270,900 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэн, алданги 7,135,450 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг бүрэн төлөөгүй тул илүү төлбөр төлсөн байх боломжгүй, гэрээний зүйлийг дутуу нийлүүлсэн талаар гомдол гаргаж байгаагүй, улмаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлага болон татгалзлаа нотлох хэргийн оролцогчийн үүргийн талаар зөв дүгнэсэн, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байх тул “сөрөг нэхэмжлэл”-ийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02249 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 553,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Х.СОНИНБАЯР

 

                             ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

 

                                                                                               П.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Д.ЦОЛМОН

 

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД